Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 277

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Л.М гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1074 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд нь эрхэлж байсан албан тушаалын цалингийн зэрэглэл бууруулахгүй адил шатны албан тушаалд үндсэн орон тоонд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн б/32 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтэст мэргэжилтнээр дэслэгч цолтойгоор томилогдож 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны 6/503 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасгийн мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахмад У.А-ийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ба тухайн албан хаагч хуулийн дагуу өөрийн ажилдаа эргэн орсон бол нэхэмжлэгч би өмнө эрхэлж байсан Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасгийн мэргэжилтний албан үүргээ эргэн гүйцэтгэх ёстой байлаа.

Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны б/1074 дүгээр тушаалаар өмнө эрхэлж байсан албан тушаалд томилолгүй Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлүүдийг зөрчин, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй төрийн жинхэнэ албан хаагч надтай тохиролцолгүй, сонсох ажиллагаа явуулалгүй, тайлбар санал авалгүйгээр Хорих 409 дүгээр ангийн хүний тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч П.Г-ын оронд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр албан тушаал, цалингийн зэрэглэл бууруулан шилжүүлэн томилсонд гомдолтой байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1074 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд нь эрхэлж байсан албан тушаалын цалингийн зэрэглэл бууруулахгүй адил шатны албан тушаалд үндсэн орон тоонд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн б/32 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын газрын Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахмад У.А ийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1074 дүгээр тушаалаар Хорих 409 дүгээр ангийн хүний тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч П.Гансувдын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр тус тус томилогдон ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/503 дугаар тушаалаар Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахмад У.А ийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилоход дэслэгч Л.М д тухайн үед гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч хүлээн зөвшөөрсөн. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу ахмад У.А 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул дэслэгч Л.М г Хорих 409 дүгээр ангийн Хүний тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч П.Гансувдын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон.

Мөн Хүний нөөцийн тасгаас дэслэгч Л.М д ахмад У.А ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан. Хорих 409 дүгээр ангид Хүний тоо бүртгэлийн байцаагчийн сул орон тоо байна. Өөр сул орон тоо байхгүй тул Хорих 409 дүгээр ангид томилогдох талаар нэхэмжлэгчид мэдэгдэхэд татгалзсан хариу өгөөгүй байна. 

Дэслэгч Л.М нь томилогдсон албан тушаалд өнөөдрийг хүртэл ажиллаагүй байх ба 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар 24-ний өдөр хүртэл өвчтэй, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажил тасалснаар бүртгэгдэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт “зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, ...” төрийн тусгай албан тушаалд, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т төрийн тусгай албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарна гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэм хувцастай байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Л.М нь цэргийн дэслэгч цолтой төрийн жинхэнэ албан хаагч юм.

Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар томилсон газарт ажиллах хугацаандаа өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй ба ажил, албан тушаалаас чөлөөлөөгүй байхад төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улмаар Хорих 409 дүгээр ангид хорих ял эдэлж буй ялтны шилжилт хөдөлгөөн, бүртгэл, ялын тооцоо, суллагдах хугацааг тооцох зэрэг ажлууд 2016 оны 09 дүгээр сараас хойш төрийн ажил тасалдаж байгаа.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн батлах”-д Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн мэргэжилтний ажлын байр хасагдсан байна. 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1074 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Л.М гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Л.М нь “урьд эрхэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасгийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагаа “урьд нь эрхэлж байсан албан тушаалын цалингийн зэрэглэл бууруулахгүй, адил шатны албан тушаалд үндсэн орон тоонд эгүүлэн томилуулах” гэж өөрчилсөн.

Нэхэмжлэгч Л.М гийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1074 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд нь эрхэлж байсан албан тушаалын цалингийн зэрэглэл бууруулахгүй адил шатны албан тушаалд үндсэн орон тоонд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Анх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн б/32 дугаар  тушаалаар Л.М г Захиргаа удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн мэргэжилтэнээр мөн өдрөөс томилж, цэргийн дэслэгч цол олгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (цаашид Ерөнхий газар гэх)  даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн б/503 дугаар тушаалаар  Л.М г Стратеги төлөвлөлт, мэдээлэл дүн шинжилгээний төвийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахмад У.А ийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний албан үүргийг мөн өдрөөс түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” гэж, Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 5-д “Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан “...эзгүй байгаа албан хаагч...” гэдэгт хууль тогтоомжид заасны дагуу ээлжийн амралт эдлэж байгаа, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, албан томилолтоор ажилласан, түр хугацаагаар сургалтад хамрагдсан, эдгээртэй адилтгах бусад шалтгааны улмаас албан үүргээ түр хугацаагаар гүйцэтгээгүй этгээд хамаарна” гэж тайлбарласан ба Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журам”-ын 3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, ... албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”, 3.2-т “Эзгүй байгаа албан хаагч гэдэгт дараахь тохиолдлыг тооцно”, 3.2.6-д “жирэмсний болон амаржсаны амралттай” гэж тус тус зохицуулжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хүүхэд асрах чөлөө дууссан эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй тул захиргааны түр чөлөөтэй байсан ахмад У.А ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан учир ажилдаа эргэн орох хүсэлтээ  2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр захиргааны байгууллагад гаргасны дагуу ахмад У.А ийг өмнө ажиллаж байсан Стратеги төлөвлөлт, мэдээлэл дүн шинжилгээний төвийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн томилсон байна. 

Иймээс захиргааны байгууллага нь Л.М г бололцооны дагуу өөр ажил, албан тушаалаар хангаж, Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1074 дүгээр тушаалаар  түүнийг Хорих 409 дүгээр ангийн хүний тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч П.Гансувдын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг мөн өдрөөс түр орлон гүйцэтгүүлэхээр томилсныг буруутгах боломжгүй бөгөөд уг тушаалыг хүчингүй болгох нөхцөл байдал байхгүй байна гэж үзлээ. 

Учир нь, нэхэмжлэгч Л.М г Стратеги төлөвлөлт, мэдээлэл дүн шинжилгээний төвийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн б/503 дугаар тушаал гарах тухайн үед тэрээр энэхүү албан үүргийг орлон гүйцэтгүүлэх түр томилгооны талаар эрх бүхий этгээдэд ямар нэгэн санал гомдол гаргаагүй, уг тушаалын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Тухайн үед тушаалыг хүлээн зөвшөөрч ажилласан. У.А ийг буцаад ажилдаа ороход нь өмнөх ажилдаа эгүүлэн томилогдоно гэж бодсон” гэх тайлбараар тогтоогдож байна.  

Мөн Л.М нь дээрх түр томилгоог хүлээн зөвшөөрсний үндсэн дээр албан үүргийг түр орлон гүйцэтгэн ажилласан учир төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор Захиргаа удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн б/603 дугаар тушаалаар  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас дэслэгч Г.Болорцэцэгийг дэвшүүлэн томилсон тул түүнийг энэхүү албан тушаалд буцаан томилох боломжгүй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна. 

Тухайн үед Ерөнхий газрын хэмжээнд сул орон тоо байхгүй байсан ба Л.М г ажилд томилохын тулд өөр этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргах нь шударга ёсонд нийцэхгүй тул захиргааны байгууллагаас эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаар хангаж, Хорих 409 дүгээр ангийн хүний тоо бүртгэлийн байцаагчийн ажлыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1074 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, тэдгээрт цэргийн цол олгохдоо Цэргийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтална” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байна. 

Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр  тогтоолыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар  тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулж Ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн б/1218 дугаар тушаалаар  Ерөнхий газрын хэмжээнд нийт 101 орон тоо, үүнээс Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтэс нь 7 орон тоотой батлагджээ. 

Гэтэл өмнө мөрдөж байсан Ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн б/95 дугаар  тушаалаар Ерөнхий газрын орон тоо нийт 101, үүнээс Захиргаа удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын тасаг нь 12 орон тоотой байсан байна.

Эрх бүхий байгууллагын шийдвэрээр тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөнтэй холбоотой Ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн б/1218 дугаар тушаалаар Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн орон тоо 5-аар хасагдсаны дотор анх Л.М гийн ажиллаж байсан Захиргаа удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн “мэргэжилтэн” албан тушаалын орон тоо хасагдсан, мөн Ерөнхий газрын хэмжээнд сул орон тоо байхгүй болох нь хэрэгт авагдсан Ерөнхий газрын даргын 2015 оны б/95 дугаар 2016 оны б/1218 дугаар тушаалуудаар нотлогдож байна. 

Иймээс Л.М нь Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1074 дүгээр тушаалыг эс зөвшөөрч “өмнө эрхэлж байсан Захиргаа удирдлагын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд буцаан томилох ёстой” гэж маргасан нь хууль бус байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага нь сонсох ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэх боломжгүй байна. 

Тухайлбал, хариуцагчаас “Ерөнхий газрын Хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга А.Г 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Л.М тэй уулзаж ярилцсан, ерөнхий газарт одоогоор сул орон тоо байхгүй тул Хорих 409 дүгээр ангийн хүний тоо бүртгэлийн байцаагчийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилох тухай мэдэгдсэн” гэх тайлбар, нотлох баримтыг гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэгч Л.М г байлцуулан, Хүний нөөцийн тасгийн дарга А.Гэрэлт-Очоос гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч болон нэхэмжлэгчийн мэдүүлгүүд хоорондоо илт зөрүүтэй байгаа, тэднийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр уулзах үед дуу, дүрс бичлэг хийгдээгүй, уулзсан эсэхийг гэрчлэх хүн байхгүй гэх тайлбарыг өгсөн учраас сонсох ажиллагаа хийгдсэн эсэхийг өөр ямар нэгэн байдлаар шүүхээс тогтоох боломжгүй гэж үзээд 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “дэслэгч Л.М тэй уулзсан тухай тэмдэглэл”, гэрч А.Г-ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Л.М нь цэргийн “дэслэгч” цолтой төрийн тусгай албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, цэргийн дүрмийг чанд сахих үүрэгтэй ба төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч нь эрх бүхий этгээдийн томилсон газарт очиж ажиллах, улмаар ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлүүлэх боломжтой байсан.  

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч Л.М г бололцооны дагуу өөр ажил, албан тушаалаар хангах үүргээ биелүүлж, Хорих 409 дүгээр ангийн хүний тоо бүртгэлийн байцаагчийн албан тушаалд түр томилсон Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1074 дүгээр тушаал нь хуульд нийцсэн, уг актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.М гийн гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн б/1074 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд нь эрхэлж байсан албан тушаалын цалингийн зэрэглэл бууруулахгүй адил шатны албан тушаалд үндсэн орон тоонд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.М гөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.ЦЭЦЭГМАА