| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2024/00554/И |
| Дугаар | 225/МА2024/00029 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 225/МА2024/00029
| 2024 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 225/МА2024/00029 |
Д.Эгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШШ2024/00861 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Эгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв ХХК-нд холбогдох
Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 000(хоёр сая таван зуун дөрвөн мянга наян хоёр) төгрөг гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХКомпанийн захирал Г.Б, нэхэмжлэгч Д.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э /цахим/, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хөвсгөл аймгийн Т сумын Т Нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий нягтлан бодогчоор 2021 оны 12 сараас эхлэн томилогдон ажиллаж байсан. Тухайн хугацаанд миний бие ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл намайг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хууль бусаар ажлаас халсан. Тухайн хугацаанаас өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг гаргуулж авахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Намайг ажиллаж байх хугацаанд хоёр удаа аудитын шалгалт ирээд шалгаад явсан. Хариуцагчийн төлөөлөгч Г.Б Т сумын Ардчилсан намын дарга нэртэй, энэ нэрээрээ Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын ажлыг 2023 оны 9 дүгээр сараас эрхлэх болсон.
...Хариуцагчийн төлөөлөгч нь намайг байнга мөнгө төгрөг идэж уусан гэсээр байгаад хоёр удаа аудитын шалгалт оруулсан ба эхний аудитын шалгалтаар сахилгын болон санхүүгийн ноцтой зөрчил над дээр гараагүй. Харин бага сага гарын үсгийн дутуу зөрчлүүд бол байсан. Гэхдээ тухайн гарын үсэг дутуу зөрчил нь нэгдүгээр гарын үсэг биш ажилчдын гарын үсэг байсан. ...би энэ алдаагаа зассан боловч намайг мөнгө идсэн гэж хариуцагчийн төлөөлөгч дарамталдаг.
...Би яг ямар үндэслэлээр ажлаасаа халагдсан талаараа одоо ч сайн мэдэхгүй байгаа.
...Иймд Т нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Г.Бгийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж байгаа тул намайг Т Нийтийн ахуй үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 000төгрөгийг гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Т Нийтийн ахуйн үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Г.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Э нь нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлж, удаа дараа санхүүгийн зөрчил гаргасан болох нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/561 тоотоор хүргүүлсэн Т сумын нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн Захирлын ирүүлсэн хүсэлт, завсарын аудитын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн хяналтын тайлан, 67/А2270648 дугаартай Төлбөр барагдуулах тухай акт, Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/257 тоот дүгнэлт, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 81/А2270439/ХӨА-2024/16/НА-СТА-ОНА, 82/А2270439/ХӨА-2024/16/НА-СТА-ОНА дугаартай Төлбөр барагдуулах тухай актууд, мөн өдрийн 57/А2270439/ХӨА-2024/16/НА-СТА-ОНА дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлага зэргээр тогтоогддог.
Түүнчлэн компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг алдаатай батлуулах, гүйцэтгэх захирлын буюу 1 дүгээр гарын үсэггүйгээр гүйлгээ хийх, өмнөх захирлыг ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш гарын үсэг зуруулж гүйлгээ хийлгэх, намайг захирлаар томилогдсоноос хойш интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг надад өгөхгүй байх зэргээр нягтлан бодогчийн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёстой Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжууд, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчиж ажиллаж байсан. Түүнчлэн ажиллаж байх хугацаандаа ажилчдын цалингаас үндэслэлгүй суутгал хийж байсан тухай өргөдлүүдийг ажилчдаас ирүүлсээр байна.
Түүний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа гаргасан алдаа дутагдал, зөрчлийн талаар өөрт нь удаа дараа сануулж, хэлж, зөвлөсөн боловч дахин дахин зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын зүгээс Т сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төв ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгох саналыг хүргүүлсэн. ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар компанийн санхүүгийн болон аудитын тайланд илэрсэн зөрчлийн талаар хэлэлцээд нягтлан бодогчид арга хэмжээ авахыг зөвлөсөн. Ингэснээр Д.Энх- Амгаланг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн болно.
Д.Э нь нэхэмжлэлдээ ... ТУЗ-ын хурал хэзээ болохыг мэдэгдээгүй. гэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болох ТУЗ-ийн хурлын тов, хэлэлцэх асуудлыг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга албан ёсоор мэдэгдсэн, би өөрөө ч хэлж байсан боловч нягтлан бодогч өөрөө хуралд оролцоогүй.
Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тушаал болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-с ажилгүй байсан үеийн цалин олговорт 000төгрөг гаргуулж, Д.Э надад олгож, тус аймгийн Нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь манай компанийн зүгээс Д.Эг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.
...Мөн төрийн болон жилийн эцсийн аудитын дүгнэлтээр 4 ажилчин дээр акт тавиулж, нөхөн төлбөр төлүүлсэн, тухайн байгууллага дээр 22 төрлийн алдаа дутагдал илэрсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь Шилэн дансны тухай хуулийг зөрчиж, шилэн дансны шивэлтийг хийгээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн болох нь аудитын дүгнэлт, ТУЗ-ийн тайлбар зэргээс тодорхой харагдаж байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШШ2024/00861 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т тус тус зааснаар Гөрөөчин Дын Эг Т Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 000төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар 55,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХКомпанийн захирал Г.Б давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... ажил олгогчийн дээрх 2024.04.10-ны өдрийн 63 дугаар Д.Эг Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохынхоо хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаж, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх учиртай боловч хуулийн эдгээр шаардлагуудыг хангаагүй гэжээ. Компанийн зүгээс нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар буюу сахилгын зөрчил давтан гаргасан учраас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Нэхэмжлэгч нь манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн зөрчлийг олон удаа давтан гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан төрийн аудитын байгууллагын актууд, сахилгын зөрчлийг давтан гаргасан нь урьд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал зэргээр нотлогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчил болон захирлын хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэл хоорондоо тохирч байхад шүүхээс ажлаас халсан үндэслэл, хууль зүйн үндэслэлтэй нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тушаалын хууль зүйн үндэслэлд оруулсан Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалт нь сахилгын шийтгэл ногдуулахтай хамааралгүй заалт байгаа боловч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн заалт нь зөв заалт байсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Эг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж тайлбарласан бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулахдаа гаргасан зөрчлийн талаар ажилтанд мэдэгдэж, түүний үгийг сонсож, улмаар гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг хүлээлгэх журмыг хуулиар тогтоосонтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна гэж буруу дүгнэлт хийжээ. Учир нь тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас Д.Эг ажлаас чөлөөлөхөөс өмнө байгууллагын дотоод хяналтын баг хуралдаж, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөх гэж байгаа, үүнтэй холбоотой санал байгаа эсэх талаар асуусан тухай хурлын тэмдэглэлийг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хугацаа аван тухайн баримттай танилцаж, санал хүсэлтгүй гэснээр шүүх хуралдаан цааш үргэлжилсэн. Энэ баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй гэж шууд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэв үнэлээгүй бол яагаад үнэлээгүй тухайгаа бичих үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой уялдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, тогтоон уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд заасан байхыг шаарддаг гэжээ. Хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдсан байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 5.2.1, 5.2.3, 5.2.14, 5.2.25 дахь заалтыг зөрчсөн тухай нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гарахаас өмнө тайлбарлаж хэлсэн, энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан, цаашлаад манай байгууллагын 2023.12.05-ны өдрийн 86 тоот Төлөөлөн удирдах зөвлөлд санал хүргүүлэх тухай албан бичигт тодорхой дурдсан зэрэг баримтууд хэрэгт авагдсан байхад эдгээр баримтыг үнэлээгүй нь хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх хардалтыг төрүүлж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Ажилтан буюу нэхэмжлэгч Д.Эд Хөвсгөл аймгийн Т сумын нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК-ийн захирлын 2023.05.19-ний өдрийн 21 дүгээр Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүйг мөн дурдав гэжээ. Манай компанийн зүгээс Д.Эг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлаж маргасан тул шүүхээс яагаад давтан зөрчил гэж үзэхгүй байгаа талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж өгөх ёстой. Тэгтэл ямар үндэслэлээр боломжгүй гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан бөгөөд Д.Э 2023.05.19-ний өдөр сахилгын шийтгэл авснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин дахин зөрчил гаргасан тул түүнийг хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж үзсэн. Тэгтэл шүүхээс ямар ч хууль зүйн үндэслэлгүй, нотолгоогүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.
...Анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлтүүд хийж, хариуцагчийн гаргасан нотлох баримтыг ямар ч шалтгаангүйгээр үнэлээгүй, нэг талыг барьж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн тус байгууллагын нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд харин ажилгүй байсан үеийн цалин олговрыг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлж шийдвэрлэж чадаагүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Цалин хөлс нь тухайн ажилтны өмч бөгөөд хэдийгээр өөрийн буруутай байдлаас болоогүйгээр ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд цалин олговрыг нөхөн олгох нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид бүрэн нийцэх билээ.
Шүүх ажилтныг ажил үүрэгт нь буцаан тавьж байгаа тохиолдолд цалин хөлсний баримт дутуу гэж дүгнэж хэрэгсэхгүй болгох нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулаад зогсохгүй цалин хөлсийг авч чадахгүй байдалд хүргэж байгаа ба түүнийг хохироохгүйгээр цалин олговрыг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэх нь эрх зүйн дэг журам хүний эрхийн үнэт зүйлсийг сахин хамгаалахад чиглэгдэх ба шүүх энэ байдлыг харгалзан дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэх нь зүйд нийцэх байсан байхаа.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 8 сарын 14-ний өдрийн 155/ШШ2024/00861 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж цалин олговор авах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХКомпанийн захирал Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төв ХХКомпанид холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 000/хоёр сая таван зуун дөрвөн мянга наян хоёр/ төгрөг гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХКомпанийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 63 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогч Д.Эг Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.4 дэх заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Эг ноцтой зөрчил болон сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж маргаж байх ба анхан шатны шүүх ажил олгогчийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тушаал нь эрх зүйн акт болохынхоо хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаж, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх учиртай боловч эдгээр хуулийн шаардлагуудыг хангаагүй гэх дүгнэлт хийн нэхэмжлэгч Д.Эг Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХКомпанийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлөх байтал Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах заалтыг баримталсан нь буруу байна.
Хавтаст хэрэгт Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХКомпанийн дүрэм, дотоод журам, Д.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХКомпанийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай тушаал, Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХКомпанийн ТУЗ-ын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, 2024 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө, тус компанийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаартай албан бичиг, Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг архивын хуулбар үнэн тэмдэг дарж нотлох баримтаар хавсаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй., 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна., Улсын Дээд Шүүхийн 2009 оны 30 дугаар тогтоолын 1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэж заасан ба энэ хэрэгт хариуцагчаар татагдсан Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХКомпанийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Хэдийгээр Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай акт, дүгнэлт, албан шаардлага зэргээр нягтлан бодогч Д.Э нь санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй хэдий ч ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг буруу баримталсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийнхээ дагуу нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүргээ хангалттай биелүүлээгүй, хуулбар баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч Д.Эг сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Д.Эгийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 000/хоёр сая таван зуун дөрвөн мянга наян хоёр/ төгрөг гаргуулж, тус аймгийн нийгмийн даатгалын байгууллагад уг цалин хөлстэй холбоотой зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн мөн адил үндэслэл бүхий болсон байна.
Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Эг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий байх ба цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр зэрэг холбогдох бусад баримтаар энэхүү шаардлагаа нотлох үүрэгтэй байхад энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Шүүх хэргийн оролцогчийн өөрсдөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх боломжтой хэдий ч нэхэмжлэгч тал нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхгүй юм.
Д.Э нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлагаа шүүхэд гаргахдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХКомпанийн захирал Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв ХХКомпанийн захирал Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШШ2024/00861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,015 /тавин таван мянга арван тав/ төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ