| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00413/И |
| Дугаар | 212/МА2024/00086 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 212/МА2024/00086
Ж.А-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00650 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *********** багт оршин суух Б овогт Ж.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ************** багт оршин суух Х овогт А.Ж-д холбогдох,
“Талийгаач Б.А-ын зээлсэн мөнгө 161,200,000 төгрөгийг түүний хүү, хууль ёсны өвлөгч А.Ж-аас гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч Ж.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Бахыт, хариуцагч А.Ж-, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие Ховд аймгийн төв Жаргалант суманд амьдардаг, хувиараа төрөл бүрийн бизнес эрхэлдэг. 2019 онд анх талийгаач Б.А-той нөхөр бид хоёр танилцсан. Талийгаач Б.А- бол Ховд аймгаас дандаа мал худалдаж авдаг байсан. Тухайн үед манайд ноолуур байсан тул би ноолуур авах уу хэмээн хэлсэн. Манай гэрт тухайн үед 600 кг ноолуур байсан. Уг ноолуурыг талийгаач А- 1 сарын хугацаанд танд мөнгийг чинь өгөх болно хэмээн тохиролцож, уг 600 кг ноолуурыг надаас аваад явсан. Талийгаач сарын дараа тохирсон хугацаандаа ноолуурын мөнгийг надад өгсөн. Мөн түүний дараа 2019 оны намар надад 7,000,000 төгрөг зээлээч, би 10,000,000 төгрөг болгоод өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би 7,000,000 төгрөгийг өгөөд тохирсон ёсоор мөнгөө хугацаандаа авсан. Бид ийм байдлаар дотно харьцаж эхэлсэн. Улмаар 2021 оны намар Ховд аймгаас ирээд мал худалдаж авсан. Тэр үед би 400 толгой мал өгсөн. Гэхдээ тухайн үед уг авсан 400 толгой малын мөнгийг өгсөн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа манайд ирээд надад мөнгө зээлээч гэхээр нь би хадам эрэгтэй дүүгээсээ 100,000,000 төгрөг, хадам эмэгтэй дүүгээсээ 150,000,000 төгрөг тус тус зээлж аваад талийгаач Б.А-т зээлсэн. Би урьд нь 50,000,000 төгрөгийг бэлнээр нь зээлдсэн байсан. Тэгээд 50,000,000 төгрөгийг Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад 100,000,000 төгрөг өгвөл 10,000,000 төгрөгийн хүү өгөх болно хэмээн хэлсэн. Харин 200,000,000 төгрөг өгвөл 20,000,000 төгрөгийн хүү өгөхөөр болж тохиролцоод уг мөнгийг аваад явсан. Түүний дараа ч гэсэн манайд ирж хонож явдаг байсан. Улмаар бид нараас зээл авсаар байгаад талийгаач Б.А-ын авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрсэн.
1.2.Тэгээд Улаанбаатар хотод 3000 ширхэг арьс ачиж очих үед би нөгөө зээлсэн мөнгөө асуусан. Тухайн үед өнөөдрийн хариуцагч буюу А.Ж- талийгаач аавын хамт явж байсан. Би зээлсэн мөнгөө асуух үед миний данс руу 190,000,000 төгрөг хийсэн. Уг мөнгө нь арьс, ширийн мөнгө байсан. Дараа нь дахин 10,000,000 төгрөг шилжүүлж байсан. Би зээлсэн мөнгөнөөсөө нийтдээ 338,800,000 төгрөг авсан байна. Одоо үлдэгдэл 161,200,000 төгрөг төлөгдөөгүй байна.
1.3.Тэгээд уг үлдэгдэл мөнгийг 2023 оны намраас эхлэн талийгаачаас асууж эхэлсэн. Сүүлд өгөхгүй байхаар нь Өлгийд ирээд түүнтэй уулзаж, мөнгөө өгөхгүй бол би шүүхэд хандах талаар хэлсэн. Тэгэхэд надад битгий шүүхэд хандаарай би мөнгөө төлөх болно хэмээн хэлсэн. 2023 оны 11 дүгээр сард Тосонцэнгэлийн Гоёо гэх хүнээс 3000 тооны мал авч, түүнийг ачуулсан байна. Үүнийг сонссоны дараа би дахин мөнгөө асуухад, би энэхүү малын махыг хүлээлгэж өгөх үед чиний тооцоог дуусгах болно. Нэг ёсондоо 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тооцоог дуусгах болно хэмээн хэлсэн. Гэтэл Б.А- нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан юм.
1.4.Ер нь Б.А- нь бидэнтэй дотносоод бид нарын харилцан итгэлцлийн үндсэн дээр хоорондоо аман гэрээ хийж мөнгө зээлдээд заримыг нь буцааж аваад, улмаар мөнгөө нийлүүлж хамтран бизнес эрхэлж байсан. Манайх хашаандаа нүүрс, банз, мод зэргийг худалдан борлуулдаг тул байнга гэртээ бэлэн мөнгө байдаг болохоор хэд хэдэн удаа их хэмжээгээр бэлэн мөнгө Б.А-т өгч байсан. Гэхдээ мөнгө өгсөн талаар ямар нэгэн гар баримт бичүүлж аваагүй нь талийгаачид маш их итгэсэн хэлбэр тул баримт аваагүй, хоорондоо ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй болно. Миний бие Х гэх хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн данснаас болон өөрийн харилцах данснаас Б.А-т шилжүүлсэн мөнгөө шүүхэд гаргаж өгсөн дансны хуулганд Б.А-той холбоотой хэсгийг тэмдэглэсэн байгаа.
1.5.Иймд 2021 оны 8 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн байдлаар Б.А-ын надаас зээлээр авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрч байсан ба үүнээс 338,800,000 төгрөгийг төлсөн ба харин 161,200,000 төгрөгийг төлөөгүй байсан юм.
1.6.Тухайн үед талийгаач Б.А- нь хүү А.Ж- болон бэрийн хамт амьдарч байсан тул талийгаачийн өмчлөлд байсан 2 давхар өвлийн сууц, 2 ширхэг тээврийн хэрэгсэл, контейнер, эзэмшил, өмчлөлийн газрууд мөн 70 толгой адуу, 60 толгой үхэр мал зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг хүү А.Ж- өвлөн авч зарим хөрөнгийг зарж борлуулсан байна. Хуульд зааснаар талийгаачийн нас барснаас хойших 1 жилийн хугацааг хүлээвэл түүний эд хөрөнгүүдийг хариуцагч зарж борлуулан үгүй хийх юм байна. Тодруулбал, хариуцагч А.Ж- нь банкны барьцаанд байгаагүй талийгаачийн Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийг болон мал хөрөнгийг бусдад худалдсан байна. Иймд 1 жилийг хүлээвэл талийгаачийн тоолуулсан малыг зарж дуусгах магадлалтай тул тэр бүхнээс болгоомжилж талийгаачийн өв залгамжлагч А.Ж-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
1.7.Миний хувьд үлдсэн мөнгөө 2023 оны 10 дугаар сараас эхлэн талийгаач Б.А-оос шаардаж эхэлсэн ба одоо хугацаа алдаж сунжруулах юм бол хуулийн байгууллагад өгөх болно, та тооцоогоо дуусгачих гэж хэлэхэд түр тэсэж хүлээж байгаарай гэж хугацаа сунжруулаад намайг хууран мэхэлж хүлээлт үүсгээд байсан ба хамгийн сүүлд гэхэд Б.А- нас бардаг өдөр ...чиний дансанд махан зоориноос өнөөдөр 50 сая төгрөг орно гэж хэлсэн боловч түүнээс 3 цагийн дараа зуурдаар өнгөрсөн гэж сонслоо.
1.8.Талийгаач Б.А-ыг нас барсныг сонсоод 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д суманд очоод нөхөр бид хоёр ажил явдалд нь оролцсон. Тэр үед талийгаачийн төрсөн ах нь Хуат гэдэг хүн надад хандаж ...талийгаачтай ямар тооцоо байна гэж асуухад 250,000,000 төгрөгийн авлагатай гэж хэлсэн. Харин 7 хоног нь өнгөрсний дараа надад хүү нь Ж- миний дансанд 3,100,000 төгрөг шилжүүлж өгсөн боловч аавын дансанд мөнгө байхгүй тул дахин нэмж өгөх мөнгө байхгүй гэдгийг хэлсэн.
1.9.Талийгаач Б.А- баруун 3 аймгийн иргэдээс амьдаар мал худалдаж аваад махны үйлдвэрүүдэд нийлүүлдэг байсан ба тэр үед надаас мал худалдаж авахын тулд мөнгө зээлж авдаг байсан. Би одоогоор өөрийн ХААН, Төрийн банкин дахь данснаас, мөн Капитрон банкин дахь Х хоршооны данснаас шилжүүлж байсан мөнгөө нэхэмжилж байна.
1.10.Эцсийн эцэст талийгаач Б.А- нь биднээс олж авсан итгэлийг ашиглан улмаар их хэмжээний мөнгийг төлөхгүй чирэгдүүлж явсаар манай гэр бүлийг их хэмжээний өр төлбөрт унагааж, эдийн засгийн болон сэтгэл зүйн хямралд оруулж байна. Түүний өв залгамжлагч хүү А.Ж- болон ах дүү нар нь ухамсрын дагуу хүний мөс чанар гаргаж талийгаачийн зээлээр авсан мөнгийг талийгаачийн үлдсэн мал эд хөрөнгийг борлуулах замаар төлж өгнө гэж итгэж байна.
1.11. Иймд хариуцагч А.Ж-оос талийгаач Б.А-ын надад төлөх ёстой мөнгөнөөс үлдсэн нийт 161,200,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Миний бие 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон, одоо эхнэр Ай, хүү , эмэгтэй дүү Ая нарын хамт Баян-Өлгий аймгийн ****** амьдардаг, Д сумын 2 дугаар цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байна.
2.2. Миний аав Б.А- нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан. Харин ээж В маань 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан. Манайх эцэг, эхээс дөрвүүлээ. Том эгч Х нь Улаанбаатар хотод, эгч Ах нь Улаанбаатар хотод оюутан, эмэгтэй дүү Ая нь Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангид суралцдаг.
2.3. Ээж В нас барсны дараа аав А- нь баруун аймгуудаар явж худалдаа наймаа хийдэг, бараг гэртээ тогтдоггүй байсан. А.Ж- би аавын наймаа худалдааны ажилд огт оролцдоггүй, хаана юу хийж байгааг мэдэхгүй. Миний аав хэчнээн төгрөгтэй байсан, хэнээс хэдэн төгрөгийн авлагатай байсан, хэнд хэдэн төгрөгийн өглөгтэй байсан гэдгийг би огт мэдэхгүй. Аав өөрийн хийж буй наймааны талаар надад юм ярьдаггүй байсан. Аав нас барсны дараа түүний ХААН банканд байгаа дансыг шалгаж үзэхэд дансанд 3,5 сая төгрөг байсныг бидний одоогийн амьдарч байгаа 2 давхар өвлийн сууцыг хаан банкны барьцаанд байсан тул түүний зээлд хийсэн.
2.4. Миний өмчлөлд Приус маркийн автомашин байдаг ба уг автомашины техникийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг, би өөрийн хөдөлмөрөөр авсан миний хуваарьт өмч юм. Харин аавын гэх ланд автомашиныг аав нас барсны дараа түүний ХААН банкнаас өвлийн сууц барьцаалж авсан их хэмжээний зээлийг төлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Д сумын иргэн Д- гэдэг хүнд худалдсан. Ер нь аав нас барах үед аавын ХААН банканд төлөх 77,0 сая орчим төгрөгийн зээлтэй байсан. Аавын автомашиныг иргэнД-д худалдсанаар өнгөрсөн хугацаанд 18,0 сая төгрөгийн зээлийг төлж барагдуулж одоогийн байдлаар аавын ХААН банканд төлөх ёсттой зээлээс 59,0 сая орчим төгрөгийн үлдэгдэл зээлтэй байна. Мөн хүү нь бодогдож явж байгаа. Сарын хүү нь 1,500,000 төгрөгийн орчим гардаг юм. А.Ж- би ХААН банкны зээлд хамтрагчаар байдаг юм.
2.5. Аав маань хэдэн толгой мал тоолуулсныг би мэдэхгүй, би өөрөө 2023 оны жилийн эцсээр эхнэр бид хоёрт ноогдох малаа тусдаа тоолуулсан, тусдаа өрх болж явдаг.
2.6. Ер нь А.Ж- би нэхэмжлэгч Ж.А-ийг сайн танихгүй, түүнтэй хамтарч ямар нэгэн наймаа худалдаа хийж байгаагүй учраас түүний манай талийгаач ааваас нэхэмжилж буй 161,000,000 төгрөг ямар учиртай гэдгийг огт мэдэх боломжгүй байдалтай байна.
2.7. Иймд нэхэмжлэгч гэх Ж.А-ийн тус шүүхэд гаргасан А.Ж- надаас 161,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00650 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Ж-оос 71,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 89,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963950 (есөн зуун жаран гурван мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Ж-оос 515950 (таван зуун арван таван мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Ж.А-ийн нэхэмжлэлтэй А.Ж-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй буюу хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.
4.2. Миний бие 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон, одоо эхнэр Ай, хүү А, эмэгтэй дүү Ая нарын хамт Баян-Өлгий аймгийн Д сумын 9-р багт амьдардаг, Д сумын 2 дугаар цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байна.
4.3. Миний аав Б.А- нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан. Харин ээж В маань 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өвчний учир нас барсан. Манайх эцэг, эхээс дөрвүүлээ. Том эгч Х нь Улаанбаатар хотод амьдардаг, эгч Ах нь Улаанбаатар хотод оюутан, эмэгтэй дүү Ая нь Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7-р ангид суралцдаг. Миний төрүүлсэн ээж В нас барсны дараа аав А- нь баруун аймгуудаар байнга явж малын худалдаа наймаа хийдэг, бараг гэртээ тогтдоггүй болсон. А.Ж- би аав Б.А-ын хийж буй малын наймаа худалдааны ажилд огт оролцдоггүй, оролцох шаардлага ч байхгүй, тэр хүний хаана юу хийж, хэнтэй наймаа хийж байгааг сонирхож мэдэхгүй юм. Ер нь миний аав Б.А- нь хувьдаа хэчнээн төгрөгтэй байсан, хэнээс хэдэн төгрөгийн авлагатай байсан, хэнд хэдэн төгрөгийн өглөгтэй байсан гэдгийг би огт мэдэхгүй юм. Аав өөрийн хийж буй малын наймаа худалдааны талаар надтай ярьдаггүй байсан. Аав зуурдаар нас барсны дараа түүний ХААН банканд байгаа дансыг шалгаж үзэхэд дансанд 3,5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныг бидний одоогийн амьдарч байгаа 2 давхар өвлийн сууцыг ХААН банкны барьцаанд байсан тул түүний зээлд хийсэн.
4.4. Миний өмчлөлд “Приус” маркийн автомашин байдаг ба уг автомашины техникийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Би уг автомашиныг өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр авсан миний хуваарьт өмч. Харин аавын гэх өмчлөлийн ланд автомашиныг аав нас барсны дараа түүний ХААН банкнаас өвлийн сууц барьцаалж авсан их хэмжээний зээлийг төлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Д сумын иргэнД- гэдэг хүнд худалдсан. Ер нь аав нас барах үед аавын ХААН банканд төлөх ёстой 77,0 сая орчим төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан. Ийнхүү аавын нэр дээр байгаа уг автомашиныг иргэнД-д худалдсанаар өнгөрсөн хугацаанд 18.0 сая төгрөгийн зээлийг төлж барагдуулж одоогийн байдлаар аавын ХААН банканд төлөх ёсттой зээлээс 59,0 сая орчим төгрөгийн үлдэгдэл зээлтэй байна. Мөн хүү нь сар бүр бодогдож байгаа. Нэг сарын хүү нь 1,500,000 төгрөг орчим гардаг юм.
4.5. Ер нь миний аав маань хэдэн толгой мал тоолуулсныг би мэдэхгүй, би өөрөө 2023 оны жилийн эцсээр эхнэр бид хоёрт ноогдох малаа тусдаа тоолуулсан, тусдаа өрх болж тоологдож явдаг юм. Ер нь А.Ж- нь би нэхэмжлэгч Ж.А-ийг сайн танихгүй, түүнтэй хамтарч ямар нэгэн наймаа худалдаа хийж байгаагүй учраас миний талийгаач аав Б.А-оос түүний нэхэмжилж буй 161,000,000 төгрөг ямар учиртай гэдгийг огт мэдэх боломжгүй байдалтай байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
4.6. Иргэний хуулийн 515 дугаар зүйл. Өвлөх үндэслэл. 515.1. Өвлүүлэгчийн эд хөрөнгө, 515.2. Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан. Би шүүхийн шийдвэр гарах хүртэл эцэг Б.А-ын ямар нэгэн хөрөнгийг хууль ёсоор өвлөж аваагүй, өвлөх эрх нээгдээгүй. Аав, ээжийн амьдарч байсан өвлийн сууц, доорх газартайгаа ХААН банкны барьцаанд байгаа. Өөр ямар нэгэн хөрөнгө, мөнгө өвлөж аваагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
4.7. Хариуцагч А.Ж- миний анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, өөрийн зүгээс гаргаж өгсөн олон хуудас бүхий бичгийн нотлох баримтуудаар Ж.А- болон талийгаач аав Б.А- нарын хоорондох мөнгөний асуудал нь надад ямар ч хамааралгүй болох нь нотлогдсоор байхад анхан шатны шүүх намайг Ж.А-ээс их хэмжээний зээл авсан мэтээр буруутган Иргэний хуулийн 520.1, 535.1 дэх хэсэгт зааснаар надаас 71,600,000 \далан нэгэн сая зургаан зуун мянга\ төгрөг гаргуулан Ж.А-д олгохоор шийдвэрлэсэн явдалд туйлын их гомдолтой байна.
4.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130\ШШ2024\00650 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч гэх Ж.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. Миний бие ************* багт оршин суудаг, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хариуцагч А.Ж-ын аав А- гэх хүнтэй хамт наймаа хийж байсан. А- нь манай нутгаас ирж мал авч, Өлгийд үйл ажиллагаа явуулдаг Азат компанид нийлүүлдэг байсан. 2021 оны 9 дүгээр сард манайхаас ирээд тонн ноолуур аваад мөнгийг нь өгч байсан. Үүний дараа 2022 онд дахин ирж уулзаад манайхтай хамтран наймаа хийе гэж хэлж байсан. Үүнээс хойш бид ноолуурын мөнгө авч, ноолуураа нийлүүлээд явж байсан. Ингээд хэсэг хугацаанд хамтран ажилласны дараа А.Ж-ын аавыг найдвартай хүн байх гэж бодоод, хүнээс 250,000,000 төгрөг зээлэн авч, бэлнээр өгч байсан. Үүний 80.000.000 төгрөгийг Төрийн банк, 80,000,000 төгрөгийг Хаан банкнаас тус тус гаргаж өгсөн.
5.2. Тухайн үед А.Ж-ын эцэг хажуудаа , Ж гэх малчин, туслахуудтай байсан. А.Ж-ын эцэг нь өөрийн малчин, туслахуудтайгаа хамт манайд ирж байнга мал авч явдаг байсан. Тэгээд сүүлд нь 2022 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагч манайд ирж, манай нөхөртэй хамт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Бурмаад нийтдээ 60 тонн мах, арьсыг нийлүүлсэн. Тухайн үед миний данс руу 190,000,000 төгрөг хийж байсан. Тэгээд би үлдсэн мөнгийг А- ахаас асуухад “би өгнө, түр байж байгаарай” гэдэг байсан. Сүүлд Азат компаниас миний данс руу 50,000,000 төгрөгийг хийсэн. Үүний дараа үлдсэн мөнгийг А- ахаас асуухад чиний үлдсэн мөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хийнэ, манай хүүгээс 100,000,000 төгрөг орж ирнэ, тухайн үед чиний тооцоог хийнэ гэж хэлдэг байсан.
5.3. 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний гар утас руу А- ахаас дуудлага орж ирсэн, “Миний дүү баярлалаа, ёстой их баярласан шүү” гэж хэлтэл “ах та зүгээр үү, согтуу байгаа юу” гэж хэлэхэд “зүгээр, зүгээр” гэж хэлж байсан. Гэтэл 2 цагийн дараа А- ах талийгаач болсон тухай сонссон. Ингээд нөхөр бид хоёр А- ахын гэрт очиж буяны ажилд нь оролцсон.
5.4. Мөн хариуцагч А.Ж- намайг танихгүй гэж тайлбар гаргаж байгаа боловч нөхөр бид хоёр 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хуримд нь очиж байсан. Манайд ирж байсан. Миний утасны дугаарыг мэднэ. Танихгүй гэж байгаа нь худлаа. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас 71,600,000 төгрөг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Ж.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ж-д холбогдох хэргийг хариуцагчийн гаргасан “хариуцагчаас 71,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой” гэх давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр нь үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч А.Ж-оос 161,200,000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлээ “хариуцагчийн эцэг Б.А-ын зээлсэн 161,200,000 төгрөгийн зээлийн үүргийг түүний хууль ёсны өвлөгч А.Ж- нь ааваасаа өвлөн авсан хөрөнгөнөөс төлөх ёстой...” гэж тодорхойлсон бол хариуцагч А.Ж- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа “...би нэхэмжлэгчийг танихгүй, би аавынхаа ажил хэрэгт оролцдоггүй, миний аав нэхэмжлэгчээс мөнгө зээлснийг мэдээгүй тул үүргийг хариуцахгүй...” гэсэн тайлбар гаргаж, талуудын хооронд маргаан үүсжээ.
8. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ж.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн “Ж.А- болон талийгаач аав Б.А- нарын хоорондох мөнгөний асуудал нь надад ямар ч хамааралгүй болох нь нотлогдсоор байхад анхан шатны шүүх намайг Ж.А-ээс их хэмжээний зээл авсан мэтээр буруутган Иргэний хуулийн 520.1, 535.1 дэх хэсэгт зааснаар 71,600,000 төгрөг төлүүлсэн явдалд туйлын их гомдолтой байна” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар маргааны үйл баримт болон түүнийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой дараах нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Үүнд:
9.1.Нэхэмжлэгч Ж.А- нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд тэрээр компанийн данснаас болон өөрийн харилцах данснаас Б.А-т шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Капитрон банк /2022 оны 10 дугаар сарын 01-ээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны хуулга/, Төрийн банк /2021 оны 8 дугаар сарын 23-аас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны харилцах дансны болон 2022 оны 9 дүгээр сарын 29-өөс 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны харилцах дансны хуулга/, ХААН банк /2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны/ дахь харилцах дансны хуулгануудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд үүгээр нэхэмжлэгч Ж.А- нь талийгаач Б.А-т мөнгөн хөрөнгийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр зээлж, шилжүүлж байсан нь тогтоогдсон, тэдгээр нь удаан хугацаанд хамтран ажилласан, Ж.А- болон Б.А- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нас барах хүртэл Ж.А-ээс авсан зээлийг буцаан төлсөн, талуудын хооронд төлбөр тооцоогүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
9.2. Хариуцагч А.Ж-ын эцэг Х овогт Б.А- 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан, эх Б.В нь 2020 оны 9 дугаар сарын 08-ны өдөр нас барсан нь Баян-Өлгий аймгийн Д сумын Улсын бүртгэгчээс 2020 оны 9 дугаар сарын 15-ны өдөр олгосон 0000********* дугаартай “Нас барсны гэрчилгээ” болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон учраас түүний хүү, хариуцагч А.Ж- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэг, 520.1.1 дэх заалтаар талийгаач Б.А-ын хууль ёсны өвлөгч мөн болох нь тогтоогджээ.
9.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар талийгаач Б.А-ын хүү хариуцагч А.Ж- нь тусдаа өрх болж бүртгүүлэн мал хөрөнгөө тусдаа тоолуулсан нь тогтоогдох боловч талийгаачтай нэг гэр бүлд хамт амьдарч байсан, өвлүүлэгчтэй хамт амьдарч байсны хувьд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөс бусад, талийгаач Б.А-ын хуваарьт хөрөнгө болох өв хөрөнгийг хүлээн авахаас татгалзаагүй буюу Б.А-ын нэр дээр бүртгэлтэй байсан саарал өнгийн Toyota land Cruiser-100 маркийн тээврийн хэрэгсэл /хэргийн 32 дахь тал, 15,000,000 төгрөгөөр үнэлж Б.Д-д худалдсан гэх/ болон 2023 оны жилийн эцсийн мал толлогоор тоолуулсан 30 адуу, 10 үхэр /хэргийн 79 дэх тал/ зэргийг хүлээн авч, бусдад худалдан борлуулсан байх тул өвлүүлэгч Б.А-ыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч, түүний хүү А.Ж-ыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвийг хүлээж авсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Тодруулбал, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заанаар талийгаач Б.А- 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нас барсан өдрөөр өв нээгдсэн, энэ хугацаанаас хойш хуульд заасан гурван сарын дотор түүний хүү А.Ж- нь өв хүлээн авахаас татгалзах тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй, харин ч талийгаач Б.А-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл /15,000,000 төгрөгөөр бусдад худалдсан гэх/ болон нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөгийн үнэтэй 30 адуу, нэг бүрийн 1,000,000 төгрөгийн үнэтэй 10 үхэр /хэргийн 99 дэх талд авагдсан баримтаар нийт үнэ 55,000,000 төгрөг/ мал хөрөнгө зэрэг хуваарьт хөрөнгүүдийг захиран зарцуулж, бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул өв хүлээн авсан өвлөгч буюу хариуцагч А.Ж- нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч Б.А-ын нэхэмжлэгч Ж.А-ийн өмнө гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх нь хууль ёсны зарчимд нийцэхээр байна.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага буюу өвлүүлэгч Б.А-ын нэхэмжлэгч Ж.А-ийн өмнө гүйцэтгэвэл зохих зээлийн гэрээний үүргийн нийт хэмжээг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн дансны хуулганууд болон бусад баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар зэргийг үндэслэж, нэхэмжлэлийн нийт шаардлага 161,200,000 төгрөгөөс нэхэмжлэгч Ж.А-ийн талийгаач Б.А-т бэлнээр өгсөн гэх 80,000,000 төгрөг, мөн Б.А-ын дансанд шилжүүлсэн нь тодорхойгүй гэх 6,500,000 төгрөг, Б.А- нас барсны дараа түүний хүү, хариуцагч А.Ж-ын буцаан төлсөн 3,100,000 төгрөг, нийт 89,600,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн нийт шаардлагын хэмжээг 71,600,000 төгрөгөөр тогтоон хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн ба уг үнийн дүнгийн талаар нэхэмжлэгч Ж.А- давж заалдах журмаар гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг гагцхүү хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзсэн болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч буюу өв хүлээн авсан өвлөгч А.Ж- нь өвлүүлэгч Б.А-ын нэхэмжлэгч Ж.А-ийн өмнө гүйцэтгэвэл зохих 71,600,000 төгрөгийн үүргийг өвлөж авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
11. Хариуцагч А.Ж- нь давж заалдах гомдолдоо “...Би шүүхийн шийдвэр гарах хүртэл эцэг Б.А-ын ямар нэгэн хөрөнгийг хууль ёсоор өвлөж аваагүй, өвлөх эрх нээгдээгүй. Аав, ээжийн амьдарч байсан өвлийн сууц, доорх газартайгаа ХААН банкны барьцаанд байгаа. Өөр ямар нэгэн хөрөнгө, мөнгө өвлөж аваагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хариуцагч А.Ж- миний анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, өөрийн зүгээс гаргаж өгсөн олон хуудас бүхий бичгийн нотлох баримтуудаар Ж.А- болон талийгаач аав Б.А- нарын хоорондох мөнгөний асуудал нь надад ямар ч хамааралгүй болох нь нотлогдсоор байхад анхан шатны шүүх намайг Ж.А-ээс их хэмжээний зээл авсан мэтээр буруутган Иргэний хуулийн 520.1, 535.1 дэх хэсэгт зааснаар надаас 71,600,000 /далан нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан Ж.А-д олгохоор шийдвэрлэсэн явдалд туйлын их гомдолтой байна.” гэжээ.
Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол түүнийг уг өвийг хүлээн авсан гэж үзэх учраас хариуцагчийг өвлүүлэгч Б.А-ын өв хөрөнгийг хүлээж авсанд тооцох ба тэрээр талийгаачийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг хүлээж авсан төдийгүй бусдад худалдан борлуулах замаар захиран зарцуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан Д сумын 9 дүгээр багийн Засаг дарга Б.Бахытбекийн гэрчээр өгсөн “Талийгаач А- амьд сэрүүн байхад А.Ж- нар нэг гэрт амьдарч байсан. 2023 оны 12 дугаар сард мал тооллогын үед талийгаач Б.А- өөрийнхөө нэр дээр 30 адуу, 10 үхэр тоолуулсан, А.Ж-ын нэр дээр 50 адуу, 5 үхэр, нийтдээ 55 мал тоолуулсан. Манай багт 200 гаруй иргэн мал тоолуулдаг. Статистикийн хэлтсээс 2024 оны хагас жилийн мал тооллого явуулах нэр бүхий манай сумын 52 хүний нэрсийн жагсаалт ирсэн. Тэр жагсаалтад талийгаач Б.А-ын нэр байхгүй, А.Ж-ын нэр байсан. Ингээд 2024 оны хагас жилийн мал тооллогоор А.Ж- 50 адуунаас 40 адууг зарсан, 10 үхэр үлдсэн гэж тоолуулсан” гэх мэдүүлэг, мөн багийн даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай тодорхойлолт, Үндэсний статистикийн хорооны Малын түүвэр судалгааны асуулга (хагас жил), талийгаач Б.А-ын эзэмшлийн Toyota land Cruiser-100 маркийн **** БӨТ дугаартай автомашиныг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б.Д-д худалдсан, мөн талийгаач Б.А-ын нэр дээр тоологдсон мал хөрөнгөнөөс 25 тооны адууг П.М-т худалдан 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөг бэлэн авсан талаарх хариуцагчийн өөрийнх нь тайлбар зэргээр хариуцагч А.Ж- нь эцэг Б.А-оос дээрх нэр бүхий хөрөнгүүдийг өвлөн авсан нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авагч А.Ж- нь өвлүүлэгч Б.А-ын гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хүлээх хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн “Ж.А- болон талийгаач аав Б.А- нарын хоорондох мөнгөний асуудал нь надад ямар ч хамааралгүй, шүүх намайг Ж.А-ээс их хэмжээний зээл авсан мэтээр буруутгасан” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.
12. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Ж-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ж-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК