| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0083/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 78
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгч Б.Эн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э , Б.Эн нарт холбогдох 163/2019/0083/Э индекстэй, эрүүгийн 1915001280079 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Эн .
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ганц бие, Булган аймгийн .. оршин суух, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж байсан, Х овогт Б.Э.
Холбогдсон хэргийн талаар:
2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт шүүгдэгч Б.Э нь иргэн Б.Б ын, шүүгдэгч Б.Эн нь иргэн Б.У ийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугийн талаар маргахгүй, гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эн өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
1915001280079 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.У ийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед найз Б.Э ын хамт Булган аймгийн Булган сумын 5-р багт байдаг “О” дэлгүүрийн урдаас таксинд суух гээд явж байхад хажуугаар гурван согтуу 30 орчим насны эмэгтэйчүүд зөрөөд өнгөрөхдөө Б.Б гэдэг хүүхэн нь хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би “та нар яагаад хүн доромжлоод байгаа юм бэ” гээд цагдааруу утасдаж дуудлага өгсөн. ...Хоёр цагдаа ирээд бид нарыг цагдаагийн байр луу авч явсан. Би тухайн үед нилээн халамцуу байсан ба намайг Б.Б , Б.Эн нартай цуг эрүүлжүүлэхэд оруулсан. ...Бид гурвыг нэг камерт оруулсан байхад Б.Эн миний баруун нүдрүү гараараа 2 удаа цохисон. Би уг эмэгтэйд гар хүрээгүй. Тэгээд цагдаа намайг өөр камерт оруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Хохирогч Б.Б ын өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг “О” дэлгүүрийн замын хойд талд явган хүний замаар найз Б.Эн гийн хамт явж байхад хажуугаар эмэгтэй, эрэгтэй хоёр хүн зөрөхдөө эмэгтэй нь “том хүн явж байна зам тавьж өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд “чиний том гэж юу байдаг юм, эмэгтэй л хүн байна” гэж хэлээд Б.У гэх эмэгтэйн үснээс зулгаасан. Тэгээд болиод цаашаа Б.Эн бид хоёр Анар баарны зүг явсан. Тэгээд 40 орчим минутын дараа “О” дэлгүүрийн урдаас такси авах гээд буцаад иртэл нөгөө эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй дахин таарсан. Тэгтэл Б.У намайг дуудаад “хүрээд ир” гэхээр нь Б.Эн бид хоёр яваад очсон. Б.У миний үснээс зулгааж, хойш түлхэж унагаасан. Тэгээд би өөрийгөө хамгаалж адилхан Б.У гэх эмэгтэйн үснээс зулгааж ноцолдсон. Бид хоёрыг манай найз Б.Эн , Б.Э нар салгасан бөгөөд би газраас босож байтал миний нүүрлүү нэг хүн цохисон. Би Б.Э гэх залуу цохичихлоо гэж бодсон. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид нарыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Гэрч Г.Т ийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр анх очиход Б.Э гэгч доош тонгойн хамраас нь цус гарсан байдалтай сууж байсан. Б.Б гэгч нь миний нүдрүү энэ залуу цохичихлоо, гомдолтой байна гэж байсан ба бүгд хоорондоо хэрүүл маргаан хийсэн байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч Б.Э ын өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг “О” дэлгүүрийн урд явган хүний зам дээр Б.У гэх найзтайгаа явж байгаад гурван эмэгтэй хүний хажуугаар өнгөртөл хар куртектэй, бор царайтай /Б.Б / эмэгтэй нь Б.У ийн араас “хөөе” гэж хэлээд үснээс нь зулгааж, нөгөө шар үстэй, саарал хувцастай эмэгтэй бас Б.У рүү дайрч гараараа цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
“...Б.У , Б.Эн , Б.Б гурвыг нэг камерт оруулсан. Удалгүй Б.У камер дотор намайг цохичихлоо гээд орилсон. Хэн цохисоныг нь би хараагүй, яагаад гэвэл би өөр камерт байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаартай:
1. Магадлуулагч Б.У ийн баруун нүдний дээд, доод зовхи, нуруунд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
4 .Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай:
1. Магадлуулагч Б.Б ын биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний булан, гадна хэсэгт, баруун хонгонд цус хуралт, хуйханд зулгаралт, зүүн хацар, шанаа, зүүн эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/,
Шүүгдэгч Б.Эн гийн яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Булган сумын төвд найз Б.Б ын хамт явж байгаад танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёртой маргалдаад тэгээд цагдаад эрүүлжүүлэгдсэн. Тэгээд эрүүлжүүлэх байранд ирээд эрүүлжүүлэгдсэний дараа Б.У гэж хүүхэн Б.Б бид хоёрыг элдвээр хэлж доромжлоод байсан. Б.Б тэр хүүхнийг үсдээд авахаар нь би хажуунаас нь тэр хүүхнийг нүүрлүү нь нэг удаа гараараа цохисон. ...Маргааш өглөө нь харсан тэр хүүхний баруун нүд нь хөхөрчихсөн байсан. Би хамрын орчимд цохисон тэр нь хавдаж хөхрөөд нүүчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,
Шүүгдэгч Б.Э ын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Булган сумын нутагт найз Б.У ийг хүргэж өгөхөөр явж байгаад “О” дэлгүүрийн тэнд танихгүй хоёр эмэгтэйтэй таарсан. Тэгээд тэр хоёр хүүхний хажуугаар гарч явсан чинь Б.У ийн үснээс нэг хүүхэн нь зулгааж, түүнээсээ болж Б.У , Б.Б нар маргалдаж зууралдан ноцолдож би арайхийж салгасан. Тэгсэн шар үстэй өндөр биетэй хүүхэн нь намайг Б.У ийг салгаж авахаар тонгойтол өөдөөс өшиглөхөөр нь Б.Б ыг гараараа нүүрлүү нь нэг удаа алгадаад авсан. ...Б.Б ыг би алгадаж түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, түүнийг танилцуулсан тэмдэглэл /хх 1-6/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх 25-26, 29-30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 43, 46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45,48/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 49-55/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 63-66/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “О” дэлгүүрийн орчимд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Э , Б.Эн , Б.У , Б.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргэгдсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоорондоо маргалдаж Б.Э нь Б.Б ын, Б.Эн нь Б.У ийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Б.У , Б.Б , гэрч Г.Т , Б.Э нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Эн , Б.Э нарын хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бусдын бие, эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан дээрхи үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Эн , Б.Э нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Б.У , Б.Б нартай эвлэрсэн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.Эн , Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Эн , Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Эн , Х овогт Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , Б.Эн нарыг тус тус 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э , Б.Эн нарт тус тус оногдуулсан 500000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн 5 сарын хугацаанд төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э , Б.Эн нарт сануулсугай.
4.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э , Б.Эн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э , Б.Эн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э , Б.Эн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД