| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0059/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 18.5.2.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.О-т холбогдох эрүүгийн 1920001070062 тоот хэргийг 2019 оны 06 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 3-10 насны 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 13-р хороонд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт О.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гарахдаа өөрийн гар тээш болох цүнхэндээ Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох байлдааны зориулалттай бууны 5 ширхэг сумыг зөвшөөрөлгүй Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө Улаанбаатар хотоос дүүгийн машинаар Замын-Үүд суманд ирээд БНХАУлсын Эрээн хот орж төрсөн хүүхдээ сургуулиас нь авах санаатай Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын Авто шалган нэвтрүүлэх боомтоор явган хүний урсгалаар гарах гэж яваад өөрийн үүргэвчийг урсдаг рентгенд оруулж гаргаад ирэхэд Гаалийн улсын байцаагч таны үүргэвчин дотор сэжиг бүхий зүйл байна шалгуул гэж хэлсэн. Тэгээд би үүргэвчин дотор талд байгаа бүх зүйлээ гаргаж үзүүлэхэд ямар нэг зүйл байхгүй дахин дахин үүргэвчээ уудлаж үзэхэд үүргэвчний урд талын гадна халаасны дотор талд миний хэрэглэж байсан 5 ширхэг бууны сум гарч ирсэн. Тэгээд тухайн байцаагчид миний хэрэглэж байсан бууны сум байна ахын дүү хадгалж байх уу би хилээр гараад хүүхдээ аваад буцаад ирэхдээ авах уу гэж асуухад болохгүй Прокурорын байгууллагад танилцуулсан байгаа гээд Прокурорын байгууллагад материал бүрдүүлж өгсөн. Тухайн авч явж байсан 5 ширхэг бууны сум нь миний өөрийн эзэмшлийн Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй Вентов бууны 3 ширхэг сум, Сайга маркийн бууны 2 ширхэг сум байсан. Уг сумыг би хөдөө авч явдаг үүргэвчний урд талын халаасанд хийсэн байсныг үүргэвчний халаасыг шалгаж гарахгүй үүрч гараад ийм асуудал гарсан болно. Би тухайн 5 ширхэг бууны сумыг Монгол Улсын хилээр гаргах ямар нэг зорилго байгаагүй. Өөрийн хэрэглэж байсан үүргэвчин дотор байсан халаасыг шалгаагүйн улмаас ийм асуудалд орсон. Би гэрчийн мэдүүлэгт 5 ширхэг сум Монгол Улсад бүртгэлтэй гэж мэдүүлэг өгсөн нь буу нь бүртгэлтэй болохоор сум нь бас бүртгэлтэй байж магадгүй гэж бодсон. Яг сум бүртгэлтэй байдаг талаар мэдэхгүй. Надад ямар нэг зөвшөөрөл байхгүй. Хэрэглэж байсан сумаа мэдэхгүй аваад гарах гэсэн байна. Тэгэхдээ Гаалийн улсын байцаагчид үүргэвчнээс өөрөө гаргаж өгөөд тухайн байцаагчид би ямар нэг Монгол Улсын хилээр гарах санаа байхгүй ах нь Эрээн ороод буцаад гарч ирэх дээр авах талаар гуйж байсан. Энэ сумнууд бууны хамт манай төрсөн ахаас надад өвлөгдөж ирсэн ахаас авсан цагаас хойш би энэ бууны сумнуудыг хэрэглэж байгаагүй. Манай төрсөн ах О.Н 2012 онд нас барсан тул надад өвлөгдөж ирсэн. Тухайн бууны сумнуудыг Шүүхийн шинжилгээний албан бүртгүүлж буудуулж шалгуулж байсан. Би А-т бууг маань хүн авна гэхээр нь авч явж үзүүлсэн боловч нөгөө хүн маань мөнгө байсан учраас зарж чадаагүй ирсэн. Тэгэхдээ цүнхэнд сум хийсэн байснаа мартчихсан байсан. Хүүхэд маань хятадад сурдаг майн баяр гээд 7 хоног хүүхдүүдийг гадуур гаргасан юм билээ. Хүү маань утсаар яриад ганцаараа үлдэж байна гэхээр нь хүүгээ авах санаатай явсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би бусдад хохирол учруулаагүй. Хятад руу авч гарч зарж борлуулах санаа зорилго байгаагүй. Авч яваа цүнх юмаа шалгаж үзээгүйгээс ийм зүйл боллоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,
- Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Авто замын шалгах нэвтрүүлэх цэг 1 гэх гаалийн хяналтын бүсийн гарах чиглэл буюу зорчигчийн ачаа болон биед үзлэг хийдэг рентген аппартан дээр хуваарийн дагуу сууж ажиллаж байхад 13 цаг 30 минутын үед зорчигчийн гар тээш шалгах рентген аппартанд цүнхэн дотор талд харагдахгүй металл эдлэл явж байхаар нь нягтлан шалгаад 2 удаа гүйлгэж хараад тухайн хүний цүнхэндэх бүх эд зүйлийг гаргаж үзэхэд урд талын халааснаас 5 ширхэг бууны сум гарч ирээд тухайн хүний зөрчилд зөрчлийн материал бүрдүүлж Прокурорын байгууллагад шилжүүлсэн. Тухайн бууны сумыг Монгол Улсын хилээр гаргах буюу оруулж ирэх хориотой бараа бүтээгдэхүүн. Энэ талаар ямар нэг бичиг баримт бүрдүүлж өгөөгүй. Тухайн хүн миний цүнхэн дотор 5 ширхэг бууны сум байгаа талаар мэдсэнгүй. Хөдөө явахдаа үүрдэг цүнхээ аваад ирсэн байна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,
- Иргэний нэхэмжлэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “Би Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал, байгууллагын галын аюулгүй байдал хариуцсан ажилтай тул тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнг нэхэмжлэх саналтай байна. Өөр санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,
Шинжээч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сумнууд нь ган зүрхэвчтэй байсан тул байлдааны зориулалттай гэж гаргасан. Ангийн болон спортын сумнууд ган зүрхэвчгүй байдаг учир өөр байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,
- Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2518 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сум нь ажиллагаатай.
2. Шинжилж буй 7,62х39 мм калибртай 2 ширхэг сум нь 7,62х39 мм калибртай галт зэвсгүүдэд таарч тохирон буудлага үйлдэхэд зориулагдсан.
3. Шинжилж буй 7,62х39 мм калибртай 2 ширхэг сум, 7,62х54 мм калибртай 3 ширхэг сумаар буудлага үйлдэж болно.
4. Шинжилж буй хонгионы ёроол хэсэгт “711 77” гэсэн тэмдэглэгээтэй 7,62х39 мм калибртай Т-45 загварын сум нь 1977 онд хуучин ЗХУ-ын Климовск-д үйлдвэрлэгдсэн. Шинжилж буй хонгионы ёроол хэсэгт “60 75” гэсэн тэмдэглэгээтэй 7,62х39 мм калибртай ПС загварын сум нь 1975 онд хуучин ЗХУ-ын Фрунзе (Киргизийн улс Бишкек хот)-д үйлдвэрлэгдсэн. Шинжилж буй хонгионы ёроол хэсэгт “60 82” гэсэн тэмдэглэгээтэй 7,62х54 мм калибртай ЛПС загварын 3 ширхэг сум нь 1982 онд хуучин ЗХУ-ын Фрунзе (Киргизийн улс Бишкек хот)-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн. /Жич: Шинжилж буй 5 ширхэг сумны 3 ширхэг сумаар туршилтын буудлага үйлдсэн болно/ гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27/,
- Эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-14/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-18/
- А ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 30-32/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-53/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд, эд мөрийн баримтыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.О нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гарахдаа өөрийн гар тээш болох цүнхэндээ байлдааны зориулалттай бууны 5 ширхэг сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч О.О нь байлдааны зориулалттай бууны 5 ширхэг сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Ц “ ... зорчигчийн ачаа болон биед үзлэг хийдэг рентген аппартан дээр хувиарийн дагуу сууж ажиллаж байхад 13 цаг 30 минутын үед зорчигчийн гар тээш шалгах рентген аппартанд цүнхэн дотор талд харагдахгүй металл эдлэл явж байхаар нь нягтлан шалгаад 2 удаа гүйлгэж хараад тухайн хүний цүнхэндэх бүх эд зүйлийг гаргаж үзэхэд урд талын халааснаас 5 ширхэг бууны сум гарч ирээд тухайн хүний зөрчилд зөрчлийн материал бүрдүүлж Прокурорын байгууллагад шилжүүлсэн...” гэсэн, шинжээч Б.Б “...Тухайн шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сумнууд нь ган зүрхэвчтэй байсан тул байлдааны зориулалттай гэж гаргасан. Ангийн болон спортын сумнууд ган зүрхэвчгүй байдаг учир өөр байдаг...” гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2518 дугаар шинжээчийн дүгнэлт, эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.О-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу байлдааны зориулалттай галт зэвсэг болох бууны 5 ширхэг сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг бусдад учруулаагүй болон түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн байлдааны зориулалттай 7,62х54 мм калибртай 3 ширхэг сум, 7,62х39 мм калибртай 2 ширхэг нийт 5 сумыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн ... дугаар ангид шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнг нэхэмжлэнэ гэх боловч бусдад хохирол учруулаагүй, мөн шүүгдэгчийн өөрийнх нь эзэмшлийн бууны сум байсан тул үнийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт О.О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т заасан байлдааны галт зэвсгийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б овогт О.О-г таван мянга дөрвөн зуун нэгж буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн байлдааны зориулалттай 7,62х54 мм калибртай 3 ширхэг сум, 7,62х39 мм калибртай 2 ширхэг нийт 5 сумыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн ... дугаар ангид шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н