Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02093

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02093

 

 

,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/04529 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,т холбогдох,

128,203,704 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн ,,,,,,,, дугаар байрны хажууд байрлалтай 3 давхар хувийн объектийг 4 давхар болгуулах ажлыг хариуцагчаар 160,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Ажлын хөлсөнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Грийн Арт хорооллын 7 дугаар блок, 2 дугаар орцны 4 өрөө, 95.47 м2 талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,600,000 төгрөгөөр тооцож, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулан хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгсөн.

,,,,,,,,,,, нь ажлаа хийхгүй алга болж, 2021 оны 04 дүгээр сард би ажлыг чинь хийж чадахаа болилоо, буцааж мөнгийг чинь өгье гэж хэлээд 15,000,000 төгрөгт тооцож Сузуки маркийн автомашин, 06 дугаар сард 80,000,000 төгрөгт тооцож Альфард маркийн автомашин өгсөн. Мөн зарж борлуулаад автомашин болгоод өгье гэж 100,000,000 төгрөгийн ханын цаас авсан.

Энэ явцад буюу 2021 оны 07 дугаар сард ,,,,,,,,,,, нь барилга дээр 21,796,296 төгрөгийн өртөг бүхий төмөр карказ зангидаж өгсөн ба 40,000,000 төгрөгийн гүйцэтгэл дээр нь маргахгүй. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,тай 150,000,000 төгрөгийн тооцоотой гэсэн бичиг өөрийн гараар бичиж өгөөд дахин алга болсон.

Иймд 150,000,000 төгрөгөөс түүний сүүлд хийж өгсөн ажлын хөлсний дүн болох 21,796,296 төгрөгийг хасч тооцон, нийт 128,203,704 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Үүнээс алтан бөгжний үнэ 20,000,000 төгрөг, хүлээн авсан 21,100,000 төгрөгийн ханын цаас, 6,500,000 төгрөгийн хөөс, 5,500,000 төгрөгийн замаскийг хасч тооцно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Ажил гүйцэтгэх гэрээний тооцоо дууссан. Авсан мөнгөө төлж дууссан. Ханын цаас худалдан авсан, хүлээж авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,аас 34,752,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,148,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 799,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 331,710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "нотлох баримтыг үнэлэх" ажиллагаа бүрэн дүүрэн, гүйцэд, үнэн зөв явагдаагүй.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, мэргэжлийн төсөвчин, үнэлгээчний гаргасан үнэлгээ зэргийг хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгтэй тулган шалгаагүй, шууд хариуцагчийн гаргаж байгаа тайлбар, мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон.

40,000,000 төгрөгөөр давхардуулан нэхэмжлэлийн шаардлагаас хассан, мөн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1.1-т барилгын материал буюу хөөс нь 6,500,000 төгрөг, замаск нь 5,500,000 төгрөг, нийлээд 12,000,000 төгрөг гэж байхад, 15 дахь заалтад 13,800,000 төгрөг гэж дүгнэн ноцтой алдаа гаргасан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гомдлыг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь төлөх төлбөргүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Ажил гүйцэтгэх гэрээнээсээ татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч нэхэмжлэгчээс ханын цаас худалдаж авч байгаагүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй, зөвхөн өөрийн дугаараас бичсэн цахим зурваст үзлэг хийж худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй. Зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн 72,000,000 төгрөгийн ханын цаас авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Буцаан авсан гэх ханын цаасыг 150,000,000 төгрөгийн тооцоондоо оруулж нэхэмжлэлээ гаргасан атлаа 71,900,000 төгрөгийг ханын цаас худалдсан үнэ болгон нэхэмжилж, уг нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Ханын цаас худалдсан хэмжээг шүүх зөв тогтоосон. Энэ нь үзлэг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан, худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,т холбогдуулан 128,203,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан хөлсийг бүрэн төлсөн, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж буй талаар тодорхой хүсэл зоригийг илэрхийлээгүй тул анх нэхэмжилсэн 128,203,704 төгрөг гаргуулах тухай шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн зарим үйл баримтыг буруу тогтоосны улмаас алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

4. ,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,аар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан өлгийн ,,,,,,,, дугаар байрны хажууд байрлалтай, 3 давхар объектыг 4 давхар болгож өргөтгүүлэхээр тохиролцож, ажлын хөлсөнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Грийн арт хорооллын 7 дугаар блокийн 4 өрөө, 95,47 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ын үнэ 1,600,000 төгрөгөөр тооцож, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээгээр шилжүүлэн өгсөн байна.

 

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд 152,752,000 төгрөгийн үнэ бүхий Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэсэн.

 

5. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас гадна ханын цаас худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбар, хариуцагчаас нэхэмжлэгчид ханын цаасыг буцаан өгсөн үйлдлээр тогтоогдсон.

Энэ харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зөв тодорхойлсон боловч нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн ханын цаасны хэмжээ, үнийн дүнг буруу тогтоосон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжтой.

 

5.1. Зохигчийн хэн аль нь хариуцагчаас нэхэмжлэгчид 21,100,000 төгрөгийн үнийн дүн бүхий ханын цаасыг буцаан хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаангүй.

Анхан шатны шүүх зөвхөн гар утасны зурваст хийсэн үзлэг, гэрч ,,,,,,,,,,,, ,,,,,,, нарын мэдүүлэгт үндэслэн ханын цаасны үнийн дүнг 72,000,000 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын үнэлэх зарчимд нийцэхгүй байна.

Учир нь гэрч ,,,,,,,,,,, нь ...ханын цаасыг хариуцагчаас өөр хүн ирж авсан... гэсэн агуулгатай мэдүүлэг өгөхийн зэрэгцээ ханын цаасны хэмжээг тодорхой мэдүүлээгүй, гэрч ,,,,,,, нь нэхэмжлэгчийн төрсөн дүү буюу төрөл садангийн холбоотой. Энэ тохиолдолд гэрч нарын мэдүүлэг хэрэгт цугларсан бусад баримтаар давхар нотлогдож байж үнэн зөв, эргэлзээгүй шинжийг агуулах ёстой.

Нотлох баримтын хуваарилалтын хувьд хариуцагч ханын цаасыг аваагүй гэсэн үндэслэлээр маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч анх хэдий хэмжээний үнэ бүхий ханын цаас хүлээлгэн өгсөн болохыг нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар 72,000,000 төгрөгийн үнэ бүхий ханын цаасыг хүлээлгэн өгсөн үйл баримтыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн, гар утасны зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлээс худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 72,000,000 төгрөг болох нь тогтоогдоогүй.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгсөн 21,100,000 төгрөгөөр талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн тодорхойлогдоно.

 

6. Зохигч талууд ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

6.1. Хариуцагч нь нэхэмжлэгчид 95,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 21,100,000 төгрөгийн үнэ бүхий ханын цаас, 12,000,000 төгрөгийн үнэ бүхий дулаалгын хөөс, хар замаск тус тус хүлээлгэн өгсөн, мөн нэхэмжлэгчийн бусдад төлөх алтан бөгжний үнэд 20,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон.

Энэ хэсэгт дурдаж буй дулаалгын хөөс, хар замаскийн үнийг шүүх 13,800,000 гэж буруу тооцсон боловч энэ үйл баримт нь нэхэмжлэлийн хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй байна.

 

6.2. Нэхэмжлэгч нь ...ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд хариуцагч талын хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 21,796,296 төгрөг... гэж тодорхойлсон боловч 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан үнэлгээ тогтоолгох хүсэлттэй холбогдуулан дээрх ажлын хэмжээг 40,000,000 төгрөг болохыг зөвшөөрсөн агуулгаар тайлбарласан.

Иймээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 40,000,000 төгрөгөөр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

6.3. Нийтдээ талууд 152,752,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ, 21,100,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ буюу 173,852,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнээс татгалзсан байна.

Харин, хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр 40,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, 95,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 21,100,000 төгрөгийн үнэ бүхий ханын цаас, 12,000,000 төгрөгийн үнэ бүхий дулаалгын хөөс, хар замаск тус тус хүлээлгэн өгсөн, мөн нэхэмжлэгчийн бусдад төлөх алтан бөгжний үнэд 20,000,000 төгрөгийг төлсөн буюу 188,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан.

Иймд гэрээнээс татгалзсаны үр дагаврыг хариуцагч бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.

 

7. Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/04529 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ,,,,,,,,,,,т холбогдох 128,203,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 331,710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ