Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

   2019          02           28                                           260         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808050670038 дугаар хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт, мөнгөний дархан, нарийн боовчин мэргэжилтэй, “Элжи Ундрам” ХХК-д мөнгөн аяганы хээ хийдэг гэх, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Ц.Э /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ц.Э нь 2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 1-56 тоотод нөхөр Д.Бтэй маргалдан улмаар түүнийг хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 5 сарын хугацаанд төлж барагдуулна” гэв.

 

Эрүүгийн 1808050670038 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Бийн: “2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө унтаж байтал 02 цагийн орчим эхнэр Ц.Э гаднаас ...“чи өчигдөр архи уусан, би архи ууж болохгүй юм уу” гэчихсэн согтуу орж ирсэн. Би босож хувцсаа өмсөөд эхнэртэй маргалдсан. Би эхнэрийнхээ өөдөөс гараараа далайсан чинь эхнэрийн ахынх нь найз залуу миний хоёр гараас бариад авсан. Тэр залуугаас гараа авах гээд ноцолдож байтал манай эхнэр Э миний гэдэс рүү цохих шиг болсон. Тухайн үед би анзаараагүй юм. Гэдэс рүүгээ харсан чинь миний гэдэснээс цус гарч байсан. Цагдаа дуудаад буцаад ирсэн чинь эхнэртэй хамт байсан хүмүүс гараад явчихсан байсан. Тэгээд намайг эмч ирээд аваад явсан. Харин эхнэрийг цагдаа нар аваад явсан юм шиг байна лээ. ...Этай 2007 онд нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Гэр бүлээ 2008 онд батлуулсан. Э бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. ...Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-7-9, 10/,

Гэрч Д.Урандэлгэрийн: “2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 02 цагийн орчим байх яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, манай дүү Б “эхнэр Э намайг хутгалчихлаа” гэж хэлээд орж ирсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бийн гэдсэн дээрээс нь цус гарсан байсан, их цус бол гараагүй байсан. Бийн гэрт очсон чинь Э гэртээ согтуу байсан. Би “яаж байгаа юм” гэж хэлтэл “танай дүү чинь давраад байгаа биз дээ” гэж хэлсэн. Цагдаа ирээд Эг эрүүлжүүлэх байранд хонуулсан. ...Б, Э хоёр 2006 оноос хойш нэг гэрт амьдарч байна. Манай бэр Э бид нар алт мөнгөний дарханд хамт ажилладаг бөгөөд их сайн хүүхэд. Тухайн үед яагаад нөхрийгөө хутгалж гэмтээснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-19-21/,

Гэрч Д.Урангуагийн: “2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал эгч Урандэлгэр залгаад “Б, Э нар маргалдсан байна, цагдаагийн хэлтэс дээр байна, чи хүрээд ирээч” гэхээр нь би Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь Бийн гэдэснээс цус гарсан байсан. Гараараа дарчихсан сууж байсан. ...Тэр хоёр гэрлэлтээ батлуулсан. Б, Э нар их эвтэй байдаг бөгөөд тухайн өдөр юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-22-24/,

Гэрч Л.Ундрахмөрөнгийн: “2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 02 цаг 39 минутад “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 1-56 тоотод манай дүүг эхнэр нь хутгалсан байна” гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирсний дагуу 02 цаг 48 минутад хаягаар очиж шалгахад дуудлага өгсөн эмэгтэй нь эрэгтэй дүүгээ дагуулчихсан гудамжинд зогсож байсан. Хашааны гадаа очоод зогсоход хутгалсан гэх эмэгтэй гарч ирсэн. Тэр эмэгтэй өөрийгөө Э гэж байсан, харин нөхөр нь Б гэж байсан. Бийнх нь хэвлий хэсэгт зүсэгдэж цус гарсан байсан. Эгчид нь 103 дуудаж үзүүлэх талаар зөвлөж Эг цагдаагийн хэлтэс дээр авчирч ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн. Эгаас архи үнэртэж байсан. Согтуурлын зэрэг шалгах багаж байхгүй учраас согтолтын зэргийг шалгаж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.11.07-ны өдрийн 13194 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Бийн биед хэвлийн зүүн дунд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-37/,

Шүүгдэгч Ц.Эгийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10-р сарын 28-ны ...шөнө 02 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай нөхөр Б хүүхдүүдтэйгээ унтаж байсан. Би нөхөр Бдээ “чи архи уучихаад яагаад агсам тавиад байдаг юм бэ” гэж хэлсэн. Бид хоёр маргалдаж байтал Б миний нүүр лүү нэг удаа алгадсан. Тэгтэл Отгонбаатар Бийг “чи яах гэж эхнэрийгээ зодож байгаа юм” гэж хэлээд хоёр гарыг нь бариад авсан. Би тухайн үед гал тогооны шүүгээний хажууд байж байсан учраас шургуулга онгойлгоод хар иштэй жижиг хутга гаргаж ирээд Бийн гэдэс рүү нь нэг удаа хатгасан. ...Б бид хоёр 2007 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа. Гэр бүлээ батлуулсан. Би мөнгөн аяганы үйлдвэрт ажилладаг, сард дунджаар 400.000-500.000 төгрөгийн цалин авдаг...” гэх мэдүүлэг /хх-89-93/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, аюулын зэргийн үнэлгээ /хх-44-45/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-46-54, 55-63/, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт /хх-66/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67, 68/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-69/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-96/, шүүгдэгчийн эхо-д харуулсан гэх баримт /хх-98/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Э согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 1-56 тоотод нөхөр Д.Бийг хутгалж, биед нь хэвлийн зүүн дунд хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Бийн “...Э миний гэдэс рүү цохих шиг болсон. Би гэдэс рүүгээ харсан чинь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/, гэрч Д.Урандэлгэрийн “...Б “манай эхнэр Э намайг хутгалчихлаа” гэж хэлээд орж ирсэн. ...гэдсэн дээрээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-19-21/, гэрч Д.Урангуагийн “...Бийн гэдэснээс цус гарсан, гараараа дарчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-22-24/, гэрч Л.Ундрахмөрөнгийн “...Нөхөр Бийнх нь хэвлий хэсэгт зүсэгдэж цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/, шүүх эмнэлгийн 13194 дүгээр “1.Д.Бийн биед хэвлийн зүүн дунд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-37/, шүүгдэгч Ц.Эгийн яллагдагчаар өгсөн “...хар иштэй жижиг хутга гаргаж ирээд Бийн гэдэс рүү нь нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-62-63/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Эгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Бийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Ц.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-18-19/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, жирэмсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна. 5 сарын хугацаанд төлж барагдуулна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хутга хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, жирэмсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Ц.Эг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар өнгийн иштэй, нийт урт 19 см хэмжээтэй, ажлын хэсгийн урт 9 см хэмжээтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Цогтбаатарын Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар өнгийн иштэй, нийт урт 19 см хэмжээтэй, ажлын хэсгийн урт 9 см хэмжээтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР