Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 440

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.С-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Л.М нарт холбогдох 

“Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Л.Н, Л.М нарын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 260016427 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.С, хариуцагч Л.М, Л.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Л.М нар иргэн З.С миний 2010-2014 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийсэн. Улмаар 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 260016427 дугаартай актаар 1,261,043 төгрөгийн нөхөн татвар, 378,313 төгрөгийн торгууль, 511,748,100 төгрөгийн алданги нийт 2,151,104 төгрөгийн төлбөрийг тогтоосон. 

Миний бие 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 260016427 тоот актыг хүчингүй болгуулах гомдлыг Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөл, Татварын Ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч төлбөр тогтоосон актыг үндэслэлтэй гэж үзсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна. 

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандан хийдийн урд Туулын 3-11 тоотод байрлах 235 м2 талбайтай Монголын Их хүрээ хийдийн үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн З.С-ийн нэр дээр бүртгэлтэй. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэлийн баазад 48,105,500 төгрөгийн татвар ногдуулах үнэлгээтэй бүртгэгдсэн байхад иргэн З.С-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0061834 тоот гэрчилгээнд 81,290,850 төгрөгийн үнэ бүхий гэж бүртгэгдсэн байна. 

Иргэн З.С-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд 2002 онд 81,290,850 төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгэгдсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 48,105,500 төгрөгийн үнэлгээнээс тооцож Монголын Их хүрээ хийдийн нэрээр татвар төлсөн байх тул зөрүү 2011 онд 33,185,350, 2012 онд 33,185,350, 2013 онд 33,185,350, 2014 онд 33,185,350 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгөнөөс татвар суутгаж төсөвт төлөөгүй зөрчил нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна”, 4.1.1 “Өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно” 6.1 “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна” гэж заасны дагуу акт тогтоосон байдаг.

Өөрөөр хэлбэл Татварын улсын байцаагчид Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандан хийдийн урд Туулын 3-11 тоотод байрлах 235 м2 талбайтай Монголын Их хүрээ хийдийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн 2 гэрчилгээтэй гэж үзсэн буюу байгууллагын нэр дээр 48,105,500 төгрөгийн, иргэний нэрээр 81,290,850 төгрөгөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж үзэн акт тогтоосон. Гэтэл уг үл хөдлөх эд хөрөнгө нь зөвхөн 48,105,562 төгрөгийн үнэлгээ бүхий Оточ нийгэмлэгийн нэр дээр 2000 оны 08 сарын 16-ны өдрийн 2205015041 тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаартайгаар бүртгэгдсэн. Тиймээс 2004 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 0023385 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг үндэслэж Баянгол дүүргийн Татварын хэлтэс Туулын 3-11 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу уул хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр буюу 48,105,562 төгрөгөөр үнэлэн гэрчилгээ олгосон. Түүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн татвараа хуульд заасан хугацаанд 2000 оноос 2017 он хүртэл тасралтгүй бүрэн төлсөөр ирсэн.

Гэтэл татварын улсын байцаагчид Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандан хийдийн урд Туулын 2-11 тоотод байрлах 81,290,850 төгрөгийн үнэлгээтэй З.Санждорж миний нэр дээр 2002 оны 10 сарын 21-ний өдөр 2205011181 тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаартайгаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Туулын 3-11 тоотод байрлах 235 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэн дээрх актыг тогтоосон нь хууль зөрчиж байна.  

Татварын улсын байцаагчдын гол үндэслэл болгоод байгаа миний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандан хийдийн урд Туулын 2-11 тоотод байрладаг. Харин “Оточ” нийгэмлэгийн нэр дээр 2000 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн Туулын 3-11 тоотод байрлах Зурхайн дацангийн үл хөдлөх эд хөрөнгө нь хоёр тусдаа хууль ёсны өмчлөгчтэй, хоёр өөр хөдлөх эд хөрөнгийг нэг өмчлөгчтэй, нэг үл хөдлөх хөрөнгө хэмээн үзсэн татварын улсын байцаагчдын акт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Л.М, Л.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын Их хүрээ хийдийн тэргүүн З.С-ийн 2010-2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томилолтийн дагуу, санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.М, Л.Н нар хэсэгчилсэн шалгалт хийсэн. Шалгалтаар 1,262,043,3 төгрөгийн нөхөн татвар, 378,313,0 төгрөгийн торгууль, 511,748,1 төгрөгийн алданги, нийт 2,151,104,4 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Манай байгууллагад иргэн З.С-ийн нэр дээр Туулын 3-11 гэсэн хаягтай үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байсан. Гэтэл З.С Туулын 2-11 гэсэн хаягтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өгсөн. Туулын 3-11 гэсэн хаягтай гэрчилгээг огт гаргаж өгөөгүй. Татвар төлөгч нь мэдээллийг буруу гаргаж өгснөөс болж энэ асуудал үүсээд байна. Татварын албанд Туулын 3-11 хаягтай үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлж, Туулын 2-11 хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлээгүй. Ингээд татварын улсын байцаагч Туулын 3-11 хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө нь Татварын албанд 48 сая төгрөгийн үнэлгээтэй бүртгэгдсэн байсан тул зөрүү дээр алданги тооцож акт тавьсан. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 81 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг. Гэхдээ 2 өөр объект юм байна. Туулын 2-11 хаягтай объект нь тусдаа бөгөөд манай байгууллагад бүртгэлгүй, татвар төлөгдөөгүй үлдсэн барилга гэж ойлгож байна.

Нэхэмжлэгч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д зааснаар татвар ноогдох эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг Татварын албанд гаргаж өгөх, мэдээллийг өгөх, бүртгүүлэх үүргийг биелүүлээгүй. Мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-д Татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим мэдээлэл болон бусад хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй. Хяналт, шалгалтыг үнэн зөв явуулахад татвар төлөгч мэдээллээ бүрэн гаргаж өгөх ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.С “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Л.Н Л.М нарын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 260016427 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.  

Нийслэлийн Татварын газар болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шашны асуудал эрхэлсэн ажлын хэсэгтэй хамтран хийсэн хяналт шалгалтаар татварын зөрчилтэй сүм, хийдийн талаарх мэдээллийг гаргасан байх бөгөөд уг жагсаалтад Монголын Их хүрээ хийд орсон байна . 

Дээрх шалгалтын хүрээнд Монголын Их хүрээ хийдийн хамба лам З.С-ийг шалгах томилолт 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаржээ . Уг томилолтын дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Л.М, Л.Н нар иргэн З.Д-ийн 2010-2014 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төлөлтөд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хяналт шалгалт явуулж 260016427 дугаар актаар 663,707 төгрөгийн нөхөн татвар, 235,430.20 төгрөгийн торгууль, 199,112.10 төгрөгийн алданги, нийт 2,151,104.40 төгрөгийг ногдуулсан байна .

Уг маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөл  болон Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд  гомдол гаргасан боловч уг актыг хэвээр үлдээсэн байх тул Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “энэ хуулийн 72.1.2, 72.1.4 -т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхийнхээ” дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан хийдийн урд Туулын 3-11 тоотод байрлах 235.2 м.кв талбайтай 48,105,562 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг зурхайн дацангийн барилгыг “О” ТББ-ын нэр дээр 2000 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байна . 2004 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 9134093 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ олгожээ .  

Мөн иргэн З.С-ийн нэр дээр 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 2-11 тоотод байрлах 466.16 м.кв талбайтай 81,290,850 төгрөгийн үнэ бүхий Их хүрээ зурхайн дацангийн нэг давхар барилгыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгожээ . Уг үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Б” ТББ-ын нэр дээр шилжүүлсэн байна .      

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...миний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандан хийдийн урд Туулын 2-11 тоотод байрладаг. Харин Оточ нийгэмлэгийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө нь Туулын 3-11 тоотод байрладаг бөгөөд татварын улсын байцаагч нар 2 тусдаа өмчлөгчтэй, өөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэг гэж үзэж татвар ногдуулсан...” гэж тайлбарлажээ . 

Харин хариуцагч нар хариу тайлбартаа “...Монголын Их хүрээ хийд шашны байгууллагын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэлийн баазад 48,105,500 төгрөгийн татвар ногдуулах үнэлгээтэй бүртгэгдсэн байх бөгөөд хяналт шалгалт хийхээр очиход 3-11 тоот барилгын гэрчилгээ гэж 81,290,850 төгрөгийн үнэлгээтэй гэрчилгээг өгсөн, нягтлан бодогч Ч.Э-тай ярилцахад уг 2 барилгыг нэг гэж тайлбарласан нь татвар төлөгч үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна . 

Хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан хийдийн урд Туулын 3-11 тоотод байрлах 235.2 м.кв талбайтай 48,105,562 төгрөгийн үнэ бүхий барилга, Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 2-11 тоотод байрлах 466.16 м.кв талбайтай 81,290,850 төгрөгийн үнэ бүхий барилгууд нь үл хөдлөх эд хөрөнгийн тусдаа гэрчилгээтэй,  хоёр өөр үл хөдлөх эд хөрөнгө болох нь тодорхой байна. 

Мөн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн татварын тайлангаас  үзвэл Монголын Их хүрээ хийд нь 3-11 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөдөө /татвар төлөгчийн 9134093 регистрийн дугаар/ 2002-2017 оны хооронд Баянгол дүүргийн Татварын хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн татвараа үнэн зөв төлж байжээ.   

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт “Татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглоно” гэж заасан байх бөгөөд татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтын томилолтоор иргэн З.Санждоржийн татвар төлөлтөд хэсэгчилсэн шалгалт хийх байсан боловч Монголын Их хүрээ хийд шашны байгууллагын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөлтийг иргэн З.Санждоржид хамааруулж, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан хийдийн урд Туулын 3-11 тоотод байрлах 48,105,562 төгрөгийн үнэ бүхий барилгын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг иргэн З.Санждоржийн нэр дээрх Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 2-11 тоотод байрлах 81,290,850 төгрөгийн үнэ бүхий барилга гэж үзэн татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж акт тогтоосон нь үндэслэлгүй байна.   

Мөн 2004 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээнд 48,105,500 төгрөгийн үнэ бүхий 3-11 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 81,290,850 төгрөгийн үнэ бүхий 2-11 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө гэж 2 өөр байршилд байгааг шалгалгүй, өнгөц хандан татвар ногдуулсан нь дараах хуулийн заалтуудыг зөрчжээ.   

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “Татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх”, 29.1.2-т “Татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах” гэсэн эрхээ татварын улсын байцаагч хэрэгжүүлж ажиллаагүй, нөхцөл байдлыг тодруулаагүй буруутай байна.   

Мөн хариуцагч нар нь Монголын Их хүрээ хийдийн нягтлан бодогч Ч.Э гэх хүнтэй ярилцсанаас биш татвар төлөгч З.С-оос дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийн талаар тайлбар авч, ярилцлага хийгээгүй, баримтыг бүрэн гаргуулаагүйгээс өөр үл хөдлөх эд хөрөнгийн баримт бичигт үндэслэн татвар ногдуулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр...” татвар ногдуулна гэсэн хуулийн заалтыг зөрчжээ. 

Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 260016427 дугаар актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Л.М нарын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 260016427 дугаар актыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.С-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                  Л.ӨЛЗИЙЖАРГАЛ