Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00629

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2016/00629

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Голомт банкны төв байранд байрлах Голомт банк ХХК/регистрийн дугаар:2075377/-ийн хүсэлттэй

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ханддоржийн Ломбосүрэн /регистрийн дугаар: НЬ91061907/-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч А.Мандах нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ханддорж овогтой Ломбосүрэн /РД: НЬ91061907/ нь Сод монгол ХХК-д ажиллаж байхдаа буюу 2014 оны 03-р сарын 28 өдөр Голомт банктай ЗГ1105089491 дугаартай "Зээл болон барьцааны гэрээ”-г байгуулан 2.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлээ тогтмол хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчиж байсан тул 2015.05.28 өдөр тухайн үеийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож 102/Ш32015/16304 дугаартай шүүгчийн захирамжийг гаргасан. Зээлдэгчийн шилжилт хөдөлгөөний талаар зохих лавлагааг оршин суух хороо болон Нийслэлийн Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс хүссэн боловч Хувь хүний нууцад хамаарах тул лавлагаа өгөх боломжгүй гэснээр хуульд заасны дагуу иргэний хэрэг үүсгүүлэн нэхэмжлэлээ хангуулах боломжгүй болоод байна. Иймд Ханддорж овогтой Ломбосүрэн /РД: НЬ91061907/-ийг эрэн сурвалжлах тухай захирамж гарган өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Голомт банк ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Ломбосүрэнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ. Голомт банк нь зээлийн төлбөр гаргуулах зорилгоор Х.Ломбосүрэнийн оршин суугаа газрыг тогтоолгох, эрэн сурвалжлуулахыг хүсэж буйгаа шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Ломбосүрэнийг оршин суугаа газар тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.  Иймд хүсэлтийг хүлээн авч, Х.Ломбосүрэнийг эрэн сурвалжлах үндэстэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ханддоржийн Ломбосүрэнийг эрэн сурвалжилсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу Ханддоржийн Ломбосүрэнийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк ХХК-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           

 

  •      ШҮҮГЧ                                                Ц.АЛТАНЦЭЦЭГ