Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 21

 

 

24       11        27                                            206/МА24/0001

 

А.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 153/ШШ24/00413 шийдвэртэй,

Ховд аймгийн Булган сумын ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* *******, ******* д холбогдох,

 Гэм хорын хохирол нийт 2,307,522 (хоёр сая гурван зуун долоон мянга таван зуун хорин хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 24 оны 10 сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, хариуцагч Г., хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Миний эхнэр болох А.******* нь 22 оны сард зам тээврийн осолд орж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.гаас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж тусгасан тул эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлээгүй үлдсэн зардал болох 201,550 төгрөг, шүүх хуралдаанаас хойш авсан эм, тариа, эмчилгээний зардал болох 2,105,972 төгрөг, нийт 2,307,522 төгрөг нэхэмжилж байна. Энэхүү зардал нь эмнэлэгт хэвтсэн төлбөр-457,000, шүд хийлгэсэн зардал-623,000, унааны зардал, эмийн зардал мөн бусад зардал нийлээд нийт 2,307,522 төгрөг болсон. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1  Иргэний хуулийн 505 зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй хэмээн заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас гарган өгсөн хохирлын баримтууд нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа буюу тухайн осолтой холбоотой гарсан зардлууд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 153/ШШ24/00413 шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэм хорын хохирол 1,418,722 /нэг сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 888,800 /найман зуун наяннайман мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 37,650 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, 

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4, 1.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж  шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г. нь 22 оны сарын 16-ний өдрийн 15 цагийн үед Ховд аймгаас Манхан сум руу зорчих замдаа зам тээврийн осол гаргаж тус хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 01 дүгээр 09-ний өдрийн 23/ШЦТ/14 тай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолоор миний бие 5,271,246 төгрөгийг нийт хохирогч нарт төлж барагдуулахаар шийдвэрлэсэн ба үүнээс 1,721,246 төгрөгийг хохирогч А.*******д төлж барагдуулсан.

Миний бие өөрийн хийсэн болгоомжгүй, буруутай үйлдлээс болж бусдад гэм хорын хохирол учруулсандаа харамсаж байгаа тухайн осол гарах үед хохирогчийг аваад шууд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд авч ирж үзүүлэн эмнэлэгт хэвтүүлсэн. Уг эмчилгээний зардал болох 22 оны сарын 18-ний өдрийн Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмнэлгийн эмчийн ерөнхий үзлэг хийх, үйлчилгээ гэх эмнэлгийн ор хоногийн мөнгө 457,222 төгрөгийг миний бие төлж барагдуулсан юм. Яг дээрх мөнгөн дүнг хохирогч А.******* нь 22 оны 03 сарын 01-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрт учирсан гэм хорын хохирлын жагсаалтад бичиж өгсөн байдаг. Миний бие А.*******д 1,721,246 төгрөгийг бүгдийг нь төлж барагдуулсан.

Гэтэл хохирогчийн нөхөр болох нь дээрх эмнэлгийн ор хоногийн мөнгийг 24 оны 03 сарын 15-ний өдрийн нэхэмжлэлдээ дахин нэхэмжилж давхардуулан гаргуулж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 153/ШШ24/00413 тай шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж урьд нь төлж барагдуулсан мөнгөн дүн болох Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмнэлгийн эмчийн ерөнхий үзлэг хийх, үйлчилгээ гэх эмнэлгийн ор хоногийн мөнгө 457,222 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоол дээр эмнэлгийн төлбөр 457,000 төгрөгийг нотлох баримтаа гаргаж байгаад дахиж нэхэмжлээрэй гээд энэ хэсгийг шийдвэрлээгүй. Дараа нь би иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа БОЭТ-өөс баримтыг нь хуулбарлан авч өгөөд иргэний хэргийн шүүхэд хандаад гаргуулсан. Давж заалдах гомдол дээрээ эрүүгийн хэргээс өмнө 2 сарын 18-ны өдөр төлчихсөн гэж бичсэн байна. Тэр үед Г. “мөнгөгүй, цалингийн зээл хөөцөлдөж байна одоо надад юу ч алга” гээд уйлан дуугараад явж байсан. Хадам ээж чинь тэтгэврийн зээл авч бусад мөнгийг нь төлж байсан. Г. өмнө нь 457,000 төгрөгийг төлөөгүй.

 Мөн шийтгэх тогтоол дээр 457,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас би нэхэмжилж байгаа. Шийтгэх тогтоолоо уншиж танилцаарай. Хэдэн төгрөг нь дээр цаг авах гэж хүмүүст төвөг удаж, ажил удахаа боль. Эрүүгийн хэргийн хувьд нотлох баримтаа гаргаж байгаад дахиж иргэний журмаар нэхэмжлээрэй гэсэн болохоор анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Манай эхнэр ослын улмаас эмчилгээ хийлгэ, эм тариа авсан. Нойрны эм авахад е-баримт дээр гаргадаггүй юм байна. Тэгээд түүний үнийн дүнд дүйцүүлээд өөр зүйлээр Е-баримт гаргадаг юм байна. Е-баримт дээр гаргасан бусад эмүүдтэй надад маргаад байх зүйл байхгүй. Давж заалдах гомдол гаргасан 457,000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлээгүй учраас нэхэмжилсэн юм гэв.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Г.д холбогдуулан гэм хорын хохирол 2,307,522 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор эмийн сангуудаас эм тариа авсан болон шатахуун түгээх станцаас шатахуун авсан баримт, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23/ШЦТ/14 тай шийтгэх тогтоолын хуулбар, Ариун шүд эмнэлэг дээр рибонд шүд нэг ширхгийг хийлгэж төлбөр төлсөн тодорхойлолт зэрэг баримтыг  шүүхэд гарган өгсөн байна.

3. Хариуцагч нь Г.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хохирлын баримтууд нь Иргэний хуулийн 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцээгүй, эмийн баримтууд байгаа боловч эм бичиж өгсөн эмчийн жор байхгүй тул эдгээр эмийг нэхэмжлэгч хэрэглэсэн үү, өөр хүн хэрэглэсэн үү гэдэг нь эргэлзээтэй рибонд шүд хийлгэсэн гэх боловч яг аль шүдэндээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй” гэж тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.гаас 1,418,722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 888,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүнжидаа давж заалдах гомдолдоо “Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгийн эмчийн ерөнхий үзлэг хийх үйлчилгээ гэх 457,222 төгрөгийг миний бие өмнө нь төлчихсөн байхад анхан шатны шүүх давхардуулан гаргасан тул хасаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.1 Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын маргаж буй “үйл баримт” тогтоогдоогүй байхад шүүх маргаантай үйл баримтын талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Тухайлбал хэргийн 9 дүгээр талд байгаа 22 оны 2 сарын 18-ны өдөр Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгийн эмчийн ерөнхий үзлэг хийх үйлчилгээ гэх 457,222 төгрөг төлсөн баримтыг 23 оны 3 сарын 20-ны өдөр хэвлэсэн байна.

Уг баримтын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “эрүүгийн хэрэг шийдвэрлэх явцад энэ баримт байхгүй байсан тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас сүүлд хэвлүүлж шүүхэд гаргаж өгсөн, уг мөнгийг хариуцагч төлөөгүй” гэж тайлбарласан бол, хариуцагч Г. нь уг мөнгө нь эрүүгийн хэргийн хохиролд өмнө төлсөн 1,721,246 төгрөгт *******сан гэж тайлбарласан байна. Гэтэл шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

5.2 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23/ШЦТ/14 тай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шүүх дүгнэхдээ “...А.******* нь эмчилгээний зардалд 2,531,246 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч болон хохирогч нарын хохиролд тооцож өгсөн 810,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,721,246 төгрөгийг шүүгдэгч Г. төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гэтэл шүүгдэгч хохирогч нарын хохиролд тооцож өгсөн гэх 810,000 төгрөг болон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 1,721,246 төгрөгийн хохиролд талуудын маргаж байгаа Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгийн эмчийн ерөнхий үзлэг хийх үйлчилгээ гэх 457,222 төгрөг *******сан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт иргэний хэрэгт авагдаагүй байна.Өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан товлож маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 зүйлийн 76.1.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн” үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолтой 3 хоногийн өмнө танилцсан гэх боловч гомдлыг хуульд заасан хугацаанд түүнд танилцуулаагүй, гомдол танилцуулсан баримтыг хэрэгт хийгээгүй зэрэг оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан алдаа гаргасныг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн “хохирогч А.*******гаас мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирлын талаарх жагсаалт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар давж заалдах шатны шүүх үнэлээгүй болохыг тэмдэглэж байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,367 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 24 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 153/ШШ24/00413 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,637 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.5, 172 зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ОТГОНХИШИГ

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

 

                                   ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР