| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2016/00830/и |
| Дугаар | 00679 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 00679
| 2016 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 182/ШШ2016/00679
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 54-402 тоотод оршин суух, Бэрсүүд овогт, Сүндийн Амарбаясгалан/РД:ФД81042603/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 12 дугаар байр, 07 тоотод оршин суух, Боржигон овогт Батаагийн Түвшин /РД:ШД84052416/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Амарбаясгалан, хариуцагч Б.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.Амарбаясгалан миний бие нь 2000 онд Б.Түвшинтэй танилцаж 2004 онд бидний дундаас охин Т.Анударь төрж, гэрлэлтээ 2004.02.06-ны өдөр батлуулсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2007 оноос хойш тусдаа амьдрах болсон.Тусдаа амьдарснаас хойш охин Т.Анударь миний асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон бөгөөд Б.Түвшин нь эхнэр хоёр хүүхдийн амьдарч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй ба, охин Т.Анударийг өөрийн асрамжинд үлдээнэ.Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид 2007 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба, одоо хэн аль нь өөр гэр бүлтэй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Т.Анударийг ээжийнх нь асрамжид үлдээж өгнө үү. Бидний дунд өмч хөрөнгийн өөр ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Амарбаясгалан хариуцагч Б.Түвшинд холбогдуулж гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Амарбаясгалан, хариуцагч Б.Түвшин нар нь 2000 онд гэр бүл болж гэрлэлтээ 2004.02.06-нд бүртгүүлсэн байх ба, 2004.01.13-нд охин Т.Анударийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ, сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2007 оноос хойш тусдаа олон жил амьдарч, зохигчид өөр гэр бүлтэй болсон байдал, эвлэрэх хүсэлтгүй байгаа зэргийг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчдын охин Т.Анударь нь эх С.Амарбаясгалангийн асрамжинд байгаа болох нь зохигчдын тайлбар, сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид охин Т.Анударийг эх С.Амарбаясгалангийн асрамжид үлдээх тухайд болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар нэхэмжлэгч С.Амарбаясгалан, хариуцагч Б.Түвшин нарын гэрлэлтийг цуцалж, 2004.01.13-нд төрсөн охин Т.Анударийг эх С.Амарбаясгалангийн асрамжид үлдээсүгэй.
2.Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Амарбаясгалангаас тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Түвшингээс 70.200 төгрөг гаргуулж С.Амарбаясгаланд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ