Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 00628

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2016/00628

 

Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол, 61-р байр 34 тоотод оршин суух, Тайж овогт Галбадрахын Цэцэгмаа /регистрийн дугаар:ЦГ63112103/-ийн хүсэлттэй

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гансүхийн Отгонбаатар /регистрийн дугаар:ВЮ86061975/-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г. Цэцэгмаа би миний өмч болох Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол,61-р байрны 34 тоотын 2 өроө байраа Галуут овогт Гансүхийн Отгонбаатар, Адарсүрэнгийн Мягмардорж /ЧЗ86102873/ гэсэн хамтран түрээслэгч нартай 2015 оны 6 дугаар сарын 1-нээс 2016 оны 6 дугаар сарын 1- ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар “Орон сууц хөлслөх" гэрээ байгуулан гэрээний 2.1-д заасныг мөрдөж байраа хүлээлгэн өгч амьдруулсан. Гэтэл Г.Отгонбаатар хэрэглээний зардал болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2245000 /хоёр сая хоёр зуун дөчин таван мянган /төгрөгийг хугацаанд нь төлөөгүй төдийгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байна, утасдахаар утасаа авахгүй цахим үнэмлэхний хаягаар гэрт нь очихоор би эхнэр нь байсан’' бид хоёр салаад таван жил болж байна” хаана байдгийг мэдэхгүй гэсэн. Г.Отгонбаатар надтай гэрээ хийхдээ Налайх дүүрэг 2-р хороо 40-р байр 39 тоот хаягтай байсан. /утас 99079079/

 

Иймд нэхэмжлэлд Гансүхийн Отгонбаатар / РД ВЮ86061975/- ыг эрэн сурвалжилж хаана байгааг нь тогтоож өгнө үү. 2016.8.12 нд шүүхд хандахад нэхэмжлэгч нь хариуцагчийн байгаа хаягаар очсон боловч үр дүн гараагүйг хэлэх бөгөөд энэ талаар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна гэсэн тайлбараар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир хаягаар нь хорооноос тодорхойлолт авч зөрчлийг арилгасан тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Цэцэгмаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Отгонбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ. Г.Цэцэгмаа нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл гаргуулах зорилгоор Г.Отгонбаатарын оршин суугаа газрыг тогтоолгох, эрэн сурвалжлуулахыг хүсэж буйгаа шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Отгонбаатарын оршин суугаа газар тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.  Иймд хүсэлтийг хүлээн авч, Г.Отгонбаатарыг эрэн сурвалжлах үндэстэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Гансүхийн Отгонбаатарыг эрэн сурвалжилсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу Гансүхийн Отгонбаатарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Г.Цэцэгмаад мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           

 

 

  •      ШҮҮГЧ                                                Ц.АЛТАНЦЭЦЭГ