Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

   2019          02           26                                           247         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908002200130 дугаар хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эган монкор” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батсайханы А /РД /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Ногоон дэлгүүрийн задгай тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч А.Аийн толгой, нүүр, хүзүү, гаран тус газар нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр архи уугаад гэртээ орсон. Бага хүү шалан дээр сууж байхаар нь орон дээр тавьсан. Түүнээс болж маргалдаад ийм зүйл болсон. Жаахан согтуу байсан. Болсон үйл явдлыг мэдэж байсан. Хүүхэд гэдийгээд гараас мултраад орон дээр унасан. Торгох ялыг зөвшөөрч байгаа. Намайг ийм муухай зүйл хийсэнд уучлаарай. Торуулийг 14 хоногт төлж барагдуулна” гэв.

 

Эрүүгийн 1908002200130 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А.Аийн: “2018 оны 12 дугаар сарын 28-ны 19 цаг болж байх үед хамтран амьдрагч А намайг ...гэрт хүргэж өгчихөөд “түлээ нүүрс авчирна” гэж хэлээд гарсан. 21 цагийн орчим А согтуу орж ирсэн. А шалан дээр сууж байсан 1 ой 05 сартай хүүхдээ өргөж аваад орон дээр шидсэн. Тэгэхээр нь би хүүхдээ тэврээд авсан чинь намайг нүүр лүү нэг удаа алгадсан. “Зүгээр байгаач” гэж хэлээд гараараа түлхсэн чинь миний үснээс зулгаагаад гараараа толгой, нүүр лүү нилээн хэдэн удаа цохисон. Мөн зүүн шуун дээрээс хазсан. Би Аг түлхчихээд гэрээс гараад “туслаарай” гэж орилсон боловч ямар нэгэн хүн сонсоогүй байх. Тэгэхэд намайг А үснээс татаад буцааж гэрт оруулаад гараараа ахиад толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгснээ өөрөө больчихсон бөгөөд сандал дээр сууж байгаад А унтчихсан. Тэгээд Аг унтчихаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би эмчилгээ хийлгээгүй бөгөөд надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18-20/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.01.03-ны өдрийн 798 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2.А.Аийн биед тархи доргилт, толгойн дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үсний халцрал, дух, хамар, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсэг, зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, 1-2 хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/,

Шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 28-ны орой нүүрсэнд явж байгаад хөрш айлын Буянт, Бямбахүү нартай тааралдаад тэр хоёрын авч явсан архийг гудамжинд хувааж уусан. ...Тэгээд би Мөнхжаргалаар машинаа бариулаад гэртээ ирсэн. Орохдоо үлдсэн шил архиа аваад орсон. ...Тэгээд би гэртээ ороод нөгөө тал шил архиа уух гэтэл эхнэр А уурласан. Маргалдаж байгаад шалан дээр сууж байсан хүүхдээ өргөөд орон дээр тавьсан чинь эхнэр хүүхдээ тэврээд авахаар нь би уурлаад эхнэрийнхээ үснээс татаж, нүүр лүү нь нэгээс хоёр удаа цохисон. Намайг түлхэхээр нь би зүүн шуун дээрээс нь хазсан чинь А гэрээс гараад орилоод байхаар нь би “ор” гэтэл орохгүй байхаар нь би үснээс татаад буцаагаад гэртээ оруулж ирсэн. Ахиад би нүүр лүү нь гараараа нэгээс хоёр удаа цохисон. Тэгээд би зодохоо болиод унтчихсан. Унтаж байтал шөнө цагдаа орж ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан...” гэх мэдүүлэг /хх-68-72/,

Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-32-38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-43/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-45/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-46/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-47/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт /хх-48/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-49-50/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-52-53/, “Эган монкор” ХХК-ийн тодорхойлолт /хх-76/, хохирогчийн гаргасан баталгаа /хх-89/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.А согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Ногоон дэлгүүрийн задгайд байх гэртээ хамтран амьдрагч А.Аийг зодож, биед нь тархи доргилт, толгойн дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үсний халцрал, дух, хамар, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсэг, зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний омогт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А.Аийн “...А ...намайг нүүр лүү нэг удаа алгадсан. ...миний үснээс зулгаагаад гараараа миний толгой, нүүр лүү нилээн хэдэн удаа цохисон. Мөн зүүн шуун дээрээс хазсан ...үснээс татаад буцааж гэртээ оруулаад гараараа ахиад толгой руу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-18-20/, шүүх эмнэлгийн 798 дугаар “1.2.А.Аийн биед тархи доргилт, толгойн дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үсний халцрал, дух, хамар, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсэг, зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.6.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, 1-2 хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна.” гэх /хх-27/, шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар өгсөн “...би уурлаад эхнэрийнхээ үснээс гараараа татаж, нүүр лүү нь нэгээс хоёр удаа цохисон ...би зүүн шуун дээрээс нь хазсан ...үснээс нь татаад буцаагаад гэртээ оруулж ирсэн. Ахиад би нүүр лүү нь гараараа нэгээс хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-68-72/, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-32-38/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Агийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Аийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул Б.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Би эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ...надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18-20/, хохирогчийн гаргасан “...Атай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх баталгаа /хх-89/ зэргийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.А бусдад төлөх төлбөргүй. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэн. Иймд шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч  “Торгох ялыг зөвшөөрч байна. 14 хоногт төлж барагдуулна. Намайг ийм муухай юм хийсэнд уучлаарай” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

 Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, шалтгаангүйгээр хохирогчийн эрх чөлөөнд халдсан, хохирогчид олон тооны шарх, гэмтэл учирсан/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 4, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзэн шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б.Аг 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР