Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0619

 

 

 

 

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0619

Улаанбаатар хот

 

 

                                      “С” ХХК-ийн гомдолтой

                                    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяанчойжил, хариуцагч Д.Должинсүрэн нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0643 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “С” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Стандарт чанарын хяналтын улсын байцаагч Д.Должинсүрэнд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0643 дугаартай шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.3-т заасныг баримтлан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Должинсүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “зөрчил шийтгэл оногдуулах тухай” 0066293 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүүгээр зүйлийн 2.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 128/ШШ2019/0643 тоот шийдвэрийг гаргахдаа Нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мандир овогтой Жамъянчойжил нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдолд бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй мөн Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулалгүйгээр шийдвэр гаргасан тул тус захиргааны акт хүчин төгөлдөр бус гэж үзсэн талаар тайлбарыг хийсэн болно.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Стандарт чанарын хяналтын улсын байцаагч Д.Должинсүрэн нь хяналт шалгалтын ажиллагааг хийхдээ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН 13 дугаар зүйлийн 13.4-т “Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу импортлох болон экспортлох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлсэд холбогдох хяналт шалгалт хийнэ” гэж заасны дагуу хилийн гүний хяналтыг хийхэд баримталдаг АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. ”Хорио цээрийн улсын хяналт, шалгалт нь хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлж буй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт, шалгалтыг хийж, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ.” гэсэн заалтыг мөрдлөгөө болголгүй зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлсний дараа “С” ХХК-ийн Имарт Чингис салбар дэлгүүр дээр ирж үзлэг шалгалтыг хийсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.

Улсын байцаагч өөрөө хяналт шалгалт хийхдээ процессын алдаа гаргаснаас үүдэн тус хугацааны зөрчилтэй бүтээгдэхүүнийг “С” ХХК өөрийн агуулахад хүлээн авсан бөгөөд үүнээс үүдэж торгууль тавигдсан болно.

“С” ХХК нь Бүгд Найрамдах Турк улсын Solen cikolata gida sanayi ve ticaret A.S компаниас бүтээгдэхүүн захиалахдаа шинээр үйлдвэрлэсэн цувралын бүтээгдэхүүн захиалсан бөгөөд хоёр байгууллагын хооронд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Худалдааны гэрээний 5.4 дүгээр заалтаар “Худалдан авагч нь өөрийн борлуулалтын төлөвлөгөөг бараа хүлээн авахаар төлөвлөж байгаа өдрөөс 3 сарын өмнө хүргүүлсэн тохиолдолд талууд тухайн захиалгыг баталгаажуулсан өдрөөс 45 хоногийн дотор Худалдагч нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлнэ.” гэж тохиролцсон бөгөөд тус тохиролцоо зөрчигдөж ирсэн барааг “С” ХХК нь хүлээн авахаас татгалзаж гүний хяналтаар илэрсэн бараа бүтээгдэхүүнийг устгах, хураалгах зөрчил бүхий барааг хүлээн авахаас татгалзаж буруу ачилт хийсэн Бүгд Найрамдах Турк улсын “Solen cikolata gida sanayi ve ticaret A.S” компаниас хохирлоо нэхэмжлэх бүрэн боломжтой байсан болно.

Гэвч энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад удаа дараа мэдэгдсээр байтал хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй,  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Стандарт чанарын хяналтын улсын байцаагч Д.Должинсүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0066293 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар өгсөн гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь “С” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “С” ХХК-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Стандарт чанарын хяналтын улсын байцаагч Д.Должинсүрэнд холбогдуулан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Стандарт чанарын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0066293 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргажээ.

Гомдол гаргагчаас “...Нийлүүлэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас тухайн бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн,  тухайн нийлүүлэгч компани гэрээний үүргээ биелүүлээгүй,...тус компанид хохирол учирсан бол уг гэрээнд заасны дагуу хохирлоо шаардах эрхтэй байсан гэж...” маргаж байна.

Үйл баримтын талаар дурдвал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Должинсүрэн батлагдсан хуваарийн дагуу “Туушин”  дахь гүний хяналтын бүсэд 2018 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд шалгалт хийжээ.

Уг шалгалтаар “С” ХХК-ийн БНТУ-ын “Solen cikolata gida sanayi ve ticaret A.S” компанийн импортолсон 275 хайрцаг буюу 2202 ширхэг “Milango hazelnut”,”Milango bitter raspberry”,”Milango orange”-нэрийн чихрийн цуглуулгыг импортлохдоо хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” гэсэн заалтыг зөрчсөн байсныг, гарал үүсэл, эрүүл ахуй, чанарын гэрчилгээнүүд, барааны жагсаалт хуулбар, тухайн бүтээгдэхүүний шошгод тавигдсан мэдээлэл, бүтээгдэхүүнд хийсэн биет үзлэг, шалгалтын явцад авагдсан гэрэл зургаар баримтжуулан 1802000590 дугаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 Улмаар гомдол гаргагч “С” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж, хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар  10,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан нь хуульд нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ Хорио цээрийн улсын хяналт, шалгалт нь хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлж буй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт, шалгалтыг хийж, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ.” гэсэн заалтыг мөрдөөгүй, ...зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлсний дараа “С” ХХК-ийн “И-март” Чингис салбар дэлгүүр дээр ирж үзлэг шалгалтыг хийсэн нь  хууль зөрчсөн үйлдэл гэжээ.

Улсын байцаагч дээр дурдсан үзлэгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 30 минутад эхлүүлж 3310002229 дугаартай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлох үеийн хяналтын хуудсаар MWCU-6814329 дугаартай зориулалтын чингэлэгт 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 40 минут хүртэл явуулсан...цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж агуулах байхгүй учир бусад шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдахаас сэргийлж гомдол гаргагчийн хүсэлтээр агуулах дээр нь очиж шалгалтаа үргэлжлүүлсэн...тухайн үзлэг хийж байсан чингэлэгт хамт ачигдсан бусад /чанарын шаардлага хангасан байсан гэх/ хүнсний бүтээгдэхүүнүүд нь нэмэх 18 градуст хадгалах заалттай...улсын байцаагч тухайн үеийн гадна орчны температурт чингэлгийг саатуулан шалгасан бол гомдол гаргагчид илүү их хохирол учрах эрсдэл илүү өндөр байж болохоор байсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн түүнчлэн хариуцагчаас импортлогч компанийн буруутай үйл ажиллагаа, гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох хууль зүйн зохицуулалт байхгүй гэсэн тайлбар үндэслэлтэй.

Хэрэв гомдол гаргагчаас БНТУ-ын импортлогч “Solen cikolata gida sanayi ve ticaret A.S” компанийн буруутай үйл ажиллагааны улмаас чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн импортлогдсонд гомдол гаргагчид ямар нэгэн хохирол учирсан гэж үзэж байгаа бол тус компанитай хийсэн Худалдааны гэрээний 20 дугаар зүйлд заасны дагуу Олон улсын Худалдааны танхимын арбитрын шүүхийн журмаар маргаанаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0643 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

 ШҮҮГЧ                                                        Д.БААТАРХҮҮ

 ШҮҮГЧ                                                        Э.ЗОРИГТБААТАР