| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0157/Э |
| Дугаар | 232 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 232
2019 02 22 232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Р.Энх-Оюун,
хохирогч “Ихэр шарангад” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа,
шүүгдэгч Г.Э, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Г.Э, Б.С нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808050121521 дүгээр хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Мөнх овогт Готовын Э /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Өөлд овогт Болормаагийн С /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.С, Г.Э нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор 47-79 УБТ, 39-76 УБХ улсын дугаартай машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр Шарангад” ХХК-ийн махны агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үхрийн хаа 5 ширхгийг, үхрийн гуя 10 ширхгийг хулгайлан авч, бусдад 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгөний хэрэгцээ гараад мах авсан. 2017 оны 10 дугаар сараас уурын зуухны галчаар ажилд орсон. Бид 2 санаачилсан. Өөр үйлдсэн хэрэг байхгүй. Гэмшиж байна. Ял шийтгэлийг багасгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би машинаа бариулахаар 3 дүүг дуудсан. Мах миний машинд багтахгүй байсан. Энэ гурвыг ирэхэд махаа хашаанаас гаргасан байсан. Мөнгөний хэрэгцээ гараад байсан. Агуулахын арын хаалгаар хүнгүй байхаар нь орсон. Цоожийг мулталж орсон. Би галчаар ажиллаж байсан. Үйлдлээ зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Уг машин нь Хишигбаярын эзэмшлийнх, би 2018 оны 7 дугаар сард худалдаж авсан. Гэм буруутайгаа ойлгож байна” гэв.
Хохирогч “Ихэр шарангад” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай компани Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Шүүгдэгч нар 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Тэр шөнө над руу залгаад “энэ хүмүүсийг таних уу” гээд “ир” гэхэд очсон. Машиныг онгойлгож үзэхэд 2 машин дүүрэн үхрийн мах ачсан байсан. Энэ хүмүүс агуулах руу нэвтрэх эрхгүй. Ажил тарахад агуулахыг цоожлоод манаачид хүлээлгэж өгдөг журамтай. Алдсан махаа хүлээж авсан. Албан ёсны уучлалт гуйгаагүй нь гэмшиж байгаа үйлдэл мөн бишийг мэдэхгүй байна. Энэ үйлдэл дээр ярих зүйлгүй, гомдол саналгүй” гэв.
Эрүүгийн 1808050121521 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогчийн төлөөлөгч Д.Дын: “2018 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө гэртээ байсан чинь шөнийн 3 цагийн үед “цагдаагийн газраас ярьж байна, та С, Э гэх хүнийг таних уу” гэхээр нь би “наад хүмүүс чинь манай уурын зуухны галч нар байна, яасан, юу болов” гэж асуухад “энэ хүмүүс танай үйлдвэрээс мах хулгай хийж байгаад баригдсан, та ирж мэдүүлэг өгөх шаардлагатай” гэхээр нь би ирсэн. Цагдаагийн газарт ирэхэд манай үйлдвэрийн галч Э, С нар танихгүй 3 залуугийн хамт зогсож байсан. ...Хэрэг гарах үед энэ хоёр амарч байсан, ээлжинд Жамъянсүрэн гарч байсан. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-136-137/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 466 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Нийт үхрийн хаа 5 ширхэг, үхрийн гуя 10 ширхэг, хохирлын дүн нь 3.050.000 төгрөгөөр тогтоож байна” гэжээ /хх-39-41/,
Гэрч Э.Төмөрсүхийн: “Би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Арвайн үндэс” компанийн хашаанд хамаатны ах Мөнхбаярын хамт 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр рекламын самбар хийж байсан чинь 20 цагийн үед Мөнхбаяр ах нэг хүнтэй утсаар ярьж байснаа “Содоо ах согтуу машинаа барьж чадахгүй, машин баридаг хүн аваад хүрээд ир гэнэ, чи хамт явах уу” гэхээр нь би “машин барьж чадахгүй” гэсэн чинь хамаатны хүн Хишигбадрах руу залгаад хамт явахаар болсон. Тэгээд 23 цагийн үед Содоо ахын ажил дээр очсон чинь Содоо ах танихгүй нэг ахтай байсан. Мөнхбаяр ахтай юм ярьж байснаа Содоо бид гурвыг “үйлдвэрийн хойд талд машинтайгаа оч, тэндээс машинд чинь юм ачна” гэхээр нь Хишигбадрах ах “юу ачих юм бэ” гэсэн чинь “чимээгүй бай” гэсэн. Үйлдвэрийн хойд талд очиж мах ачсан. Бид нар махаа ачиж дуусаад замдаа явж байгаад Замын цагдаад баригдаад цагдаагийн газарт ирсэн. ...Тухайн үед үхрийн мах ачсан гэж бодож байна. 2 машинд хуваагаад үхрийн гуя 10 ширхэг, үхрийн хаа 5 ширхэг байсныг ачсан...” гэх мэдүүлэг /хх-28-29/,
Гэрч Б.Мөнхбаярын: “...Манай төрсөн ах С “би ажил дээрээ согтуу байна, чи ирээд ав” гэхээр нь “завгүй байна” гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй Содоо ах дахиж залгаад “машин барих хүн байхгүй байна, чи өөрийнхөө машиныг аваад нэг машин барих хүн олоод дагуулаад ир” гэхээр нь ...Б.Хишигбадрах руу залгасан чинь “5 шарын автобусны буудал дээр явж байна” гэхээр нь би “Содоо ах согтуу байна, ирээд машин бариад өг гэнэ, чи завтай бол яваад бариад өгөөч” гэсэн чинь “за” гэж хэлэхээр нь би хамт ажиллаж байсан дүү Төмөрсүхийг дагуулан ...Хишигбадрахыг аваад ...23 цагийн үед ...очсон чинь Содоо ах, Э ахын хамт хашааны гадна зогсож байсан. Намайг “хүрээд ир” гэхээр нь очсон чинь ажлынхаа хойд булан руу дагуулан очоод “энэ үхрийн махнуудыг машиндаа ач” гэсэн. “Юун мах юм бэ” гэсэн чинь “чи хуцалгүй наад махаа ач” гэсэн. Тэгээд Хишигбадрах, Төмөрсүх нарын хамт мах ачиж, дуусаад замдаа явж байгаад цагдаад баригдаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31/,
Гэрч Б.Хишигбадрахын: “...23 цагийн үед Содоо ахын ажлын газар луу явсан. Содоо ах ажлынхаа нэг ахтай зогсож байсан. Мөнхбаярыг дуудаад Содоо ах юм ярьж байснаа “чи машинаа манай ажлын хойгуур оруулаад ир” гэсэн. Үйлдвэрийн ард очсон Содоо ахын цагаан өнгийн машины хажууд бод малын хаа, гуя ил гаргасан байсан. Мөнхбаяр “энэ юун мах юм бэ” гэсэн чинь Содоо уурлаад “хуцалгүй наад махаа машиндаа ач” гэж хэлээд би Мөнхбаяр, Төмөрсүх нарын хамт машинд ачиж дуусаад би Содоо ахын машиныг, Мөнхбаяр өөрийнхөө машиныг бариад хөдөлсөн. Тэгээд Эмээлтийн тойрог дээр явж байгаад замын цагдаа шалгаад “хаанаас юун мах ачаад явж байгаа юм, гарал үүслийн бичиг нь хаана байна” гэж хэлсэн. Тэгээд Содоо бууж уулзсан чинь цагдаа бид нарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-32-33/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө ээлж авах гээд ирэхээр нь би “Э ахаа хоёулаа махны зоориноос мах авах уу, надад мөнгө хэрэг болоод байна” гэсэн чинь Э ах чимээгүй байж байснаа зөвшөөрөөд би ажлаасаа буусан. 2018 оны 10 дугаар сарын 26-ны 14 цагийн үед залгаад өнөөдөр Жамъяндорж ах гарч байгаа байх, хоёулаа нөгөө махаа зоориноос авахаар болоод “машин тэрэг яах уу” гэж Э ах асуухаар нь би өөрийнхөө машинаар ачна гэж хэлсэн. Тэгээд 23 цагийн үед би өөрийн 7936 УБЯ улсын дугаартай Аксент маркийн машинтайгаа Э ахыг аваад “Ихэр шарангад” компанийн хашааны гадаа очоод уурын зуухны араар хашааг давж ороод бид хоёр махны агуулах буюу зоорины хаалгыг татаж онгойлгоод үхрийн гуя 10 ширхэг, үхрийн хаа 5 ширхгийг аваад өөрийнхөө машинд хийсэн чинь багтаагүй. Би өөрийн дүү Б.Мөнхбаярыг “машинаа аваад манай ажил дээр хүрээд ир” гэсэн. Б.Мөнхбаяр “яах гэж байгаа юм, би ажилтай байна” гэхээр нь би “ах нь жоохон согтуу байна, би машинаа согтуу барьж чадахгүй байна” гэсэн чинь удалгүй ирэхдээ хамаатны дүү Төмөрсүх, хүргэн Б.Хишигбадрахыг дагуулаад ирсэн. Б.Мөнхбаярын машинд хулгай хийсэн үхрийн махаа ачаад Эмээлтийн тойрог дээр явж байсан чинь цагдаа шалгаад “махны чинь гарал үүслийн бичиг байна уу, хаанаас юун мах авч яваа юм бэ” гэхээр нь би “энэ махыг хулгай хийсэн” гэж үнэнээ хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-143-145/,
Шүүгдэгч Г.Эын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө ээлж хүлээлцээд байж байсан ...“ахаа дүүд нь мөнгө хэрэг болоод хоёулаа мөнгөний ажил хийх үү” гэхээр нь би “чамд мөнгөний ямар ажил байна” гэхээр нь “агуулах, зоориноос мах хулгай хийх үү” гэхээр нь би “хаалга үүдийг нь яаж онгойлгох юм бэ” гэсэн чинь С “хаалга нь завсартай, завсраар нь гараа хийж байгаад цоожийг мулталж болно” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд ...ээлжээ өгөөд гэртээ амарч байсан чинь 16 цагийн С залгаад “ахаа нөгөө махаа яах уу” гэхээр би “машин тэрэг байгаа юм уу” гэсэн чинь “би өөрийнхөө машинтай явна” гэхээр нь би “за” гэж хэлээд 23 цагийн үед Сын машинд суугаад компанийн зүүн хойд талын хашааны гадаа очиж зогсоод бид хоёр шууд хашаа давж ороод, уурын зуухны араар гараад, шууд агуулах буюу зоорины хажууд очоод гүйдэг хаалгыг нь хажуу тийш түлхэж байгаад цоожийг мултлан дотогшоо ороод махнуудыг хашаа давуулан авсан. Сын машинд ачсан чинь багтаагүй. Тэгсэн С “би дахиад машин дуудлаа” гэсэн. Удалгүй Содоогийн дүү Мөнхбаяр танихгүй хоёр залуугийн хамт хүрээд ирсэн. Мөнхбаярын машинд үлдэгдэл махаа ачаад бид нар бөөнөөрөө доошоо хөдөлсөн. Эмээлтийн тойргийн орчим цагдаа зогсоогоод шалгаж саатуулаад цагдаа дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-152-154/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-16/, гэрч Г.Цогзолмаагийн мэдүүлэг /хх-35-36/, гэрч Н.Бямбын мэдүүлэг /хх-37-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50, 51/, дансны хуулга /хх-62-64/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-68-69/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-73, 82/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-103, 116/,гэрч Б.Хишигбуяны мэдүүлэг /хх-157/, гэрч Ч.Батэямын мэдүүлэг /хх-158-159/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-162-164/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-170-173/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.С, Г.Э нар бүлэглэн 47-79 УБТ улсын дугаартай Subaru Forester маркийн, 39-76 УБХ улсын дугаартай Hyundai Accent маркийн тээврийн хэрэгслүүдээр 2018 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Ихэр шарангад” ХХК-ийн махны агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үхрийн хаа 5 ширхэг, үхрийн гуя 10 ширхгийг авч, бусдад 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн төлөөлөгч Д.Дын “...“цагдаагийн газраас ярьж байна, та С, Э гэх хүнийг таних уу, ...энэ хүмүүс танай үйлдвэрээс мах хулгай хийж байгаад баригдсан байна...” гэсэн. Үйлдвэрийн галч Э, С нар танихгүй 3 залуугийн хамт цагдаагийн үүдэнд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-136-137/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 466 дугаар “нийт хохирлын дүн нь 3.050.000 төгрөгөөр тогтоож байна” гэх дүгнэлт /хх-39-41/, гэрч Э.Төмөрсүхийн “...үйлдвэрийн хойд талд очиж мах ачсан...” гэх мэдүүлэг /хх-28-29/, гэрч Б.Мөнхбаярын “...Содоо ах хамт ажилладаг Э ахын хамт хашааны гадна зогсож байсан. ...“энэ үхрийн махнуудыг машиндаа ач” гэсэн. Тэгэхээр нь “юун мах юм бэ” гэсэн чинь “чи хуцалгүй наад махаа машиндаа ач” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31/, гэрч Б.Хишигбадрахын “...Содоо ахын цагаан өнгийн машины хажууд бод малын хаа, гуя ил гаргасан байсан. ...Содоо уурлаад “хуцалгүй наад махаа машиндаа ач” гэж хэлээд махыг ачиж дуусаад явсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/, шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн “...би “Э ахаа хоёулаа махны зоориноос мах авах уу, надад мөнгө хэрэг болоод байна” гэсэн чинь Э ах чимээгүй байж байснаа зөвшөөрөөд ...бид хоёр махны агуулах буюу зоорины хаалгыг татаж онгойлгоод үхрийн гуя 10 ширхэг, үхрийн хаа 5 ширхгийг аваад ...Тэгээд дүү Б.Мөнхбаярын машинд хулгай хийсэн үхрийн махаа ачаад Эмээлтийн тойрог дээр цагдаа шалгаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-143-145/, шүүгдэгч Г.Эын яллагдагчаар өгсөн “...23 цагийн үед ...агуулах буюу зоориноос махнуудыг хашаа давуулан авсан. ...Мөнхбаярын машинд үлдэгдэл махаа ачаад бид нар бөөнөөрөө доошоо хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-152-154/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-16/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-68-69/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С, Г.Э нарын “Ихэр шарангад” ХХК-ийн тусгайлан хамгаалсан махны агуулахаас 5 ширхэг үхрийн хаа, 10 ширхэг үхрийн гуя хулгайлан авч бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслүүдэд ачиж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч “Ихэр шарангад” ХХК-д 3.050.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд уг эд хөрөнгийн биет байдлаар нь буцаан өгсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-68-69/, хохирогч “Ихэр шарангад” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дын: “...надад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-136-137, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.С, Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хохирол төлөгдсөн тул 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. 39-76 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч С, гэрч Бямба, Хишигбаяр нарын мэдүүлгээр Сын эзэмшлийнх болох нь тогтоогдож байна. Иймд улсын орлого болгох саналтай. Нөгөө машины эзэмшигч нь өөр этгээд байх тул битүүмжлэлийг чөлөөлж, эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй...” гэж,
шүүгдэгч нарын өмгөөлөгч “Өөрсдийн ажиллаж байсан компаниас Сын санаачлагаар, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж байгаа, маргаагүй. Амьдралын хүнд нөхцөл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Э нь эхнэр, 4 хүүхэдтэй. 57 настай. Мөнгөний гачигдалд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. С 2 ихэр хүүхэдтэй, 1 нас 8 сартай. Эхнэр нь ажилгүй. Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг багасгаж өгнө үү. Тээврийн хэрэгслүүд өөр хүний эзэмшилд байгаа тул буцаан олгож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шөнийн цагаар, өөрсдийн ажлын ээлжгүй үед бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /3.050.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, биет байдлаар төлөгдсөн, хохирогчийн төлөөлөгч “Энэ үйлдэлд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /тэдний ар гэрийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон хандаж байгаа хандлага/ болон шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.С, Г.Э нарт улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд дурдсан 2 жил 6 сарын хорих ялын хоёрны нэг буюу 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарын дээрх хувийн байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 39-76 УБХ улсын дугаартай “Hyundai Accent” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Хишигбаярын, 47-79 УБТ улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгсэл нь “Өсөх кредит” ХХК-ийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-73, 82/-аар тус тус тогтоогдож байна.
Хэдийгээр гэрч Н.Бямбын “...Манай нөхөр Б.С 39-76 УБХ улсын дугаартай машинтай. Тухайн үед өөрийнхөө машинтай явж байсан” гэх мэдүүлэг /хх-38/, гэрч Б.Хишигбуяны “...39-76 УБХ улсын дугаартай “Аксент” маркийн машин нь миний төрсөн ах Б.Хишигбаярынх байж байгаад 2017 оны 7 дугаар сард хамаатны ах Б.Ст зарсан...” гэх мэдүүлэг /хх-157/, шүүгдэгч Б.Сын “...39-76 УБХ улсын дугаартай машин нь миний эзэмшлийн машин...” гэх мэдүүлэг /хх-144/ хэрэгт авагдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр Б.Хишигбаяр нь шүүгдэгч Б.Сын өмчлөлд шилжүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд Б.Хишигбаярын өмчлөлийн 39-76 УБХ улсын дугаартай “Hyundai Accent” маркийн тээврийн хэрэгслийг, мөн “Өсөх кредит” ХХК-ийн өмчлөлийн 47-79 УБТ улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын 2018.12.31-ний өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны өмчлөгч нарт олгох нь зүйтэй.
Харин шүүгдэгч Б.С, Г.Э нараас 47-79 УБТ улсын дугаартай “Subaru Forester” маркийн болон 39-76 УБХ улсын дугаартай “Hyundai Accent” маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэ нийт 3.300.000 төгрөг /хх-162-164/-ийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 1.150.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.С, Г.Э нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьдчилсан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мөнх овогт Готовын Э, Өөлд овогт Болормаагийн С нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.С, Г.Э тус бүрийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Хэрэгт Б.Хишигбаярын өмчлөлийн 39-76 УБХ улсын дугаартай “Hyundai Accent” маркийн тээврийн хэрэгслийг, мөн “Өсөх кредит” ХХК-ийн өмчлөлийн 47-79 УБТ улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын 2018.12.31-ний өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны өмчлөгч нарт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 47-79 УБТ улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгсэл, 39-76 УБХ улсын дугаартай “Hyundai Accent” маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэ нийт 3.300.000 төгрөгийг шүүгдэгч Б.С, Г.Э нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.С, Г.Э нар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С, Г.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР