Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 212/МА2024/00087

 

Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай    

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2024/00716 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Х банкны Баян-Өлгий салбар /захирал Л.Ө/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ************ багт оршин суух хаягтай К овогт С-ын Н-т холбогдох,

 

(1) 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №201944479376 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, (2) үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг гаргуулах, (3) зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай,

Гуравдагч этгээд Ш.А-ийн “... (1) 508, 844 дугаартай зээлийн баталгаа гаргах тухай бичгүүдийг хүчингүй болгож, (2) 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ201944479376 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, (3) Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-************* тоот бүртгэлтэй ************* тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон ************* нэгж талбарын дугаартай, Г-*************дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх” тухай бие даасан шаардлага бүхий  иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А /цахим сүлжээгээр/ нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Зээлдэгч С.Н-, Ш.С- нар нь Х банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр №ЗГ201944479376 тоот зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийн шугамын зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.

1.2. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Ш.М, Б.Ж- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************ тоот бүртгэлтэй, ************ багт 81 м.кв талбайтай өвлийн сууц, 4 өрөө, Ш.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-************ тоот бүртгэлтэй, *********** тоот 961 м.кв талбайтай эзэмших эрхийн газар, зээлдэгч С.Н-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-************ тоот бүртгэлтэй, ************ тоот 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Ш.А-ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-************* тоот бүртгэлтэй ***************** тоот 100 м.кв талбайтай хувийн сууц, Ш.А-ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Г-*************тоот бүртгэлтэй ************* 1000 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Ш.С-ы өмчлөлийн улсын **** БӨТ дугаартай Тоуоtа Noah маркийн, арлын ************ дугаартай суудлын машин, зээлдэгч С.Н-ийн өмчлөлийн Бараа материал жагсаалтаар гэрийн эд хогшил зэрэг эд хөрөнгүүдийг барьцаалсан.

1.3. Зээлдэгч С.Н-, Ш.С- нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь (159 хоног) хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.8-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэн зээл төлөх мэдэгдлийг 2021 оны 08 сарын 30-нд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

1.4. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №201944479376 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Би Ш овогтой С-ы албан ёсны гэр бүлийн гишүүн эхнэр нь биш юм. Ш.С- нь Казахстан улсаас ирээд надтай танилцаж бид хоёр хамтран амьдрагч байдлаар амьдарч байсан. Энэ хугацаанд буюу 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Х банкны салбараас зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийн шугамын зээлийг авсныг би тухайн үед мэдээгүй.

2.2. Анх Ш.С- надад хэлэхдээ бага хэмжээний зээл авч, чиний нэр дээр авсан газарт хашаа байшин барих хэрэгтэй гэж хэлж байсан. Тэр өөрийн авсан зээлийн гэрээнд надыг дуудаж, миний гарын үсгийг теллерийн хажууд зуруулсан ба би түүний 55,000,000 төгрөгийн их хэмжээний зээл авч байсныг мэдээгүй. Ш.С- нь тухайн үед Казахстан Улсын иргэншилтэй байсан ба Казахстан Улсын цэнхэр паспорттай байсан.

2.3. Хамтран амьдрагчаар амьдарч байсан хугацаанд би хүүхэдтэй болсон ба Ш.С-д бид хоёр хүүхэдтэй боллоо гэр бүлээ баталгаажуулж гэрлэлтийн баталгаа авъя гэж эрх бүхий байгууллагад хандаж өргөдөл гаргахад та хоёр өөр өөр улсын иргэн байна гэр бүлийн баталгаа олгох боломжгүй гэж хариу өгсөн. Тэгэхэд тус аймаг дахь Х банкны салбараас Казахстан Улсын иргэншилтэй Ш.С-д 55,000,000 төгрөгийн зээл олгосон асуудлыг би ойлгохгүй байна.

2.4. С.Н- миний өмчлөлийн улсын бүртгэлийн Г-************ тоот бүртгэлтэй, ************ тоот 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газрыг надад олгосныг би мэдээгүй ба Ш.С-ы зээл авсан гэх 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэг жилийн дараа 2020 оны 06 дугаар сард дээрх газарт 4*12 метрийн харьцаатай байшинг амбаарын хамт барих үед мэдсэн юм. Тухайн үед уг газрын гэрчилгээ банканд байгаа гэж Ш.С- хэлж байсан. Хамтран амьдрагч Ш.С- нь надад удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж байсан тул 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш би өөрийн төрхөм руу явж тусдаа амьдарч байгаа юм.

2.5. Хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сард би өөрийн өмчлөлийн газарт очиход өөр хүмүүс байсан ба Ш.С- бидэнд худалдсан гэж хэлсэн. Ш.С-ыг би өөрөө 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш олохгүй байна. Ш.С-ы Х банкны салбараас авсан зээлээс хариуцагчаар оролцуулж буй миний бие нэг ч төгрөг аваагүй болно. Энэ асуудлаас болж би банканд өөрийн ч өмчлөлийн газраа алдаж хохирч үлдэж байна. Цаашид надад өөрийн гэсэн орон гэр, эд хөрөнгө, ямар нэгэн ажил эрхэлж, цалин орлоготой болох боломж байхгүй тул зээлийг төлөх боломжгүй гэдгийг илэрхийлье.

2.6. Тус аймаг дахь Х банкны салбарын захирлын нэхэмжлэлд С.Н- надыг хариуцагчаар оролцуулж нийт 68.811.987 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, би төлөх үүрэг хүлээхгүй болно. Яагаад гэвэл Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.3-д гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж хуульчлагдсан тул Ш.С-ы эхнэр гэх үүднээс надыг хариуцагчаар оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зээл төлөх чадамжгүй тул барьцааны хөрөнгөөр зээлээ барагдуулах боломжтой.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн нэхэмжлэлийн шаардлагад:

3.1.Х банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, С.Н-т холбогдох иргэний хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00192 дугаартай захирамжаар шийдвэрлэгдэж, улмаар уг иргэний хэрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж байхад гуравдагч этгээд Ш.А- нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг мэдэж, шүүхэд захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч хүлээж аваагүй тул дахин гомдол гаргаж, Баян-Өлгий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.23-ны өдрийн 130/ШТ2024/00012 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээж авахаар болсон.

3.2.Ийнхүү, дээрх тогтоолын дагуу тухайн хэргийг хариуцаж байгаа шүүгчийн 2024.02.20-ны өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож дахин хянан хэлэлцэхээр болсон билээ. Тодруулбал, Х банк ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, С.Н-т холбогдуулж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн болон нотариатын төлбөрт нийт 68,861,987.00 төгрөг гаргуулах, зээлийн өр төлбөр төлөгдөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.3.Гуравдагч этгээд Ш.А-ийн амьдрах зориулалттай ************* тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон ************* нэгж талбарын дугаартай, Г-*************дугаартай өмчлөх эрхийн газрыг тухайн зээлд БГҮ201944479376 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээний үндсэн дээр барьцаанд тавигдсан байдаг. Уг барьцаанд тавьсан үндэслэл нь Ш.А-ийн үйлдсэн гэх 2019.03.21-ны өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай" болон 2019.05.21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” итгэмжлэл гэх баримтууд байгаа юм. Тухайн үедээ төрсөн дүү Ш.С- олон удаа гуйж, зөвхөн 5 сая төгрөгийн зээлд барьцаанд тавих гэж байгаа талаар хэлсэн байдаг ба нотариатад очиж хэдэн бичиг цаасан дээр гарын үсэг зурна гэж хэлсний дагуу нэг удаа зурсан.

3.4.Тодруулбал, Ш.А- нь 2019.03.21-ны өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гэх бичигт гарын үсэг зурсан ба уг баталгааны бичигт "... өөрийн өмчлөлийн ************ баг хаягт орших №000****** гэрчилгээний дугаартай, ************* нэгж талбарын дугаартай, Г-*************улсын бүртгэлийн дугаар бүхий 1000 м.кв өмчилсөн газрыг танай Х банкнаас зээл авч буй С.Н-, Ш.С- нарын зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, баталгаа гаргав” гээд мөн гарын үсэг зурах хэсэгт зөвшөөрч баталгаа гаргасан байдлаар гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү бичиг нь 5 сая төгрөгийн зээлд баталгаа гаргах агуулгыг илэрхийлсэн баталгааны бичиг бөгөөд хэн нэгэнд төлөөлөх эрхийг олгож байгаа итгэмжлэл биш байсан. Өөрөөр хэлбэл, Ш.С- Х банкнаас зээл авах үед зээлийн барьцааны гэрээнд Ш.А- өөрөө гарын үсэг зурах ёстой байсан, тус зээлийн баталгааны бичигт зөвхөн Ш.А-ийн газрыг барьцаалах баталгааг гаргасан ба хувийн сууцыг барьцаалах талаар баталгаа гаргаагүй.

3.5.Түүнчлэн, 2019.05.21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гэх хоёр ижилхэн дугаартай итгэмжлэл үйлдэгдсэн байх ба үүнийг Ш.А- үйлдээгүй боловч шүүх шинжилгээгээр үйлдсэн мэтээр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэсэн хэдий ч, тухайн 844 дугаартай итгэмжлэлийн хууль зүйн агуулгыг авч үзье. Шүүхэд байгаа баримтаар 844 дугаартай итгэмжлэл 2 ширхэг байх ба агуулгыг уншвал нэг нь Ш.А-ийн газрыг барьцаалах, нөгөөх нь хувийн сууцыг барьцаалах байдлаар үйлдэгдсэн нь Нотариатын үйлдэл хийх заавартай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр өөр хөрөнгийг барьцаалахад тус бүрд нь дугаар олгогдож, нотариатын тэмдэглэл үйлдэх ёстой байтал үүнийг зөрчсөн байна. Нөгөөтээгүүр, тус 844 дугаартай “зээлийн баталгаа гаргах тухай” гэх итгэмжлэл нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ.” гэж, мөн Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ.” гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 7.1-д “Итгэмжлэлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг баримтална.” гэж, 7.2-т “Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч нь тэдгээрт тайлбарлана.” гэж тус тус заасныг хангахгүй байна.

3.6. Учир нь, Ш.А-ийн дүү Ш.С- анх Х банкнаас 5 сая төгрөгийн зээл авахад барьцаанд тавих талаар гаргасан хүсэлтийн дагуу 5 сая төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд гэж итгэн үйлдсэн байхад 55 сая төгрөгийн барьцаанд тавих талаар итгэмжлэл үйлдээгүй. Гэтэл, тухайн 508, 844 дугаартай зээлийн баталгаа гаргах тухай гэх бичгүүдэд “... Х банкнаас зээл авч буй С.Н-, Ш.С- нарын зээлийн барьцаанд тавихыг, барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг зөвшөөрч баталгаа гаргав.” гэж ямар зориулалттай зээл, зээлийн хэмжээ, зээл эргэн төлөгдөх хугацаа, зээлийн хүү зэрэг мэдээлэл нь дутуу байх буюу төлөөлүүлэгчийн олгосон бүрэн эрх тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангахгүй байна. Гуравдагч этгээд Ш.А- нь өндөр дүнтэй зээл авна гэдгийг мэдээгүй, нотариатад итгэмжлэл үйлдэхдээ дүн байгаагүй зэргээс үзвэл, итгэмжлэл нь хууль тогтоомжийн шаардлагыг хангахгүй байна.

3.7.Түүнчлэн, 508, 844 дугаартай зээлийн баталгаа гаргах тухай гэх бичгүүдэд гуравдагч этгээд Ш.А- агуулга тодорхойгүй хөрөнгө барьцаалах эрх олгохдоо зөвхөн С.Н-т биш төрсөн дүү Ш.С- нарт хамтад нь олгосон байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө барьцаалах төлөөлөх эрхийг С.Н-ээс гадна Ш.С- давхар хэрэгжүүлэх ёстой буюу үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд хоёр төлөөлөгч нэгэн зэрэг зурах ёстой юм. Гэтэл, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ201944479376 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээнд С.Н- барьцаалуулагч Ш.А-ийг төлөөлж зурсан байгаа нь зээлийн баталгаа гаргах тухайн бичгийн шаардлагад нийцээгүй буюу Ш.С-ыг зуруулаагүй байгаа нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригт нийцсэнгүй. Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д заасны дагуу Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс төлөөлүүлэгчид ашигтайгаар тайлбарлах ёстой юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр 508, 844 дугаартай зээлийн баталгаа гаргах тухай бичгүүдэд олгогдсон бүрэн эрх тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй, 844 дугаартай бичиг хоёр удаа өөр агуулгатай үйлдэгдсэн, төлөөлөх эрхийг хоёр төлөөлөгчид олгосон байтал зөвхөн нэг төлөөлөгч нь барьцааны гэрээнд гарын үсэг зурсан зэрэг хуулийн хүчин төгөлдөр нөхцөлийг хангахгүй нөхцөл байдлуудыг бий болгожээ.

3.8. Иймд 508, 844 дугаартай зээлийн баталгаа гаргах тухай бичгүүдийг хүчингүй болгож, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ201944479376 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-************* тоот бүртгэлтэй ************* тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон ************* нэгж талбарын дугаартай, Г-*************дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хангаж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарт:

4.1. Иргэн С.Н- болон Ш.С- нар нь Х банкны Баян-Өлгий салбараас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр №201944479376 дугаартай зээлийн гэрээг байгуулж тус зээлийн гэрээгээр 55,000,000 (тавин таван сая) төгрөгийг тус банкнаас зээлсэн. Тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр БГҮ201944479376 дугаар барьцааны гэрээ байгуулж Ш.А-ийн өмчлөлийн ************ тоот, 100 м.кв хувийн сууц болон 1000 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан байдаг.

4.2. Гэвч, ийнхүү зээлдэгч нар нь авсан зээлээ төлөх боломжгүй болж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед барьцаа хөрөнгийн өмчлөгч нь өөрийн олгосон барьцаа хөрөнгийг барьцаалахаар олгосон итгэмжлэлээ хүчингүй болгуулах, мөн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх бие даасан шаардлага гаргажээ. Бие даасан шаардлага гаргасан Ш.А- нь өөрийн гаргасан шаардлагадаа “Тухайн үедээ төрсөн дүү Ш.С- олон удаа гуйж, зөвхөн 5 сая төгрөгийн зээлд барьцаанд тавих гэж байгаа талаар хэлсэн байдаг ба нотариатад очиж хэдэн бичиг цаасан дээр гарын үсэг зурна гэж хэлсний дагуу нэг удаа зурсан.” гэж дурджээ. Үүнээс үзэхэд Ш.А- нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө зээлийн барьцаанд тавих хүсэл зориг байсан, мөн тийнхүү өөрийн төрсөн дүүдээ зөвшөөрч нотариатч орж итгэмжлэл үйлдэж гарын үсэг зурсан байна.

4.3. Гэвч итгэмжлэлд зөвхөн 5 сая төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалах хязгаарлалтыг хийгээгүй, хязгаарлалтгүйгээр буюу зээлийн дүн үл хамаарах байдлаар төлөөлөх эрхийг олгосон байна. Мөн, Ш.А- нь шаардлагадаа Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг үндэслэн төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг харгалзан үзэх талаар дурдсан байдаг. Гэвч, тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт “Хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй.” гэж заасны дагуу буюу зээл олголт хийгдэж, барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа өөрийн хүсэл зоригоо өөрийн олгосон итгэмжлэлээс өөрөөр тайлбарлаж хүчин төгөлдөр болгохоор шаардаж буй нь үндэслэлгүй байна.

4.4. Ш.А-ийн гаргасан шаардлага буюу өөрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах, барьцаанаас чөлөөлөх шаардлагыг тодруулан авч үзвэл, итгэмжлэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэлцэл байх бөгөөд гаргасан шаардлагын дагуу тухайн хэлцэл нь мөн хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Гэвч, Ш.А-ийн гаргасан шаардлагад тухайн итгэмжлэл нь Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлийн ямар зүйл, заалтын дагуу хүчин хүчин төгөлдөр бус хэлцэл байх талаар дурдаагүй, энэ талаар нотлоогүй байдаг. Ш.А-ийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх шаардлагыг хангахын тулд тухайн барьцааг бий болгож буй үүрэг дуусгавар болох эсхүл тухайн эрхийг бий болгож буй барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцогдсоноор хэрэгжих боломжтой шаардлага болно.

4.5. Үүссэн нөхцөл байдлаас үзэхэд Зээлдэгч болон Барьцаалагч нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасан үүрэг дуусгавар болох үндэслэл бүрдээгүй байх бөгөөд банкны зүгээс барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй. Мөн барьцааны эрхийг үүсгэж буй талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр байх тул Ш.А-ийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн баталгаа гаргах тухай” итгэмжлэлийг хүчингүй болгох, мөн Ү-************* улсын бүртгэлтэй хувийн сууц болон Г-*************дугаартай өмчлөх эрхтэй газрыг тус тус банкны барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү.

 

5. Хариуцагч С.Н- бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарт:

5.1. Тухайн зээлийг авахад Ш.А- нь өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж байсан. Түүний гарын үсэг зураагүй гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Надтай хамт зээл авч байсан Ш.С- нь 2021 онд Турк улс руу гараад явсан. Би одоо түүнтэй ямар нэгэн холбоогүй. Өөр өөрсдийн амьдралаа бодоод тус тусдаа явсан. Би одоо хоёр хүүхдийн хамт эцэг эхтэйгээ хамт төрхөмдөө амьдарч байна.

5.2. Би ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн орлогогүй, насанд хүрээгүй 2 хүүхдээ чадан ядан асарч явж байгаа учир зээл, түүний хүүг төлөх ямар ч боломжгүй болно.

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2024/00716 дугаар шийдвэрээр:

6.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Н-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг (жаран найман сая найман зуун жаран нэгэн мянган есөн зуун наян долоон) төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарт олгож,  

6.2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н- нь зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ш.М, Б.Ж- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************ тоот бүртгэлтэй, ************багт байрлах 81 м.кв талбайтай өвлийн сууц, Ш.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-************ тоот бүртгэлтэй, ************баг ******** тоотод байрлах 961 м.кв талбайтай эзэмших эрхийн газар, зээлдэгч С.Н-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-************ тоот бүртгэлтэй, ************ тоотод байрлах 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Ш.А-ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-************* тоот бүртгэлтэй ************ баг, ************тоотод байрлах 100 м.кв талбайтай хувийн сууц, Ш.А-ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Г-*************тоот бүртгэлтэй ************ баг, ************тоотод байрлах 1000 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Ш.С-ы өмчлөлийн улсын ****БӨТ дугаартай Тоуоtа Noah маркийн, арлын ************ дугаартай суудлын машин, зээлдэгч С.Н-ийн өмчлөлийн Бараа материал жагсаалтаар гэрийн эд хогшил зэргийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарыг хохиролгүй болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

6.3. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай" болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гарын баримтуудыг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ201944479376 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-************* тоот бүртгэлтэй ************, тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон ************* нэгж талбарын дугаартай, Г-*************дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

6.4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Х банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,460 (таван зуун далан хоёр мянган дөрвөн зуун жаран) төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч С.Н-ээс 572,460 (таван зуун далан хоёр мянган дөрвөн зуун жаран)  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарт олгож  шийдвэрлэжээ.   

 

            7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Е.Малик би Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй С.Н-т холбогдох “2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №201944479376 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

7.2. Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс дараах бие даасан шаардлагыг гаргасан. “2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай" болон 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гарын баримтуудыг хүчингүй болгуулах, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ201944479376 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-,************* тоот бүртгэлтэй ************, ************тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон ************* нэгж талбарын дугаартай, Г-*************дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай” бие даасан шаардлага гаргасан. Гэвч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2024/00716 дугаар шийдвэрээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

7.3. Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй.

7.4. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22-т “Мөн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “зээлийн баталгаа гаргах тухай” бичгээр Ш.А-ээс өөрийн өмчлөлийн Баян-Өлгий аймаг Өлгий сумын 10 дугаар баг хаягт орших №000****** гэрчилгээний дугаартай, ************* дугаар нэгж талбарын дугаартай Г-*************улсын дугаар бүхий 1000 м.кв газрыг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” бичгээр Баян-Өлгий аймаг Өлгий сумын 10 дугаар баг хаягт оршин ГД/№000******, УБД/Ү-************* дугаартай 100 м.кв хувийн сууцыг Х банкнаас зээл авч буй С.Н-, Ш.С- нарын зээлийн барьцаанд тавихыг, барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг зөвшөөрч баталгаа гаргаж, уг үйлдлээ нотариатчаар гэрчлүүлж тус тус гарын үсэг зурсан байна. Гуравдагч этгээд Ш.А-ийн зүгээс би дээрх өмч хөрөнгөө С.Н-, Ш.С- нарын Х банкнаас авсан 5 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, 55 сая төгрөгийн барьцаанд тавиагүй гэж тайлбарлаж байгаа боловч уг үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Мөн тухайн хүсэлт зоригийн талаар Зээлийн баталгаа гаргах тухай баримтад тодорхой тусгаагүй байх тул энэхүү үндэслэлээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болно...” гэжээ. Гэвч Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Нотариатын үйлдэл дараах үйлдэлтэй байна” гэсэн бол 25.1.3-т “Итгэмжлэл гэрчлэх” гэжээ. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ”... гэжээ. Гэвч дээрх 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай итгэмжлэлүүдэд Ш.А-ээс С.Н- болон Ш.С- нарт итгэмжлэл олгохдоо хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд тавьж байгаа тухай тодорхой тусгаагүй юм.

Нөгөөтээгүүр хэрэв дээрх Зээлийн баталгаа гаргах тухай болон Ш.М болон Б.Ж- нарын өмчлөлийн Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай Ү-************ дугаартай 81 м.кв талбайтай байшин болон 961 м.кв талбайтай нэгж талбарын Э-************ дугаартай газрыг тус тус барьцаалсан итгэмжлэлийн хэлбэрийн болон агуулгын хувьд ялгаатай бөгөөд үүнийг анхан шатны шүүхийн зүгээс анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

7.5. Гэтэл тухайн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гарын баримт нь хоёр удаа ижилхэн дугаартай үйлдэгдсэн боловч агуулга нь өөр буюу нэг нь Ш.А-ийн газрыг, нөгөөх нь үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулах тухай байна.

Нотариатын үйлдэл хийх зааврын 3 дугаар зүйлийн 3.2-т “Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын дараах үйлдэл тус бүрээр бүртгэлийн дэвтэр хөтөлнө. Үүнд: 3.2.4-д итгэмжлэл гэрчлэх гэж зааснаар заавал бүртгэлийн дэвтэр хөтлөхөөр үүрэг болгосон байна. Мөн зааврын 3.4-т “ Бүртгэлийн дэвтрийн хуудас бүр дугаарлагдсан байна” гэж, 3.5-д “Нотариатын хэд хэдэн үйлдлийг нэг дэвтэрт хольж бүртгэхийг хориглоно" гэж, 3.6-д “Бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэгийн тайллын хамт зуруулах бөгөөд хуулийн этгээдийн хувьд тамга, тэмдгээр нь баталгаажуулж болно.” гэж зааснаар нэг дугаартай итгэмжлэлийг өөр агуулгатай байдлаар үйлдэхийг хориглосон байна.

7.6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө тухайн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гарын баримтыг ямар шалтгаанаар ижил байдлаар өөр агуулгатай үйлдсэн болохыг тухайн гарын баримтыг гэрчилсэн буюу үйлдсэн нотариатчийн бүртгэлийн дэвтэрт, хэрэв бүртгэлийн дэвтрийг Нотариатчдын танхимын архивд өгсөн бол бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэгт үзлэг хийлгэх, эсхүл архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулж энэхүү хэргийн хавтаст хэрэгт хавсаргах тухай хүсэлтээ гаргасан болсон тус хүсэлтийг шүүхээс ханган шийдвэрлэхээс татгалзсан нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй болгосон юм.

7.7. Мөн Ш.А- нь хариуцагч С.Н- болон Ш.С- нарын зээлд үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулсан барьцаалуулагч билээ. Өмнө нь энэхүү хэргийг барьцаалуулагч нарыг оролцуулалгүй шийдвэрлэсэн гэж дахин ердийн журмаар шийдвэрлэхээр болж Ш.А- нь гуравдагч этгээдээр оролцож байгаа юм.

Харин дээрх хариуцагч нарын зээлд Ш.М болон Б.Ж- нарын өмчлөлийн Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай Ү-************ дугаартай 81 м.кв талбайтай байшин болон 961 м.кв талбайтай нэгж талбарын Э-************ дугаартай газрыг тус тус барьцаалсан.

Тодруулбал 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ201944479376 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд Ш.М болон Б.Ж- нарын дээр дурдсан хөрөнгийг С.Н- төлөөлж гарын үсэг зуран барьцаалуулжээ.

Үүнээс харахад энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд Ш.М болон Б.Ж- нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зайлшгүй хөндөгдөхөөр байгаа юм.

Ш.М нарыг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байгаа бөгөөд С.Н- эсвэл нэхэмжлэгчийн зүгээс Ш.М нарын барьцаалсан эд хөрөнгө нь маргаантай эсэх талаар тайлбар гаргах боломжгүй юм.

7.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2024/00716 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү эсхүл "2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” болон 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гарын баримтуудыг хүчингүй болгуулах, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ201944479376 дугаартай “Үл хөдлөх барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-,************* тоот бүртгэлтэй ************, *********** тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон ************* нэгж талбарын угаартай, Г-*************дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү.

7.9. Гомдол гаргах хугацааны тухайд: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик би анхан шатны шүүхийн шийдвэрийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор давж заалдах журмаар гомдол гаргасан болно.

 

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд:

8.1. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, С.Н-т холбогдох “зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн болон нотариатын төлбөрт нийт 68,861,987.00 төгрөг гаргуулах, зээлийн өр төлбөр төлөгдөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.22-ны өдрийн 130/ШШ2024/00716 дугаартай шүүхийн шийдвэрээр хянан шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А- миний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

8.2. Шүүхээс нотлох баримтыг зөв үнэлээгүй, хууль буруу тайлбарласан тухайд: Гуравдагч этгээд Ш.А- миний бие 2019.03.21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гэх бичиг үйлдсэн билээ. Харин 2019.05.21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” бичгүүд үйлдээгүй байхад үйлдсэн мэтээр дүгнэж бичсэн байгааг дараах үндэслэлүүдээс эс зөвшөөрч байна.

Тодруулбал, 508 дугаартай зээлийн баталгааны бичигт "... өөрийн өмчлөлийн ************ баг хаягт орших №000****** гэрчилгээний дугаартай, ************* нэгж талбарын дугаартай, Г-*************улсын бүртгэлийн дугаар бүхий 1000 м.кв өмчилсөн газрыг танай Х банкнаас зээл авч буй С.Н-, Ш.С- нарын зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, баталгаа гаргав" гээд мөн гарын үсэг зурах хэсэгт зөвшөөрч баталгаа гаргасан байдлаар гарын үсэг зурсан болно. Өөрөөр хэлбэл, энэхүү бичгээр Ш.А- миний бие С.Н- болон Ш.С- нарын авах зээлд өөрийн өмчлөлийн газрыг барьцаалах баталгааг гаргасан ба энэхүү зээлийн баталгаа гэх бичиг нь итгэмжлэл буюу төлөөлөх эрх олгох талаар биш баталгаа гаргаж, хөрөнгөө барьцаалуулах боломжтой талаар байгаа юм. Гэхдээ, тус баталгааны агуулга нь тодорхой биш буюу баталгаа, эсхүл барьцаа хөрөнгөөр баталгаа гаргах эсэх нь тодорхойгүй. ойлгомжгүй итгэмжлэл байсан. Үүнийг шүүхээс харгалзаж авч үзээгүй, итгэмжлэл эрх олгосон гэх байдлаар шүүхийн шийдвэртээ тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

8.3. Түүнчлэн 2019.05.21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гэх хоёр ижилхэн дугаартай бичиг үйлдэгдсэн байх ба үүнийг миний бие үйлдсэн мэтээр шүүх шинжилгээний байгууллагаас дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэсэн хэдий ч тус 844 дугаартай “зээлийн баталгаа гаргах тухай” гэх бичиг нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын шаардлагад нийцэхгүй.

Нотариатын тухай хуулийн 41.1-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. ” гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 7.1-д “Итгэмжлэлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг баримтална." гэж, 7.2-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч нь тэдгээрт тайлбарлана." гэж тус тус заасны дагуу итгэмжлэл гэрчлэхдээ олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх ёстой. Гэтэл, 844 дугаартай итгэмжлэл гэх бичиг нь хэт ерөнхий буюу ямар зориулалттай зээл, зээлийн хэмжээ, зээл эргэн төлөгдөх хугацаа, зээлийн хүү зэрэг мэдээлэл нь байхгүй, Х банкнаас авах ямар ч зээлд дур мэдэн миний хөрөнгийг барьцаалуулах боломжтой мэтээр ойлгомжгүй бичигдсэн байна. Учир нь би анх 5 сая төгрөгийн зээлд барьцаалуулах хүсэл зоригтой байхад тодорхойгүй итгэмжлэл үйлдэгдсэнээс болж 55 сая төгрөгийн зээлд барьцаалагдсан байгааг сүүлд мэдсэн. Өөрөөр хэлбэл, дээрх бичгүүд нь тодорхойгүйгээс болж хожим энэхүү шүүхийн маргаан гарч байгааг дурдах нь зүйтэй.

8.4. Шүүхээс нотлох баримтаар нотолж чадаагүй, зээлийн баталгаа гаргах баримтад хэдэн төгрөгийн зээлд тусгаагүй тул үндэслэлгүй гэсэн байна. Харин ч тусгаагүй байгаа нь төлөөлөх бүрэн эрх тодорхойгүй байх нөхцөлийг хангаж байхад ба Иргэний хуулийн 66.1-д “Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ. ” гэж заасны дагуу 844 дугаартай итгэмжлэл гэх бичиг нь хэт ерөнхий бичигдсэн, итгэмжлэлд олгогдоогүй эрхийг хэтрүүлж зээлд хөрөнгө барьцаалсан байх тул миний хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх ёстой юм.

8.5. Түүнчлэн, миний олгосон гэх бичгүүдийн агуулга тодорхойгүй хөрөнгө барьцаалах эрх олгохдоо зөвхөн С.Н-т биш төрсөн дүү Ш.С- нарт хамтад нь байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө барьцаалах төлөөлөх эрхийг төрсөн дүү Ш.С- нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд гарын үсэг зурах ёстойг зээлийн баталгаа гаргах тухай бичигт байгаагаас харж болно. Харин С.Н- уг зээлийн баталгаа гаргах бичигт гарын үсэг зурж байгаагүй. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ201944479376 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээнд С.Н- барьцаалуулагч намайг төлөөлж зурсан байгаа нь зээлийн баталгаа гаргах тухай бичгийн шаардлагад нийцээгүй буюу Ш.С-ыг зуруулаагүй байгаа нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригт нийцсэнгүй. Гэтэл, шүүхээс хэн аль нь барьцааны гэрээнд зурсан нь хүчин төгөлдөр мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

8.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд: Энэхүү иргэний хэргийн маргааныг анх тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00192 дугаартай захирамжаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байдаг. Улмаар, миний бие хөрөнгийн барьцаалуулагчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тухай гаргасан гомдлын дагуу Баян-Өлгий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.23-ны өдрийн 130/ШТ2024/00012 дугаартай тогтоолоор хэрэг шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгож, шинээр хэлэлцэхээр болсон. Үүний дагуу, шүүхээс намайг гуравдагч этгээдээр оролцуулах захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Харин дээрх зээлд Ш.М, Б.Ж- нарын хамтын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, газар барьцаалагдсан байхад тус иргэдийг гуравдагчаар оролцуулах хүсэлтийг шүүхээс хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хөрөнгө барьцаалуулагч Ш.М, Б.Ж- нарыг шүүхээс зайлшгүй оруулах ёстой байсан. Цаашид зээлийг төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үед эдгээр хүмүүсийн эрх, ашиг зөрчигдөж, гуравдагч этгээд Ш.А- надад үүссэн асуудал бий болох юм.

Миний бие 2019.05.21-ний өдөр үйлдсэн гэх 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” бичгүүдийг үйлдээгүй, гарын үсэг зураагүй бөгөөд зөвшөөрөхгүй, энэ талаар миний төлөөлөгчийн гаргасан нотариатын дэвтэр, хувийн хэрэгт үзлэг хийлгэх, эсхүл хэрэв архивд шилжүүлсэн бол нотариатын танхимын архивын газраас тухайн үйлдсэн зээлийн баталгааны бичиг байгаа нотариатын дэвтрийн холбогдох хэсгийн баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхээс хүлээн авсангүй. Хэдийгээр, шүүх шинжилгээний байгууллагаас гарын үсэг нь мөн гэж байгаа боловч “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” шаардлагын дагуу давхар нягталж харах ёстой байсан юм.

8.7. Дээрх үндэслэлүүдээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.22-ны өдрийн 130/ШШ2024/00716 дугаартай шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул хүчингүй болгож, холбогдох өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Ш.А-ийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл дахин анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

9.1. Хариуцагч С.Н- 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр манай банкнаас 24 сарын хугацаатай 55 сая төгрөгийн зээл авсан. Зээл авснаас хойш зээлээ төлөөгүй тул 2021 онд бид нар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд 2022 оны анхан шатны шүүх хурал дээр хариуцагчийг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлээд, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн.

9.2. Уг ажиллагаанд би өөрөө бас хамт явсан. Ш.М, Б.Ж- гэж хэлж байна. Тэдгээр нь өөрсдөө үл хөдлөх хөрөнгөө банканд зээлийн барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрсөн. Дараа нь гомдол гаргаж, дахин өмнөх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож явсан. Зээлийн баталгаанд Ш.М өөрийн 1000 метр квадрат газар болон 100 метр квадрат бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Н, Ш.С- нарын Х банкнаас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, энэхүү барьцааны гэрээнд өөрийгөө төлөөлөх эрх үүргийг нотариатаар батлуулаад өгчихсөн байгаа. Тэрээр 5 жилийн дараа эд хөрөнгө барьцаалах зоригоосоо татгалзаж, “би гарын үсэг зураагүй. Нотариатын баталгаа дээр миний гарын үсэг биш” гэсэн. Хоёр удаагийн шүүхийн шинжилгээний дүгнэлтэд “”гарын үсэг мөн гэж гарсан. Сүүлд гарсан анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 706 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын хариуцагч С.Н-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

 

Нэг. Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн үйл ажиллагааны талаар

 

11. Хариуцагч К.Н- нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа” талаар хариу тайлбар /1 дэх хх-ийн 59 дэх тал/ гаргаж, анхан шатны шүүхээс түүнийг энэ тайлбарыг үндэслэж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00192 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар “Хариуцагч С.Н- нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №201944479376 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нотариатын зардлын хамт нийт 68,861,987 төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, тус иргэний хэргийн хариуцагч Ш.С-д холбоотой хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШЗ2022/01277 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, 130/ШШ2022/00192 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 130/ГХ2022/00228 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж байжээ.

 

12. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр энэ хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А- нь “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу Ш.А- намайг тус хэрэгт оролцуулаагүй, мөн гуравдагч этгээд болох Ш.А-, Ш.М нарын хөрөнгө барьцаанд тавигдсан байхад үүнийг нь анхаараагүй шийдвэрлэсэн нь захирамж илт үндэслэл муутай болох нь тогтоогдож байна. Иймд, Баян-Өлгий аймаг ахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00192 дугаартай захирамжийг хүчингүй болгож, тус иргэний хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өгнө үү” гэх гомдлыг гаргаж, уг гомдлыг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШЗ2024/00112 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

13. Улмаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А- дээрх захирамжид гомдол гаргаж, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШТ2024/00012  дугаар шүүхийн тогтоолоор  “... тус захирамжийн захирамжлах хэсгийн нэг дэх заалтаар хариуцагч С.Н-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа нэхэмжлэгч байгууллагын хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг орхигдуулсан байна. Мөн иргэний хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №БҮ201944479376 тоот барьцааны гэрээнүүдэд Ш.М, Б.Ж-, Ш.А- нарын өмчлөлийн хөрөнгүүдийг барьцаалж, уг гэрээнүүдэд тус тус үндсэн зээлдэгч С.Н- гарын үсэг зурсан байна. Иймд тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 153/Ш32022/00192 дугаартай шүүгчийн захирамж нь гомдол гаргагч Ш.А-ийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн, илт үндэслэл муутай гарсан гэх үндэслэлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШЗ2024/00112 дугаартай шүүгчийн захирамжид тодорхой тусгаагүй, хүсэлтийг хангахаас татгалзсан нь хуульд нийцээгүй байна...” гэх үндэслэлээр гомдол гаргагч Ш.А-ийн гомдлыг хангаж, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 153/Ш32024/00112 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж хуульчилсан бөгөөд “илт үндэслэл муутай” гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно. /Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоол/

Тухайн тохиолдолд, дээрх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэдийгээр үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаа байхгүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШТ2024/00012  дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

15. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг анхан шатны шүүхийн дээрх тогтоолоор хүчингүй болгосон учраас дээрх тогтоол нь шүүгч өөрийнхөө гаргасан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00192 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШЗ2024/00711 дугаар захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэхэд хүргэсэн бөгөөд нэхэмжлэгч талын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШЗ2024/00711 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай гомдлыг анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШТ2024/00020 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

16. Иймд, анхан шатны шүүх Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын хариуцагч С.Н-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлд нэгэнт ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсны эцэст 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 130/ШШ2024/00716 дугаар шийдвэр гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар, хэргийн оролцогч буюу тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан давж заалдах гомдол гаргасан тохиолдол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан магадалж, мөн зүйлийн 167.1.1-167.1.5 дахь заалтад заасан аль нэг шийдвэрийг гаргах үүрэгтэй байх тул хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хоёр. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

17. Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч С.Н-т холбогдуулан “(1) 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №201944479376 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, (2) үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг гаргуулах, (3) зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Н- нь “...зээл авсны дараа төлж чадаагүй. Нөхрөөсөө 2020 онд гэрлэлтээ цуцлуулсан.  Тэрнээс хойш надад төлөх боломж байгаагүй. Зээл төлөх чадамжгүй тул барьцааны хөрөнгөөр зээлээ барагдуулах боломжтой...” гэж маргажээ.  

 

18. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

- Х банк ХХК-ийг төлөөлж Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн эрхлэгч С.Серик болон зээлдэгч С.Н-, хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.С- нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/201944479376 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нар 55,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан;

- мөн өдрийн БГҮ201944479376 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-ээр (1) Ш.М, Б.Ж- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************ тоот бүртгэлтэй, ************багт байрлах 81 м.кв талбайтай өвлийн сууц, (2) Ш.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-************ тоот бүртгэлтэй, ************баг ******* тоотод байрлах 961 м.кв талбайтай эзэмших эрхийн газрыг тус тус барьцаалж, барьцаалуулагч Ш.М, Б.Ж- нарыг төлөөлж С.Н- тус тус гарын үсэг зурсан;

- мөн өдрийн БГҮ201944479376 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-ээр Ш.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************* тоот бүртгэлтэй ************ баг, ************тоотод байрлах 100 м.кв талбайтай хувийн сууц, Ш.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-*************тоот бүртгэлтэй ************ баг, ************тоотод байрлах 1000 м.кв талбайтай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаалж, барьцаалуулагч нэг гэсэн хэсэгт С.Н-, барьцаалуулагч хоёр гэсэн хэсэгт Ш.А-ийг төлөөлж С.Н- тус тус гарын үсэг зурсан;

- мөн өдрийн БГҮ201944479376 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-ээр зээлдэгч С.Н-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-************ тоотод бүртгэлтэй, ************ тоотод байрлах 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газрыг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №БГХ201944479376 дугаартай Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-ээр Ш.С-ы өмчлөлийн улсын **** БӨТ дугаартай, арлын ********* сериал дугаартай суудлын машин, бараа материал, гэрийн эд хогшил зэргийг тус тус барьцаалсан;

- нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Зээлийн бүртгэлийн картаар зээлдэгч С.Н-ийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх төлөгдсөн үндсэн зээл, хүү, торгууль тусгагдаж, зээлийн үлдэгдэл нийт 68,811,987.28 төгрөг болох нь тус тус тогтоогдсон байна.

 

19. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Талуудын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалт, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлд нийцсэн, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

20. Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн холбогдох хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, зохигчийн хооронд  байгуулагдсан гэрээний заалтыг үндэслэж, нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч буюу зээлдэгч С.Н-ээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэж өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тодорхойлсон. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт  үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдээс дүгнэвэл, хариуцагч С.Н- нь зээлдэгч буюу үндсэн үүрэг гүйцэтгэгч байх тул нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь түүнд холбогдуулж гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй.

 

21. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас нь өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй талаар зохицуулсан боловч гэрээний хугацаа дуусаагүй үед гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль болон гэрээнд заасан үндэслэл, урьдчилсан нөхцлүүд бүрдсэн тохиолдолд талуудын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахтай холбоотой шаардах эрхийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт хуульчилсан байна. Анхан шатны шүүхээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах гэрээнд заасан үндэслэл бүрдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ЗГ/201944479376 дугаартай зээлийн гэрээний 6.1.1.-т зааснаар зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн бол банкны зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргах эрхийн талаар талууд харилцан тохиролцсон байна.

 

22. Анхан шатны шүүх хариуцагч С.Н- нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөний улмаас зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлээр зээлдүүлэгч Х банк нь гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй талаар зөв дүгнэж, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг нийт 68,861,987 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцжээ.

 

23. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд, талуудын хооронд байгуулагдсан (1) Ш.М, Б.Ж- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************ тоот бүртгэлтэй, ************багт байрлах 81 м.кв талбайтай өвлийн сууц, (2) Ш.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-************ тоот бүртгэлтэй, ************баг ******* тоотод байрлах 961 м.кв талбайтай эзэмших эрхийн газар, (3) С.Н-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-************ тоот бүртгэлтэй, ************ тоотод байрлах 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, (4) Ш.А-ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-************* тоот бүртгэлтэй ************ баг, ************тоотод байрлах 100 м.кв талбайтай хувийн сууц, (5) Ш.А-ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Г-*************тоот бүртгэлтэй ************ баг, ************тоотод байрлах 1000 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, (6) Ш.С-ы өмчлөлийн улсын ****БӨТ дугаартай Тоуоtа Noah маркийн, арлын ************ дугаартай суудлын машин, (7) С.Н-ийн өмчлөлийн Бараа материал жагсаалтаар гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр тул хариуцагч С.Н- нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-ийн “... Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй учраас хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Гурав. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд

 

24. Гуравдагч этгээд Ш.А- “... (1) 508, 844 дугаартай зээлийн баталгаа гаргах тухай бичгүүдийг хүчингүй болгож, (2) 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ201944479376 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, (3) Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-************* тоот бүртгэлтэй ************* тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон ************* нэгж талбарын дугаартай, Г-*************дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх” тухай шаардлага гаргаж, нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбараас “...Зээлдэгч болон барьцаалагч нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасан үүрэг дуусгавар болох үндэслэл бүрдээгүй байх бөгөөд банкны зүгээс барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй. Мөн барьцааны эрхийг үүсгэж буй талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр байгаа“  гэж; хариуцагч С.Н- “...тухайн зээлийг авахад Ш.А- нь өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж байсан. Түүний гарын үсэг зураагүй гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Надтай хамт зээл авч байсан Ш.С- нь 2021 онд Турк улс руу гараад явсан. Би одоо түүнтэй ямар нэгэн холбоогүй. Өөр өөрсдийн амьдралаа бодоод тус тусдаа явсан. Би одоо хоёр хүүхдийн хамт эцэг эхтэйгээ хамт төрхөмдөө амьдарч байна. Би ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн орлогогүй, насанд хүрээгүй 2 хүүхдээ чадан ядан асарч явж байгаа учир зээл, түүний хүүг төлөх ямар ч боломжгүй болно” гэж эс зөвшөөрч тус тус маргажээ. 

 

25. Хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” бичигт /1 дэх хх-ийн 87 дахь тал/ “…************* хаягт оршин суух Ш.А- би өөрийн өмчлөлийн ***************р баг хаягт оршин №000****** гэрчилгээний дугаартай, ************* нэгж талбайн дугаартай Г-*************улсын бүртгэлийн дугаар бүхий 1000 м.кв өмчилсөн газрыг танай Х банкнаас зээл авч буй С. Н-, Ш. С- нарын зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч баталгаа гаргав. Хэрэв ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд уг өмчүүдийг танай Х банкны мэдэлд үл маргах журмаар маргаангүй шилжүүлэх болно” гэж зөвшөөрч баталгаа гаргасан: Ш. А-, зээл авагч: С. Н-, Ш. С- гэсэн хэсэгт Ш.А-, М.Н-, Ш.С- нар гарын үсэг зурсан;

2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” бичигт /1 дэх хх-ийн 111 дэх тал/  “Баян-Өлгий аймгийн Өлгий сум 9-р баг хаягт оршин суух Ш.А- би өөрийн өмч болох ************* багт оршин ГД\№000******, УБД\Г-************, НТД\************* дугаартай 1000 м.кв өмчилсөн газрыг танай Х банкнаас зээл авч буй С.Н-, Ш.С- нарын зээлийн барьцаанд тавихыг, барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг зөвшөөрч баталгаа гаргав. Хэрэв ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд уг өмчүүдийг танай Х банкны мэдэлд үл маргах журмаар маргаангүй шилжүүлэх болно” гэж зөвшөөрч баталгаа гаргасан: Ш. А-, зээл авагч: С. Н-, Ш. С- гэсэн хэсэгт Ш.А-, Ш.С- нар гарын үсэг зурсан;

2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” бичгээр /1 дэх хх-ийн 146 дахь тал/ Баян-Өлгий аймаг Өлгий сум 9-р баг хаягт оршин суух Ш. А- би өөрийн өмч болох Баян-Өлгий аймаг Өлгий сум 10-р баг хаягт орших ГД\№000******, УБД\Ү-************* дугаартай 100 м.кв хувийн сууцыг танай Х банкнаас зээл авч буй С. Н-, Ш. С- нарын зээлийн барьцаанд тавихыг, барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг зөвшөөрч баталгаа гаргав. Хэрэв ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд уг өмчүүдийг танай Х банкны мэдэлд үл маргах журмаар маргаангүй шилжүүлэх болно” гэж зөвшөөрч баталгаа гаргасан: Ш. А-, зээл авагч: С. Н-, Ш. С- гэсэн хэсэгт Ш.А-, Ш.С- нар тус тус гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн байна.

 

26. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ээс дээрх 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах” тухай бичгийн “Зөвшөөрч баталгаа гаргасан: Ш.А-” гэх хэсэгт зурсан гарын үсэг миний гарын үсэг биш гэж маргасан байх бөгөөд шүүхээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тухайн баримтад гарын үсгийн шинжилгээ хийлгэжээ. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 24/37 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2332 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэсэн огноотой, 844 дугаартай “Зээлийн баталгаа гарах тухай” гэх баримтын дунд хэсэгт “Зөвшөөрч баталгаа гаргасан: Ш.А-” гэсний ард байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ш.А-ийн гэх бичгийн чөлөөт, туршилтын загварууд болон гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тус тус тохирсон талаар дүгнэж, нотолжээ.

 

27. Гуравдагч этгээд Ш.А- нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг С.Н-ийн авсан зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн, нотариатчийн өмнө энэ талаар хүсэл зоригоо илэрхийлж гэрчлүүлэхдээ Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн 508, 844 дугаартай зээлийн баталгаа гаргах тухай бичгүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

28. Дээрх “Зээлийн баталгаа гаргах тухай” баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарыг төлөөлж салбар тооцооны төвийн захирал С.Серик, харилцааны менежер Б.Гүлжайна, барьцаалуулагч С.Н- нар 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр №БГҮ201944479376 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт зааснаар хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй болно. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А- нь дүү Ш.С-, бэр С.Н- нарт өөрийн эд хөрөнгөө тэдний банкнаас авах зээлийн барьцаанд тавихаар зөвшөөрч, гарын үсэг зуран зээлийн баталгаа гаргах тухай хэлцлийг үйлдэхдээ түүнээс гарах үр дагаврыг мэдээгүй, ойлгоогүй гэх үндэслэлээр Ш.С-, М.Н- болон Х банк ХХК нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шаардах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

29. Хэрэгт авагдсан баримтуудаар 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ201944479376 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-************* тоот бүртгэлтэй ************* тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон ************* нэгж талбарын дугаартай, Г-*************дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Энэ талаарх гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

30. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Маликаас 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Ш.М, Б.Ж- нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах талаар хүсэлт гаргажээ.

Анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэхдээ “...Хэрэгт авагдсан 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаартай итгэмжлэлийн агуулгаас үзэхэд төлөөлүүлэгч Ш.М, Б.Ж- нар нь өөрсдийн хамтран өмчилж буй Баян-Өлгий аймаг Өлгий сум 9-р баг хаягт байршилтай №000201414 гэрчилгээний дугаартай у-************ улсын бүртгэлийн дугаар бүхий 81 м.кв 4 өрөө хувийн сууц, мөн хаягт орших №00******** улсын бүртгэлийн дугаартай 0************** нэгж талбарын дугаартай 910 м.кв эзэмшлийн газрыг банкны барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа гаргуулах, уг үйлдэлтэй холбогдох бичиг баримтад төлөөлөх, бүрэн үйлдэл хийх эрхийг төлөөлөгч С.Н-т олгож, тус итгэмжлэлийг өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийсэн, нотариатчаас итгэмжлэлийн агуулга, эрх зүйн үр дагаврыг тайлбарласан болохыг дурдаж, төлөөлүүлэгч Ш.М, Б.Ж-, төлөөлөгч С.Н- нар тус тус гарын үсэг зурсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар Ш.М, Б.Ж- нарын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзэх боломжгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Ш.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А- нар нь төрсөн ах дүүс мөн боловч гуравдагч этгээд Ш.А- нь Ш.М, Б.Ж- нарыг төлөөлөх бүрэн эрхгүй, энэ талаар итгэмжлэл хэрэгт авагдаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.М, Б.Ж- нараас гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй, түүнчлэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаартай итгэмжлэлээр төлөөлүүлэгч Ш.М, Б.Ж- нар нь өөрсдийн хамтран өмчилж буй Баян-Өлгий аймаг Өлгий сум 9-р баг хаягт байршилтай №000201414 гэрчилгээний дугаартай у-************ улсын бүртгэлийн дугаар бүхий 81 м.кв 4 өрөө хувийн сууц, мөн хаягт орших №00***** улсын бүртгэлийн дугаартай 0********* нэгж талбарын дугаартай 910 м.кв эзэмшлийн газрыг банкны барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа гаргуулах, уг үйлдэлтэй холбогдох бичиг баримтад төлөөлөх үйлдэл хийх эрхийг төлөөлөгч С.Н-т зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл хэвээр байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2024/00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ