Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/01419

 

А.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар шийдвэр,                                         

   Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2017/095 дугаар магадлалтай,

          А.Сын нэхэмжлэлтэй,

          Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох     

          тэтгэмж 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

          Хариуцагчийн төлөөлөгч Б.Сьезханы  гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Съезд, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016-07-10-ны өдөр Өлгий сумд болсон байгалийн онц аюултай үзэгдлийн үед А.С миний өмчлөлийн 10x10 м-ийн хэмжээтэй байшин үерт автагдаж цаашид хүн амьдрах боломжгүй болж нурах аюултай болсон. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай 2016-08-18-ны өдрийн 16 тоот акт гарсан юм. “Энэхүү актаар уг гамшиг ослын улмаас иргэн А.Сын 10х10-ийн хэмжээтэй байшин дотор тал нь усаар дүүрч цаашид амьдрах боломжгүй нурах аюултай болсон болно. 4x3 амбаар усанд автагдаж нурсан байна. Шинээр барьж буй 2 давхар байшингийн дотор талд нь ус орсон. Уг иргэнд 21.659.000 төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохирлын хэмжээг аймгийн Засаг даргын 2016-07-13-ны А/396 дугаар захирамжийн дагуу үнэлгээ тогтоох ажлын хэсэг гаргасан болно. Холбогдох байгууллагууд тусламж дэмжлэг үзүүлэх нь зүйтэй байна" гэж дурджээ. А.С надад Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.3-т Онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж буюу гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон тохиолдолд олгох ёстой юм байна. Гэтэл би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийгмийн халамжийн санд хандан материалаа гаргасан ч  өгөөгүй. Иймд нийгмийн халамжийн сангаас 1.2 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариу тайлбартаа: А.С нь Ү-0213004256 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй 228,32 м2 хоёр давхар байшинтай, Ү-0213005330 улсын бүртгэлийн гэрчилгээтэй 110 м2 хувийн байшинтай ба эдгээр хоёр байшин нь бүрэн бүтэн ашиглах боломжтой байна. Гамшигт өртсөн ашиглах боломжгүй болсон гэх байшин нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй болохыг эзэн А.С, гэргий Ж.Тамаша нар нь хүлээн зөвшөөрч байна. Аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Онцгой байдлын ахлах дэслэгч Х.Ербуланы гаргасан актад дурдсан 10x10 хэмжээтэй байшин усаар дүүрч цаашид ашиглах боломжгүй гэсэн боловч өнөөдрийн байдлаар А.Сын гэр бүл түүнд амьдарч байна. Мөн А.Сын нурсан гэх байшинг Онцгой байдлын газрын байцагч Х.Ербулан нь 4x3 хэмжээтэй амбаар усанд дүүрч нурсан гэсэн дүгнэлт гаргасан байна. Тухайн үед өөрсдөө авч баталгаажуулсан фото зургаас нурсан гэх байшингийн зураг байхгүй ба нурсан байшингийн зураг гэх нь хувийн байшин гэхээргүй амбаар юм уу гарааш байхаар байна. Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1 дэх хэсэгт “гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрхт” олгохоор заасан ба Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн А.Сын өгсөн материалууд нь хуулийн шалгуур үзүүлэлтийг хангахгүй тул нэг удаагийн тэтгэмжийг олгох боломжгүй болно. Харин 9 дүгээр багт болсон үеэр усанд хамгийн бага хохирол учирсан хэдэн айлын нэг нь мөн гэжээ.

         Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.5.1-ийг баримтлан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 1.200.000 төгрөг гаргуулж А.Сад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 06-ны өдрийн 212/МА2017/095 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар А.Сын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.500.00 төгрөгийг төрийн сангийн 0100020000941 дугаартай данснаас гаргуулж А.Сад буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 33.500 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч Б.Сьезхан хяналтын гомдолдоо: “... Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1-д “гэнэтийн аюул осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрхөд олгох ёстой. Мөн Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 4.17 дугаар заалтыг амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх гэсэн зүйлийг хэрэглээгүй байна. А.С 2 давхар хаус байшинтай. Тэтгэвэр, тэтгэмжийн хамрагдах иргэдийн бүрдүүлэх баримт бичгийн 3.3-д мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж заасан мөртлөө гамшиг болсон тухай улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн журмын 2.2 дахь заалтад хуулийн 13.5.1-д хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдэд тэтгэмж олгох эсэхийг амьжиргаа дэмжих зөвлөл шийдвэр гаргахаар заасан ба А.Салатанатын тэтгэмж хүссэн хүсэлтэд амьжиргаа дэмжих зөвлөл нь шийдвэр гаргаагүй болно. Иймд нмхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Хоёр шатны шүүх Нийгмийн халамжийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.   

       Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмжийг гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрхөд олгоно.     

       А.С тэтгэмжийг өөрт нь эсхүл өрхөд олгохыг хүссэн эсэх буюу нэхэмжлэл тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн зохицуулалтаас үзвэл “өрх” нь “гэр бүл” гэдэг ойлголтоос ялгаатай байх тул тухайн өрхөд хэн хэн хамаардаг, тэдгээрийг төлөөлж тухайн этгээд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тогтоогдсон байх шаардлагатай.

          Нэхэмжлэгч нь 10х10 хэмжээтэй байшин үерт автсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийн 7-9-р талд буй баримтаас үзвэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9-р баг, Хөх хад 44-20а тоотод 228,32 кв.м 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг А.С, Ж.Тамаша нар, мөн багийн Хөх хад-д байршилтай 110 кв.м хувийн сууцыг А.Салтант өмчилдөг  байна. А.С үерт автсан байшингийнхаа хаягыг тодорхой заагаагүй, энэ байдлыг шүүх тодруулаагүйгээс  “... гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан...” эсэх талаар тус шүүхээс дүгнэлт боломжгүй байна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 227 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2017/095 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

       2. Хариуцагч Баян-өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРСАЙХАН

                                   ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ