| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0420/Э |
| Дугаар | 427 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 427
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908014000506 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Д Ш, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод, 1966 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бичигтийн 4-2 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Д.Ш Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Бичигтийн 5-5 тоот хашаанд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Батсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ш мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, хохирогчид 240.000 төгрөг төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Э.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр арын хашаанд амьдардаг Шааравнямбуу гэх залуутай хамт гэрийн гудамжинд 0,75 граммын Хараа нэртэй архины талыг нь хувааж уучихаад хажуугийн хашаанд амьдардаг танил Санжаажавын гэрт нь орж хамт үлдсэн тал архиа хувааж уугаад сууж байхад гэрт нь байсан өндөр настай хүнийг Шааравнямбуу “энэ хөгшин 3 хоноод үхнэ” гэж ярьж байснаа ”Батсайхан чи бас 3 хоноод үхнэ” гээд чанга яриад байхаар нь чи айлд хамаагүй хашигчаад байх юм, гаръя гээд гэрээс гараад түрүүлэн хэд алхах хооронд араас толгой руу хатуу зүйлээр цохьчихоор нь би эргэж харахад Шааравнямбуу хүрз барьчихсан араас хөөхөөр нь хашааны цооронхойгоор хажуугийн айлын хашаа руу гүйж ороод цаана байсан гэрийн зүг гүйгээд гадна нь байсан жоотууг аваад өөдөөс нь гоголзуулаад биеэ хамгаалсан. Энэ үед Шааравнямбуу эргээд яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь Санжаажавын гэрт ороод “чи толгой хагалчихлаа” гэхэд Шааравнямбуу “юун толгой хагарах вэ, шүүс л гоожиж байгаа биз” гээд тоохгүй байсан...гэжээ. /хх-10/,
Гэрч Д.Санжаажав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ гарч яваад Батсайхан, Шааравнямбуу хоёртой хашааны гадна таарсан. Тэд нэг шил архи хувааж уугаад, талыг нь барьчихсан байсан. Бид хамт манай гэрт ороод нөгөө тал архийг нь хувааж уугаад дэлгүүрээс дахин 0,75 граммын Хамаг Монгол нэртэй архи нэг шилийг авч уугаад сууж байхад Батсайхан Шааравнямбууд хандан” чи дандаа өөртөө ингэж их хийж ууж байх юм, бусад хүмүүст бага хийж өгөөд байна” гэх мэтээр хэлээд тэд маргалдаж эхэлсэн. Ингээд тэд хэрэлдээд байхаар нь та 2 гэрээс зайл гээд хөөгөөд гаргасан. Удалгүй гадаа хашааны банз хугарах чимээ сонсогдоод гэрийн араар хүн гүйгээд явахаар нь би гараад харахад Батсайханы толгойноос цус гараад байсан. Би юу болсон талаар Батсайханаас асуухад толгой руу хүрзээр цохичихлоо гэсэн...гэжээ. /хх-26-27/,
Шүүх эмнэлгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн № 2708 дугаар дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Баруун чамархайн урд хэсгийн хуйханд 6х0.2 см оёдол тавигдсан шархтай, шарханд боолт хийгдсэн.
ДҮГНЭЛТ:
1.2. Э.Батсайханы биед баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.4.5.6 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
9. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. /хх-12/,
Шүүгдэгч Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр урд талын хашаанд амьдардаг танил Батсайхан гэх залуу манай гэрт орж ирээд архи уух уу гэхээр нь би зөвшөөрч хамт дэлгүүр явцгаасан. Дэлгүүрээс Хамаг Монгол нэртэй 0,75 граммын 2 шил архи аваад 1 шилийг нь буцах замдаа ууж явсаар гудамжиндаа ирэхэд Санжаа хүрч ирээд бид гэрт нь орж үлдсэн нэг шил архиа ууцгаасан. Би Санжаажав, Батсайхан нарт аягалж өгөөд ууж суухад Батсайхан надад хандан “чи өөртөө дандаа их хийж уугаад байх юм” гэхээр нь “тийм зүйл байхгүй, чи дандаа архины хэрүүл хийж байх юм” гээд хэлэхэд бид маргалдаж эхэлсэн. Биднийг маргалдаж байхад Санжаажав харанхуй шөнө гэрт хэрүүл хийж хэрэлдээд байх юм, гэрт хөгшин настай хүн байхад гэж уурлаад гарч хэрэлд, гэрээс зайл гээд хөөхөөр нь Батсайхан түрүүлэд гараад явсан. Би Санжаажавтай юм яриад үлдэх гэтэл чи бас яв гэхээр нь гэрээс гарсан. Намайг гэрээс гарах үед Батсайхан жоотуу бариад намайг цохих гээд гүйгээд ирсэн. Би зугтаад гэрийн араар гүйж ороход араас барьж явсан жоотуугаа шидээд намайг оноогүй. Гэрийнх нь ард нүүрс хураасан байсан газар нүүрс хутгадаг богино иштэй хүрз байхаар нь би авахад Батсайхан жоотуугаа аваад далайсан. Энэ үед жоотуу руу нь цохих үед жоотууны ишинд хүрз хальтираад толгой хэсэгт нь цохичихсон. Санжаажав гэрээс гарч ирээд бид хоёрыг гэрт оруулсан...гэжээ. /хх-46/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-53-54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ш д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Ш Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Бичигтийн 5-5 тоот хашаанд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Батсайханыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Э.Батсайханы өгсөн “...гэрээс гараад түрүүлэн хэд алхах хооронд араас толгой руу хатуу зүйлээр цохьчихоор би эргэж харахад Шааравнямбуу хүрз барьчихсан араас хөөхөөр нь хашааны цооронхойгоор хажуугийн айлын хашаа руу гүйж ороод... гэрийн...гадна нь байсан жоотууг аваад өөдөөс нь гоголзуулаад биеэ хамгаалсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Санжаажавын өгсөн “...Удалгүй гадаа хашааны банз хугарах чимээ сонсогдоод гэрийн араар хүн гүйгээд явахаар нь би гараад харахад Батсайханы толгойноос цус гараад байсан. Би юу болсон талаар Батсайханаас асуухад толгой руу хүрзээр цохичихлоо гэсэн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Ш гийн яллагдагчаар өгсөн “...жоотуу руу нь цохих үед жоотууны ишинд хүрз хальтираад толгой хэсэгт нь цохичихсон...” гэх мэдүүлэг,
“...Э.Батсайханы биед баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн шинжээчийн 2708 дугаартай дүгнэлт /хх-12/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Хууль зүйн хувьд Д.Ш хохирогч Э.Батсайханыг чи айлд хамаагүй хашигчаад байх юм гаръя гээд гэрээс гаргаад түрүүлэн алхах үед араас нь толгой руу нь хатуу зүйлээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Ш г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Э.Бнь өөрт учирсан гэм хорын хохиролд 240.000 төгрөг төлүүлж авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Д.Ш д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.Ш д дээрхи зүйл, хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ш д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтгүй болохыг дурдах нь зүйтэй байна.