Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 438

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,

Иргэдийн төлөөлөгч Н.Гансүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Болдбаатар,

Гэрч Т.Мөнхсайхан, Н.Адъяабаяр,

Шинжээч эмч Н.Чулуунсүх,

Шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Э ад холбогдох эрүүгийн 1806 00000 1781 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 6 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Говь-сүмбэр аймгийн тоотод түр оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг бүрэн төлж биелүүлсэн, регистрийн дугаар, Г.Э .

 

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 00 цагаас 01 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онон” нэртэй зочид буудлын 206 тоотод иргэн Б.Отгондаваагийн толгойн тус газарт нь цохисны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан

үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э  мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гарсан өдөр Б.Отгондавааг гэрээс нь дуудаж эгчийн машиныг зарах гэж “Да Хүрээ” зах руу явсан. Тэгээд 5 цагийн үед гараад орой ганц 2 пиво ууя гээд тохиролцоод гэртээ Т.Мөнхсайхантай гурвуулаа хоол хийж идээд байж байтал Н.Адъяабаяр ирээд 1 том савтай пиво хамт хувааж ууцгаасан. Гэртээ согтуу харихаас гэрийхэнээсээ санаа зовж буудалд орж хонохоор шийдсэн. Сансарт Т.Мөнхсайханы утсыг ломбарданд тавиад “Онон” буудалд орж, ууж сууж байтал Т.Мөнхсайхан цэнхэр ууттай өвс гаргаж ирсэн. Бид хоёр хэрэглэх хэрэглэхгүй дээр маргалдаад зууралдаж байх үед талийгаач дундуур орж ирсэн. Талийгаачийг цааш түлхсэн боловч дахин орж ирээд би цааш нь цохисон. Талийгаач дагзаараа савж унаад босохгүй болохоор нь түргэн дуудаад ирэхгүй болохоор дүүргийн эмнэлэг рүү авч явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн ааваас уучлал гуйж байна.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Болдбаатар мэдүүлэхдээ: “...Миний хүү, Г.Э  хоёр бага наснаасаа нөхөрлөсөн найзууд байсан. Найзынхаа амь насыг хохироох санаа зорилго байгаагүй. Энэ хүүг олон жил хорихгүй байх талаас хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

       

Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Болдбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-51-53/, гэрч Ө.Хулангийн өгсөн мэдүүлэг /1хх-58-59/, гэрч Г.Батцэнгэлийн өгсөн мэдүүлэг /1хх-54-55/, гэрч Т.Мөнхсайханы өгсөн мэдүүлэг /1хх-62-63/, гэрч Н.Адъяабаярын өгсөн мэдүүлэг /1хх-70-71, 72-73/, гэрч Г.Уранчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-98/, яаралтай тусламжийн хуудас /1хх-106/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2294 дугаартай дүгнэлт /1хх-101-105/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11846 дугаартай дүгнэлт /1хх-119/, шинжээч эмч С.Чулуунсүхийн өгсөн мэдүүлэг /1хх-130-132/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-12, 16-23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13-15/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-24-26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-27-28/, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /1хх-31-41/, шүүгдэгч Г.Э ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-175/, шүүгдэгч Г.Э ын иргэний үнэмлэхний хуулбар /1хх-176/, шинээр хохирол төлбөр төлсөн баримт 1 хуудас, шүүгдэгч Г.Э ын хувийн байдлын тогтоосон баримтууд /1хх-181-185/, эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусан тогтоолын хуулбар 1 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

 Шүүгдэгч Г.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 00 цагаас 01 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онон” нэртэй зочид буудлын 206 тоотод найз Б.Отгондаваагийн толгойн тус газарт нь гараараа цохисны улмаас амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Ю.Болдбаатарын өгсөн “...Талийгаач бол миний хамгийн бага хүүхэд байгаа юм. Би хүү болон өөрийн ээжтэйгээ гурвуулаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд амьдардаг. Талийгаачийн нас барсантай холбогдуулан нийт 5.500.000 төгрөгийн буяны зардал гарсан. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн12 цагийн үед миний хүү ажил руугаа явж ажлынхаа ноормын өвлийн хувцсаа авна гээд явсан юм. Тэгээд гэртээ ирэхгүй байж байтал 2018 оны 10 сарын 15-ны 01 цагаас 02 цагийн хооронд Баянзүрх дүүргийн цагдаагаас “ажил дээр хүрээд ир” гэж дуудсан. Ингээд ирээд Дүүргийн эмнэлэг рүү явсан. Т.Мөнхсайхан, Н.Адъяа, Г.Э  гурав маргааш нь хэлтсийн гадаа байж байхаар нь “юу болсон” гэж асуухад “Т.Мөнхсайхан, Г.Э  хоёр маргалдаад талийгаач бид хоёрын голоор ороод ирэхээр нь би түлхчихсэн юм” гэж Г.Э  надад хэлсэн. Ер нь бол миний хувьд сэтгэл санаа маш их хэцүү байсан. Т.Мөнхсайхан, Г.Э , талийгаач хүү гурав бол бага хүүхэд байхаасаа найзалсан найзууд байгаа юм. Н.Адъяабаяр өнгөрсөн зунаас л нийлээд яваад байж харагддаг байсан. Зодож цохисон гэж хэлээгүй. Г.Э  л надад “би талийгаачийг түлхчихсэн юм” гэж хэлсэн.” /1хх-51-53/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батцэнгэлийн өгсөн: “...Талийгаач Б.Отгондаваа нь 00 цаг 40 минутын үед 3 залуу гаднаас дамжилсан байдалтай ирсэн ба бие хөхөрсөн байдалтай ирсэн. Үзлэгт амьсгал зүрх судас зогссон пульс тэмтрэгдэхгүй, даралт 00 байсан. Баянзүрх дүүргийн 4 хорооны “Онон” зочид буудалд 3 найзтайгаа хамт байж байгаад нэгэнтэй нь маргалдаж ухаан алдаж унасан гэх дуудлага 103-т өгсөн. 20 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь өөрсдөө авчирч ирлээ гэж байсан. Хэсэг газар баруун нүдний гадна талд бага зэрэг хөхөрсөн доороо бие зассан байдалтай. Өөр ил харагдах гэмтэл шархгүй байсан.” /1хх-54-55/  гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Хулангийн өгсөн: “...Би өнөөдөр өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онон” нэртэй буудалд ресепшний ажлаа хийж байхад 23 цаг 15 минутын орчимд гаднаас 4 залуу орж ирж манай буудалд 206 тоот өрөөнд орсон. Тэгээд 00 цаг 22 минутын үед 205 тоот өрөөний үйлчлүүлэгч залуу ирээд “урд талын өрөөнд чимээ шуугиан гараад түчигнээд байна, зодолдоод байгаа юм биш үү” гэхээр нь би юу болж байна гэж бодоод очиход хаалга цоожтой байхаар нь хаалгыг тогшиход онгойлгохгүй байхаар нь өрөөний түлхүүрийг текнээс аваад 206 тоотыг гаднаас нь онгойлгож ороход нэг залуу газар унасан байсан. Тэгээд би “зодолдоод байгаа юм уу” гэж асуухад “үгүй” гээд 2 залуу газраас орон дээр хэвтүүлж байсан. “Ингээд асуудал гаргаад байвал гаргана шүү” гэхэд өрөөнд байсан 3 залуу “зүгээр” гээд хаалга түлхэж намайг гаргасан. Тэгээд хэсэг хугацааны дараа түргэн ирэхгүй байна гээд нөгөө ухаан алдсан залууг үүрээд тэр 3 залуу гарсан юм. Өрөөг нэр дээрээ бүртгүүлж орсон Г.Э  гэдэг залуу өрөөний зүүн талын орон дээр суучихсан дээгүүр өмссөн цагаан өнгийн фудволк нь нэлээн үрчийсэн, урагдсан харагдсан, саарал нэхмэл цамцтай бас нэг өндөр залуу газарт унасан ногоон куртик, саарал өмд, шар гуталтай залуу руу харчихсан зогсож байсан. Тэр үед Г.Э  гэх залуу орноос босохгүй суугаад л байсан. Газарт унасан залуугийн ам хамраас нь ус шиг шингэн зүйл гарчихсан хоёр талд нь Г.Э  гэж бүртгүүлсэн залуу болон нэхмэл цамцтай залуу хоёр нөгөө ухаан алдсан залуугаа сэгчиж, гулжигануулаад байхаар нь би “наад хүнээ хэвтүүлээч” гэхэд “бөөлжсөндөө гахаад байна” гэж нэхмэл цамцтай залуу хэлсэн.” /1хх-56-57, 58-59/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнхсайханы өгсөн: “... Б.Отгондаваа босож ирээд “яагаад байгаа юм бэ, энэ тэр” гэж Г.Э ад хандаж тэр хоёр муудалцаж эхэлсэн. Тэгээд тэр 2 барилцаж байгаад Г.Э  нь Б.Отгондавааг ямар ч байсан нүүрэнд нь гараараа цохисон. Тэгэхэд Б.Отгондаваа цохиулаад хойшоо болоод ширээний хажууд зогссон. Тэгээд Г.Э  арагшаа суутал Б.Отгондаваа гэнэт арагшаа ар дагзаараа савж унасан. Маш хурдан хугацаанд болсон. Тэгээд Б.Отгондавааг газарт унатал Г.Э  “хүүе Отгоо тоглоод байгаа юм уу, босооч” гэхэд Б.Отгондаваа ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Нүд нь аниатай ам хамраас нь улаан өнгөтэй хөөстэй нус юм уу шингэн зүйл гарч эхэлсэн. Тэгээд болохоо байлаа гээд Н.Адъяабаярын утаснаас түргэн дуудсан. Тэр үед талийгаачийн царай хөхөрсөн эвгүй харагдаж байсан.” /1хх-62-63, 64-65/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Мөнхсайханы өгсөн: “...Тухайн зочид буудалд бага зэргийн маргаан болсон. Г.Э  бид 2 маргалдсан. Бид 2 хоорондоо маргалдаад Г.Э  намайг сандал руу түлхээд сууж байхад талийгаач Г.Э тай маргалдаад Г.Э  түүнийг цохисон. Намайг эхлээд түлхэхэд Г.Э  Б.Отгондаваагийн баруун шанаад цохисон. Цохисоны дараа унасан үед би харсан. Тухайн үед пиво уух уу, уухгүй юу гэдгээс маргалдсан. Өвсний асуудлаас болж маргалдсан зүйлгүй. Миний шүүх хуралдаанд өгч байгаа одоогийн мэдүүлэг үнэн. Өвс гэдэг нэршилтэй зүйл огт хэрэглээгүй. Цохисоны дараа доошоо унахад нь харсан. Талийгаач зүүн талаараа унасан. Хэсэг минутын дараа унасан. Өөд өөдөөсөө харж байгаад цохиход ор руу унасан. Тухайн үед 2.5 литрийн савтай пиво дөрвүүлээ хувааж уусан. Тухайн үед мэдүүлэг авахад өмгөөлөгч “тэгж хэлбэл” 1-5 жилийн хорих ял оногдуулах гарц байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Адъяабаярын өгсөн: “...Г.Э  нь талийгаачийг “чи цаашаа байж бай” гэхэд Б.Отгондаваа урдаас нь “зүгээр больчих” гэсэн тийм үг яриа хэлэхэд Г.Э  талийгаачийн урдаас юм ярьж байгаад “чи зүгээр цаашаа байж чадахгүй байна уу” гээд нүүр орчимд нь цохисон. Тэгээд Б.Отгондаваа шууд газар унаад талийгаачийн амнаас бор өнгийн цус гараад хамраас нь бас хөөс сахартал Г.Э  “хүүе яагаад байгаа юм бэ, тоглоод байгаа юм уу” гээд тэвэрч босгоод орон дээр суулгасан. Тэр үед талийгаач үг яриа байхгүй царай нь зэвхий цайсан байсан. Ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Талийгаачийн амнаас гарсан цус шалан дээр болон орон дээр асгарч бохирдсон байсан. Тэгээд хаалгаа хаагаад эргээд харахад талийгаач Б.Отгондавааг Г.Э  түлхээд цохих шиг болсон юм. Тэгтэл талийгаач дахин Г.Э , Т.Мөнхсайхан хоёрын дундуур ороод “боль сал” гэхэд Г.Э  дахин Б.Отгондаваагийн нүүр рүү нь цохисон. Тэгээд талийгаач хойшоо ухарч зогсоод тэгээд шууд газарт унасан юм.” /1хх-70-71, 72-73/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Адъяабаярын өгсөн: “...Бид 8-9 цагийн үед колонк дээр таарсан. Дараагаар нь бид 4 “Онон” зочид буудалд орсон. Тухайн үед Т.Мөнхсайхан, Г.Э  хоёр хоорондоо уух уухгүйгээс болж маргалдаж байгаад  Т.Мөнхсайхан явахаар болсон. Г.Э , Т.Мөнхсайхан хоёр маргалдахад талийгаач Б.Отгондаваа дундуур нь орж байгаад “боль” гээд салгах гэхэд талийгаачийг Г.Э  цохисон. Би хажуу талын орон дээр сууж байсан. Талийгаачийн нүүр хэсэг рүү зүүн гараараа Г.Э  цохисон. Би тухайн үед утсаараа оролдож байсан. Талийгаач хойшоо ухарч алхаад урагшаа нүүрээрээ  хаалга руу толгой нь хараад урагшаа нүүрээрээ унасан байсан. ...Болсон үйл явдлыг бүрэн санаж байна. Г.Э  биед нь дахин өөр халдсан зүйл байхгүй. Г.Э аас ирсэн мессежны учир нь хэрэг гарсан өдрийн маргааш ирсэн байсан. Юу гэсэн мессеж байсныг сайн санахгүй байна. Мэдүүлэгтээ энэ талаар өгсөн. Өөр асуудлаас болж тухайн өдөр маргаан болоогүй. Өвс шиг зүйлийг Т.Мөнхсайхан гаргаж ирээд сорох гээд байхаар нь би цонхоор шидсэн. Т.Мөнхсайхан өвс хэрэглэдэг талаар сайн мэдэхгүй. Бид нар хэрэглэдэггүй. Бид нар буудалд 10 цагийн үед орсон. Эмнэлэг дээр 12 цагийн үед очсон.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2294 дүгээр:

1. Талийгаач Б.Отгондаваагийн цогцост 2 тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархи, суурийн хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн тархмал няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун эрүү, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд ахуйд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, мөргөгдөх, унах үед үүсэх боломжтой. 2 өвдөгний зулгаралт гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Дээрхи гавал тархины битүү гэмтэл нь талийгаачийг нас барахаас 0-6 цагийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Талийгаачид задлан шинжилгээгээр зүрхний булчингийн сорвижил архаг өвчин тогтоогдлоо. Үхэлд нөлөөлөөгүй байна.

5. Талийгаач нь дээрхи гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

6. Талийгаач нь АВО системээр О 9 /I/ бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд 3.1% шээсэнд 4.2 % спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /1хх-101-105/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Чулуунсүхийн өгсөн: “...Талийгаач Б.Отгондаваагийн цогцост 2 тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархи, суурийн хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн тархмал няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун эрүү, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон байсан. Тархмал цус харвалт үүссэн үед хүн ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй. Талийгаачид учирсан гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, мөргөгдөх, унах үед үүсэх боломжтой. Зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгт зулгаралт гэмтэл зэргүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн гэмтэл. Талийгаачийг нас барахаас 0-6 цагийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11846 дугаар: 

1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн өмд, орны даавуун дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо Б.Отгондаваагийн гэх бэхжүүлэн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /1хх-119/ гэх дүгнэлт,

Хавсралт /1хх-120/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-4-12/,

Цогцогст үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13-15/,

Хэргийн газарт нөхөн үзлэгт хамрагдах гэрэл зургийн үзүүлэлт /1хх-18-23/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-24-26/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-27-28/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-31-36, 37-41/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-46-47/,

Яаралтай тусламжийн хуудас /1хх-106/,

Буудлын өрөөний дэвтрийн хуулбар /1хх-187/,

Хохирол нэхэмжилсэн баримтууд /1хх-202-210/,

Шүүгдэгч Г.Э  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-175/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “…Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй үйлдлийн шинжийг агуулж байгаа. Шүүгдэгч өөрөө хүсч үйлдээгүй. Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд зөрүүтэй байдлыг тогтоогоогүй, эргэлзээтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж өгнө үү“ гэх тайлбарыг гарган мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.

 

Шүүгдэгч Г.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 00 цагаас 01 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онон” нэртэй зочид буудлын 206 тоотод бусадтай маргалдах явцдаа найз Б.Отгондавааг цааш түлхэж, толгойн тус газарт нь гараараа цохиж холдуулах үйлдэл хийхдээ хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч өөрийн үйлдлээр үхэлд хүргэсэн байна. Иймд шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг шууд бус санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэл шууд болсон буюу хэсэг хугацааны дараа болсон нь ямар нэгэн ач холбогдолгүй. Хүнийг алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ нас барсан болох нь нөлөөлөхгүй юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Э ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Болдбаатарын гэм хорын хохиролд нэхэмжилсэн 5.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Болдбаатар “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Г.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Г.Э ад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал

 тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцлоо.  

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.Э ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулах хүсэлт гаргасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Э  нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 155 хоногийг эдлэх ялд оруулан  тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг Сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, амь хохирогчийн хар өнгийн фудволк, цагаан саарал өнгийн бэлтгэлийн өмд, дотуур өмд, хар саарал өнгийн дотоож, нэг хос оймс, шаргал өнгийн нэг хос гутал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Болдбаатарт буцаан олгож, “Онон” зочид буудлын орны дэвсгэр даавууг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Э ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Г.Э ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Г.Э ад оногдуулсан 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Э ын урьд цагдан хоригдсон 155 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, амь хохирогчийн хар өнгийн фудволк, цагаан саарал өнгийн бэлтгэлийн өмд, дотуур өмд, хар саарал өнгийн дотоож, нэг хос оймс, шаргал өнгийн нэг хос гутал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Болдбаатарт буцаан олгож, “Онон” зочид буудлын орны дэвсгэр даавууг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Э ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                

 

 

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ,  

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОДОНТУУЛ

                                          

                                                ШҮҮГЧИД                                С.ӨСӨХБАЯР

 

                                                                                                  Э.ЧИНГИС