Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 251

 

 

 

 

 

   2019          02           26                                           251         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Цэрэнлхагвыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808029050197 дугаар хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, Боржигон овогт Ч.Ц /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ч.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 103-20 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Ттай “эхнэрээ хэл амаар доромжиллоо” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар хашаанд байсан сангийн хуванцар хоолойгоор Г.Тын толгой, хүзүү хэсэгт цохиж биед нь тархи доргилт, хүзүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Тыг зодсон нь үнэн. Хохиролд 150.000 төгрөг өгсөн. Эхнэрийг янз бүрээр хэлээд байхаар нь “боль” гэтэл болихгүй байснаас маргалдсан. Сар бүр 70.000 төгрөгийн тэтгэмж авдаг. Машины мотор янзалдаг тул 3 сарын хугацаанд төлнө. Хөнгөн торгуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1808029050197 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Тын: “2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагийн үед гэртээ эхнэр, хүүхдийн хамт байтал гаднаас зүс таних Цээгий болон түүний төрсөн дүү Цогзол хоёр 0,75 литрийн архитай орж ирээд “амралтын өдөр юм байна, архи ууцгаая” гэсэн. Хувааж ууцгаагаад дахин нэг шил архи аваад Цээгийгийн гэрт очиж үргэлжлүүлэн уухаар болсон. Тэдний гэрт эхнэр, хүүхдийн хамт очоод авсан архиа хуваан ууж байтал Цогзол миний эхнэрийн утсаар ярих гээд байгаа бололтой булаацалдаад байхаар нь “больж болохгүй юм уу” гээд хэлсэн. Тэгсэн Цээгий хажуунаас “больцгоо” гээд дүүгээ загнаж байгаад гэрээс гараад явчихаар нь би араас нь бие засах гээд гартал Цээгий сангийн хуванцар хоолойг үүднээс авангуутаа шууд гүйж ирэнгүүтээ миний толгой, хүзүү, дал мөр хэсэгт 2-3 удаа цохисон. Би ухаан алдаад унасан. ...Миний гэмтэл бэртэл бүрэн эдгэсэн тул гомдол, нэхэмжлэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-20-21, 22-23/,  

Гэрч Б.Мөнгөнцэцэгийн: “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ...15 цагийн орчим Ц, дүү Данзанчогдов нар манайд ирээд нөхөр Т бид 4 хамт Цэрэнлхагвынд очсон Ц замаараа дэлгүүр орж 1 шил архи авсан. Тэгээд авсан архийг нь бид 4 хувааж уугаад сууж байсан чинь Ц манай нөхөр Т 2 хамт гараад явсан. Би гэрт сууж байсан чинь Цэрэнлхагвын том охин нь “аав гадаа хүн цохисон байна” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.12-ны өдрийн 7426 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Г.Т-н биед тархи доргилт, хүзүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-30/,  

Шүүгдэгч Ч.Цэрэнлхагвын яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим найз Г.Тын гэрт очсон. Тэгээд бид 1 шил 0,5 литрийн архи уучихаад Г.Т, Мөнгөнцэцэг, Данзанчогдов бид 1 шил 0,75 литрийн архи уусан. Уугаад сууж байсан чинь Г.Т эхнэр Мөнгөнцэцэгийг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь “чи яагаад эхнэрээ хэл амаар доромжлоод байгаа юм” гэсэн чинь Г.Т намайг “чи юу юм” гээд хэл амаар доромжлоод байсан. Бид 2 хоорондоо маргалдсан. ...Би Тын биед учирсан гэх гэмтлийг 1 удаа хүзүү хэсэгт нь, 1 удаа дал хэсэгт нь, 1 удаа зүүн шанаанд нь сангийн хуванцар хоолойгоор цохисон...” гэх мэдүүлэг /хх-38-42/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-46/, хохирогчийн хүсэлт /хх-51/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн халамжийн дэвтрийн хуулбарыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Ц согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 103 дугаар гудамж, 20 тоотод сангийн хуванцар хоолойгоор Г.Тыг зодож, биед нь тархи доргилт, хүзүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Тын “...Цээгий сангийн хуванцар хоолойг үүднээс аваад шууд гүйж ирэнгүүтээ миний толгой, хүзүү, дал мөр хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-20-21/, гэрч Б.Мөнгөнцэцэгийн “...Цэрэнлхагвын том охин нь “аав гадаа хүн цохисон байна” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/, шүүх эмнэлгийн 7426 дугаар “1.Г.Т-н биед тархи доргилт, хүзүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-30/, шүүгдэгч Ч.Цэрэнлхагвын яллагдагчаар өгсөн “...Би Тын биед учирсан гэх гэмтлийг 1 удаа хүзүү хэсэгт нь, 1 удаа дал хэсэгт нь, 1 удаа зүүн шанаанд нь сангийн хуванцар хоолойгоор цохисон...” гэх мэдүүлэг /хх-38-42/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Цэрэнлхагвын хохирогч Г.Тыг сантехникийн хуванцар хоолойгоор зодож хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн “...Миний гэмтэл бэртэл бүрэн эдгэсэн тул гомдол, нэхэмжлэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-21/, түүний “Эмчилгээний мөнгөө бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-51/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирогчид баримтгүйгээр 150.000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй. Ахуйн хүрээний архидалтаас шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, эхнэрийгээ доромжиллоо гэснээс болж анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүгдэгч Ч.Цэрэнлхагвыг 500 нэгжтэй тэнхцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох арга хэмжээ авч өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээний архидалтаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр, хуванцар хоолойгоор цохиж гэмтэл учруулсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд баримтгүйгээр 150.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /мал маллаж орлого олдог гэх, өөрийн нэр дээр тодорхой тооны малтай гэх/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэрэнлхагвыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Ч.Цэрэнлхагвыг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Чойдогжамцын Цэрэнлхагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэрэнлхагвыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэрэнлхагвыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР