Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2024/00030

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 225/МА2024/00030

 

 

Д.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 155/ШШ2024/00873 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Сгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгт холбогдох

Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 000төгрөг, ээлжийн амралтын олговрын зөрүү 000төгрөгийг тус тус гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн төлөөлөгч П.Н, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дгийн С нь Хөвсгөл аймгийн М сумын хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн багшаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халагдсан бөгөөд тус тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

...Тушаал дээрээ намайг ...цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлого зөрчиж, хүүхдийн эсрэг болон бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, үл хайхрах байдал гарган багшийн ёс зүйн алдааг удаа дараа гаргасан тул... гэж бичсэн байсан ба миний хувьд урьд нь алдаа дутагдал гаргаж, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй.

...Тиймээс намайг ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын арга хэмжээг шат дараалуулан авах ёстой байтал намайг шууд ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Дгийн С намайг тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Би 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халагдсан бөгөөд 6 дугаар сараас цэцэрлэгийн багш нар амарч эхэлдэг тул 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл буюу нийт 41 ажлын өдөр ажил эрхлээгүй байна.

...Би 2024 оны 1 дүгээр сард 000төгрөг, 2 дугаар сард 000төгрөг, 3 дугаар сард 000төгрөгийн цалин хөлс авсан бөгөөд нийт 000төгрөгийн цалин хөлсийг ажлын 65 хоногт авсан байдаг. Үүнээс миний нэг өдөрт ногдох ажлын дундаж цалин хөлс 000:65=000төгрөг болно. Үүнийг ажлын 41 хоногоор үржүүлэн тооцвол 000төгрөг болж байгаа бөгөөд энэ олговрыг нөхөн гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Дгийн С намайг тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 41 өдөр ажилгүй байсан хугацааны олговор 000төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгт даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн М сумын хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч П.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багш Д.Сг ажлаас чөлөөлсөн 2024 оны Б/17 тоот тушаалаа би үндэслэлтэй гэж үзэж байна. Д.Сгийн ажилдаа эгүүлэн тогтоолгох болон цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

...Д.С нь өөрийн хүсэлтээрээ алдаа дутагдлаа ухамсарлан ажлаа өгье гэсэн. Бид хоёрын ярьсан яриаг бичсэн бичлэг байдаг. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр би Д.С багштай уулзаж өөрийнх нь гаргасан алдаа дутагдлын талаар ярилцсан. ...Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх заалтыг тушаалдаа баримталсан.

... би 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цэцэрлэгийн камерын бичлэгийг оройн цагаар шүүж үзсэн. Ц.Амарсайхан гэх хүүхдийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нуруу руу нь цохисон, зүгээр байхад нь ангиас чирч, түлхэж гаргасан, коридорт уйлуулж мөн укаск буюу заагуур модоороо хүүхэд рүү далайж айлгасан, шкафт байгаа хувцсыг хүүхдийн энгэр лүү гаргаж шидсэн, хүүхэд рүү дахин дахин далайсан нүүрний хувирал нь хүүхдийг загнасан ууртай дүр төрхтэй бичлэг харагдсан. Мөн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бичлэгийг шалгахад Ц.А гэх хүүхдийг зүгээр байж байхад нь татаж өөр тийш нь татаж суулгах мөн зүгээр байж байхад нь ангиас чирч гаргаад эсрэг талын ангийн ОО-ын өрөө рүү оруулж орхисон. Мөн үл хайхран 30-аас 40 орчим минутаар коридорт суулгасан. Хоолоо идэх цаг хугацаанд нь хоолыг нь идүүлээгүй. Гараа угаах цаг хугацаанд нь гарыг нь угаалгаагүй, найз нөхөдтэйгөө тоглох, чөлөөтэй байх хугацаанд нь ганцааранг нь байлгасан. Ганцааранг нь байлгаж байх хугацаанд цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн ахлагч, арга зүйч н.Адилцэцэг хүүхдийг харж ангид нь оруулж хоолны ширээнд нь хоолных нь ард нь суулгаад гарсных нь дараа мөн багш хоолыг нь булаан авч өөр ширээнд тавьсан. Мөн хүүхдийг хоолны ширээнд нь ч суулгахгүй хоолны ширээнээс өөр газар ганцааранг нь суулгаж хоолыг нь өгөхгүй шийтгэж, бусад хүүхдүүдийг хооллосон байдалтай байхад нь арга зүйч ирж зохих ёсны шаардлага тавихад урдаас нь эсэргүүцээд хүүхдийн идэх ёстой 2 дугаар хоолыг төмпөнтэй нь ангид цацаж гарсан зэрэг үйлдлүүдийг гаргасан байдаг.

...Энэ үйлдлүүдээс үүдэлтэйгээр багшийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал үүсэж байгаа учраас энэ шийдвэрийг гаргасан. Д.Сгийн гаргасан нэхэмжлэл мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би өөрийнхөө гаргасан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 155/ШШ2024/00873 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Сг Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, тус цэцэрлэгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 000төгрөг, ээлжийн амралтын олговрын зөрүү 000төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Сд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сгийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч П.Н давж заалдах гомдолдоо: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Эрүүгийн тухай хуулийн 16.7 дугаар зүйлд Хүүхэдтэй хэрцгий харьцах 1.Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн бол

2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол ....

Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт. Албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн зүйл заалт.

БШУ-ны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ заалтын 3.1.1-д Суралцагчийн өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээ, 3.1.2-т Ажил мэргэжлийнхээ өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээ 3.1.3-т Хамт олныхоо өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн. Мөн журмын 4 дэх зүйлийн багш ажилтны ёс зүйн шаардлагын 4.2.2-т Сурагчид бие мах бодийн шийтгэл сэтгэл санааны дарамт үзүүлэх, хүчээр албадахаас татгалзах. 4.2.5-т Сургалтын орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, эрүүл мэнд хохироох дарамт ялгаварлан гадуурхалтад өртөх, сөрөг нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэх 4.4. дэх зүйлийн энэ дүрмийн 3.1.3. д заасан Хамт олон , эцэг эх, асран хамгаалагч , харилцагч байгууллага, олон нийтийн өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 4.4.10 дах заалт Удирдах, удирдуулах зарчмыг баримталж, удирдах дээд шатны байгууллага, албан тушаалтнаас баталсан шийдвэр, хууль ёсны үүрэг даалгавар, шаардлагыг хэрэгжүүлэхээс татгалзах үйлдэл гаргасан.

....Д.Сгийн үйлдэл нь дээрх хууль, журмын зүйл заалтуудыг зөрчиж цэцэрлэгийн орчинд багш хүнд байж боломгүй араншин, үйлдлийг удаа гаргаж, боловсролын салбарын байгууллага, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагч, багш нарын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн алдаа зөрчил юм Д. С нь нь бидний баримтаар нотлоогүй, олж мэдээгүй үйлдэл гаргаж байсныг өөрөөр хэлбэл өмнө нь хүүхдийг хүчирхийлж байсныг үгүйсгэхгүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй юм.

...Миний өөрийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон багш Д.Сг ажлаас халсан шийдвэр нь эрх зүйн хэлбэрийн актын зөрчилтэй байлаа ч багш Д.Сг төрд тэр тусмаа хүүхдийн цэцэрлэг, сургуулийн орчинд байлгаж, ажиллуулж болохгүй хүн гэдэг нь өөрийнх нь удаа дараагийн үйлдсэн үйлдэл, гаргаж байгаа авир, хүүхдийн бие, сэтгэл зүй, цаашдын бие хүн болон төлөвших, сурах үйлд хор хохиролтой, эрхэнд нь халдсан, хэрцгий шинжтэй үйлдэл нь шүүх хууль, хяналтын байгууллагын ажилтан төдийгүй, энгийн хүнд ч ойлгомжтой байгаа.

Иймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 155/ШШ2024/ 00873 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Д.С нь Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 000төгрөг, ээлжийн амралтын олговрын зөрүү 000төгрөгийг тус тус гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч П.Н бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх ...ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх ...шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар бүлгийн багш Д.Сг Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг зөрчиж, хүүхдийн эсрэг болон мах бод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, үл хайхрах байдал гарган, багшийн ёс зүйн алдааг удаа дараа гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс дуусгавар болгожээ.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар суралцагч нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дээрэлхэл, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид, ээлтэй, аюулгүй, хамгаалагдсан орчинд суралцах эрхтэй.

Гэтэл нэхэмжлэгч Д.С нь суралцагч хүүхдийн гар, нуруу руу цохих, түлхэх, чирэх, хувцсыг нь гаргаж шидэх, хоолыг нь хурааж авах зэргээр суралцагчийн эрхэд халдаж, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны сургалт, үйл ажиллагааны орчинд суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хариу арга хэмжээ авахтай холбоотой бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, CD бичлэг, үзлэгийн тэмдэглэл, гэрч Э.Пүрэвсүрэн, Х.Адилцэцэг нарын мэдүүлгээр нотлогджээ.

Анхан шатны шүүх CD бичлэг, үзлэгийн тэмдэглэл, гэрч Э.Пүрэвсүрэнгийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн байх боловч дээрх нотлох баримтуудад мэдээллийн эх сурвалж буюу М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн камерын бичлэг тодорхой тусгагдсан, нэхэмжлэгч Д.Сгийн суралцагч хүүхдийн эрхийг зөрчсөн талаарх хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүгүй байх тул эдгээр баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргээ зөрчиж, суралцагчид хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах байдал гаргасан нь нотлогдож байх тул дээрх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон нь үндэслэл бүхий гэж үзнэ.

Цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан шийдвэр хэлбэрийн шаардлага хангаагүй гэх байдал нь багшийн гаргасан үйлдлийг зөвтгөх, хамгаалах үндэслэл болохгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 155/ШШ2024/00873 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн М сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгт холбогдох бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 000төгрөг, ээлжийн амралтын олговрын зөрүү 000төгрөг тус тус гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ