Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 20

 

 

  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн  хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                            Ц.Амаржаргал

                                                                                  Д.Буянжаргал

  Оролцогчид:

                                  Прокурор                              Э.Энхбат

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаартай “Хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тайж овогт Энхбатын Орхонтуулд холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618020215 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, “Бөхөн” гэх газарт оршин суух хаягтай, урьд авсан ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Тайж овогт Энхбатын Орхонтуул /РД: ИА87022411/.

 

Прокурорын тогтоолд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.Орхонтуул нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн орчим Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянгол гүүрний хойд талд Дархан Улаанбаатарын төв зам дээр Улаанбаатараас 174-175 дахь км “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 22.2 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Мөнхбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Э.Орхонтуулд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 36 дугаартай шүүгчийн захирамжаар

2.

 

Э.Орхонтуулд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлийн ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй байж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 31 дүгээр бүлэгт заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа” үе шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 дүгээр бүлэгт заасан “Шүүхийн хэлэлцүүлэг” үе шатанд явагдах нотлох баримтыг шинжлэн судалж хэргийн талаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт заасан “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж нотлогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судлах, нотлох ажиллагаа явуулсны дараа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болох нь тогтоогдвол нэмэлт хэрэг бүртгэлд буцаана.     

-Шүүгчийн захирамжид “...иргэн Л.Занданбатыг иргэний хариуцагчаар татаж хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгөх, иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг танилцуулах шаардлагатай байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийж гүйцэтгүүлэх шаардлагатай” гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Иргэний хариуцагчаар татах тухай хэрэг бүртгэгч, мөрдөн бйацаагч, прокурор тогтоол, шүүгч захирамж гаргана”, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн     119.1-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээдийг тогтоосны дараа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх холбогдох этгээдийг энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу иргэний хариуцагчаар татах тогтоол гаргаж, хариуцагч түүний төлөөлөгчид танилцуулж эрх, үүргийг нь тайлбарлан өгнө” гэж заасны дагуу шүүгч Л.Занданбатыг иргэний хариуцагчаар татах эрхтэй. Хэдийгээр шүүгчийн захирамжид “шүүх аль нэг талаас хүсэлт ирээгүй байхад өөрийн санаачлагаар иргэний хариуцагчаар татах нь шүүх хөндлөнгийн байх, шударга байх зарчим алдагдахад хүрч болох” талаар дурдсан ч хуульд шүүх заавал оролцогчдын хүсэлтээр иргэний хариуцагчаар татна гэсэн заалт байхгүй, шүүх өөрөө иргэний хариуцагчаар татаж болох хуулийн заалттай, хуулиар шүүхэд эрхийг нь олгосон байхад хөндлөнгөөс нөлөөлсөн, шударга байх зарчим алдагдана гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.                  

-Шүүгчийн захирамжид “...хэрэгт хоёр тээврийн хэрэгслийн жолоочийн тээврийн хэрэгслийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний маягтын эх хувь, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт хавсаргах нь зүйтэй” гэжээ. Хэрэгт гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын талаарх баримт шаардлагагүй. Дээрх зам тээврийн осол, хэрэгт хэн буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэж даатгалын тохиолдол үүсэх, нөхөн төлбөр олгох эсэх асуудал яригдана.

-Шүүгчийн захирамжид “...“Дельта авто сервис” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол үйлдээгүй, албан ёсны тогтоол гараагүй байхад Б.Мөнхбаярыг сайн дураар иргэний нэхэмжлэгчээр тогтоож, автомашины хохирлыг үнэлсэн тогтоолтой танилцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн” гэжээ. Хавтаст хэргийн 88 дугаар хуудсанд “Дельта авто сервис” ХХК 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №17-02 дугаартай албан бичгээр компанийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Б.Мөнхбаярыг томилсон албан бичиг ирүүлснийг үндэслэж Б.Мөнхбаярыг иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор байцааж, (ХХ-ийн 95 дугаар хуудас) хохирлын үнэлгээтэй танилцуулсан. Өөрөөр хэлбэл “Делта авто сервис” ХХК өөрөө албан тоотоор иргэний нэхэмжлэгчээр Б.Мөнхбаярыг оролцуулах хүсэлт гаргасан байхад хэрэг бүртгэгчид бусдын хүсэл зоригийнх нь эсрэг шийдвэр гаргаж заавал “Делта авто сервис” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосны үндсэн дээр өөр бусад этгээдийг томилно гэсэн хуулийн заалт байхгүй.

    Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасныг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.

Тодорхойлохнь:

Э.Орхонтуул нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн орчим Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянгол гүүрний хойд талд Дархан Улаанбаатарын төв зам дээр Улаанбаатараас 174-175 дахь км “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 22.2 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Мөнхбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан  гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Э.Орхонтуулд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 36 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Орхонтуулд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлийн ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 Хэдийгээр 77-89 УНВ улсын дугаартай КIA FRONTER маркийн авто машин нь Х.Ажрахгүйн эзэмшилд бүртгэлтэй боловч уг машиныг иргэн Л.Занданбат худалдан авсан болох нь хэрэгт авагдсан итгэмжлэл, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр /хх-ийн 84-85-р ху/ тогтоогдож байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт “…Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна…” гэж заасны дагуу тухайн тээврийн хэрэгсэл Л.Занданбатын эзэмшилд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Л.Занданбат нь яллагдагч Э.Орхонтуулаар өвс татуулахаар түүнийг томилж, уг тээврийн хэрэгслийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “…Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учруулсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй…” гэж заасны дагуу түүнийг иргэний хариуцагчаар татаж, эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авах шаардлагатай байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүгчийн захирамжинд заасан зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслүүдийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний маягтын эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт хавсаргах, эрх бүхий байгууллагын хүсэлтгүйгээр иргэний нэхэмжлэгч тогтоосон зөрчлийг арилгах зэрэг нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1,  325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Э.Орхонтуулд урьд авсан  бусдын батлан даалтад байлгах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                  Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                      Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ