Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/02138

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/02138

 

 

,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/04213 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2024 оны ээлжийн амралтын цалин 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд орсон. Ажилд ороход хөдөлмөрийн болон бусад дагалдах гэрээнүүд байгуулахгүйгээр түр тушаал гаргаж, сарын 1,500,000 төгрөгөөр цалинжуулж байсан.

Гэтэл зүгээр ажиллаад явж байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тамгатай цаас үзүүлээд ажлаас халсан. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Сарын дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан.

Иймд, үндэслэлгүй ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,500,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, 2024 оны ээлжийн амралтын цалин 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарах үед ээлжийн амралтын цалинг 12 өдрөөр тооцож, мөн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал цалин 1,630,430 төгрөг, нэг удаагийн тэтгэмж 1,500,000 төгрөг, нийт 4,300,967 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны татвар, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,-ийн хувьцаа эзэмшигч болох ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн ажлын албаны шийдвэрээр дээрх 2 компанийн үйл ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар зогсоосон.

,,,,,,,,,,,-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулаад компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон.

2024 оны компанийн бүтэц орон тоог шинэчлэн батлахад хүний нөөцийн ажлын байрыг хасахаар шийдвэрлэсэн тул энэ тухай Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтанд 30 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдсэн. Ажлын байр хасагдсан тул ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Иймд, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, татвар нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,-ийн хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 4,429,656 төгрөг, ээлжийн амралтын цалинд 843,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,д олгож, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч ,,,,,,,,,,,-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 70,334 төгрөг, ээлжийн амралтын цалин 656,250 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 169,525 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу "мэдэгдэх хуудас"-ыг гардуулсан талаар нэхэмжлэгч маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон өдрийг нэхэмжлэгчийн "хурлын дараа цоож сольсон" гэх тайлбараас иш татан дүгнэсэн нь үндэслэлгүй.

"Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох" хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 2023 оны 12 дугаар сараас эхэлсэн гэж тогтоосон нь хуульд нийцэхгүй.

,,,,,,,,,,,-ийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28/23 дугаартай тушаалаар хүний нөөцийн мэргэжилтэн ажлын байрыг хасаж, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж байгаа тухай 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24/03 тоот мэдэгдэл, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/24 тоот хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг гардуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,500,000 төгрөг гаргуулах, татвар, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2024 оны ээлжийн амралтын мөнгө 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч ",,,,,,,,,,,," ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин 5,600,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 843,750 төгрөгийг олгох, үүнээс 2024 оны 01-04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл, татварыг хасч тооцох, гэрээний үүргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрч, холбогдох гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна.

 

3. Зохигчийн байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй.

 

4. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/04213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж,

хариуцагч ",,,,,,,,,,,," ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин 5,600,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 843,750 төгрөгийг олгох, үүнээс 2024 оны 01-04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл, татварыг хасч тооцох,

гэрээний үүргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 300,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ