Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2024/00088

 

 

М.О-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр  нарын бүрэлдэхүүнтэй хийж,       

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2024/00777 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч  ***************** газарт оршин суух Б овогт М.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ************** оршин суух Ш овогт С.К-д холбогдох,

 

“Үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 1,645,000 төгрөг, нийт 2,145,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч М.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагч С.К-, орчуулагч Т.Хуаныш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Манай багийн иргэн, хөрш малчин мөн базын талын төрөл бөгөөд хамаатан, урьд өмнөөс сайн таньдаг, дотно харилцаатай, нас чацуу найз С.К- нь надад “Банкнаас зээл авч өгч туслана уу” гэж гуйхаар нь би 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Т сумын ХААН банкны салбараас нийт 20.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр зээлж авч түүнээс 11.500.000 төгрөгийг найз С.К-д сарын 2 хувийн зээлээр нэг жилийн буюу 10 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Түүнээс хойш нэг жил 3 сар болсон ба С.К- нь одоо хүртэл үлдсэн мөнгийг өгөхгүй байна. Өөрөөс нь нэхэхэд “Би тэгсгээд өгнө” гэж хэлдэг. Энэ хүн Казакстан явна гээд малаа далдуур худалдаж байгаа бөгөөд яаралтай үлдсэн 2,700,000 төгрөгийг минь авч өгнө үү.

1.2. Надад С.К- болон эхнэр Б- нар нь гарын үсэг зурж хүүг нь бодож 13.145.000 төгрөг өгнө гэсэн баримт өгсөн бөгөөд үүнийг нь хавсаргав.

1.3. Иймд С.К-оос 2,700,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний бие 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус багт оршин суудаг М.О-аас 11,500,000 төгрөгийг 10 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй авсан билээ. Харин авсан зээлийг хугацаандаа төлж өгсөн байсан юм. Тодруулбал, 2024 оны 04 дүгээр сарын 14-нд М.О-ын ХААН банкин дахь ************ тоот дансанд 1,500,000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 31-нд М.О-ын ХААН банкин дахь ************ тоот дансанд 9,500,000 (есөн сая таван зуун мянган) төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 25-нд М.О-ын ХААН банкин дахь дансанд 10,000 (арван мянган) төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 02-нд М.О-ын дансанд 40,000 (дөчин мянган) төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 02-нд М.О-ын дансанд 26,000 (хорин зургаан мянган) төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сарын 03-нд М.О-ын дансанд 40,000 (дөчин мянган) төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 17-нд М.О-ын дансанд 2,000,000 (хоёр сая) төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 24-нд М.О-ын дансанд 9,000 (есөн мянган) төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сарын 08-нд М.О-ын дансанд 13,500 (арван гурван мянга таван зуун) төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сарын 20-нд М.О-ын дансанд 224,000 (хоёр зуун хорин дөрвөн мянган) төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 19-нд М.О-ын дансанд 13,000 (арван гурван мянган) төгрөгийг, 2023 оны 06 дугаар сарын 22-нд М.О-ын дансанд 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийг, 2023 оны 07 дугаар сарын 03-нд М.О-ын дансанд 60,000 (жаран мянган) төгрөгийг, 2023 оны 07 дугаар сарын 07-нд М.О-ын дансанд 16,500 (арван зургаан мянган таван зуун) төгрөгийг, 2023 оны 08 дугаар сарын 23-нд М.О-ын дансанд 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 14-нд М.О-ын дансанд 5,100,000 (таван сая нэг зуун мянган) төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 20-нд М.О-ын дансанд 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийг тус тус шилжүүлсэн байгаа юм.

2.2. Иймд миний бие нэхэмжлэгч М.О-ад нийтдээ 19,173,000 (арван есөн сая нэг зуун далан гурван мянган) төгрөг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, надад түүнд төлөх төлбөргүй гэсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2024/00777 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш овогт С.К-оос үлдэгдэл мөнгө 500,000 (таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогт М.О-ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,645,000 (нэг сая зургаан зуун дөчин таван мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч М.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 (тавин найман мянга нэг зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.К-оос 15,650 (арван таван мянга зургаан зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О-ад олгож шийдвэрлэжээ.   

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймгийн ************ гэдэг газарт оршин суух Б овогт М.О- би анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00777 дугаартай шийдвэрийг өөрийн сонгож авсан өмгөөлөгч С.Алтайн хамт танилцаж эс зөвшөөрч гомдол гаргаж байна.  

4.2. Хариуцагч С.К- бид хоёр нас чацуу ойр саахалт амьдардаг, төрөл дотно базын сайхан харилцаагаар олон жил харилцан дотносож харьцдаг хүн байсных нь хувьд би түүнд банкнаас 2 удаа зээл авч өгсөн, бэлэн мөнгө ч зээлдүүлж өгч авалцаж байсан юм. Би түүнд итгэдэг байсан.

4.3. Анх Т сум дахь “Малчин төвийн зээл өгдөг банк бус салбар хоршоо” гэгчээс 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр С.К-ын хүсэлтээр 4.696.000 төгрөг зээл авч түүнд 6 сарын хугацаанд 3 хувийн хүүгээр өсгөж төлөхөөр тохирсон болохоор тохирсноор төлсөн. Энэ зээлийг С.К- нь 3 хувийн хүүтэй нь хамт хийж байгаад нийт 4.928.000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төлж барагдуулсан юм.  

4.4. С.К- нь энэ зээлээ төлж барагдуулж байсан ямар нэгэн чирэгдэл гаргаагүй байсан байдлыг далимдуулан, итгэлтэй байсан бөгөөд тэрээр энэ байдлыг хэлж дахин банкнаас зээл авч өгнө үү гэж гуйсан. Би түүнтэй сайн харилцаатай байсны хувьд үгүй гэж хэлж чадалгүй 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Т сум дахь ХААН банкнаас 2 хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлтэйгөөр 20.000.000 төгрөгийн зээл авч, 11.500.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй төлөөрэй гэж С.К-той тохирч түүнд өгсөн юм. С.К- нь 2 сарын дотор төлчихнө. Төлөхгүй бол 2 хүүтэй төлнө гэж амласан. Би банкнаас зээлийг хүүтэй нь төлнө гэж тохирч гарын үсэг зурж авсан болохоор үүнийг зөвшөөрсөн С.К- ч гэсэн 2 хувийн хүүтэй төлнө гэж баримт өгсөн. Тэгж төлөх ч ёстой юм. Энэ 11.500.000 төгрөгийг С.К- нь дансаар ч бэлнээр ч өгсөөр байгаад 2.200.000 төгрөг үлдсэн байсан ба өгөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэлээ өгсөн юм.

4.5. Зээлээ төлөх явцад С.К-ын гэр 2023 оны 6 дугаар сарын сүүлчээр Зоостод зусланд манай ойролцоо ирж буухад би очиж гэр барилцсан тэр үед С.К-ын эхнэр М.Б- нь /Б- нь миний эхнэр М.Ө-ийн төрсөн дүү ба К- бид хоёр төрсөн базууд/ надад -Бид К-нд /манай багийн иргэн/ 10.000.000 төгрөгийн өглөгтэй билээ. Өдөр болгон ирж өрөө нэхээд байх юм. Чи энэ мөнгийг өгч туслаач, Бид чамаас авсан зээлийг банканд болон бэлнээр чамд өгч байгаа шүү дээ, өрнүүдээ удахгүй өгч дуусгана гэж нөхөр хүүхдүүдийнхээ дэргэд хэлж гуйж хүссэн. Би бас л итгээд тэр доор нь эхнэртээ хэлж 10.000.000 төгрөгийг Б-, К- нарт өгсөн ба тэд 8 дугаар сард 800.000 төгрөгийг 12 дугаар сард 200.000 төгрөгийг тус тус ХААН банканд миний дансанд хийсэн юм.

4.6. Ингээд С.К-, М.Б- нар нь 2023 онд надаас малчны зээл 4.696.000 төгрөгийг авч 4.928.000 төгрөг болгож 3 хувийн хүүтэй төлсөн, мөн 6 дугаар сард 11.500.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй бүгд 13.445.000 төгрөг болгож банканд төлөхөөр надаар ХААН банкнаас зээл авхуулж авсан. Энэ завсар 6 дугаар сарын 20 хэдний үед С.К- эхнэр хоёр нь К-д өгнө гэж 10.000.000 төгрөг авсан байгааг зориуд тэмдэглэж байна. Учир нь С.К- нь надад нийт малчны зээлийн хорооны 4.928.000 төгрөгийг засвар нь авсан 10.000.000 төгрөгийг ХААН банкны 13.445.000 төгрөгийг бүгд төлөх үүрэгтэй. Үүнээс дансаар ************ О- нь хүүтэй төлнө гэж бичиг хийж өгсөн төлөх ёстой. Үндсэн мөнгө 2.200.000 төгрөг үлдсэн өөрөө ирж Шүүх хуралд үгээ хэлж төлөх, тооцоогоо хийх ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурал материалыг зөв хяналгүй миний мөнгийг залилан завшсан этгээдэд ашигтай шийдвэр гаргалаа. Анхан шатны шүүхэд дахин хянуулахаар буцааж өгнө үү.

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

5.1. М.О- зээлийг авч өгсөн нь үнэн. Зээлийг хугацаанд нь төлсөн. Анхан шатны шүүхээс 500,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн. М.О- нь дахин давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргана гэж бодоогүй.  Би энэ хүнд зөндөө тусалж байсан.  Өмнөх жил  нэг портер аргал болон өвс өгсөн. Өмнө жил өгсөн нэг портер өвс 1,300,000 төгрөг, нэг портер аргал 300,000 болно. Түүнд нэмээд 500,000 төгрөгийг төлж өгнө.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг оновчтой тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч М.О-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгч М.О- нь “...хариуцагч С.К- надаас 11,500,000 төгрөгийг зээлдэж аваад, хүүгийн хамт 13,145,000 төгрөг болгож төлж өгөхөөр болж гарын баримт бичиж өгсөн. Үүнээс нийтдээ 11,000,000 төгрөг төлсөн тул үлдсэн 2,145,000 төгрөгийг хариуцагч С.К-оос гаргуулж өгнө үү” гэж, хариуцагч С.К- нь “...2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс М.О-аас 11,500,000 төгрөгийг 10 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй авсан билээ. Харин авсан зээлийг хугацаандаа төлж өгсөн байсан юм. Нийтдээ М.О-ад 19,173,000 төгрөг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

9. Анхан шатны шүүх М.О-, С.К- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагч С.К-оос үндсэн зээлийн үлдэгдэлд 500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.О-ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөр 1,645,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтууд болон зохигчийн тайлбарт үндэслэгдсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

10. Нэхэмжлэгч М.О- нь хариуцагч С.К-д 11,500,000 төгрөг шилжүүлэн өгч зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэргийн 4 дэх талд авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс зээлсэн үйл баримтын талаар маргаагүй. Иймд, анхан шатны шүүх талуудын хооронд 11,500,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

11. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан байна.

 

12. Хариуцагч С.К- нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн гарын  үсэг бүхий баримт бичиж өгсний дараа зээлж авсан 11,500,000 төгрөгөөс нэхэмжлэгч М.О-ын ХААН банк дахь ************ тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 9,500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн болох нь хариуцагчаас гаргаж өгсөн ХААН банкны 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт болон ХААН банкны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдож байна.  

 

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй хариуцагч С.К-ын бичиж өгсөн гарын баримт гэх баримтад “...2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр О- хажы-аас 11,500,000 авсан. Үүнийг хүүгийн хамт 4 сарын 10-ны өдөр төлж өгөхөөр гарын баримт бичиж өглөө. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүүгийн хамт зээлийг төлж өгнө гэж гарын баримт бичиж өглөө. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гарын баримт бичсэн С.К-, Б-. 13,145,000” гэжээ. 

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч М.О- нь хариуцагч С.К-д 11,500,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн байх бөгөөд тухайн үйл  баримт болох үед талууд зээлийн гэрээг бичгээр хийгээгүй, зээлийн хүү болон хугацааг тохиролцоогүй болох нь тогтоогдож байна. Харин хариуцагч С.К- нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бичиж өгсөн баримтдаа “...хүүгийн хамт 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж өгөхөөр...” тохиролцсон байх бөгөөд энэ баримт нь  зохигчдын хооронд хүү тохирсон, ийнхүү хүү тохирсон бол ямар хувь хэмжээтэй байхаар тогтоосон болохыг нотлоогүй, хуульд зааснаар  “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,645,000 төгрөгийн хүү шаардах эрхгүй байна.

 

14. Иймд, нэгэнт талууд зээлийн хүүгийн талаар тохиролцоогүй, тохиролцсон гэж үзэх хууль зүйн хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.К-оос зээлсэн 11,500,000 төгрөгөөс дутуу төлсөн 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О-ад олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2024/00777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК