Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/01422

 

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00807 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1432 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Т ХХК

           Хариуцагч: Д.У,

           Хариуцагч: П.Г нарт холбогдох           

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 14.615.588 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах   

          Гуравдагч этгээд Н.Нинагийн бие даасан шаардлага: Хан-Уул дүүргийн 14-р Бурхантын 2-2 дугаар гудамж, 208 a тоот хаягт байрлах газар, орон сууц 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний барьцааны зүйл биш болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлөх

         Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Нарантуулын  гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

   Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбарт: П.Г, Д.У нар нь 2014-06-13-ны өдөр Тны Хархорин тооцооны төвтэй 566 тоот зээлийн гэрээ байгуулан 26,5 сая төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 07-87 УБС тоот улсын бүртгэлийн дугаартай №KMCDB18YPVC105815 арлын дугаартай, HUINDAI маркийн өөрөө буулгагч авто машин худалдан авах зорилгоор хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлийн барьцаанд уг автомашин болон Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 2-2 гудамж 208А тоотод байрлах 54 м.кв талбайтай Ү-2206032685 улсын бүртгэлийн дугаартай №000326587 гэрчилгээний дугаартай хувийн сууц, мөн Г-2206008047 улсын бүртгэлийн дугаартай №000265870 гэрчилгээний дугаартай өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалсан. Зээлдэгчийн зүгээс авсан зээлийг төлөх талаар ямар нэг санаачлаг огт гаргаагүй, банкны зүгээс тавьсан шаардлагыг биелүүлдэггүй байдалтай, хамтран үүрэг гүйцэтгэгч нь мөн адил байр суурьтай байдаг. Иймд П.Г, Д.У нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 12 956 589.19 төгрөг, үндсэн хүү 1 584 593.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64 416.65 төгрөг нийт 14 615 588 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарт: Бид зээл авсан нь үнэн боловч банктай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016-02-05 -ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хийж өмнөх зээлийн гэрээгээ өөрчилсөн. Зээлдэгч гэрээгээ хугацаанаасаа өмнө цуцлахаар шүүхэд хандсанд гомдолтой байна. Зээлийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр нэхэмжлэхгүй бүхэлд нь нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний хугацаа 2018-02-05-ны өдөр дуусна. Тэр хооронд хүүгээ төлөөд явж байхад банкинд алдагдал байхгүй. Би анх 2 жилийн хугацаагаар л мөнгө зээлсэн. Дараа нь 2 жилээр сунгасан. Бид боломжийн хэмжээгээр төлж явсан. Улирлын байдлаас болж ажил олдохгүй, орлого орж ирэхгүй байгаагаас банкны гаргаж өгсөн график тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгаа ч гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байгаа. Би өнөөдрийн байдлаар үндсэн зээлд гэсэн нэрээр 13 543 402 төгрөг төлчихсөн байгаа. Үүнийг зээлийн гэрээний хугацааны хүүд тооцоход би гэрээгээр хүлээсэн үүргээ давуулан биелүүлсэн байгаа. Гэрээний хугацаа дуусахад авсан 26 500 000 төгрөгөө тухайн хугацааны хүүтэйгээ төлсөн байвал биднийг үүргээ биелүүлсэн гэж үзэх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан шаардлага болон тайлбарт: Н.Нина нь 2014-06-02 -ны өдөр  газар, хувийн орон сууцыг банкны барьцаанд тавих, барьцаалж гарын үсэг зурах итгэмжлэлийг П.Гт олгосон байдаг. Т нь энэ итгэмжлэлийн дагуу Н.Нинагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2014-06-13-ны өдөр П.Гт олгосон зээлийн барьцаа хөрөнгө болгож 2014-06-13-ны өдөр буюу 566 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаанд авсан атлаа зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2016-02-05-ны өдөр зээлдэгчтэй зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ гэх хэлцэл хийж итгэмжлэлийн хугацаа дууссан буюу 2016-06-02-ны өдрөөс 2018-02-05-ны өдөр хүртэлх үүргийн гүйцэтгэлд Н.Нинагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авсан байна. Ийнхүү үндсэн гэрээний хугацаагаа дуусаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг сольж шинэ үүрэг гүйцэтгүүлэхдээ, итгэмжлэлд олгосон хугацаагаар биш итгэмжлэлээс давсан хугацаагаар итгэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгосонд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-2 дугаар гудамж, 208 a тоот хаягт байрлах газар, орон сууц нь Т болон иргэн П.Г, Д.У нарын 2016-02-05 ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний барьцааны зүйл биш болохыг тогтоож, эдгээр газар болон эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай холбогдох бичиг баримтыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг Тинд даалгаж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбарт: Гуравдагч этгээдийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00807 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан зохигчдын  хооронд 2014-06-13 -ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, П.Г, Д.У нараас нийт 14 615 588.62 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  олгож, гуравдагч этгээд Н.Нинагийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар П.Г, Д.У нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл  Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 2-2 гудамж, 208А тоот хаягт байрших 54 м.кв хувийн сууц, мөн хаягт байрших 695 м.кв газар, 07-87 УБС улсын дугаартай Хьюндэй маркийн өөрөө буулгагч автомашиныг  худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 972.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 248 972.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 23-ны өдрийн 1432 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Нарантуул хяналтын гомдолдоо: “... Н.Нина нь анх 2014-06-02 -ны өдөр ГД00265870, Г-2206008047 Улаанбаатарт 695 м.кв газар, ГД-000326587, Ү-2206033285 Улаанбаатарт хувийн орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавих гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах” эрхийг ...П.Гт олгосон итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэн 2 жилийн хугацаагаар олгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Иргэний хуулийн 64.2, 63.2, 64.3-т  итгэмжлэлийн “хугацаа” эрх зүйн ямар их ач холбогдолтой болохыг тодорхойлсон  чухал заалт юм.  Төлөөлөгчийн төлөөлөх эрхийн  итгэмжлэлийн хугацаанд мөн адил хамаарах ёстой. Итгэмжлэлд олгосон хугацаагаар биш итгэмжлэлээс давсан хугацаагаар итгэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгосныг хууль бус гэж үзэж байгаа юм. Шүүх чухал ач холбогдол бүхий заалтыг үл ойшоосныг давж заалдах шатны шүүх хэрэгсээгүй. Барьцаагаар хангагдах зээлийн гэрээг 2018 он хүртэл хугацаатай байгуулсан нь итгэмжлэлийн хугацаа дууссантай хамааралгүй. Хэргийн гол нь гомдлын утга нь “...хамааралгүй, тус тусдаа бие даасан гэрээнүүд”-ийг холбож, итгэмжлэлийн хугацаанаас давсан, бүртгэгдээгүй барьцааны гэрээг үндэслэж гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас ийнхүү хяналтын шатны шүүхэд хандаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлагыг хангаж өгнө  үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Т  ХХК 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд хандаж, П.Г, Д.У нараас үндсэн зээл 12.956.589,19 төгрөг, хүү 1.584.593,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.416,65 төгрөг нийт 14.615.588,62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг татгалзаагүй. Гуравдагч этгээд Н.Нина  “...2016-02-05 ны өдрийн гэрээнд Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн Бурхант 2-2-р гудамж, 208а тоотод байрших 54 кв.м. хувийн сууц, 695 м.кв газар барьцаалагдаагүй болохыг тогтоолгох, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх...” бие даасан шаардлага гаргажээ.

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

   Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Зохигчдын хооронд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 566 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Т ХХК хариуцагч нарт 26.500.000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлж, үүргийн гүйцэтгэлд Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн Бурхант 2-2-р гудамж, 208а тоотод байрших 54 кв.м. хувийн сууц, 695 м.кв газар, 07-87 УБС улсын дугаартай HUNDAI FV-415, DJL өөрөө буулгагч машин барьцаалсан, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 843 дугаар гэрээгээр зээлийн хугацааг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгажээ. /хх 6-15/

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн болон барьцааны 566.,843 дугаар  гэрээнүүдийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451, 165, 166 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн ба гэрээ хүчин төгөлдөр байна. Т ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, хариуцагч нар зээлийн мөнгийг хүлээн авсан тул нэхэмжлэгч зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

       П.Г, Д.У нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй,  нэхэмжлэгчээс хариуцагч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан /хх 2-3/, банк гэрээг цуцалж шүүхэд хандсан, шүүх зээлдэгч нараас нийт 14.615.588 төгрөг гаргуулж Т ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн, энэ талаар хариуцагч нар гомдоогүй байна. 

       Н.Н бие даасан шаардлагын талаар дүгнэлт хийхдээ шүүх Иргэний хуулийг зөрчөөгүй тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй.   

        П.Г Н.Н 2 жилийн хугацаатай олгосон 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлийг /хх 40/ үндэслэн Т ХХК-тай  2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр барьцааны гэрээ байгуулж зээлийн үүргийн гүйцэтгэлд нэг хүний буюу Н.Нинагийн өмчлөлийн сууц, газрыг барьцаалсан нь тогтоогджээ. 2014 оны 566 дугаар зээлийн гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад банк гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан, итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байхад зохигчид 2016 онд 843 дугаар гэрээ байгуулсан, зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Н.Н бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй, шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 169 дүгээр зүйлийн 169.1-г зөв тайлбарлан хэрэглэжээ.   

       Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00807 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1432 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2.  Гуравдагч этгээд  хяналтын журмаар гомдол гаргахдаа Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2017/08327 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                        

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ