| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0428/Э |
| Дугаар | 435 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 435
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908042120326 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц овогт Н Б, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймаг Мөрөн суманд 1986 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Тулга Соёмбо” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймаг Мөрөн сум 4 дүгээр баг 4 дүгээр гудамж 18 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Н.Б 2018 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” караоке баарны шатнаас иргэн С.Батсайханыг түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:
2018 оны 8 дугаар сарын 3-наас 4 шилжих шөнө Батсайхан, Баттулга нар намайг дуудсан. Тэгээд машин авах гээд айлд очсон. Тэр айлд 2-3 шил архи уучихаад дахиад 1 шил архи авсан. Бид нар караокед орсон, тэнд сууж байгаад Батсайхан бид хоёр тамхилах гэж гараад, буцаж орох гэж байхад Батсайхан миний шилэн хүзүүн дээр гараа тавьсанаас болж бид хоёр маргалдсан. Би Батсайханы шилэн хүзүү рүү нь алгадсан чинь Батсайхан шатны уруу унаад хаалга мөргөж унасан, хаалганы шил хагараад гараа зүссэн. Хохирогчид эмчилгээнд нь 1.150.000 төгрөг төлж өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч С.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр найз болох Батбаатар, Баттулга нартай уулзаж бид 3 төвөөр ажил хөөцөлдөж явж байгаад орой нь 21 цагийн орчим бид 3 хамтдаа Зүүн салаанд танил болох Баагийгийн гэрт нь явж очиж Баттулга машин худалдаж авсан. Бид 3 Баттулгын машиныг нь авчихаад асаах гэтэл машин нь асахгүй байсан бөгөөд тухайн машин зарсан Баагий гэх залуугийн гэрт нь бид 4 нийлж 2 шил архи хувааж уусан юм. Баагийгийн гэрт нь архиа ууж дуусчихаад Батбаатар, Баттулга бид 3 шөнө буюу 2018 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 04-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Баагийгийн гэрээс Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн салааны хуучин эцсийн буудал дээр байдаг караокед орж 1 шил архи аваад вип өрөөнд нь орж суугаад архиа уусан. Тэгээд Батбаатар согтчихоод надаас хэрүүл өдөөд байсан бөгөөд бид хоёрын хооронд мөнгөний асуудлаас болж бага зэргийн маргаан гарсан. Уг караоке нь шатаар доошоо ордог бөгөөд Батбаатар намайг тамхилъя гээд бид 2 хамтдаа караокенаас гарч үүдэнд тамхи татсан. Харин Баттулга өрөөнд үлдсэн. Тэгээд Батбаатар үүдэнд тамхи татаж байгаад үл таних 2 хүнтэй маргалдах гээд байхаар нь би боль гээд болиулчихаад караоке руу орох гээд буруу хараад алхтал Батбаатар миний хүзүүнээс тэврээд авсан бөгөөд би гарыг нь тавиулаад алхтал хойноос гараараа түлхээд би шатны уруу доошоо унаад доор байсан шилэн хаалгыг мөргөж хагалаад миний баруун гар болон нүүр, хамар зүсэгдэж гэмтсэн юм. Тэгээд би цус алдаад түргэн иртэл тэндээ шатан дээр сууж байсан бөгөөд хажууд тухайн газар байсан хүмүүс гарч ирж цус боож өгөөд байх шиг байсан. Тэгээд нэг мэдсэн эмнэлэг ирчихсэн намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан юм. Би гэмтлийн эмнэлэг дээр очиж хэвтээд 2 хоногийн дараа эмнэлгээс гарсан юм. Миний баруун гарын булчингийн гадна хэсэг, суга, алга, хамар, баруун нүдний зовхинд оёо тавиулсан юм...Батбаатар хүзүүдэж авчихаад надтай маргалдах гээд байхаар нь би гарыг нь хүзүүн дээгүүрээ давуулж 2 удаа тавиулаад, тэгтэл миний нуруу руу нэг удаа алгадчихсан. Тэгээд би урагшаа шатнаас өнхөрч унасан. Тухайн үед Батбаатар бид 2-ын хооронд зодоон бол гараагүй юм...гэжээ. /хх-11-12/,
Гэрч Ж.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би тухайн үед караоке дотор байралдаг өөрийнхөө өрөөнд байж байтал гадаа цонх хагарах чимээ гарсан бөгөөд би өрөөнөөс гарч харахад караокены шатнаас уруудаад байдаг вакум хаалганы шил хагарчихсан, харин зүс хальт таних Батаа гэх залуу гадаа уг хагарсан шилний дээд талын шатан дээр бас нэг залуугийн хамтаар сууж байсан бөгөөд тэр 2 залуу 2 -уулаа архи уучихсан согтуу байсан юм. Тэр унасан гэх залуу нь баруун гараа барьчихсан, гарнаас нь цус гарч байсан бөгөөд би юу болсон талаар асуутал Батаа гэх тэр унасан залуу юу ч ярихгүй дуугүй байгаад байсан. Тэгээд би камер шүүж үзтэл тэр хамт явсан залуугийнхаа хамтаар явж байгаад тэр залуу нь шатны уруу шилэн хүзүү рүү нь гараараа цохиж байгаа юм шиг харагдаж байсан юм...гэжээ. /хх-18-19/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1242 дугаар дүгнэлтэнд:
ДҮГНЭЛТ:
1. С.Батсайханы биед баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны зүсэгдсэн шарх, баруун бугалганы гүн зүсэгдсэн шархууд /5ш/ бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэл үүсгэгдэнэ.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-29-30/,
Шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41-45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” караоке баарны шатнаас иргэн С.Батсайханыг түлхэж унаган эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны зүсэгдсэн шарх, баруун бугалганы гүн зүсэгдсэн шархууд /5ш/ бүхий гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан болох нь
хохирогч С.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Батбаатар миний хүзүүнээс тэврээд авсан бөгөөд би гарыг нь тавиулаад алхтал хойноос гараараа түлхээд би шатны уруу доошоо унаад доор байсан шилэн хаалгыг мөргөж хагалаад миний баруун гар болон нүүр, хамар зүсэгдэж гэмтсэн юм...” гэх мэдүүлэг,
гэрч Ж.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би камер шүүж үзтэл тэр хамт явсан залуугийнхаа хамтаар явж байгаад тэр залуу нь шатны уруу шилэн хүзүү рүү нь гараараа цохиж байгаа юм шиг харагдаж байсан юм....” гэх мэдүүлэг,
“...С.Батсайханы биед баруун нүдний дээд зовхи, хамрын нурууны зүсэгдсэн шарх, баруун бугалганы гүн зүсэгдсэн шархууд /5ш/ бүхий гэмтлүүд тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн №1242 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Батсайханы өгсөн “...гараараа түлхээд би шатны уруу доошоо унаад доор байсан шилэн хаалгыг мөргөж хагалаад миний баруун гар болон нүүр хамар зүсэгдэж гэмтсэн юм...” гэх, гэрч Ж.Отгонбаярын ”...хамтаар явж байгаад тэр залуу нь шатны уруу шилэн хүзүү рүү нь гараараа цохиж байгаа юм шиг харагдаж байсан юм...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байх ба хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч С.Бнь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Бт дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Батбааатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.