Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00631

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2016/00631

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банкны хүсэлттэй

 

Дамдинсүрэнгийн Энхболд /ЖЯ81120277/-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Иргэн Д.Энхболд нь Геошим ХХК-д ажиллаж байхдаа буюу 2014 оны 03 сарын 14 өдөр Голомт банктай ЗГ1105088938 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”г байгуулан 4,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээ зөрчсөн тул 2015.05.25 өдөр тухайн үеийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож 102/Ш32015/17142 дугаартай шүүгчийн захирамжийг гаргасан.

 

Зээлдэгчийн шилжилт хөдөлгөөний талаар зохих лавлагааг оршин суух хороо болон Нийслэлийн Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс хүссэн боловч Хувь хүний нууцад хамаарах тул лавлагаа өгөх боломжгүй гэснээр хуульд заасны дагуу иргэний хэрэг үүсгүүлэн нэхэмжлэлээ хангуулах боломжгүй болоод байна.

Иймд Дамдинсүрэн овогтой Энхболд /РД: ЖЯ81120277/-ийг эрэн сурвалжлах тухай захирамж гарган өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Голомт банк нь Дамдинсүрэнгийн Энхболдыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Энхболд нь хаягандаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамж зэргээр  тогтоогдож байна.

 

Иймд Голомт банкны гаргасан хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Энхболдыг эрэн сурвалжлах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Дамдинсүрэн овогтой Энхболд /РД: ЖЯ81120277/‑г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Энхболдыг  эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк, түүний төлөөлөгч А.Мандах нарт мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Голомт банкнаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

‍