Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Э.Намуун,

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Ц холбогдох эрүүгийн 1906 01312 0483 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ц.Ц .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-ндшилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камел” караокед иргэн Ц.Уянгыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-7-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2405 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-12/, шүүгдэгч Ц.Ц яллагдагчийн өгсөн мэдүүлэг /хх-27-28/, шүүгдэгч Ц.Ц урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-22/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камел” караокед иргэн Ц.Уянгыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Уянгын өгсөн: “..Би 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 21:00 цагийн үед найз Хажидсүрэнтэй уулзаад бид хоёр “Бишрэлт” паб орсон. 01:40 цагийн үед бид хоёр гараад Сансарын “Камел” бааранд орсон. Бид хоёрыг Камел бааранд ороход Хажидсүрэнгийн их сургуулийн найз Ц.Ц нэг залуугийн хамт байсан. Ц.Ц бид хоерыг ширээндээ суухыг урьсан бөгөөд Хажидсүрэн бид хоёр ширээнд нь суугаад пиво захиалж авсны дараа Хажидсүрэн гэнэт алга болчихсон байсан. Би тэр үед Ц.Ц болон түүний найз эрэгтэйгийн хамт ширээндээ сууж байсан бөгөед гэнэт Ц.Ц над руу уурлаж намайг гичий, янхнаар дуудаж, би чамайг ална, чи намайг хэн гэдгийг мэдэх үү, мэдвэл чиний шээс чинь гоожно гэж хэлээд намайг үсдэж ширээ рүү дарсан. Тэгэхээр нь би Ц.Ц хандаж чи яаж байгаа юм бэ гэтэл чи надад таалагдахгүй байна, хэнийг хүсээд байгаа юм гээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би яаж байгаа юм бэ гэтэл яахыг хармаар байна уу гэж хэлээд ахин гараараа миний хамар руу цохисон. Ц.Ц миний хамар руу 2 дахь удаагаа цохиход миний хамарнаас их хэмжээний цус гарсан.” /хх-7-8/ гэх мэдүүлэг,

Мөн түүний дахин хохирогчоор өгсөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: ...”Иргэн Ц.Уянга миний хохирлыг Ц.Ц барагдуулж өгсөн нь үнэн. Миний бие гомдлоо барагдуулсан тул гомдолгүй болно.” гэх хүсэлт,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2405 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Уянгын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цусхуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-12/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Ц яллагдагчаар өгсөн: “...Бааранд ороод би Хажидсүрэн, Уянга гэсэн найзуудтайгаа тааралдсан. Тэр хоёрыг ширээнд хамт суухыг урьсан бөгөөд тэр хоёр ширээнд хамт суугаад пиво уусан. Бид нар хоорондоо юм ярьж сууж байсныг би санаж байна. Ямар шалтгааны улмаас Уянгаатай маргалдах болсоныг би санахгүй байна. Манай Одбаяр надад хэлэхдээ “бид хоёр хоорондоо юм ярьж сууж байтал чи Уянгааг үсдээд нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан, Уянгааг алгадсаны улмаас хамарнаас нь цус гарсан” гэж хэлсэн. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир болсон явдлын талаар сайн санахгүй байна.” /хх-27-28/ гэх мэдүүлэг,

 

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-30/,

Шүүгдэгч Ц.Ц урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-22/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц 2019 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камел” караокед иргэн Ц.Уянгыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Ц.Уянгад учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Ц хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.Ц г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Ц 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Ц нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Ц нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.        

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС