Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Г.Ганбадрах, өсвөр насны шүүгдэгч Д.Ц , түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Д.Ц ын хууль ёсны төлөөлөгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Д.Б , Боржигон овогт Д.Ц нарт холбогдох эрүүгийн 1940000320015 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Боржигин овогт Д.Б , регистрийн дугаар

Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Бор-Өндөр цогцолбор сургуулийн  ангид сурдаг, ам бүл 5, аав ээж дүү нарын хамт Хэнтий аймгийн Дархан сумын оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Д ийн Ц , регистрийн дугаар

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б  нь өсвөр насны яллагдагч Д.Ц тай хамтран Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Бэнни маркийн мотоциклыг ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын  дугаар  баг гэх газарт оршин суух иргэн М.З 1 тооны хонийг хулгайлахаар завдсан,

Өсвөр насны шүүгдэгч Д.Ц  нь Д.Б тай хамтран Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Бэнни маркийн мотоциклыг ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын  дугаар  баг гэх газарт оршин суух иргэн М.З 1 тооны хонийг хулгайлахаар завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  “Тэр өдөр би гэрийнхээ зүүн уулан дээр хонио хариулаад байж байсан. Урд талд айлын хэсэг хонь байсан. Хонио хойшоо уул өөдөө гаргаад байж байтал Д.Ц  ирсэн. Бид хоёр хэсэг юм ярьж байгаад би урд байгаа хэсэг хониноос нэгийг авчихъя гэж хэлсэн. Тэгээд Д.Ц ын мотоцикльтой очоод хонь аваад наашаа ирж байгаад дэрсэнд уяад орхисон. Тэр өдөр шуургатай байсан. Би хонио хойд уул руу оруулахаар ганцаараа явсан болохоор орой болсон. Тэгээд О ах дүүтэйгээ ирээд хонь дээр мотоцикльтой хүн очоод явчихлаа гээд надаас ямар хүн байсан талаар асуусан.  Тэр үед би айгаад хэлж чадаагүй. Манай хонийг шалгасан. О ахын хонь манай уулын баруун хойноос гараад ирсэн. Дэрсэнд хөлийг нь уяад орхисон хонь тайлагдсан байсан. О ах хонио хараад намайг авсан байна гэж хэлсэн. Би буруугаа хүлээгээд уучлалт гуйсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Ц  “Би хөдөө гэрээсээ үхрээ услах гээд явж байсан. Тэгээд гадаа сэрүүхэн салхитай байсан болохоор даараад Д.Б ын гэрт очсон. Гэрт нь очиход хүнгүй байсан. Би буцаад явах гэж байхад гэрийн зүүн талд машинтайгаа зогсож байсан. Тэгээд Д.Б  ахтай уулзахад урд эзэнгүй хонь байна хоёулаа очоод нэгийг нь бариад авая гэж хэлсэн. Бид хоёр хамт очоод нэгийг нь бариад гэр рүү нь авчраад дэрсэнд орхисон. Би машин дээр нь буулгаж өгөөд гэртээ харьсан”

Шүүгдэгч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Намайг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хөдөө мал дээрээ буюу гэрийн зүүн талд байх өндөр уулан дээр машинтай хонь ямаагаа хараад сууж байхад 14 цагийн орчимд манай зүүн хойд талд нутагладаг Д  ахын хүү Ц  нь цэнхэр банктай, улаан раммтай, Венни маркийн улсын дугааргүй мотоцикльтой ганцаараа гэрийн гадаа ирээд намайг харчихаад над дээр ирсэн. Ингээд бид хоёр ойр зуурын юм ярьж байтал манай хонь урагшаа уруудаад явчихаар нь Ц ыг мотоцикльтой явж байсан болохоор нь би Ц ыг гуйж "Ахынхаа хонийг уул руу шахаад оруулаад өгчих" гэж хэлэхэд Ц  мотоцикльтойгоо явж манай хонийг уул руу шахаж өгсөн. Ингээд эргэж бид хоёр анх уулзсан уулын орой дээрээ ирэхэд уулын урд энгэрээр хонь ямаанууд 2-3 хэсэг салж сарнисан байдалтай бэлчиж байсан. Тэгсэн Ц  “Ах би дотуур байранд байдаг юм, надад мөнгө хэрэгтэй байна, хоёулаа нэг хонь авчихъя, хонио зараад мөнгийг нь хуваагаад авчихъя” гэхээр нь Ц тай хамт мотоцикльтой нь очиход бэлчиж байсан хэсэг хониноос Ц  улаан хүзүүтэй нэг хонийг бариад авсан. Тэгэхээр нь уг хонийг мотоцикль дээрээ дүүрч тавиад хойшоо гэрийнхээ урд талын дэрсэн дунд авчираад 3 хөлийг нь хооронд нь хүлээд үлдээсэн. Ингээд бид манай гэрт очоод цай уучихаад Ц  гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Ц ыг явсаны дараагаар О ах манайд ирээд “Ямар мотоцикльтой хүн явсан юм, чи урд дэрснээс юун хонь авсан юм” гэхээр нь “Дархан сумаас сунгаа үзэх гээд 2 хүн зам асуугаад явж байна, мөн эргүүтсэн хонио авсан юм, одоо эргүүтсэн хонь уулын энгэр дээр байгаа та очоод хар" гэж худлаа ярьсан. Тэгсэн О ах Хуланхүүгийн хамтаар хонь үзэхээр явахад нь О ахын хойноос очиж үнэн учраа хэлж хонь хулгайлснаа хүлээж уучлалт гуйгаад хонийг нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 14-15-р хуу/

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Бор-Өндөр сумын сургуульд суралцдаг ба 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 2019 оны 01 дүгээр сарын 22-ний хооронд сурагчийн амралт эхэлж би аав ээж дээрээ очсон байсан юм. Ингээд би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 11 цаг өнгөрч байх үед бэлчээрт гарсан байсан үхрээ услахаар аавын эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй, улаан өнгийн “Венни” маркийн мотоциклийг унаад гэрээсээ гарч үхэр бэлчиж байсан газарт очиж үхрээ хойд зүгт буюу худгийн зүг рүү тууж явж байх замдаа даараад байсан тул Д  ахын гэрээр ороход хүнгүй байсан. Тэгэхээр нь би буцаад үхэр лүү явж байтал Д  ахын хүү Б  ахтай тааралдсан. Тухайн үед Б  ах өөрийнхөө ногоон өнгийн “Приус” маркийн машинтайгаа явж байсан. Тэгсэн Б  ах “Урд хоёр хэсэг хонь ямаа байна, хоёулаа хамт очоод наана тасарсан хонь ямаанаас нэгийг нь бариад авъя” гээд машинаасаа урт цагаан уяа авахаар нь би “Би үхрээ услахаар явж байна, хойшоо явлаа” гэхэд Б  ах намайг “Битгий хүүхэн шиг аашлаад бай, очоод хамт барилцаад өгчих” гээд байхаар нь би “Та хониор яах гэж байгаан” гэхэд Б  ах “Ах нь cap шинийн баяр болохын өмнө машиныхаа амаржинаа янзлуулах гэж байгаа юм” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгсэн Б  ах миний унаж явж байсан мотоциклийг өөрөө жолоодож намайг хойноо суулгаад уулын хажуу аманд бэлчиж байсан хэсэг хонь ямаа нь дээр очиж зогсоод “Ах нь энэ хониудыг тогтоож байя, харин чи ард нь яваа улаан толгойтой хонийг бариад ав, чи арай хурдан хөдөлгөөнтэй юм чинь” гэж хэлчихээд өөрөө хонь тогтоож хурааж өгөхөөр нь би заасан улаан толгойтой хонийг нь гараараа барьж авсан. Тэгсэн Б  ах миний барьсан хонийг мотоциклийн урд банк нь дээр тавиад өөрөө мөн мотоциклио жолоодож ардаа намайг суулгаад хонь бэлчиж байсан газрын ойролцоо байх дэрсэн дээр очоод машинаас авсан урт цагаан уяагаар хонины гурван хөлийг холбож уяад үлдээсэн. Ингээд Би Б  ахыг машин дээр нь буулгаж хамт гэр рүү нь ирээд халуун цай уучихаад цааш үхрээ услахаар явсан. Тэгсэн хэд хоногийн дараа намайг бусдын мал хулгайлсан гэж цагдаагийн байгууллага дээр дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20-р хуу/

Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг Цагаан толгой гэх газар хонь, ямаа хариулж байгаад тасарсан хэдэн ямаагаа Номгоны энгэр гэх газарт нутагладаг Д  гэх айлын урд талаас туугаад хонь ямаа руу явж байтал Д  ахын машин болох ногоон өнгийн Приус маркийн автомашин нь гэрийнхээ зүүн талын овоо нь дээр зогсож байсан, тэгсэн тэр машин руу цэнхэр өнгийн мотоцикль унасан хар бараан өнгийн куртиктэй хоёр залуу очоод машинаас юм авсан бололтой буцаад манай хонин дээр ирж нэг нь мотоциклиосоо буугаад манай хонин дундаас нь нэг тооны хонь барьж аваад мотоцикль дээрээ дүүрээд хойшоо 1 км орчим зайнд очоод хөлийг нь хүлээд орхиод машин дээрээ эргэж ирсэн. Ингээд нэг нь машинаа унаж, нөгөө нь мотоциклио унаад цаана бэлчиж байсан хонь руугаа явсан уг хонь нь Д гийн хонь байсан. Би энэ бүгдийг дурангаар харсан юм. Би тэр 2 залууг хонин дээр очиж дундаас нь 1 хонь авч хойшоо очиж буулгаж үлдээхийг харсан боловч явган хонь ямаагаа тууж явсан болохоор очиж чадаагүй, багцаагаар 3 км орчим зайнд байсан. Ингээд тэр хоёр хонио эргүүлчихээд эргэж гэр рүүгээ ирээд удалгүй гарч нөгөө хоёр залуугийн нэг бололтой мотоциклио унаад зүүн зүгт явсан. Би хол байсан учир энэ бүгдийг дурангаар харж байгаагаад гэр рүү очиж аав, ээж, дүү нартаа энэ талаар хэлээд төрсөн дүү Хуланхүүг дагуулж Д гийн гэр рүү очиход эзэнгүй байсан. Тэгсэн намайг гэрийнх нь гадаа ирээд зогсоход Д гийн хүү Б  хойноос ирсэн. Тэгэхээр нь би “Чи энэ урд талын дэрснээс юун хонь авсан юм” гэхэд Б  “Би өөрийнхөө эргүүтсэн хонийг авсан юм, хойд ууланд байгаа очоод хар” гэхээр нь очиж харахад манай хонь биш байсан. Тэгэхээр нь би Б аас “Юун мотоциклтой хүн явж байсан юм” гэхэд "Айраг сумаас наадам үзэхээр ирсэн хоёр хүн явж байсан" гэж хариулсан. Ингээд би гэр рүү явах гэж байтал Д гийн гэрээс баруун хойш 200 метр орчим зайнд нэг хонь газар хэвтэж байхаар нь би дүүгийн хамтаар очиж үзэхэд манай зөв талын чих ухам имтэй шар халзан зүсмийн соёолон эр хонь байсан. Уг хонийг хүзүүгээр нь цагаан боршут гэх уяагаар уяасан байсан. Тэгсэн Д.Б  хойноос гүйж ирээд “Уучлаарай ах би айгаад хэлж чадаагүй юм, танай хониноос энэ хонийг авсан нь үнэн” гээд наад уучлалт гуйгаад байсан. Тэгэхээр нь хонио гэрлүүгээ аваад явсан. ... Уг хоёр залуугийн нэг нь болох Б  гэгч нь эгчийнхээ хүүхэдтэй манайхтай саахалт айл болон нутагладаг. Харин Б тай хамт хонь хулгайлсан Ц  аав ээжийн хамтаар нь мөн л манайхтай саахалт нутагладаг. Тэрнээс бид нарыг хооронд ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. ... Би алдсан хонио амьдаар нь олж авсан болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, Б , Ц  нараас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 4-5 хуу/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-н 1-р хуу/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-н 2-р хуу/, эд зүйлд үнэлгээ тогтоосон тодорхойлолт /хх-н 10-р хуу/, Д.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28-р хуу/, Д.Ц ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36-р хуу/, Д.Ц ын сурлага, хүмүүжил, зан байдлын тодорхойлолт /хх-н 38-р хуу/, Д.Ц ын сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 39-44-р хуу /эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 68-71-р хуу/, эд зүйлд үнэлгээ тогтоосон тодорхойлолт /хх-н 72-р хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Д.Б , өсвөр насны шүүгдэгч Д.Ц  нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б , Д.Ц  нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг Бумбат гэх газраас иргэн Н.О нэг тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлахыг завдсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 Хохирогч Н.О “...Д  ахын машин болох ногоон өнгийн Приус маркийн автомашин нь гэрийнхээ зүүн талын овоо нь дээр зогсож байсан, тэгсэн тэр машин руу цэнхэр өнгийн мотоцикль унасан хар бараан өнгийн куртиктэй хоёр залуу очоод машинаас юм авсан бололтой буцаад манай хонин дээр ирж нэг нь мотоциклиосоо буугаад манай хонин дундаас нь нэг тооны хонь барьж аваад мотоцикль дээрээ дүүрээд хойшоо 1 км орчим зайнд очоод хөлийг нь хүлээд орхиод машин дээрээ эргэж ирсэн...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Д.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид хоёр хэсэг юм ярьж байгаад би урд байгаа хэсэг хониноос нэгийг авчихъя гэж хэлсэн. Тэгээд Д.Ц ын мотоцикльтой очоод хонь аваад наашаа ирж байгаад дэрсэнд уяад орхисон...” гэх мэдүүлэг

Өсвөр насны шүүгдэгч Д.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Д.Б  ахтай уулзахад урд эзэнгүй хонь байна хоёулаа очоод нэгийг нь бариад авая гэж хэлсэн. Бид хоёр хамт очоод нэгийг нь бариад гэр рүү нь авчраад дэрсэнд орхисон...” гэх мэдүүлэг

Эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа таван хошуу малыг ашиг олох, шунахайн сэдэлт, зорилгоор нууцаар буюу өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд өсвөр насны шүүгдэгч Д.Ц , шүүгдэгч Д.Б  нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл буюу мотоцикл ашиглан нэг тооны хонийг эзэнд нь мэдэгдэлгүйгээр авахыг завдсан үйлдэл нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй байх тул Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 Шүүгдэгч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутагт бэлчиж байсан хохирогч Н.О өмчлөлийн малнаас нэг тооны хонийг барьж авч мотоциклоор тээвэрлэсэн үйл баримт нь тухайн гэмт хэрэгт шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж оролцсон болохыг нотолж байна.

Хулгайлсан хонио Д.Б ын гэрийн ойролцоо хүлж орхисон байхад нь хохирогч илрүүлсэн буюу тэдний хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн хулгайлсан эд хөрөнгө болох хонио өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж буй болоогүй нь тэднийг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэл болох юм.           

          Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн хүсэл эрмэлзлээс үүдэлтэй байна.  

            Шүүхээс шүүгдэгч Д.Б , өсвөр насын шүүгдэгч Д.Ц  нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч Д.Б , Д.Ц  нар нь бүлэглэн бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Хавтаст хэргийн 34-44 дүгээр хуудсанд өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон мэдээлэл болох иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний гэрчилгээний хуулбар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Бор-Өндөр цогцолбор сургуулийн захирал М.Д “Д.Ц  нь 2008 онд Хэнтий аймгийн Дархан сумын дунд сургуулийн 1-р ангид элсэн орж 2015 оны 11 дүгээр сарын 1-нд Бор-Өндөр цогцолбор сургуульд шилжин ирж одоо О.Д багштай  ангид тасралтгүй суралцаж байна. Даруу төлөв зантай, анги хамт олныхоо дунд нэр хүнд сайн, өгсөн үүрэг даалгаврыг чанартай сайн биелүүлдэг, тусархаг нийтийн тустай хөдөлмөрт идэвхтэй сайн оролцдог. Олны дунд биеэ зөв боловсон авч явах чадвартай. Хими, биологийн хичээлдээ илүү сонирхолтой. Агаарын теннисээр хичээллэдэг. Д.Ц  нь сурлага, урлаг, спортын манлайлагч сурагч бөгөөд, олон нийтээс зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог. 2018-2019 оны хичээлийн жилд Урлагын бага наадам Ардын дууны төрөлд III-р байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн. САШ сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүдэд амжилттай сайн оролцсон” гэх тодорхойлолт, суралцагчийн хувийн хэргийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Д.Ц  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Бор-Өндөр цогцолбор сургуулийн дүгээр ангид суралцдаг даруу төлөв зантай, анги хамт олныхоо дунд нэр хүндтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогдож байна.

             Шүүгдэгч Д.Ц  нь 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ  хоногтой, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хоногтой байсан байна.

          Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өсвөр насны этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэгдсэн байхаар зохицуулсан.

          Иймд шүүгдэгч Д.Ц , Д.Б  нарыг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэхийг завдсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан болон тэдний хувийн зан байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж Д.Ц т ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь, шүүгдэгч Д.Б д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж тус тус үзэж тэд нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зохистой гэж дүгнэсэн болно.

          Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ц ыг өөрийн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хүлээх хүсэлтийг  С.Д нь гаргасан тул түүний хүсэлтээр дээрх үүргийг түүнд даалгаж шийдвэрлэлээ.     

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэмт хэргийн хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ С.Д ийн өмчлөлийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Венни маркийн мотоциклийг ашигласан болох нь тогтоогдож байна. Иймд прокурорын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолоор Венни маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилснийг хүчингүй болгож, өмчлөгчид нь буцаан олгож, тухайн тээврийн хэрэгслийн үнэ 300.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б  болон иргэний хариуцагч С.Д ээс хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Д.Ц  нь эрх зүйн бүрэн чадамжгүй буюу өөрөө бие даан орлого олдоггүй тул түүний эцэг С.Д ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2-т зааснаар иргэний хариуцагчаар татсан болно.

           Хохирол төлбөрийн талаар:

          Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Н.О нь алдсан гэх хонио буцаан авсан шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул энэхүү тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Боржигин овогт Д.Б , өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Д.Ц нарыг бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Д.Б ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Д ийн Ц т ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , өсвөр насны шүүгдэгч Д.Ц  нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах түүнчлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Д.Ц т сануулсугай.

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Д.Ц ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж түүнийг хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг С.Д т даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй “Венни” маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх мотоциклийн үнийн дүн болох 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч С.Д ээс 150.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б ааас 150.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

          8. Шүүгдэгч Д.Б , өсвөр насны шүүгдэгч Д.Ц  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Ц , Д.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР