Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02094

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02094

 

 

,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/03722 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,т холбогдох,

5,754,021 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,, нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч ,,,,,,,,,,-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, агуулахын няравын албан тушаалд ажиллаж эхэлсэн. Тус ажлын хүрээнд агуулахын бараа бүтээгдэхүүний бүртгэлийг хөтлөх, орлого зарлагын тооцоо хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан.

Улмаар хариуцагч нь ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас Samsung Galaxy A52 загварын 7 ширхэг гар утас дутаасан болох нь тооллогын баримтаар тогтоогдсон. Талууд энэ асуудлаар харилцан тохиролцож, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч нь 5,754,021 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар болсон ба цалингаас нь хоёр удаа 523,093 төгрөгөөр суутгасан.

Хариуцагч нь Төлбөр барагдуулах гэрээ-ээр тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд хариуцагч ,,,,,,,,,,,,,ээс гар утас дутаасан төлбөрт 5,754,021 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нягтлан ,,,,,,,,,,тэй хамт гар утсыг тоолж авахад А52 загварын гар утас 7 ширхэг дутуу байсан. ,,,,,,,,,, нь өөрөө энэ утсыг янзална гэхээр нь өөрөө хариуцах юм байна гэж ойлгосон.

Улмаар би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс гар утасны няраваар ажилласан. Хажуу талдаа утас хянагчтай тул утас алга болох нөхцөл огт байхгүй. Миний цалингаас гар утасны төлбөр суутгаж авсан гэдгийг мэдэхгүй. 2022 оны 03 дугаар сард цалин олголгүйгээр ажлаас халсан.

Ажил хүлээлгэж өгөхөд тооллого хийсэн баримт байхгүй. Хариуцагч талаас үзлэг хийлгэсэн ,,,,,,,,,,,,,ийн гар утсан дээрх тооллогын баримтын зурагт А52 утасны ард 10д гэсэн тэмдэглэгээ хийсэн нь 10 утас дутуу гэдгийг илэрхийлсэн тэмдэглэгээ юм.

Гэрч ,,,,,,,,,, мэдүүлэгтээ миний санхүүгийн бичиг баримтууд бүгд манай санхүүгийн албанд бүрэн эхээрээ байгаа гэсэн боловч нэхэмжлэгч талаас тус баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хуулийн этгээдийг төлөөлж гарын үсэг зурж байгаа бол тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан байх ёстой боловч төлбөр барагдуулах гэрээ энэ шаардлагыг хангаагүй.

Иймд хариуцагчийг эд хөрөнгийн бүрэн хариуцлага алдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3, 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,ээс 5,754,021 төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч ,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,-д ажиллаж байх үедээ 7 ширхэг гар утас дутаасан учир талууд харилцан тохиролцож, "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулсан. Нэхэмжлэлийн үндэслэл нь тус гэрээ бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй хэдий ч татгалзлаа нотлоогүй.

"Төлбөр барагдуулах гэрээ"-г талууд дутаасан гар утас хэд болох, хэдэн төгрөгөөр хэрхэн төлөх зэрэг гол нөхцөлүүдээ тохиролцож байгуулсан ба үүнийг тухайн үеийн нөхцөл байдлыг талууд тогтоосны үндсэн дээр байгуулсан. Хэрэв хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд татгалзлын үндэслэлээ нотлох учиртай.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох зорилгоор"Төлбөр барагдуулах гэрээ"-г гаргаж өгсөн.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анх ажил хүлээн авахад дутагдалтай байдлаар хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч ажиллаж байх үедээ дутагдал гаргасан болох нь баримтаар тогтоогдоогүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь ажилтны хүлээх эд хөрөнгийн хариуцлагын хүрээнд хариуцагч ,,,,,,,,,,,,,т холбогдуулан 5,754,021 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч тухайн дутагдал тогтоогдоогүй гэх үндэслэлээр маргасан.

 

3. ,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,-тай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр агуулахын няравын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байна.

 

3.1. Ийнхүү ажиллах явцад 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил олгогчийн зүгээс ажилтан ,,,,,,,,,,,,,тэй 7 ширхэг Самсунг галакси А52 загварын гар утасны төлбөр 5,754,021 төгрөгийг төлүүлэхээр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,ийн ажлын байрны онцлог болох гар утасны агуулахын няравын ажил үүрэгтэй холбоотойгоор дээрх эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулжээ.

 

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт ажил олгогч эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлохоос өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтооно гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээ байгуулах үндэслэл болж буй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх явцад дутагдал гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг ажил олгогч шалгаж тогтоосон байх ёстой.

 

3.3. Нэхэмжлэгч нь хариуцагчид анх ажил хүлээлгэн өгөхдөө хэдэн төрлийн ямар тоо хэмжээтэй гар утас, холбогдох төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 7 ширхэг Самсунг галакси А52 загварын гар утас дутагдуулсныг хэзээ илрүүлж, хэрхэн баримтжуулсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

3.4. Хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 31, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тооллогын баримтууд авагдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд санхүүгийн анхан шатны баримтыг хадгалж, тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өөрөө гаргаж өгөх боломжтой атлаа шүүхэд өгөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Мөн хариуцагчийг дутагдал гаргасан талаар гэрч ,,,,,,,,,,ийн мэдүүлэг нь бичгийн бусад баримтаар нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэж үнэлэхгүй.

 

3.5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3, 158 дугаар зүйлийн 158.1.2-т нийцжээ.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/03722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ