Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02095

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02095

 

 

,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03663 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,-д холбогдох,

,,,,,,,,, аймаг, ,,,,,,,,,,, сум, 3 дугаар баг, ,,,,,,,,, Хулгайчийн хоолой, ,,,,,,,, хаягт байршилтай, нэгж талбарын 4408006098 дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг ,,,,,,,,,,,,,-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг ,,,,,,,,,д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь ,,,,,,,,, аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн захирамжийн дагуу ,,,,,,,,, аймаг, Хатанбулаг сум, 3 дугаар баг, ,,,,,,,,, Хулгайчийн хоолой, ,,,,,,,, хаягт байрлах 5,000 м.кв газрыг шатахуун түгээх газар, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг.

Тус газрыг авахдаа дуудлага худалдааны үнийг төлөх боломжгүй байсан. Тиймээс энэ талаар компанидаа хүсэлт тавьсны үндсэн дээр ,,,,,,,,,,,,,-иас 30,000,000 төгрөгийг зээлж дуудлага худалдааны төлбөрийг хариуцагчаар төлүүлсэн.

Зээлийн төлбөрийн хариуд өөрийн эзэмшлийн газарт тус компанийн шатахуун түгээх станцыг түр хугацаагаар ажиллуулсан. Улмаар өөрийн эзэмшил газраа ашиглахаар болсон тул ,,,,,,,,,,,,,-д 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоож, газар чөлөөлж өгөх тухай мэдэгдэл хүргүүлсэн ч газрыг чөлөөлж өгөөгүй.

Иймд, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү.

1.2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,-иас ,,,,,,,,,д дуудлага худалдаанд оролцох үүрэг, чиглэл өгсөн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Газрын дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж аль аль нь оролцох эрхтэй. ,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,-д ,,,,,,,,, аймгийн салбарын өмнөөс биш өөрийн нэрийн өмнөөс хүсэлт гаргасан нь бэлэн мөнгө олгохыг хүссэн баримтаар тогтоогдоно.

Зээлийг зээлдэгч өөртөө эсхүл бусад этгээдэд шилжүүлүүлэх замаар авсанд тооцно. ,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,д 30,000,000 төгрөгийн зээлийг Газрын албанд олгох замаар зээлсэн учир талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан.

Иймд, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Тухайн үед салбарын даргаар ажиллаж байсан ,,,,,,,,,ыг дуудлага худалдаанд оролцуулж, дуудлага худалдааны үнийг компани төлсөн. Мөн тус газарт тухайн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл манай шатахуун түгээх станц ажиллаж байгаа.

Манай компани шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэггүй тул ажилтан ,,,,,,,,,д огт зээл олгоогүй.

,,,,,,,,,,,,, тус сумын газрын албатай газар эзэмших гэрээг байгуулж, газартай холбоотой бүх төлбөрийг энэ олон жилийн хугацаанд төлж байсан. ,,,,,,,,,аас газар эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй.

Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Газрын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулиар шатахуун түгээх станцын зориулалттай газрыг хувь хүнд олгодоггүй. Мөн Монгол Улсад газрын тосны үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл заавал шаардагддаг. Иймд тус газрыг ,,,,,,,,, гэх иргэнд бус ,,,,,,,,,,,,,-ийн ,,,,,,,,, аймгийн салбарт олгосон.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ,,,,,,,,, аймгийн салбарын даргын үүргийг гүйцэтгэж байсан, хөдөлмөрийн харилцааны дагуу энэ харилцаа явагдсан тул ажилтандаа эрх олгосон итгэмжлэл олгох шаардлагагүй.

Иймд, ,,,,,,,,, аймаг, ,,,,,,,,,,, сум, 3 дугаар баг, ,,,,,,,,, Хулгайчийн хоолой, ,,,,,,,, хаягт байршилтай, 5,000 м.кв талбайтай, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоож, мөн тус газрын эзэмших эрхийг ,,,,,,,,,,,,,-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг ,,,,,,,,,д даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг баримтлан ,,,,,,,,, аймаг, ,,,,,,,,,,, сум, 3 дугаар баг, ,,,,,,,,, Хулгайчийн хоолой, ,,,,,,,, хаягт байршилтай, нэгж талбарын 4408006098 дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай ,,,,,,,,,ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ,,,,,,,,, аймаг, ,,,,,,,,,,, сум, 3 дугаар баг, ,,,,,,,,, Хулгайчийн хоолой, ,,,,,,,, хаягт байршилтай, нэгж талбарын 4408006098 дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр ,,,,,,,,,,,,,-ийг тогтоож, тус газрын эзэмших эрхийг ,,,,,,,,ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг ,,,,,,,,,д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь дуудлага худалдааны ялагч болж газрыг авахдаа дэнчин 480,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 12,500 төгрөгийг өөрөө төлсөн. Хэрэв зээлийн гэрээний хариу төлбөрт газар дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн бол хэдий хугацаагаар, ямар нөхцөлтэйгөөр талууд гэрээний нөхцөлийг тохиролцсоныг тодруулах шаардлагатайгаас гадна зээлийн хариу төлбөр болох 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь буцаан төлөх үүрэг үүсэхгүй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл олгохын тулд компани нь заавал тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардахгүй бөгөөд газрын дуудлага худалдааны үнийг ,,,,,,,,,ын нэрийн өмнөөс төлсөн болох нь бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 93 дугаартай төлбөрийн даалгавраар тогтоогдоно.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд иргэн, аж ахуй нэгж оролцох эрхтэй байсан. Хариуцагч ",,,,,,,," ХХК нь өөрийн нэрээр дуудлага худалдаанд оролцох эрхтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон дуудлага худалдаанд оролцуулахаар өгсөн үүрэг, даалгавартай холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар гарган өгөөгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч болсон. ",,,,,,,," ХХК-ийг газар эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд зээлийн төлбөрийг төлөх хүртэл хугацаанд өөрийн газар дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч бүрэн эрх олгосон этгээд болох ,,,,,,,,, нь газрын хууль ёсны эзэмшигч юм.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь өөрийн ажилтныг дуудлага худалдаанд оролцуулсан болох нь тогтоогдсон тул тухайн газрын шударга эзэмшигч. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Зохигчид хэргийн харьяаллын талаар маргаагүй учир анхан шатны шүүх зохих харьяаллын дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг зөв тогтоож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий болсон. Харин хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,, нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоолгох үүднээс хариуцагч ,,,,,,,,,,,,,-д холбогдуулан ,,,,,,,,, аймаг, ,,,,,,,,,,, сум, 3 дугаар баг, ,,,,,,,,, Хулгайчийн хоолой, ,,,,,,,, хаягт байршилтай, нэгж талбарын 4408006098 дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Харин хариуцагч нь дээрх газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгчид даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. ,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,-ийн ,,,,,,,,, аймгийн салбарын даргаар ажиллаж байхдаа ,,,,,,,,, аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаар захирамжийн дагуу зохион байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулснаар ,,,,,,,,, аймаг, Хатанбулаг сум, 3 дугаар баг, ,,,,,,,,, Хулгайчийн хоолой хаягт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай 5,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан.

 

3.1. Дээрх газрын дуудлага худалдааны төлбөр болох 29,540,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,, нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ,,,,,,,,, аймгийн Газрын албанд төлж барагдуулсан. Үүний дараагаас буюу 2017 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх газарт ,,,,,,,,,,,,, нь шатахуун түгээх үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч ,,,,,,,,,,,,, нь өөрийн ажилтан ,,,,,,,,,ыг компанийг төлөөлүүлэн газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцуулсан байна.

Үүнтэй холбоотойгоор тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс ажил олгогч нь ажилтанд газрын дуудлага худалдаанд оролцуулахдаа итгэмжлэл олгоогүй гэх тайлбар гаргасан боловч энэ нь нэхэмжлэгчийн газрын дуудлага худалдааны төлбөр хүссэн өргөдөл, үүний дагуу төлбөр төлсөн байдал, ,,,,,,,,, аймгийн Хатанбулаг сумын газрын даамал Л.,,,,,,,,,,, газар эзэмшигч ,,,,,,,,, нарын 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд ,,,,,,,,, гарын үсэг зурахдаа ,,,,,,,,,,,,,-ийн ,,,,,,,,, аймгийн Сайншанд сум дахь салбарын тамга дарсан байдал зэргээр үгүйсгэгдэж буй талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх журамд нийцсэн.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.

 

4. Ийнхүү хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хэн аль нь маргааны зүйл болж буй шатахуун түгээх станцын зориулалттай 5,000 м.кв газрыг эзэмшдэг үйл баримт тогтоогдсон байна. Үүнээс шалтгаалж чухамхүү аль эзэмшигч нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч болохыг тогтоох шаардлага үүсчээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь дуудлага худалдаанд оролцож ялснаар газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээг авсан боловч газрын дуудлага худалдааны төлбөр, дэнчинг өөрөө төлөөгүйн зэрэгцээ газрыг зориулалтын дагуу эзэмшиж аж ахуйн үйл ажиллагаа явуулаагүй.

Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна гэж заасан бөгөөд хариуцагч нь газрын дуудлага худалдааны төлбөр 29,520,000 төгрөг, дэнчин 480,000 төгрөг, захирамжийн мөнгө 20,000 төгрөг зэрэг дуудлага худалдаанд оролцох, газрыг эзэмшихэд шаардлагатай бүхий л зардлыг гаргасан, газрыг зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа болох нь баримтаар тогтоогдсон. Ийнхүү хариуцагч нь Газрын тухай хуулийн 6, 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлсээр иржээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэдийгээр газрын дуудлага худалдаанд өөрийн нэрээр оролцсон гэсэн боловч хэрэгт цугларсан баримтаар тэрбээр хариуцагч компанийн ажилтны хувиар оролцсон, хариуцагч нь өнгөрсөн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаж, холбогдох татвар, хураамж зэргийг төлж байсан байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг эзэмшигч гэж үзэхгүй.

 

4.2. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас дуудлага худалдааны төлбөр, дэнчинд 30,000,000 төгрөгийг зээлж авсан гэж тайлбарлаж буй боловч бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөлд дурдсан агуулгад энэ талаар заагаагүй, уг тайлбарт холбогдох үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотолж чадаагүй. Мөн нэхэмжлэгч нь газрыг хариуцагчид түрээслүүлсэн, үнэ төлбөргүй ашиглуулсан, зээлийн хариу төлбөрт эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдоогүй.

Дуудлага худалдаанд оролцохдоо төлсөн дэнчин 480,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан болох нь тогтоогдсон, харин тэмдэгтийн хураамж 12,500 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн нь түүнийг дуудлага худалдааны төлбөрийн төлсөн гэж тооцох үндэслэл болохгүй.

Иймд, анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,, нь өөрийн ажилтан ,,,,,,,,,ыг газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцуулж шатахуун түгээх станцын зориулалттай 5,000 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон тул шударга эзэмшигч юм гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.3. Нэгэнт нэхэмжлэгч нь газрын шударга эзэмшигч биш, зөвхөн ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврын дагуу дуудлага худалдаанд оролцсон тул түүнд ,,,,,,,,, аймаг, ,,,,,,,,,,, сум, 3 дугаар баг, ,,,,,,,,, Хулгайчийн хоолой, ,,,,,,,, хаягт байршилтай, нэгж талбарын 4408006098 дугаартай газрыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрх үүсээгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт зааснаар үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхэд хамаарах дээрх хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй, маргааны зүйлд хамааралгүй өөр заалт баримталсан хууль хэрэглээний алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.4. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

Хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглаж буй боловч нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүйн улмаас газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан байна. Уг нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт өгч сөрөг нэхэмжлэлийг хангажээ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 89 дүгээр зүйлийн 89.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 96 дугаар зүйлийн 96.3-т гэснийг 90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ