Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1555

 

 

 

 

 

 

 

 

 

“Орхонтконстракшн” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04724 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Өлзийхутаг, Н.Оюунбилэг нарт холбогдох

Эд хөрөнгөд учирсан хохиролд 12 520 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Т.Өлзийхутагийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Хариуцагч Т.Өлзийхутагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Болормаа

Хариуцагч Т.Өлзийхутагийн өмгөөлөгч: М.Төмөрцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК-ийн төлөөлөгч Л.Гомбо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ард аюушийн өргөн чөлөө, 12/5 тоот орших “Орхонтконстранкшн”’ ХХК-ийн барилгын хажууд байрлах иргэн Н.Оюунбилэгийн 9 давхар үйлчилгээний барилгын ажил явагдах явцад ажилчдын бие засах газар байгаагүйгээс манай компанийн газрыг бохирдуулж, дулааны шугам бариулахдаа манай хашааг нурааж, компанийн эд хөрөнгө байсан амбаарыг нурааж эд хөрөнгө алга болгосон. Нураасан хашааг сэргээж барих, бохирдсон хөрсийг хуулж зайлуулах талаар манай компаниас олон дахин гомдол гаргасан боловч барилгын ажлыг гүйцэтгэж байгаа өөрийгөө энэ барилгад хөрөнгө оруулагч Т.Өлзийхутаг түүнийг төлөөлөн н.Батжав гэж хүн хохиролгүй болгож өгнө гээд бараг 2 жил боллоо. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгах үүргийн дагуу тухай барилгын эзэн болох Н.Оюунбилэг болон Т.Өлзийхутаг нараас Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хашааны үнэ 4 500 000 төгрөг, талбай бохирдуулсныг цэвэрлэх зардал 4 000 000 төгрөг, алга болсон эд хөрөнгө болох бундантай 4 сумтай орос троссын үнэ 450 000 төгрөг, гүний вибираторын үнэ 170 000 төгрөг, модон шат 2 ширхэг үнэ 200 000 төгрөг, ажлын ширээ 1 000 000 төгрөг буюу нийт 1 820 000 төгрөг, барилгын дээвэр гэмтээснээс үүссэн хохирол 2 200 000 төгрөг буюу нийт 12 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Өлзийхутагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дулааны шугамын ажил нь “Орхонт” ХХК-ийн хашааны гадуур гүйцэтгэх зураг төсөл, зөвшөөрөл нь гарсан тул иргэн Т.Өлзийхутаг нь хойд барилгыг захиалагч “Өү Энд Би Эн” ХХК-тай хамтрагч “Баянтөлөв” ХХК-тай гэрээ байгуулсан. Ингэж гэрээ байгуулахдаа “Орхонт” ХХК-ийн хашаа нурж болзошгүй гэж үзэж, нурвал сэргээн засах, улмаар захиалагч болон гуравдагч этгээдэд хохирол учруулбал төлнө гэсэн заалт оруулсан. Хашаа, түүнийг эргүүлэн барих үнийг тухайн үед манайд инженерээр ажиллаж байсан залуу материалын зардал, ажлын хөлсийн хамт ойролцоогоор 4 000 000 төгрөг хангалттай гэж тооцсон. Энэ талаар хамтрагч “Өү Энд Би Эн” ХХК-д хэлсэн, уг компанийн захирал н.Оюунбилэг нь өгнө гэдэг боловч өгөөгүй. Миний хувьд хөршийн эд хөрөнгийг сэргээн засварлах талаар санаа зовж, гүйцэтгэгч “Баянтөлөв” ХХК-тай удаа дараа холбогдож шаардахад “...манайд гагнадаг хүн байхаас шавар, мужааны хүн байхгүй. Танайхаас барилгыг гүйцэтгэгч нараас хүн гаргаад ажлын хөлсийг нь миний хөлснөөс суутгачих.” гэсэн болно. Ингэхээр нь миний бие ажлын хөлсийг 1 500 000 төгрөгөөр тохирч, 1 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч, 950 000 төгрөгийн материалаар суурь цутгаж, төмөр шон суулгасан. Надаас 1 950 000 төгрөг буюу нийт хашааны 50 хувь гарсан боловч “Өү Энд Би Эн” ХХК мөнгөө өгөөгүйгээс биетонон суурин дээрх модон хашаа барих ажил зогссон. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул миний бие хашаа барих, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх гэрээний үүрэгтэй “Баянтөлөв” ХХК-ийг шүүхэд өгч дараах ажил гүйцэтгэх гэрээнд заасан бүр үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. “Баянтөлөв” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан улмаар эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэр гаргасан. Иймд манай талаас хашааны үнийг “Баянтөлөв” ХХК-д ажил гүйцэтгэн төлсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг “Өү Энд Би Эн” ХХК төлөх ёстой. “Орхонт” ХХК-ийн хашааг бариагүй удсанаас үүссэн талбай бохирдсон, эд зүйл алга болсон, дээвэр эвдэрсэн гэх тул “Баянтөлөв” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр бусдад учруулсан хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй, түүнийг нь шүүхээс баталгаажуулсан тул манайд хамаарахгүй, “Баянтөлөв” ХХК-д хамаарах болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Оюунбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид хохирол учирсанд Н.Оюунбилэгийн буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Өлзийхутагаас 2 338 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 181 300 төгрөг, хариуцагч Н.Оюунбилэгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Өлзийхутагаас 52 369 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Өлзийхутагийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч Т.Өлзийхутагаас 2 338 700 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 52 369 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь хавтаст хэрэгт байгаа дараах баримтаар нотлогдоно. Үүнд:

Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг эхлээд шүүгч анзаараагүй, дараа нь шүүх хуралдааны үед шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцэлгүй хууль зөрчсөн.

Учир нь 2014 оны 8 дугаар сарын 02-ны ажил гүйцэтгэх гэрээгээр дулааны ажил хийсэн бөгөөд энэ үед “Орхонт” ХХК-ийн хашаа нурсан. Харин “Орхонтконстракшн” ХХК нь үүсгэн байгуулагчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр байгуулагдаад 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авч байгуулагдсан байдаг. Энэ нь хавтаст хэрэг дэх баримтаар нотлогдоно.

Одоогийн байдлаар №2066483 регистрийн дугаартай "Орхонт" ХХК болон №5904005 регистрийн дугаартай "Орхонтконстракшн" ХХК-ууд улсын бүртгэлд тус тусдаа бүртгэлтэй бөгөөд бие биенээ төлөөлөх эрх, итгэмжлэл хавтаст хэрэгт байхгүй байна.

Иймээс шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 65.1.10 дахь “...хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй” асуудал шүүх хурал дээр тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтыг илт зөрчиж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч хашааны нэхэмжлэж буй үнийг нотлох баримтаар нотлоогүй. Хашаа, түүнийг эргүүлэн барих үнийг тухайн үед манайд инженерээр ажиллаж байсан шүүхэд гэрчээр асуугдсан Б.Дашдорж гэдэг залуу материалын зардал, ажлын хөлсний хамт ойролцоогоор 4 000 000 төгрөг хангалттай гэж тооцсон юм. Бид 4 500 000 төгрөг гэж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд биднийг шүүх хүлээн зөвшөөрсөн, маргаагүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч үнээ нотлох ёстой болохоос бид нотлох шаардлагагүй, нотлоогүй зүйлийн төлөө тайлбар хэлэх шаардлагагүй. Дулааны шугамын ажил нь “Орхонт” ХХК-ийн хашааны гадуур гүйцэтгэх зураг төсөл, зөвшөөрөл нь гарсан тул иргэн Өлзийхутаг нь хойд барилгыг захиалагч “Өү Энд Би Эн” ХХК-тай хамтрагч “Баянтөлөв” ХХК-тай гэрээ байгуулсан. Ингэж гэрээ байгуулахдаа “Орхонт” ХХК-ийн хашаа нурж болзошгүй гэж үзэж, нурвал сэргээн засах, улмаар захиалагч болон гуравдагч этгээдэд хохирол учруулбал төлнө гэсэн заалт оруулсан. Хашаа, түүнийг эргүүлэн барих үнийг тухайн үед манайд инженерээр ажиллаж байсан залуу материалын зардал, ажлын хөлсийн хамт ойролцоогоор 4 сая төгрөг хангалттай гэж тооцсон. Энэ талаар хамтран “Өү Энд Би Эн” ХХК-д хэлсэн, уг компанийн захирал Оюунбилэг нь өгнө гэдэг боловч өгөөгүй.

Өлзийхутаг нь мөнгө гарган бетонон суурь цутгаж, төмөр шон суулгасан. Бидний хийсэн ажлыг үнэлгээний компани 2 163 300 төгрөгийн ажилд хийсэн гэж үнэлсэн. Хавтаст хэрэгт үнэлгээг өгсөн байгаа. Иргэн Өлзийхутагаас бидний тооцоогоор нийт хашааны мөнгөний 50-аас дээш хувь гарсан боловч “Өү Энд Би Эн” ХХК мөнгөө өгөөгүйгээс бетонон суурин дээрх модон хашаа барих ажил зогссон. Нэгэнт ийм нөхцөл байдал үүсэнгүүт Өлзийхутаг нь хашаа барих, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх гэрээний үүрэгтэй “Баянтөлөв” ХХК-нийг шүүхэд өгч дараах ажил гүйцэтгэх гэрээнд заасан бүр үүргээ биелүүлэхийг  даалгах нэхэмжлэл гаргасан. “Баянтөлөв” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан улмаар эвлэрлийн гэрээ байгуулсан шүүхийн шийдвэр гаргасан...хариуцагчаас шүүхэд нэхэмжлэгчийг түр буулгасан байсан хашааг өөрөө зөөж байгаа бичлэгийг нотлох баримтаар СД буулган өгсөн. Өөрөө хашаагаа авч явчихаад дахиад нэхэж болохгүй гэж бодож байна. Түр буулгасан банзан хашаагаа өөрөө авсан, тэр хашааныхаа мөнгийг  “Өү энд Би Эн” ХХК-иас нэхсэн, нэхсэн мөнгөнийхөө талыг авсан, үлдэгдлийг нь авахаар тохирсон, нөгөө тал нь өгнө гэсэн мөртлөө дахиад биднээс мөнгө авч болохгүй гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь нотлох баримтын үндсэн дээр шударгаар шийдвэрлэх ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК нь хариуцагч Н.Оюунбилэг, Т.Өлзийхутагт нарт холбогдуулан гэм хор учруулсны төлбөрт 12 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК нь  Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 12/5 дугаар бүхий барилгын хэсэгт байршилтай, 61 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, 280 м.кв талбай бүхий газрын эзэмшигч болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 000360656 дугаартай гэрчилгээ, газар эзэмших эрхийн 000316814 дугаартай гэрчилгээгээр тус тус нотлогдож байх ба шүүх нэхэмжлэгчийг өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүссэн хохирлыг бусдаас шаардах эрхтэй гэж дүгнэн хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 82 дугаар зүйлийн 82.1.1-т нийцсэн байна.

 

            Шүүх “Баян төлөв” ХХК нь газар шорооны ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн газарт хашааг нурааж хохирол учруулсан нь нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа хариуцагч Т.Өлзийхутагийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас уг хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байхад түүгээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын зарим хэсгийг арилгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцэхгүй.

 

            Нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд гэм хор учруулсан буруутай этгээдээс хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг уг гэм хорыг өөрийн санаатай эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр учруулсан этгээд хариуцах ёстой.

 

            Нэхэмжлэгчийн хашаа нурж хохирол учрахад хариуцагч Т.Өлзийхутагийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл шууд шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаарлагыг хангаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04724 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эд хөрөнгөд учирсан хохиролд 12 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК-ийн хариуцагч Т.Өлзийхутаг, Н.Оюунбилэг нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Т.Өлзийхутаг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 369 төгрөгийг буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН