Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2024/00089

 

 

К.А-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр  нарын бүрэлдэхүүнтэй хийж,       

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00758 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *****************К.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургууль /захирал Ж.А/-нд холбогдох,

 

“Дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,470,870 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Миний бие К.А- тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн багшийн сул орон тооны сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн. Тэгээд захирлын тушаалаар 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ц сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуульд физикийн багшаар томилогдсон.

1.2. Гэтэл намайг тус сургуулийн захирлаас 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 дугаартай “Ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгуулах тухай” тушаалаар физикийн багшийн ажлаас маань чөлөөлсөн. Уг тушаалыг миний бие эс зөвшөөрч тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00903 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан физикийн ажилд маань эгүүлэн тогтоосон.

1.3. Ажил олгогчоос шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоосон боловч 2024 оны 9 дүгээр сард дахин ажлаас маань чөлөөлсөн.

1.4. Намайг ажлаас чөлөөлсөн хугацаандаа миний бие хэдийгээр физикийн багш мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажил олдохгүй байна гэж зүгээр суугаагүй. Тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэж өөрийн мэргэжлээр бус биологийн багшаар ажилласан нь үнэн. Олдсон ажил, мэргэжлийг чадлаараа зүтгэж хичээж ажилласан. Нэгэнт шүүхийн шийдвэрээр намайг ажилд маань эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалинг хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй.

1.5. Миний бие анх шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цалин хөлсөө нэхэмжилсэн боловч надад ажил олгогчоос ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон байх тул 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 6 сар 5 хоногийн цалин буюу олговор болох 4,470,870 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгөхийг хүсэж байна.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч К.А- нь тус аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан ажилгүй байсан 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 7 сарын хугацааны цалин болох 5,047,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

2.2. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч К.А-д 2023 оны 6 дугаар сард амралтын мөнгийг тооцож олгосон.Тэрээр 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс одоо хүртэл Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар ажиллаж байна.

2.3. Нэхэмжлэгч К.А- нь 2023 оны 10 дугаар сараас эхлэн ажилд томилогдож 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тус аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар ажиллаж цалин хөлс авч байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00758 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,470,870 (дөрвөн сая дөрвөн зуун далан мянган найман зуун далан) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.А-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,702 (ерэн таван мянган долоон зуун хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 86,484 (наян зургаан мянган дөрвөн зуун наян дөрвөн) төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.А-д олгож шийдвэрлэжээ.   

 

4. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. Шүүх нэхэмжлэгч К.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ: “...Хэдийгээр хариуцагч буюу ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан ч гэсэн нэхэмжлэгч К.А- нь тус аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэж тус сургуульд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс биологийн багшаар түр томилогдон хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилох хүртэл хугацаанд ажиллаж, цалин хөлс авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж, 127.2 дахь хэсэгт “Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно." гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн заалтаар ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүй цуцлагдсан бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг олгох ойлголт юм.

Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нь ажилтны цалин бус, албан тушаалтны буюу ажил олгогчийн захиргааны санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалсан тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор буюу албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол гэж үзнэ.

Нөгөөтээгүүр ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцлагдсанаас болж нэхэмжлэгч К.А- нь өөр сургуулиас зарласан сонгон шалгалтад орж тэнцэж, өөрийн мэргэжлээр бус өөр мэргэжлээр сурагчдад хичээл зааж зохих хөдөлмөр эрхэлж, эрхэлсэн хөдөлмөрийн үр дүнд тус сургуулиас олгосон цалин хөлс нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хамааралгүй гэж шүүх дүгнэлээ.” гэж шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна.

4.3. Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00758 дугаартай шийдвэрийг хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:  

5.1. Миний бие К овогтой А- Ц суманд ажиллаж байгаа бөгөөд хичээл орж буй учраас шүүх хуралд оролцох боломжгүй байна. 2023 оны 9 дүгээр сарын  01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4470870 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн дагуу гаргасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гомдлын хүрээнд хэргийг хянан үзэж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

 

7. Нэхэмжлэгч К.А- нь хариуцагч тус аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,470,870 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.   

 

8. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалбал дараах үйл баримтууд  тогтоогдов.

8.1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын нь 2023 оны 6 дугаар сарын сарын 09-ний өдрийн Б/30 дугаар “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгуулах тухай” тушаалаар З.А-ийг тус сургуулийн физикийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.   

8.2. Нэхэмжлэгч З.А- дээрх тушаалыг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00903 дугаартай шийдвэрээр түүнийг Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

8.3. Ажил олгогч дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч К.А-ийг урьд эрхэлж байсан физикийн багшийн ажилд эгүүлэн томилсон нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.А-ы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан тайлбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогджээ.

8.4. Хэрэгт авагдсан лавлагаа, тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар, тус аймгийн Ц сумын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн нэхэмжлэгч К.А- нь тус аймгийн  Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биологийн багшаар түр томилогдон ажилласан байна.

8.5. Хариуцагч буюу тус аймгийн Ц сумын 1 дүгээр сургуулийн захирал Ж.А- нь “...нэхэмжлэгч К.А- ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өөр сургуульд ажиллаж цалин хөлс авч байсан нь нотлогдон тогтоогдож байгаа тул 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны олговрыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоогдох, улмаар ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэлх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор авах эрхтэй, хариуцагч буюу ажил олгогч түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох үүрэгтэй.

 

10. Нэхэмжлэгч К.А- нь ажилгүй байсан хугацаандаа Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биологийн багшаар түр томилогдон ажиллах болсон, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, улмаар уг ажилд эгүүлэн томилогдох хүртэл өөр ажил олгогчид, өөр ажил, албан үүрэг гүйцэтгэх болсон эсэхээс үл хамааран; ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгоно гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

11. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор олгохоор заасан тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан 2023 оны  9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд томилсон 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны 4,470,870 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагч ажилтанд нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэв. Энэ талаарх анхан шатны шүүхийн тооцоолол алдаагүй байна.

 

12. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

 

13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул хариуцагчийн “шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны  өдрийн 130/ШШ2024/00758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь  заалтыг баримтлан хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК