| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 152/2024/00338/и |
| Дугаар | 224/МА2024/00031 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 224/МА2024/00031
Б.Г-ын нэхэмжлэлтэй, Х аймгийн М.Э-гийн
газарт холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00323 дугаар шийдвэртэй,
Б.Г-ын нэхэмжлэлтэй, Х аймгийн М.Э-ийн газарт холбогдох, Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Х аймгийн М.Э газрын дарга Д.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Х аймгийн М.Э газрын дарга Д.Г, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь Х аймгийн М.Э газарт г-р ажиллаж байсан. 2023 оны ээлжийн амралтаа 2023 оны 10 дугаар сард авсан ч манай байгууллага ганц г-той ажлын зайлшгүй шаардлагын улмаас ээлжийн амралтаа хугацаандаа биеэр эдэлж чадаагүй тул санхүү албаны даргын зөвшөөрлөөр 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нөхөж амарсан. Гэтэл газрын дарга намайг амралттай байх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж сахилгын шийтгэл хүлээлгэсэн.
Би 2024 оны 01 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд болон 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд ажилдаа очоогүй нь үнэн. Энэ талаар маргахгүй. Гэхдээ дээрх хугацаанд би ажлаа таслаагүй, харин 2024 оны 01 дүгээр сарын 02-05-ны өдрүүдийн хооронд ээлжийн амралтаа эдэлж байсан, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд эмнэлгийн магадлагаатай байсан. Мөн 4 дүгээр сарын 29-ний өдөр болсон хурал дээр даргын зүгээс ажлаас халлаа, тушаал гаргана гэж хэлсэн учраас ажлаас халагдсан гэж ойлгоод түлхүүрээ өгөөд явсан.
Миний бие 2023 оны 11 сард Хулан эмчтэй хамт хөдөө ажлаар 10 гаруй хоног явсан ба ирээд Х, Б нарын хамт хойд талын сумаар 3-4 хоног явж ирсэн.
Би албаны даргаасаа хэднээс, хэдэн хүртэл амрах вэ? гэж асуухад, та 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл авах юм байна гэж хэлсэн юм. Амралтын хугацаанд амралтын 2 өдөр болон баярын өдөр ороод 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл амрах юм байна гэж хэлэхээр нь би хот явсан.
Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр албаны дарга Б ярьж, та хурдан ирээрэй, дарга таныг он дамжаад амарч байна гэж хэлэхээр нь би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хотоос гараад, 01 дүгээр сарын 03-ны өдөр ирээд, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр амраад, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээр очсон. Энэ хугацаанд намайг ажил тасалсан гэж үзээд байгаа юм. Би албаны даргын хэлснээр амраад ирсэн юм.
Мөн миний бие улсын байцаагч Г-ад хэлж, тайлангаа бичүүлээд Б байцаагчийн компьютерт хадгалуулчихсан байсан юм. Үнэлгээний комисс нь хэзээ хуралдсаныг нь мэдэхгүй. Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр амралттай байсан хугацаанд хуралдаад Б.Г тайлангаа өгөөгүй юм байна гээд намайг 40, 50 хувьтай үнэлчихсэн байсан. Манай жижүүр Э надтай адилхан тайлангаа бичээгүй байсан. Тэгтэл Э-ыг орой 7 цагийн үед дуудан ирж, бичүүлээд 8,9 цагийн үед тайлангийн бичүүлж, хавсаргаад үнэлгээний алба руу оруулаад үнэлүүлээд гаргаад ирсэн. Тэгтэл надад юу ч хэлээгүй, таны тайлан хаана байгаа юм, бид нар хуралдах гэж байна, тайлангаа бичсэн юм уу, үгүй юм уу гэж огт асуугаагүй. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр болсон байгууллагын хурлын протокол дээр зөвхөн миний ярьсан зүйлийг бичсэн харин даргын хэлсэн, ярьсан зүйлийг огт тэмдэглэлд тусгаж бичээгүй байсан.
Иймд Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү.
3. Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Г нь нэхэмжлэлдээ Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дугаартай сахилгын шийтгэл ноогдуулах тушаалуудыг хүчингүй болгуулахаар дурдсан байна.
Манай байгууллагын г-р (а.х-гэл, с) ажиллаж байсан Б.Г нь 2023 оны жил эцсийн ажлын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.2, 123.3, 123.4, Байгууллагын дотоод журам, Байгууллагын үнэлгээний багийн хурлын тэмдэглэл, удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах гэх үндсэн үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэн нээлттэй сануулах сахилгын шийтгэл ноогдуулах шийдвэрийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар гаргасан болно.
Шийдвэрийг гаргахдаа г Б.Г-од 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн хариу тайлбарыг авсан. Б.Г нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу хийсэн ажлаа тайлагнаагүй.
Б.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 4 өдөр буюу 32 цагийг тасалж Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэх үүргээ хангалтгүй биелүүлсний дээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хөдөлмөрийн ноцтой зөрчлийг гаргасан ба ажлаас чөлөөлөх үндэслэл болсон тул хамт олны итгэл үзүүлэх саналын дүнг харгалзан үзэж г Б.Г-од нэг удаагийн боломжийг олгон ажлаас халах шийтгэлийг хөнгөрүүлэн нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг ноогдуулах шийдвэрийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 тушаалаар гаргасан болно.
Б.Г-од 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 65 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн ба хариу тайлбараа ирүүлсэн. Нэхэмжлэгч Б.Г 2023 онд батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажлын 20 хоногт амрахаар хуваарьтай байсан хэдий ч амралтаа хугацаандаа авалгүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 хоног амрахаар амралтын хуудас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичүүлсэн. Байгууллагаас Б.Г-од олгох ээлжийн амралтын цалин олговрыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тооцон олгосон. Г Б.Г нь Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын төслийн санхүүжилтэй судалгааны ажилд манай газрын мэргэжилтэн О.Х-гийн хамт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 8 хоног өөрийн хүсэлтээр ажилласан.
2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн амралтын хоногоо нөхөж амрахаар явсан. Энэ өдрөөс хойш ажлын 26 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа ирсэн. Г Б.Г-ын амралтын 20 хоногийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцвол 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал амрахаар байна. Эндээс үзэхэд г Б.Г нь 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 28-ны ажлын өдрүүдийг тасалсан зөрчил үүсэхээр байна. Нэхэмжлэлд дурдагдсан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл амрах зөвшөөрөл олгосон манай байгууллагын захиргаа санхүү албаны дарга нь дангаар шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтан биш ба тухайн алба хаагчид он дамжуулан амралт эдлүүлэх шийдвэр гаргах нь Төрийн албаны болоод Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болох юм. Энэ хугацаанд г Б.Г нь ажил таслах болсон шаардлага, шалтгаанаа ямар нэг байдлаар илэрхийлээгүй болно. 2024.05.31-ны Б/29 дүгээр Сахилгын шийтгэл: Манай байгууллагын г-р (а.х-гэл, с) ажиллаж байсан Б.Г нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд ажлын дараалсан 2 өдөр хүндэтгэн үдэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэн,хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэх үүргээ хангалтгүй биелүүлсний дээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13.7.4-т заасан зөрчлийг давтан гаргасан тул 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэлийг оногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.
Г Б.Г нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байгууллагын дотоод хурал дээр хэлэлцэгдсэн нярав Б.Б, г Б.Г нарт хамт олны итгэл үзүүлэх санал асуулгын дараа хамт олныхоо өмнө ажлаас чөлөөлөгдөх тухайгаа мэдэгдэж эзэмшиж байсан автомашины болон хашаа, гражийн хаалганы түлхүүрүүдийг Д.Г миний өмнө авч ирж тавиад ажлаас халах тушаалаа гаргаж өгөөд бусад хариуцуулсан эд хөрөнгөө хүлээн аваарай гээд хурлыг орхин гараад 7 өдөр ажил таслаад ирсэн.
Ирэхдээ 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ердийн байдлаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэх эмчийн акт бичүүлсэн байдаг. Дээрх ажил тасалсан өдрүүдэд ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын ерөнхий байцаагч, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын баталсан мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу төв байгууллагаас ирсэн байцаагч нартай хамтран 19 суманд үйл ажиллагаа явуулж байгаа 70 нэгжид хяналт хийх ажлаар 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 ажлын хэсэг ажилласан. Г Б.Г ажлаа орхин явсан тул ажлын хэсгийн авто машинуудыг нярав Б.Б, байцаагч Б.Г нар жолоодон дээрх ажлыг гүйцэтгэсэн. Мөн г Б.Г-од холбогдох сахилгын болоод ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол, мэдээлэл хамт ажилладаг алба хаагчдаас нэг бус удаа ирж байсан ба зарим тохиолдолд сахилгын болоод ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн байдал ажиглагдаж байсан ч тухайн асуудлыг өөрт нь ганцаарчлан болон хамт оны өмнө сануулан хэлж, шаардах байдлаар өнгөрдөг байсан. Мөн алба хаагчидтай болоод удирдлага надтай нэг бус удаа сүрдүүлэх байдлаар харьцаж байсан. Эзэмшиж байгаа тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангадаггүй, засвар үйлчилгээг тухай бүрт нь хийдэггүйгээс хөдөө ажлаар явах бүрт эвдрэл гэмтэл үүсэн ажил саатах, зардал нэмэгдэх байдал нэг бус удаа гарч байсан гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00323 дугаар шийдвэрээр:
- Х аймгийн М.Э газрын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаал, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,
5. Хариуцагч Х аймгийн М.Э газрын дарга Д.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлоогүй, ажил олгогчийн зүгээс ажлаас халах тухай шийдвэр гаргахаа мэдэгдсэн учир нэхэмжлэгчийн ажилдаа очихгүй байсан үйлдлийг ажил тасалсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр гараагүй, өөрт нь гардуулж өгөөгүй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байгаа нь зөрчил биш гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн” гэж үзэж байна.
Иймд 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Х аймгийн М.Э газрын дарга Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Б.-Г-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа.
Учир нь Б.Г 2024 оны 01 дүгээр сард ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр сахилгын шийтгэл авсан. Мөн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд хөдөлмөрийн дотоод журамд заагдсан ноцтой зөрчлийг гаргасан. Эдгээр зөрчлүүдийг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь ноцтой зөрчил үйлдсэн, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж чөлөөлсөн. Мөн холбогдох нотлох баримтууд буюу цагийн тооцооны хуудас, хурлын тэмдэглэл, байгууллагын камерын бичлэгийг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Б.Г-той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж заасан. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд ажлын хоёр өдөр дараалан ажил тасалж, ирээгүй тохиолдолд хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож, ажлаас чөлөөлнө гэх заалтууд байгаа. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурал дээр Б.Г “би ажлаас чөлөөлөгдлөө гээд хамт олныхоо өмнө хариуцаж байсан машин, гражийн түлхүүрүүдийг өгөөд ажлаа орхиод яваад буцаж ирэхдээ 5 өдрийн акттай, 2 өдөр ажил таслаад ирсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслээд ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь манай дотоод журам, Б.Г-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, холбогдох хууль дүрмүүдийг үндэслэлгүйгээр зөрчиж, манай шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэж гомдол гаргасан.
Тухайн албан хаагчийг 2 өдөр ажлаа тасалсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул миний гаргасан шийдвэр үндэслэлтэй гэж би үзэж байгаа.
Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдол гаргасан гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 323 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгох тухай 3 шаардлагыг гаргасан.
Анхан шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэх үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 тушаалыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хүчин төгөлдөр болсон, энэ талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй, маргаан таслах комисст хүчингүй болгуулах талаар хүсэлт, гомдол гаргаагүй.
Мөн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар мэдэгдсэн байна, нэхэмжлэгч өөрийгөө ажлаас халагдчихсан гэж үзэж ажилдаа ирээгүйг ажил тасалсан гэж үзэх үндэслэл болохгүй гэдэг байдлаар дүгнэлт хийсэн. Үүнийг зөвтгөх боломжгүй, үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлтэй байна. Ажилтанг ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй, хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болоогүй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй байгаа нь ажил тасалсан гэж үзэх үндэслэл болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн хуульд заасны дагуу үүсэж, дуусгавар болдог онцлогтой. Нэгэнт хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох шийдвэр гараагүй байгаа тохиолдолд шүүх зөвтгөж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагч буюу ажил олгогчийн 2024 оны 01 дүгээр сард гарсан Б/08 дугаартай тушаал хүчин төгөлдөр байна. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 13.7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил буюу 2 хоёр буюу түүнээс дээш хоног ажил тасалсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл бий болсон гэж үзэхээр байх тул Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаал хууль ёсны байна.
Иймд шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00323 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Б.Г нь Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаартай,” хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаартай, “хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр, “хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг оногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалуудыг тус тус үндэслэлгүй гэж үзэж, уг тушаалуудыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч Х аймгийн М.Э газрын дарга Д.Г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “...г Б.Г нь 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө дүгнэхэд, биелэлт хангалтгүй үнэлэгдсэн, мөн удаа дараа ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.
4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Х аймгийн М.Э газрын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаал, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Х аймгийн М.Э газрын даргын 2042 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.
5. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
5.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд ажилтанд ногдуулах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн үндэслэл, сахилгын шийтгэлийн төрлүүдийг нэрлэн зааж, сахилгын шийтгэл ногдуулах журмыг тусгайлан зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар ажил олгогч сахилгын зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч уг хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т: ажил олгогч сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульчилсан байна.
Ажил олгогч буюу хариуцагч Д.Г нь нэхэмжлэгчийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 4 өдөр буюу 32 цагийн ажил тасалж сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар түүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Учир нь:
Хавтаст хэргийн 58 дугаар талд Х аймгийн М.Э газрын албан хаагчдын 2024 оны 01 дүгээр сарын ажлын цагийн тооцоо гэх баримт авагдсан бөгөөд тус баримтыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр М.Э газрын дарга Д.Г гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байх тул ажил олгогч нь ажилтны гаргасан ажил тасалсан гэх зөрчлийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр илрүүлсэн гэж үзнэ.
Ажил олгогч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол тухайн зөрчил үйлдсэнийг мэдсэн цаг хугацаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах нь дээрх хуулийн шаардлагад нийцнэ.
Гэтэл ажил олгогч нь ажилтан Б.Г-ыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 4 өдөр буюу 32 цагийг тасалсан гэх үндэслэлээр 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т: ажил олгогч сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн тул энэ үндэслэлээр хариуцагчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
5.2. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу ажил олгогчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, мөн ажил олгогчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
Анхан шатны шүүх шийдвэртээ: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг “ажилтанд шийтгэл хүлээлгэсэн Б/08 дугаар тушаалын үндэслэл нь ажил олгогч нэхэмжлэгч хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаан буюу 2023 оны ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэхтэй холбоотой маргаан байх тул уг маргааныг нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Х аймгийн М.Э газрын дарга Д.Г нь тус байгууллагын г Б.Г-од 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар “өөрт хамаарах албан ажлаа хангалтгүй биелүүлэн 2023 оны сүүлийн хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн, хууль тогтоомжид тусгагдсан үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч буюу ажилтан Б.Г нь дээрх ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, уг тушаалыг хүчингүй болгуулахаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан талаарх ажилтны энэхүү гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо харьяалан шийдвэрлэхээр зохицуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор буюу 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээр, маргалдагч тал маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл гурван талт хороонд, хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандахаар мөн хуулийн 154.3-154.8 дахь хэсгүүдэд тус тус журамласан байна.
Гэтэл ажилтан Б.Г нь ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдлоо дээрх хуульд заасан хугацааны дотор зохих байгууллагад гаргаагүй байх тул ажил олгогчийн ажилтан Б.Г-од “хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаал хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т: “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Г-ын “ажил олгогчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар: шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн буюу маргаанаа гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т нийцээгүй байна.
Учир нь, нэхэмжлэгч маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх болон шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаагаа хэтрүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжгүй болсон байна.
Нэхэмжлэгч шүүхэд “өөрт нь нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг 2024 оны 02 дугаар сарын сүүлээр мэдсэн” гэх тайлбарыг гаргасан байх боловч ажил олгогч нь түүнд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 19 дүгээр албан бичгээр “2023 оны сүүлийн хагас жилийн тайлангийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах” тухай мэдэгдсэн болон нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “өөрт хамаарах албан үүргээ хангалттай биелүүлсэн учир сахилгын шийтгэл ногдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх хариу тайлбар гаргасан талаарх баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.
Дээрх баримтуудаар, нэхэмжлэгч нь нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг мэдсэнээс хойш гомдол гаргах хуульд заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэв.
Түүнчлэн, нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхээр зохих байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, уг хугацааг сэргээлгэх талаар шүүхэд хүсэлт гаргаж байсан талаарх баримт, нотолгоо хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.
5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хангаж, дээрх тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэрэгт тогтоогдсон үйл баримттай нийцээгүй байна.
Хариуцагч Х аймгийн М.Э газрын дарга Д.Г 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5 хэсэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар хэсгийн 13.5.2-ын 3, 13.7, 13.7.4 дэх заалт, Б.Г-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар хэсгийн 7.2.2.2, 7.2.2.2.-ын “б” дэх заалтуудыг баримтлан г-р ажиллаж байсан Б.Г-ыг “2023 оны ажлын гүйцэтгэлээр хангалтгүй үнэлэгдсэн, 2024 оны 01 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд ажлын дараалсан 4 өдөр, 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд ажлын дараалсан 2 өдөр тус тус хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын болон ноцтой зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээр түүнтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгожээ.
Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг үндэслэл болгосон байх ба энэ нь ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан, эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх нөхцөлүүдийг хамааруулан зохицуулсан заалт бөгөөд хэргийн баримтаар ажил олгогчийн тушаалд заасан үндэслэлүүд нотлогдож байх тул ажил олгогчийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэв.
Х аймгийн М.Э газрын хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 102-105-р тал/-ын 13.7.4-т: ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 2 өдөр, түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй, ажиллаагүй бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгохоор,
Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний /хх-ийн 47-50-р тал/ 7.2.2.2-т: ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар, мөн гэрээний 7.2.2.2.б-д: хөдөлмөрийн сахилгын болон дотоод журамд заасан зөрчлийг давтан гаргасан” бол ноцтой зөрчилд тооцохоор тус тус заасан байна.
Хавтаст хэргийн 86 дугаар талд, Х аймгийн М.Э газрын албан хаагчдын 2024 оны 5 дугаар сарын ажлын цагийн тооцоо гэх баримт авагдсан бөгөөд тус баримтыг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр М.Э газрын дарга Д.Г гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байх ба уг цагийн тооцооны баримтад: г Б.Г ажиллавал зохих 22 өдөр буюу 176 цаг, ажилласан 15 өдөр буюу 120 цаг, өвчтэй 40 цаг, тасалсан 16 цаг гэж тусгагдсан ба хариуцагч нь г Б.Г-ыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд ажил тасалсан гэх тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Г нь 2024 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй үйл баримтын талаар маргаагүй, харин шүүхэд: “2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болсон бүх ажилчдын хурал дээр тус байгууллагын дарга Д.Г миний хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар амаар мэдэгдсэн тул ажилдаа очоогүй, ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгосон” гэх тайлбарыг гаргасан боловч хэрэгт авагдсан, Х аймгийн М.Э газрын ажилтнуудын хурлын тэмдэглэл /хх-ийн 63-67-р тал/-д ажил олгогч нь ажилтан Б.Г-ыг ажлаас чөлөөлөх талаар амаар мэдэгдсэн тухай тэмдэглэгдээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь: “тус байгууллагын дарга Д.Г миний хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар амаар мэдэгдсэн тул ажилдаа очоогүй, ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгосон” гэж тайлбарласан байх боловч тэрээр 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд өвчтэй байсан талаарх баримт болох хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас баримт /хх-ийн 87 дугаар тал/-ыг гарган өгч, улмаар уг хугацаанаас хойш үргэлжлүүлэн гийн ажил үүргээ гүйцэтгэж байсан нь тус газрын бичиг хэргийн эрхлэгч Б.Б, Захиргаа, санхүүгийн албаны дарга Б.Б нарын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн, ажлын цагийн тооцооны баримт /хх-ийн 86-р тал/-аар тогтоогдож, нэхэмжлэгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
Иймд ажилтан Б.Г-ыг 2024 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд буюу ажлын дараалсан хоёр өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг Х аймгийн М.Э газрын Хөдөлмөрийн дотоод журмын 13.7.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийдвэрт: “...2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны үеэр албаны дарга Б.Б-ын: “5 дугаар сарын 01-ний өдрийн хяналт шалгалтын ажлаар хөдөө сумуудаар ажиллана, г-гүй яах вэ?” гэсэн асуултад дарга Д.Г: “нярав Б.Б нэг ажлын хэсгийн г-р яваарай, нөгөө ажлын хэсгийн гишүүдээс нэг нь жолоо бариад явах болж байх шиг байна” гэх хариулт өгсөн байх тул ажил олгогчийн зүгээс ажилтанд сахилгын зөрчил давтан гаргасан учраас ажлаас халах тухай амаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Г нь өөрийгөө ажлаас халагдсан гэж ойлгосон учраас машины түлхүүр зэргийг хүлээлгэн өгсөн, улмаар 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халах тушаалаа авахаар очсон гэж дүгнэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг санаатайгаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 2 өдөр ажил тасалсан гэж буруутгасан ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй” гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй буюу хэрэгт тогтоогдсон үйл баримтад нийцээгүй байна.
Тус байгууллагын ажилчдын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар “М.Э-гийн үйлчилгээний нэгжид стандартын үзлэг, хяналт шалгалт зохион байгуулахтай холбоотой асуудал, мөн Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам зөрчсөн албан хаагчдад хариуцлагын арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд г Б.Г 2024 оны 01 дүгээр сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хурлын үеэр г Б.Г, дарга Д.Г нар маргалдаж, Б.Г нь “...та нар халах тушаалаа авчирж өгөөд машин тэргээ авцгаа гэж хэлээд, өөрийн эзэмшиж байсан машины түлхүүрийг ширээн дээр тавиад, хурлыг орхиж гарч явсан, гийг гарч явсны дараа албаны дарга Б.Б: “5 дугаар сарын 01-ний өдөр хяналт шалгалтаар хөдөө сумуудаар ажиллана, г-гүй яах вэ?” гэж асуухад дарга Д.Г: “нярав Б.Б нэг ажлын хэсгийн г-р яваарай, нөгөө ажлын хэсгийн гишүүдээс нэг нь жолоо бариад явах болж байх шиг байна” гэж хариулсан талаар тус тус тэмдэглэл /хх-ийн 63-67-р тал/-д тусгагдсан байна.
Дээрх тэмдэглэл баримтаар, ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг амаар шийдвэрлэж дуусгавар болгох боломжгүй, мөн нэхэмжлэгч Б.Г нь өөрийгөө ажлаас халагдсан гэж үзэж, ажлын байраа бүрмөсөн орхиж явсан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй болно.
5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т заасан: “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаардана.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” ажил олгогчийн тушаал хүчин төгөлдөр болсон гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Г энэ тушаалаар ногдуулсан нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээснээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-т заасан шийтгэлгүйд тооцох нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, тодруулбал 2024 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд буюу ажлын дараалсан хоёр өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь баримтаар тогтоогдсон байх тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ.
6. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, харин 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр шийтгэл ногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
7. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж, буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дэх хэсэгт заасныг баримтлан Х аймгийн М.Э газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан Х аймгийн М.Э газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
.