Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 409

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Л.Д-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Л.Д нь улсад нийт 35 жил ажилласан бөгөөд төрийн албанд 25 жил, байгаль орчны салбарт 10 жил, үүнээс сүүлийн 8 жил Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаар тушаалаар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын даргаар томилогдон ажиллаж байсан.

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын ажлыг 2009 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд нэр төртэй гүйцэтгэж ирсэн. Энэ хугацаанд Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын хэмжээнд ан амьтан үлэмж их нэмэгдсэн, ой хээрийн түймэр нэг ч удаа гаргаагүйн дээр биологийн олон янз байдал бүрэн хамгаалагдсан. 2009 оноос хойш орчны бүсийн 6 суманд ард иргэддээ зориулсан төсөл хөтөлбөр санаачилж биечлэн бичсэн ба Улсын Их Хурлын гишүүн Л.Э-ийн шаргуу хөдөлмөрийн үр дүнгээр 3 сая ам.долларын төсөл 2016 онд оруулж одоо амжилттай хэрэгжүүлж байна.

Мөн 2006 оноос хойш Хөвсгөл далайг төрийн тахилгатай болгох талаар удаа дараа хөөцөлдөж байсан ба зарлиг гарахад бэлэн болоод байна. Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх, ОХУ-тай хил дамнасан тусгай хамгаалалтын газар байгуулах ажил амжилттай явагдаж байна. Нуурын эргийг хамгаалах хамгаалалтын шон зоож, шуудуу ухсан нь маш үр дүнтэй ажил болж, олны талархал хүлээсэн. Байгууллагынхаа 25, 30 жилийн түүхт ойг өндөр хэмжээнд зохион байгуулж баримтат кино, түүхэн товчоо ном, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр удаа зохион байгуулж илтгэлүүдийг нь ном болгож хэвлүүлэн гаргасан. Ажилласан 8 жилийн хугацаанд санхүүгийн зөрчилгүй ажилласан ба 2016 онд санхүүгийн “Итгэл үзүүлэх гэрчилгээ авсан бөгөөд яамны салбарын хэмжээнд тогтмол хангалттай дүгнэгдэж 4, 5 дугаар байранд удаа дараа орж байсан.

Миний болон хамт олны ажлын амжилт, хичээл зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж намайг 2015 онд төрийн дээд одон “Алтан гадас”, 2016 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2013, 2014 онуудад яамны Байгаль орчны тэргүүний ажилтан, “Аялал жуулчлалын тэргүүн” цол тэмдгээр удаа дараа шагнаж байсан билээ. Миний болон хамт олны ажил үйлс ийм өндөр хэмжээнд явагдаж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар албан тушаал бууруулсан нь огт үндэслэлгүй тул эс зөвшөөрч, тус асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч албан ёсоор хариу ирүүлээгүй өдийг хүрч байна. Энэхүү албан тушаал бууруулсан тушаалыг надад 2017 оны 01 сарын 20-нд танилцуулсан болно. 

Миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн, ямарваа алдаа зөрчил, дутагдал гаргалгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйлгүй байхад албан ёсоор гараагүй дүгнэлтийг үндэслэн албан тушаал бууруулах шийдвэр гаргаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус захиргааны акт болох юм. Албан тушаал бууруулах тухай сайдын тушаалд ажлын хэсгийн дүгнэлтийн он, сар, өдөр болон дүгнэлтийн дугаарыг дурдаагүй нь үүнийг нотолж байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар Л.Д намайг албан тушаал бууруулсан гэх боловч бодит байдал дээр ажил, албан тушаалгүй болгож байгаа төдийгүй миний төрийн албанд ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллах боломжгүй болгон урьд ажиллаж байсантай тэнцэх хэмжээний цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж чадахгүй эрх минь зөрчигдөж байна. 

2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт аудитын шалгалт хийх удирдамж гарсан бөгөөд манай байгууллагад 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирж, 01 дүгээр сарын 08, 09, 10-ны өдрүүдэд шалгалт явуулаад 01 дүгээр сарын 11-ний өдөр буцсан. Гэтэл хариуцагчийн хариу тайлбарт 01 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын дүнг танилцуулсан гэх бөгөөд намайг 01 дүгээр сарын 26-ны өдөр очиж, дүгнэлтээ авъя гэхэд аудит хийсэн н.А, н.П нар дүгнэлт гараагүй гэж мэдэгдсэн. Гэтэл ажлаас халах тушаал 01 дүгээр сарын 13-ны өдөр гарсан. Аудитын удирдамжид 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд аудитын шалгалтыг хийж дуусгалаа гэж бичсэн. Мөн миний ажлыг шалгасан аудитын дүгнэлтийн гарын үсэг зурагдсан хэсэгт миний ажлыг авсан н.Б, нягтлан н.Т нарын ажлыг шалгалаа гээд гарын үсэг зурж, тамга дарагдсанаас үзвэл сүүлд нөхөж хийгдсэн дүгнэлт гэж үзэж байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэсэн. Уг заалтад ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тохиолдолд албан тушаал бууруулна гэж заасан. Тушаалд Л.Д нь ямар зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, хэрхэн тогтоосон журмыг зөрчсөн талаар огт дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн тус яамнаас зохион байгуулсан ажлын хэсгийн шалгалтын үр дүнг үндэслэн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Гэтэл шалгалтын үр дүн гэдэг нь тухайн ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогддог. Эрх бүхий байгууллагаас ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг тогтоосон байх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг тухайн зорилго, зорилтоо чанарын хувьд дордуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр ойлгоно гэж заасан. Мөн ажлын хэсгийн тайлан, дүгнэлт нь албан ёсоор гараагүй байдаг. Албан ёсоор гараагүй зүйлийг үндэслэн сайдын тушаал гарсан нь шийдвэр гаргах ажиллагаан журмыг зөрчсөн байна. Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдах эрхтэй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1.энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэж заасан. 

Тушаалд албан тушаал бууруулсугай гэсэн байдаг бөгөөд ямар албанд тушаалд буруулж байгаа талаар тухайн актаар шийдвэрлэх ёстой. Гэтэл тушаалд ямар албан тушаалд буруулж байгаа нь тодорхойгүй, албан тушаал бууруулсугай гэж орхисон нь нэхэмжлэгчийг ямар нэгэн ажил гүйцэтгэх боломжгүй, ажилгүй болгосон. Сүүлд хойноос нь нөхөж гаргасан Тусгай хамгаалалттай газрын захиргааны тушаалыг танилцуулсан, уг албан тушаалд томиллоо гэдгийг нэхэмжлэгч Л.Д-т мэдэгдсэн зүйл байдаггүй. Хэрэв түүнийг албан тушаалд томилсныг мэдэгдсэн гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуульд зааснаар хариуцагч өөрөө мэдэгдсэн талаарх нотлох баримтаа гаргаж, нотлох үүрэгтэй. Гэтэл ийм зүйл байхгүй, төрийн байгууллага өөрийн давуу байдлаа ашиглан нөхөж нотлох баримтыг үйлдэх зохисгүй байдлыг гаргаж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан албан тушаал бууруулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шалгалтаар 1 дүгээрт аудитын, 2 дугаарт захиргааны үйл ажиллагааг шалгасан бөгөөд аудитын тайлан өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар баталгаажаагүй. Тиймээс энэ тайлан нь тухайн зөрчил гарсан гэдгийг нотолж чадахгүй тул энэ тайланг үндэслэн албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны үйл ажиллагааг хянаж, шалгах ажлын хэсгийн дүгнэлт гараагүй нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ямар ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд тушаал гаргасан нь тодорхойгүй байна. Иймд тушаалын нэг дэх заалт үндэслэлгүй байна. Төрийн аудитын тухай хуулийн дагуу Хөвсгөл аймаг дахь аудитын газраас жил бүр шалгалт хийдэг. Уг шалгалтаар 2013 оноос 2016 оныг хүртэлх санхүүгийн тайланд ямар нэгэн алдаа зөрчил, дутагдал гараагүй учраас Аудитын ерөнхий газраас энэ байгууллага нь ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй гэсэн итгэмжлэлийг олгосон. Дотоод аудитын ажилтан н.П гэх хүний шалгасан тайланд 12.000.000 орчим төгрөгийн зөрчил гарсан гэсэн байдаг. Энэ нь зөрчил биш бодит нөхцөл байдал дээр төсвийн байгууллагын орлого нь зарлагаа нөхөхгүй зарлага нь хэтэрсэн тохиолдолд Төсвийн тухай хуулиар төсвөөс татаас олгодог бөгөөд уг татаас олгогдоогүй. Гэтэл төсвөөс олгосон мөнгө дутдаг учраас дараа жилийн төсвөөс нөхөж олгосныг зөрчил гэж үзсэн. Энэ мөнгийг Л.Д нь өөртөө зарцуулсан зүйл байхгүй, ажилчиддаа олгосон томилолт, унааны зардлууд юм. Үүнийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар зөрчил гэж зохицуулаагүй. 

Хариуцагчаас хариу тайлбартаа хавсарган өгсөн өргөдөл гомдлууд нь тухайн албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар албан тушаал бууруулах үндэслэл болохгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан ямар зорилго, зорилтыг хангалтгүй биелүүлсэн нь баримтаар тогтоогдож, нотлох баримтыг бүрдүүлж байж албан тушаал бууруулах ёстой. Шалгалт явуулсан гурван хүн зөрчил олдохгүй байсан учраас гудамжаар явж хүмүүстэй уулзаж, баримт цуглуулсан байдаг. Үүнийг би өөрөө олж тогтоосон. Намайг ажил аваад 8 сар болж байхад манайд модны хэрэг гарсан. Энэ модны хэргийг тухайн үед Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авсан компани мэргэжлийн бус хүмүүсээр нэлээд хэмжээний мод бэлтгэж зөрчил гаргасан. Эдгээр хүмүүс шийтгэлээ авсан. Би энэ асуудлаар 2 жил шалгуулсан. Шүүхээс намайг ямар холбогдолгүй байна гэдгийг тогтоосон. Миний эсрэг гомдол гаргасан хүмүүс нь мод хууль бусаар бэлтгэдэг хүмүүс юм. Манай хамгаалалтын захиргаа суманд байдаг учир миний ажил иргэдийн нүдэнд ил байдаг. Иймд ямар нэгэн шалтгаанаар хууль зөрчсөн хүмүүс Яаманд гомдол санал явуулдаг. 

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гарч буй захиргааны актууд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан байх ёстой. Хэрэв уг журам шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн захиргааны акт өөрөө хүчингүй болно. Тус хуульд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хандсан захиргааны акт гаргах тохиолдолд тухайн этгээдийн оролцоог хангах ёстой. Оролцоог хангах гэдэг нь сонсох ажиллагааг хийх ёстой. Энэ эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдээс тайлбар гаргуулах, биечлэн уулзах ажиллагааг хийх байсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гарахдаа ямар нэгэн байдлаар мэдэгдэх, тайлбар авах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй нь уг тушаал хуулийн дагуу гараагүй болохыг харуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгууллага бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 10 дэх хэсэгт зааснаар хамгаалалтын захиргааны даргыг нь байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас томилдог. Харин хамгаалалтын захиргааны даргыг чөлөөлөх, албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг асуудлыг Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэдэг.

Л.Д-ын ажлын дутагдал, шударга бус үйлдэл, ёс зүйтэй холбоотой шүүмжлэл, гомдол, мэдээлэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас тасралтгүй яаманд ирдэг байсан. Энэ нь Төрийн албан хаагчдын нэр хүнд, ёс зүй, хууль тогтоомжийг чандлан сахиулах, мөрдүүлэх ажил тухайн орон нутагт илт унаж буйн нэг илрэл юм.

“Г" ТББ, “Газ” ТББ, “М” ТББ, “Х”, “Д”, иргэн Б.Б, Ц.Э нар салбарын сайд н.Г, С.О, Д.О нарт хандаж Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Д-тай холбоотой гомдол мэдээллийг удаа дараа хүргүүлж байсан.

Мөн нутгийн олон иргэд нэгдэн дээрх төрийн бус байгууллагуудад хандаж Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Д-ын хууль зөрчдөг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг зэрэг мэдээллийг хүргэж байсан. Түүнчлэн Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 50-06/411 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь хууль тогтоомж салбарын сайдын тушаалуудыг зөрчиж байгалийн цогцолборт газарт мод бэлтгэх үйл ажиллагааг аж ахуйн иргэдэд олгож байсан нь тогтоогдсон. Мөн энэхүү дүгнэлтэд иргэн Л. Д хууль тогтоомж зөрчиж Хатгал тосгоны захиргаанаас мод бэлтгэх эрхийн бичиг авдаг байсан нь нэхэмжлэгч Л.Д өөрөө мөн байж болзошгүй юм.

Иймд дээрх нөхцөл байдал болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Б-ын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан орон нутагт томилолтоор ажиллах удирдамж”-ын дагуу Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд ажилласан ажлын хэсгийн шалгалтын үр дүнгээр санхүүгийн болон үйл ажиллагааны зөрчил, дутагдалтай гарсан учраас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 -д “... албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн ...” бол төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно гэснийг үндэслэн Л.Д-ыг тухайн хамгаалалтын захиргааны албан тушаалаас бууруулсан. Энэхүү тушаал нь хууль тогтоомжийг зөрчсөн, Л.Д-ыг ажилгүй болгосон ямар нэг шинжийг агуулаагүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “... энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан”-ыг Төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ, 39 дүгээр зүйлийн 39.4-д “...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана ...” 39 дүгээр зүйлийн 39.7-д “.. Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно ...” гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хандсан боловч салбар зөвлөлийн хариу гараагүй байхад шууд шүүхэд хандсан нь төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөлд хандаагүй нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байна.

Харин тус байгууллагын мэргэжилтнүүдийг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн Хамгаалалтын захиргаа нь өөрөө томилж, чөлөөлөх зохицуулалттай. Нэхэмжлэгч Л.Д-ын ёс зүйтэй холбоотой шүүмжлэл, гомдлууд иргэдээс тасралгүй ирдэг байсан нь манай яаманд бүртгэгдсэн байдаг. 

Маргаан бүхий тушаалын нэг дэх хэсэгт “...Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь тус яамны харьяа Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд тус яамнаас зохион байгуулсан ажлын хэсгийн шалгалтын үр дүнг үндэслэн, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул албан тушаал буурууллаа” гэсэн байдаг. Үүнд дотоод аудитын ажлын тайланг гэж заагаагүй. Захиргааны болон санхүүгийн тайланд хийсэн ажлын хэсгийн шалгалтын үр дүнг гэж заасан. Жишээлбэл томилолттой холбоотой зөрчил, анхан шатны баримт бичгийн бүрдэл дутуу гээд нэхэмжлэгч Л.Д нь өөрөө гарын үсгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Зөрчил гарсныг илрүүлж, зөрчилд нь захиргааны зүгээс хариуцлага хүлээлгэдэг. Албан тушаал бууруулсан нь ажлаас чөлөөлж байгаа хэрэг биш. Харин албан тушаал бууруулж Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд нэхэмжлэгчийг ажилд томилсон. Төрийн албаны тухай хуулийг төрийн албан хаагч биелүүлж ажил, үүргээ гүйцэтгэх ёстой. Ажилдаа очихгүй олон өдрөөр тасалсан учраас түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдэж байна гэсэн албан бичгийг тус хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн нь Сайдын тушаалаар ажилгүй болгоогүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлөх үндэслэлгүй байна. Төсвийн тухай хуульд зааснаар Хамгаалалтын захиргааны дарга нар төсвийн шууд захирагч байдаг тул батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах ёстой. Төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь гаргасан зөрчлүүдээр нотлогдож байна. Ажлын байрны тодорхойлолтод байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, хууль тогтоомжийг мөрдүүлэн ажиллах зэрэг зорилтууд байдаг. Энэ зорилтуудыг хангалтгүй биелүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Л.Д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаар тушаалаар  Хөвсгөлийн улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар томилогдон ажилласан байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар  Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь тус яамны харьяа Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд тус яамнаас зохион байгуулсан ажлын хэсгийн шалгалтын үр дүнг үндэслэн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул Л.Д-ыг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн албан тушаал бууруулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Орон нутагт томилолтоор ажиллах удирдамжийг  баталсан байх бөгөөд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга, Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2014-2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, 2014-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, 2014-2016 оны төсвийн зарцуулалт үр дүн, тайлагналт, төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт, дотоод ажилд хяналт шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, удирдлагыг эрсдэлийн удирдлагаар хангах, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд томилолтын зорилго оршино гэжээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны 2015, 2016 оны 1, 2, 3 дугаар улирлын тасав, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх ажлын удирдамжийг  2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр баталжээ. 

Дээрх удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсгээс гарсан Дотоод аудитын ажлын тайлан, томилолтын илтгэх хуудсыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны Б/11 дугаар тушаал гарчээ. 

Дотоод аудитын ажлын тайлангаар  батлагдсан төсвийн хүрээнд төсвөө зарцуулан тайлагнасан боловч анхан шатны баримтын бүрдэл дутуу, хүчин төгөлдөр бус баримтаар гүйлгээ хийж зардалд бүртгэсэн, зардлын эдийн засгийн ангилал  зөрчсөн шийдвэр гаргаж зардал хооронд гүйлгэн зарцуулж тайлагнасан, шатахууны зарцуулалтад тавих хяналь хангалтгүй, зорчих тасалбарын зарцуулалт болон орлогыг тулган баталгаажуулж ажилладаггүй, санхүүгийн үйл ажиллагааны бүртгэлийн болон дотоод хяналт хангалтгүй, батлагдсан орон тооны хязгаарыг зөрчин хавсран ажил гүйцэтгэсэн нэмэгдэл цалин олгосон, өглөг үүсгэж төсвийг үр ашиггүй зарцуулсан, төсвийн хөрөнгийг үр дүнтэй удирдан ажиллаагүй, төсвийн зарцуулалтад тавих хяналт сул байна гэж дүгнэж, нийт зөрчлийн дүнг  12,216,076.00 төгрөг гэжээ

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд төсвөөс олгосон дутуу мөнгийг нөхөхөөр дараа жилийн төсвөөс ажилчдын томилолт, унааны зардал, ээлжийн амралтын олговорт олгосон, зөрчил гээд байгаа зүйл нь баримт бичгийн бүрдэл дутуу, тамга тэмдэг дарагдаагүй зэрэг хэлбэрийн төдий зөрчил байсан болохоос төсөвт буцаан төлүүлэх гэж гараагүй, өөртөө уг мөнгийг аваагүй гэж тайлбарлаж байна .  

Томилолтын илтгэх хуудаст  Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан 118 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа бөгөөд эдгээрийн кадастрын зураг мэдээллийн санд бүрэн ороогүй байна. Мөн мэдээллийн санд зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын кадастрын зураг алдаатай буруу холбогдсон байна. Энэ нь проекц болон геодезийн эхлэл цэгийг буруу өгснөөс болсон байх магадлалтай байна. 

Мэдээллийн санд сумын хил, ой, усны зурган мэдээлэл байхгүй байна. Мэдээллийн сангийн үйл ажиллагаа учир дутагдалтай, чанарын шаардлага хангахгүй байна. 

Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан 118 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын хувийн хэргээс 85 иргэн, хуулийн этгээдийн материал байна. Эдгээрийн материалыг нэг бүрчлэн шалгахад тухайн иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах хүсэлтээ өгч байсан өргөдөл хүсэлт, төсөл, хамгаалалтын захиргааны санал, кадастрын зураг болон гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэрэг холбогдох баримт материалуудын бүрдэл муу байна. Мөн материал нь байхгүй 33 иргэн, хуулийн этгээдийн материалыг нөхөж бүрдүүлэх ажил хийгдээгүй байна. 

Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах гурвалсан гэрээний дагуу хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт шалгалт хийж гэрээг жил бүр дүгнэхгүй байна. 

Газрын төлбөрийн орлогын мэдээллийн харьяа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, сумын газрын даамлаас улирал, жилээр авч газрын төлбөр төлөлтөд хяналт тавьж ажиллаагүй байна. 

Иргэн, хуулийн этгээдийн газрын бүртгэлийг  Excel программ дээр хөтлөн явуулж байна. Газрын бүртгэлийн мэдээллийг Кадастрын мэдээллийн сангийн хүснэгтэн мэдээлэлд шивж оруулах шаардлагатай байна. 

Хөвсгөлийн БЦГ-ын менежментийн төлөвлөгөө 2016 онд батлагдсан бөгөөд менежментийн төлөвлөгөөний 2016 оны биелэлтэд 11 сургалтанд хамрагдахаас 5 сургалтанд хамрагдаж 6 бүтээгдэхүүн нийлүүлэхээс 2 нь 100% 4 бүтээгдэхүүн 50-80%-тай гарсан байна гэж 2016 оны тайланд дурдсан байсан. Эдгээр ажлуудын биелэлтэд шалгалт хийж гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт хийхэд аялал жуулчлалын төлөвлөлт, журам батлуулах, малчдад түшиглэсэн бэлчээр ашиглалтын судалгаа хийж төлөвлөгөө гаргах гэсэн 2 ажлын гүйцэтгэлд 50 хувийг тавьсан боловч бодит байдал дээр хийсэн тодорхой ажлууд хийгдээгүй байна. 

Харин цагаан сүүлт бүргэдийн судалгаа, вансэмбэрүүний мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөө хийх, ойн менежментийн төлөвлөгөө хийж батлуулах зэрэг ажлуудыг 50 хувьтай хийж гүйцэтгэсэн байна. Мөн Хөвсгөлийн БЦГ-ын 2016 оны эхний хагаст гаргаж байсан менежментийн төлөвлөгөөний биелэлт, 2016 оны хамгаалалтын захиргааны тайланд дурдсан менежментийн төлөвлөгөөний биелэлтэд дүгнэлт хийхэд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нь менежментийн төлөвлөгөөг хангалтгүй биелүүлж байна гэж дүгнэхээр байна гэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд илтгэх хуудаст дурдагдсан зөрчил нь Л.Д болон хамгаалалтын захиргааны гаргасан зөрчил биш. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай зөвшөөрөл, гэрчилгээг сайд олгодог. Баримт бичгийн бүрдэл дутуу материалаар сайд тусгай зөвшөөрөл олгосон атлаа энэ бүх бурууг тусгай хамгаалалтын газарт, албан тушаалтанд халдаасан. Мэдээллийн санд кадастрын зураг оруулах ажлыг манай байгууллага хийдэггүй, манай байгууллагад хүчин чадал бүхий интернет, компьютер, тоног төхөөрөмж байдаггүй. Яам уг ажлыг хийж гүйцэтгэдэг гэжээ. Яам өөрийнхөө ажлыг муу хийсэн гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажилллагааг явуулаагүй, илтгэх хуудсыг танилцуулаагүй, тайлантай холбоотой ямар нэгэн тайлбарыг гаргуулаагүй гэсэн үндэслэлийг хэлж байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл дотоод аудитын ажлын тайлан болон томилолтын илтгэх хуудас бүрт дурдагдсан зөрчлийн талаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.2 “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;, 27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.”, 27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж заасан хуулийн дагуу нэхэмжлэгчээс нэгбүрчлэн тайлбар аваагүй, сонсох ажиллагааг хийгээгүй байна.

Иймд захиргааны байгууллага нэхэмжлэгчээс зөрчил бүр дээр тайлбар авч, нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг  сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт иргэдээс ирсэн өргөдөл гомдол гэх баримтуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн байх бөгөөд аудитын тайлан болон илтгэх хуудаснаас үзвэл ажлын хэсэг эдгээр иргэдийн өргөдөл гомдлыг шалгаж шийдвэрлээгүй, өөр зөрчлийн тухай дурдсан байна.  

Иймд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулах бөгөөд сайдын тушаалын үндэслэл болсон дотоод аудитын ажлын тайлан болон томилолтын илтгэх хуудаст дурдагдсан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчээс зөрчил тус бүрээр нь зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй талаар тайлбар авч, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл үйлдэж, дүгнэлт хийн дахин захиргааны актаа гаргах нь зүйтэй. 

Шүүхээс тогтоосон хугацаанд сайд дахин шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаал хүчингүй болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2,  27.2.1, 27.5, 27.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулах бөгөөд сайдын тушаалын үндэслэл болсон дотоод аудитын ажлын тайлан болон томилолтын илтгэх хуудаст дурдагдсан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчээс зөрчил тус бүрээр нь зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй талаар тайлбар авч, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл үйлдэх бөгөөд захиргааны акт гаргах 1 /нэг/ сарын хугацаа шүүхийн шийдвэрийг бичгээр гарсанаас хойш тоологдохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаал хүчингүй болсонд тооцсугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ