Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1247

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 27                 Дугаар 1247                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03646 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2388 тоот шийдвэрээр 57 402 750 төгрөгийг ХХХХХ-д төлөхөөр шийдвэрлэгдсэн юм. Дээрхи шүүхийн шийдвэрийн дагуу миний өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХХХХ тоот 3 өрөө 72,72 м.кв орон сууцаа бид 180 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад ХХХХ нь бидний үнэлсэн үнэлгээний 50 хувь буюу   90 000 000 төгрөгөөр үнэлсэн гэх мэдэгдлийг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авлаа. Би дээрхи үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай үл хөдлөх хөрөнгө болох орон сууц нь хотын төвд, төв зам дагуу Энхтайваны өргөн чөлөөнд А зэрэглэлийн бүсэд оршдог тул үнэлгээ харьцангуй өндөр байдаг болно. Манай дээрхи үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад маш их гомдолтой байна. Иймд ХХХХнаас дээрхи үл хөдлөх хөрөнгө буюу ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХХХХ тоот 3 өрөө бүхий 72,72 м.кв орон сууцыг 90 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж хөндлөнгийн шинжээч томилуулж үнэлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй байх тул ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХХХХ тоот 3 өрөө 72,72 м.кв орон сууцыг битүүмжлэн төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг 180 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Уг үнэлгээг төлбөр авагч тал зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрвээ тогтоогоогүй бол зах зээлийн үнийн 70 хувиар тооцож тогтооно гэсний дагуу талуудын төлбөр төлөгч, төлбөр авагч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 180 000 000 төгрөгийн 70 хувь буюу 126 000 000 төгрөгөөр 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч үнийн санал ирээгүй. Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон эсвэл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийг 50 хувиар тооцож тогтооно гэж заасны дагуу өмчлөгч, төлөгч, төлбөр авагч нарын харилцан тохиролцсон 180 000 000 төгрөгийн 50 хувь болох 90 000 000 төгрөгөөр 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Гэвч өмчлөгч Байгалмаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээтэй холбоотой гомдол гаргаснаар уг хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4116 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1129 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 838 тоот тогтоолуудаар тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал үүнийг дахин нотлохгүй. Зохигч ба хэргийн оролцогч тэдгээрийн эрх залгамжлах шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн учраас шийдвэрлэгдсэн маргааны тухай шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан байдгыг үндэслэн тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт зохигчдын гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болон арбитрын шүүх эсвэл нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, захирамж байгаа бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар ХХХХ-д холбогдох Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ХХ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2016/04140 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХХХны ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээж аваагүй учир Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03646 тоот шийдвэрийг хүчингүй болгож миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч нь “180 000 000 төгрөгөөр үнэлсэн орон сууцыг дуудлага худалдаанд оруулахдаа 90 000 000 төгрөгөөр үнэлж байгаа нь эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа” тул үнэлгээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2388 дугаар шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгө болох, ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХХХХХХХХ тоот, 72,72 м2, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан, анхны дуудлага худалдааны үнийн талаар төлбөр төлөгчийн гаргасан 180 000 000 төгрөгийн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрсөн, анхны дуудлага худалдааны үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар тогтоосныг эс зөвшөөрч өмчлөгч ХХХХХХ гомдол гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 4116 дугаар шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон, анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дах албадан дуудлага худалдааны үнийн талаар гомдол гаргасан ба тухайн эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүйгээс хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр үнийг тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

     ШҮҮГЧИД                                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ