| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0479/Э |
| Дугаар | 485 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 485
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
Улсын яллагч Д.Нямбат,
Иргэдийн төлөөлөгч Ж.Энхсайхан,
Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Боржигон овогт Норовын Арсланд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908008730208 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Н А, Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоогийн 29-31 тоотод оршин суудаг гэсэн бүртгэлтэй боловч хаягандаа байхгүй, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан төвд амьдарч байсан, 1992 оны 09 дүгээр сарйн 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 1997 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3, 124 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2000 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 13 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн тул суллагдсан, 2003 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 06 дугаар сарын 9-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 cap 18 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, цагдан хоригдсон 169 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Н.А нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 1 дүгээр гудамжны 28 тоотод байх Д.Болдын монгол гэрийг шатааж олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах аргаар галдан шатааж устган 1.610.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 31 дүгээр гудамжны 01 тоот О.Оюунчимэгийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн 3 ширхэг мөнгөн аяга, архи, одон медаль зэрэг эд зүйлс хулгайлж 618.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны өрхийн эмнэлгийн эмчийн өрөөнөөс С.Сүхбатын Асер маркын зөөврийн компъютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 1-8 тоотод иргэн Б.Мөнхтүвшингийн эзэмшлийн Самсунг галакси эс-6 маркийн утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар дунд сургуулийн 201 тоотоос Б.Нэмэхбаярын Леново маркын зөөврийн компъютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, таван үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн тал дээр маргахгүй. Үйлдсэн хэргээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2019 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 28 дугаар гудамжны 01 тоот хашаанд байх байшинд манай гэр бүлийнхэн унтаж байхад 01 цаг 30 минутын үед хаалганы дотор талын түгжээг хүчтэй татаж цоож эвдэн Арслан манай байшинд орж ирээд зогсож байсан. Тухайн үед манай гэр бүлийнхэн унтаж байсан болохоор чимээ гарахаар бүгдээрээ сэрсэн. Тэгээд би Арсланд “юу хийж манайд орж ирж байгаа юм бэ, зайлаач" гэж хэлээд би Арсланг хашаанаас гаргахад Арслан “чамайг хутгалж ална” гээд гудамжны үзүүр тойроод явсан. Тэгээд би гэртээ ороод унтаж байхад 02 цагийн үед манай хажуу хавьд хүмүүс орилолдоод байхаар нь сэрээд цонхоор харахад манай байшингийн урд бариатай байсан Монгол гэр шатаж байсан. Тэгээд галын машин иртэл бид нар гал унтраах ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Яагаад гэвэл маш хурдан шатаад гэрийн тал нь нураад унасан. Харин аз болоход шатаж байсан Монгол гэрт хүн байгаагүй. Би Арсланг манай Монгол гэрийг шатаасан гэж сэжиглэж байсан...Манай хашаанд байдаг Монгол гэрт миний ээж Баньдын Баасанжав /83 настай/ амьдардаг ба Цагаан сарын баярын үеэр гэр нь хүйтэн гээд манай байшинд золголтоо хийж хамт хонож байсан. Монгол гэрт айлд байх ёстой бүх л зүйл байсан...гэжээ. /1хх-18-19, 51-52/,
Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ хүү Буянтогтохын хамт... хүмүүстэй золгох гээд...байшингаа цоожлоод явсан. Тэгээд хүү бид 2 гэртээ орой 22 цагийн гэртэй ирэхэд байшингийн гал тогооны хэсгийн цонх хагарсан байдалтай байхаар нь гэртээ ороход үүдний хэсгээс эхлээд тавагтай идээ будаа асгарсан, хагарсан цонхны дотор талд давхар байсан цонхны нугас эвдэрсэн, гэрийн эд хогшил эмх цэгцгүй, бурханы тавиур дээр байсан цайны дээж хийдэг 1 ширхэг мөнгөн аяга, 1 шил виски, 1 шил Соёмбо нэртэй архи, Экс нэртэй архи 1 шил, Монгол нэртэй архи 1 шил, зурагтын тавиурын хажууд байсан “шавь нараас нь дурсгав” гэсэн бичигтэй, “107 дугаар цэцэрлэгийн хамт олноос нь" бичиглэлтэй 2 ширхэг мөнгөн аяга, мөн миний ажиллаж амьдарч байх хугацаандаа авч байсан Эхийн-2 одон, Боловсролын тэргүүний тэмдэг, Багшийн гавъяа, Ардын хувьсгалын ойн медаль, Боловсролын цагаан лавай тэмдэг, Арга зүйч багш, Ахлах багш, Шилдэг багш, Есөн Эрдэнэ, 5 дугаар 5 жилийн гавшгаач зэрэг тэмдэгүүд байхгүй алдагдсан байсан...гэжээ. /1хх-170/,
Хохирогч С.Смөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны өрхийн эмчээр ажилладаг ба 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутанд ажилдаа ирж тус эмнэлгийн 7 дугаартай өрөөнд иргэдэд үзлэг хийж байсан. Би 15 цагийн үед өрхийн эмнэлгийн 1 давхарт байдаг лабораторын өрөө рүү орох гээд явж байхад шатан дээр хар өнгийн малгай, куртик, өмдтэй, улаан хүрэн өнгийн малгайтай цамцтай үл таних эрэгтэй хүн надтай шатан дээр зөрөөд дээшээ 2 давхар луу гарч байсан. Тэгээд би лабораторын өрөөнд бүртгэлийн дэвтэр оруулж тавиад буцаад өрөөндөө орж ажлаа хийж байсан чинь 16 цагийн үед манай эмнэлгийн дарга Өнөрсайхан “өрөөний ширээн дээр байсан нөүтбүүк алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би өрхийн эмнэлгийн хяналтын камерыг шүүж үзэхэд надтай шатан дээр таарсан хүн даргын 1 дугаартай өрөөнөөс нөүтбүүк аваад гарч байх бичлэг байсан...Өрхийн эмнэлгийн дарга Өнөрсайхантай 2013 оноос хойш хамт ажиллаж байсан ба энэ хугацаандаа миний нөүтбүүкийг хааяа хэрэглэдэг. Тухайн өдөр миний нөүтбүүкийг ашиглаж байсан юм...гэжээ. /1хх-206/,
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ганцаараа байж байсан чинь 15 цагийн үед нэг танихгүй согтуу хүн орж ирсэн. Тэгээд цай ууя, утсаар чинь яриад өгъе гэхээр нь аав руугаа залгасан чинь гарч яваад буцаж орж ирээд миний гар утсыг миний гарнаас булаагаад аваад гараад явсан. Тэгээд цагдаа нар ирээд тэр хүнийг хараад таних уу гэхээр нь танина гээд хамт явж байтал Ханын материалын эцэст тэр ах согтуу явж байсан...миний алдсан утас Самсунг эс-6 маркын утас байсан...гэжээ. /1хх-242-244/,
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 12 дугаар дунд сургуульд бичиг хэргийн ажилтан хийдэг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 13 цагийн үед хотын төв рүү явчихаад 19 цагийн үед ажил дээрээ ирээд өрөөндөө оролгүй шууд гэр рүүгээ явсан. Маргааш нь хаалга онгойлгож ороод проектор байхгүй болохоор нь камер шүүх гэтэл ширээн дээр байсан нөөтбүүк алга болсон байсан. Камер шүүхэд 18:52 цагт 40 гаран насны, намхан хагас түрүүтэй үдээстэй гуталтай, хар бараан юүдэнтэй куртиктэй эрэгтэй хүн манай өрөө рүү ороод 18:59 цагт буцааж гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. Уг хүн 2 гартаа нөөтбүүк бариад буцаад гарч байсан...Уг алдагдсан нөөтбүүк нь Леново маркын 15 үзүүлэлттэй манай сургуулиас надад хүлээлгэн өгсөн байсан...гэжээ. /2хх-н 45-46/,
Гэрч Н.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед байх Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Чухаг хотхоны хүнсний дэлгүүр супермаркетад ажил дээр байхад 40-50 насны орчим хар өнгийн куртик, бор царайтай эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд саарал өнгийн асег нөтбүүк барьсан “ахад нь мөнгө хэрэг болоод байна, 300.000 төгрөгт авчих” гээд байсан, тэгээд би мөнгө байхгүй, авах боломжгүй гэсэн. Тэгэхэд нөгөө хүн тэгвэл 100.000 төгрөгөөр авчих гэсэн...би авах боложгүй гэсэн...60.000 төгрөгөөр авчих гээд байхаар би авсан...гэжээ. /1хх-222-223/,
Гэрч Х.Үзмээ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2019 оны 02 дугаар сарын 11-нд өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо өрхийн эмнэлэгт өөрийн ажил дээр байхад танихгүй 40-50 орчим насны эрэгтэй хүн, гадуураа хар өнгийн куртик, хар өнгийн малгай, хар өнгийн түрүүтэй гуталтай, улаан хүрэн өнгийн малгайтай цамцтай хүн манай ажил дээр бие өвдөөд байна, үзүүлэх гэсэн юм гээд орж ирсэн. Би тухайн хүнд гутлын улавч өмсүүлээд 6 номерийн эмчид үзүүл гэсэн...16 цагийн үед манай дарга Өнөрсайхан манай өрөөнд байсан нөтбүүк алга болсон байна гэсэн...ажлын өрөө, коридорын өрөөний камер шүүхэд даргын өрөөнд байсан нөтбүүкийг тухайн өдөр 15 цагийн үед манай ажил дээр орж ирж байсан 40-50 насны эрэгтэй хүн манай даргын өрөөнөөс нөтбүүкийг аваад гарч байсан...гэжээ. /1хх-224-226/,
Шинжээч С.Бат-Үсэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Монгол гэр 3-5 минутын дотор шатаж дуусдаг...хэрэв гал унтраах анги хугацаа алдаж очсон бол эргэн тойронд байрлах гэр, байшин, хашаа, автомашин гэх зүйлс галд өртөх шатах боломжтой...гэжээ. /1хх-39-40/,
Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:
Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр...Болдтой золгох гээд гэрт нь орсон чинь Болд намайг “яах гэж ирсэн юм, гарч зайл” гээд байсан. Тэгээд би байшингаас нь гараад явахдаа урд байсан монгол гэрийн хаалганы хэсгийн цагаан бүрээсийг гал асаагуураар гал асаагаад хашаанаас нь гарсан...2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар сургуулийн 201 тоот өрөөнөөс зөөврийн компъютер 1 ширхэгийг хулгайлан авч Хар хорин зах дээр танихгүй хүнд зарж зарсан мөнгөөрөө архи авч уугаад дууссан. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Ган хийц” үйлдвэрийн доод талд байрлах айлуудын дунд ногоон хашаатай тоосгон байшин руу ороход нэг эмэгтэй хүн байсан ба тэр эмэгтэйд “гар утсаар нь яриадхая” гэж худлаа хэлээд булааж аваад шууд гараад зугтаасан. Тэгээд тэр гар утсын замд явж байсан хүнд 100,000 төгрөгөөр зарсан. 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шөнийн 10 цагийн үед ХМК-аас Дүүхээ рүү уруудах замд байсан Баянголын 31 дүгээр гудамжны 01 тоот гэх хашаанд байсан байшингийн цонхыг хөшиж онгойлгоод мөнгөн аяганууд, архинууд, одон медалиуд хулгайлж аваад буцаад цонхоор нь гарсан. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны өрхийн эмнэлэгт үзүүлэх гэж орсон боловч хамгийн эхний өрөөнд хүн байхгүй байсан болохоор нь би ширээн дээр байсан зөөврийн компъютерыг хулгайлаад гарсан...гэжээ. /1хх-69-70,73-74, 232, 2хх-6/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-12/, гал түймэр унтраасан тухай нотломж /1хх-42-46/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №481 /1хх-48/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-153-154/, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-155-159/, “Хөрөнгө-Эстимейт” ХХКомпанийн №34 дугаар үнэлгээний тодорхойлолт /1хх-211-215/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-216-217/, өргөдөл /1хх-237-239/, таньж олуулах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-239-240/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-32/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-33-36/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /2хх-49-53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-134/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.А нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар дунд сургуулийн 201 тоот өрөөнөөс иргэн Б.Нэмэхбаярын эзэмшлийн Леново маркын 450.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компъютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 1-8 тоотод суух иргэн Б.Мөнхтүвшингийн эзэмшлийн Самсунг галакси эс-6 маркийн 220.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын 31 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух иргэн О.Оюунчимэгийн байшингийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, архи, одон медаль зэрэг 618.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан, 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 1 дүгээр гудамжны 28 тоотод суух иргэн Д.Болдын монгол гэрийг олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах аргаар галдан шатааж устган 1.610.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны өрхийн эмнэлгийн эмчийн өрөөнөөс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар иргэн С.Сүхбатын эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий Асер маркын зөөврийн компъ ютерийг хулгайлсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд
Хохирогч Б.Нэмэхбаярын өгсөн “...Камер шүүхэд 18:52 цагт 40 гаран насны...эрэгтэй хүн манай өрөө рүү ороод 18:59 цагт буцааж гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. Уг хүн 2 гартаа нөөтбүүк бариад буцаад гарч байсан...” гэх мэдүүлэг /2хх-н 45-46/,
Хохирогч Б.Мөнхтүвшингийн өгсөн “...гэртээ ганцаараа байж байсан чинь 15 цагийн үед нэг танихгүй согтуу хүн...орж ирээд миний гар утсыг гарнаас булаагаад аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /1хх-н 242-243/,
Хохирогч О.Оюунчимэгийн өгсөн “...орой 22 цагийн гэртээ ирэхэд байшингийн гал тогооны хэсгийн цонх хагарсан байдалтай...бурханы тавиур дээр байсан цайны дээж хийдэг 1 ширхэг мөнгөн аяга, 1 шил виски, 1 шил Соёмбо нэртэй архи, Экс нэртэй архи 1 шил, Монгол нэртэй архи 1 шил, зурагтын тавиурын хажууд байсан “шавь нараас нь дурсгав” гэсэн бичигтэй, “107 дугаар цэцэрлэгийн хамт олноос нь" бичиглэлтэй 2 ширхэг мөнгөн аяга...тэмдэгүүд байхгүй алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-170/,
Хохирогч Д.Болдын өгсөн “...би гэртээ ороод унтаж байхад 02 цагийн үед манай хажуу хавьд хүмүүс орилолдоод байхаар нь сэрээд цонхоор харахад манай байшингийн урд бариатай байсан Монгол гэр шатаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-18-19, 51-52/,
Хохирогч С.Сүхбатын өгсөн “...өрхийн эмнэлгийн хяналтын камерыг шүүж үзэхэд надтай шатан дээр таарсан хүн даргын 1 дугаартай өрөөнөөс нөүтбүүк аваад гарч байх бичлэг байсан...” гэх мэдүүлэг /1хх-206/,
Гэрч Н.Пүрэвсүрэнгийн өгсөн “...40-50 насны...эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд саарал өнгийн асег нөтбүүк...60.000 төгрөгөөр авчих гээд байхаар би авсан...” гэх мэдүүлэг /1хх-222-223/,
Гэрч Х.Үзмээгийн өгсөн “...40-50 орчим насны эрэгтэй хүн...үзүүлэх гэсэн юм гээд орж ирсэн...ажлын өрөө, коридорын өрөөний камер шүүхэд даргын өрөөнд байсан нөтбүүкийг тухайн өдөр 15 цагийн үед манай ажил дээр орж ирж байсан 40-50 насны эрэгтэй хүн манай даргын өрөөнөөс нөтбүүкийг аваад гарч байсан...” гэх мэдүүлэг /1хх-224-226/,
Шинжээч С.Бат-Үсэгийн өгсөн “...гал унтраах анги хугацаа алдаж очсон бол эргэн тойронд байрлах гэр, байшин, хашаа, автомашин гэх зүйлс галд өртөх шатах боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-39-40/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан бол, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн бол, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч Н.А нь хохирогч Б.Нэмэхбаяр, О.Оюунчимэг, С.Сүхбат нарын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, хохирогч Д.Болдын монгол гэрийг олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар галдан шатаасан, хохирогч Б.Мөнхтүвшингийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байх тул шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа шүүгдэгч Н.Агийн хохирогч Д.Болдын монгол гэрийг олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар галдан шатаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-р зүйлчилсэн нь зөв эсэх, яг ямар аргаар гэдэг нь харагдахгүй байгаа, хүн хохирсон уу гэдэг нь харагдахгүй байгаа тул энэ гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх боломжтой талаар дүгнэлт гаргалаа.
Шүүгдэгч Н.Агийн үйлдсэн хохирогч Д.Болдын монгол гэрийг галдан шатаасан гэмт хэргийн галдан шатаах арга нь өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг санаатай устгахад орших бөгөөд нийтийг хамарсан аюул дагуулах буюу хэд хэдэн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгө устгагдах аюул дагуулдаг, олон хүний амь нас хохирох, эрүүл мэндийн байдал муудах хор аюулыг учруулдаг тул шүүгдэгч Н.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар зүйлчилсэн нь зөв байна гэж шүүх дүгнэсэн болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт 3.248.000 төгрөгийн хохирол, иргэний хариуцагчид 60.000 төгрөгийн хохирол тус тус учирсанаас хохирогч С.Сүхбатад учирсан 350.000 төгрөгийн хохирол арилсан, хохирогч Б.Нэмэхбаярт учирсан 450.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Мөнхтүвшинд учирсан 220.000 төгрөгийн хохирол, хохирогч О.Оюунчимэгт учирсан 618.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Болдод учирсан 1.610.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Пүрэвсүрэнд учирсан 60.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгч Н.Агаас энэ тогтоолоор 2.958.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Ад дээрхи зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчлагдсан, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 75 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.