Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2024/00028

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2024/00028

 

 

 

Ж.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2024/00865 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох

Сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 000/долоон сая тавин мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Оргил /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус аймгийн Т сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчдийг сонгох 2016 оны орон нутгийн сонгуулиар иргэдийн итгэлийг авч төлөөлөгчөөр сонгогдсон.

Шинээр сонгогдсон төлөөлөгчид анхдугаар хуралдааныг зохион байгуулж уг хурлаас иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар намайг сонгосон юм.

Хөвсгөл аймгийн Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын сонгуульт үүргийг миний бие нэр төртэй биелүүлж шинээр сонгогдсон дараагийн хурлын дарга сонгогдсоноор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр уг үүрэг дуусгавар болсон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар засаг захиргаа, нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт зэрэг харилцааг зохицуулахаар тусгаснаас гадна түүнд нэгжийн удирдлагын нийгмийн баталгаа нь уг хуулийн 78.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан билээ.

Хурлын даргын бүрэн эрх дуусгавар болсон өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл уг тэтгэмжийг авах хүсэлтийг удаа дараа аймгийн Засаг даргад хандаж гаргасан боловч хариу өгөөгүй бөгөөд ...танд өгөөгүй юм уу... гээд аймгийн Засаг даргын тамгын газраар дамжуулан 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн баримтыг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр надад ирүүлжээ.

Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргаас тэтгэмж болох нэг сарын үндсэн цалин 000төгрөг, 6 сарын 000төгрөгийг гаргуулж Ж.С надад олгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тухайн орон нутгийн Засаг дарга болон Иргэдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүнд түүний 1 сарын цалинтай тэнцэх төгрөгийг 6 сарын хугацаанд тооцож олгох талаар заасан. Энэ нь хуульд заасан нийгмийн баталгаа юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуульд зааснаар шаардаж байгаа учир ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Бид нар хуулийг хэрэгжүүлж, дагаж мөрдөх ёстой. Тухайн үед нэхэмжлэгч уг тэтгэмжийг авах гэсэн боловч та өөр ажилд ажиллаж байгаа учир тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй байна гээд аргацаагаад яваад байсан байдаг. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албанд орчихсон байсан бол уг тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй байж болох боловч нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын орлогчийн албан тушаалыг эрхлээд явж байсан. Энэ албан тушаал нь сонгуулийн үр дүнд бий болдог учир гаргасан тайлбарт нийцэхгүй байсан. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн тухайн үед авч байсан цалингийн хэмжээ буюу 000төгрөг ба энэ мөнгийг 6 сараар тооцож 000төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг гаргуулахад татгалзах зүйл байхгүй гэж байр сууриа илэрхийлсэн. гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.1 дэх хэсэгт ...Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно... гэж заасан ба тухайн үед уг зардлыг шийдвэрлэхэд дээд шатны төсөв захирагчаас тодорхой судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг үндэслэн, мөн улсын төсвийн хүндрэлтэй байдлыг харгалзан эргээд ажилтай болсон тохиолдолд тэтгэмжийг олгохгүй байхаар тооцож төсөв хянаж ирүүлсэн. Тухайн үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сарын 000төгрөгийн цалинтай байсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын цалингийн хэмжээг тогтоосон байдаг. Гэхдээ тогтоол нь 2022 онд хүчингүй болсон. Уг тогтоолоор цалингийн хэмжээг 000төгрөгөөр тогтоосон байдаг ба уг мөнгийг 6 сараар тооцоод үзэхэд нийт 000 төгрөг болж байгаа. Тухайн үед нэхэмжлэгч нь тэтгэмж авах тухай хүсэлтээ гаргаж байсан боловч Сангийн яамнаас улс төрийн албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдсөн бол тухайн тэтгэмжийн мөнгийг олгохгүй гэх албан яриа гарсан байдаг. Гэхдээ энэ нь яг албан бичгээр ирээгүй. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Т сумын Засан даргын Тамгын газрын даргын орлогчоор ажилладаг болчихсон учир уг тэтгэмжийн мөнгийг олгоогүй байдаг юм билээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээр биш 000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгоход татгалзах зүйлгүй. гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2024/00865 дугаар шийдвэрээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар Ж.Сийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох тэтгэмж 000(долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо: ...шүүх 2024 оны 8 сарын 22-ний өдрийн 155/ШШ2024/00865 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Шүүхийн энэхүү үйл ажиллагаа нь шүүгчийн мэдлэг чадваргүйг харуулахаас гадна шүүгчийн ёс зүйтэй шууд холбоотой юм. Тэгээд ч шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна.

ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлд талууд хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан. Энэ тохиолдолд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байхаар зааснаас гадна шүүх хуралдааны үед хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн тохиолдолд шүүх мөн зүйлд зааснаар талуудын эвлэрлийг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ёстой байтал ингэсэнгүй. Шүүгч та хоёрыг эвлэрүүлэхгүй би өөрөө шийднэ гэснийг, энэ үгэндээ баригдаж шийдвэрлэснийг юу гэх вэ. Энд талууд хариуцагч талаас ирүүлсэн сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын цалингийн талаар маргаагүй харилцан зөвшөөрсөн ба нэхэмжлэгчийн цалингийн баримт нотлох баримтын шаардлагыг хангасан байхад үнэлээгүй нь бүр шүүгчийн зохисгүй байдлыг харуулж байна.

...Түүнчлэн шүүгч шийдвэрийнхээ агуулгыг танилцуулахдаа таны дурдаад байгаа заалт энэ хүнийг ажиллаж байх үед хүчингүй болсон байсан байна, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэсэн мөртөө уг шийдвэр апбажаад тамга дарсан тэр дор нь авахад агуулгыг өөрчилж дээрх маягаар гаргасан нь энэ шүүгчийн шүүх хуралдаанд нэг зүйл уншдаг, шийдвэрийг ёсчлоод гаргахдаа өөрөөр гаргадаг соёл нэгэнт тогтжээ.

Иймд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 22-ний өдрийн 155/ШШ2024/00865 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

1.Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан тэтгэмж 000(долоон сая тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ ...2016 онд Т сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоны улмаас Иргэдийн Хурлын даргаар сонгогдсон. Ингээд 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаад дараагийн 2020 оны сонгуулиар сонгогдсон Т сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчид өөрийн ажлыг хүлээлгэж өгсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан тул Хөвсгөл аймгийн Засаг даргаас тэтгэмж болох нэг сарын үндсэн цалин 000төгрөг, 6 сарын 000төгрөгийг гаргуулах... гэж тодорхойлжээ.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч уг зардлыг шийдвэрлэхэд дээд шатны төсөв захирагчаас тодорхой судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг үндэслэн улсын төсвийн хүндрэлтэй байдлыг харгалзан эргээд ажилтай болсон тохиолдолд тэтгэмжийг олгохгүй байхаар тооцож төсөв хянаж ирүүлсэн гэж тайлбарлан маргажээ.

3.Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Т сумын Засан даргын Тамгын газрын даргын орлогчоор ажилладаг болчихсон учир уг тэтгэмжийн мөнгийг олгоогүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээр биш 000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгоход татгалзах зүйлгүй... гэж тайлбарлажээ.

4.Шүүх ...нэхэмжлэгч нь дээрх албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын орлогчоор үргэлжлүүлэн ажилласан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргасан ба нэхэмжлэгчид ажилласан байдалд тасалдал гараагүй гэж үзэх үндэслэлтэй... гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг шалгаж, үнэлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тодруулбал, хэрэгт нэхэмжлэгчийг сумын Засаг даргын орлогчоор томилсон тушаал, холбогдох шийдвэр зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт авагдаагүйгээс гадна ...нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын орлогчоор ажилладаг болчихсон... гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч мөн зүйлийн 38.6.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

6.Хэрэгт цалингийн талаарх баримт авагдаагүй байх ба нэхэмжлэгч ... нэг сарын үндсэн цалин 000төгрөг, 6 сарын 000төгрөгийг гаргуулах... гэж, хариуцагчийн төлөөлөгч ...уг тогтоолоор цалингийн хэмжээг 000төгрөгөөр тогтоосон байдаг ба уг мөнгийг 6 сараар тооцоод үзэхэд нийт 000 төгрөг болж байгаа... гэж цалингийн талаар зөрүүтэй тайлбарлажээ.

Нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биенээ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгах учиртай.

7.Шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 22-ний өдөр хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын ирүүлсэн албан бичигт мэргэжилтэн Б.Бат-Оргил-ийг төлөөлөгчөөр томилсон байхад шүүх хариуцагчийн төлөөлөгчид 2024 оны 7 дугаар сарын 23-нд нэхэмжлэл гардуулсан байна. Цаашид шүүх ийм алдаа зөрчил гаргахгүй ажиллах нь зүйтэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д зааснаар нотлох баримтыг хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан тохиолдолд шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, энэ зүйлийн 168.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн нөхцөлд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, шүүхийн хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2024/00865 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,750 /нэг зуун хорин долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                        Б.СОСОРБАРАМ

Л.ЭРДЭНЭБАТ