| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 139/2024/00090/И |
| Дугаар | 218/МА2024/00019 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 218/МА2024/00019
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2024/00367 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ны нэхэмжлэлтэй, *******д холбогдох 11,815,000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “...******* нь “*******” ХХК-ийн ломбардаас 6,950,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн хүүд 3,800,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 6,950,000 төгрөг, зээлийн хүү 1,390,000 төгрөг, алданги 3,475,000 төгрөг, нийт 11,815,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...миний бие нь “*******” ХХК-ийн эзэн ээс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай 6,950,000 төгрөгийн зээл авсан, би зээлийн хугацаанд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 хүүхдийн халамжийн мөнгө 25 cap буюу нийт 7,100,000 төгрөг, тэжээгчээ алдсаны халамжийн тэтгэмж 25 cap буюу нийт 1,080,000 төгрөг, өрх толгойлсон эмэгтэйн тэтгэмж 8 улирал буюу нийт 440,000 төгрөг, нийт 22,300,000 төгрөг төлсөн. Миний дээрх мөнгийг нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэн нь Төрийн банкнаас н , н нарынх, ХААН банкнаас н нарын cap бүр төрөөс өгч байгаа хүүхдийн мөнгө, мөн тэжээгчээ алдсаны халамжийн тэтгэмж, өрх толгойлсон эмэгтэйн улирлын тэтгэмж зэргийг шууд өөрөө банкны виза картаар авсан байгаа. Иймд “*******” ХХК-ийн эзэн ээс зээлж авсан 6,950,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд 22,300,000 төгрөг болгож төлсөн. Зээлсэн мөнгөө 3 дахин нугалж төлсөн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “*******” ХХК-аас 1 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, 6,950,000 төгрөгийг зээлсэн. Үүнээс хүү 1,390,000 төгрөг, алданги 3,475,000 төгрөг, нийт 11,815,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш “*******” ХХК-ийн дансанд орсон төлбөр байгаа боловч энэ нь 2021 оны 10 дугаар сарын 01, 2021 оны 10 дугаар сарын 16, 2021 оны 10 дугаар сарын 23, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд 2,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 860,000 төгрөг, 1,290,000 төгрөг, нийт 5 удаа хүүхдийн мөнгө болоод өрх толгойлсон эмэгтэйн мөнгийг барьцаалж зээл авсан. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн мөнгө төлсөн гэж маргаж байна. Ээж нь өвчтэй гэсэн шалтгаанаар удаа дараа мөнгө зээлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэл байна гэж үзэж байна” гэжээ.
4. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ мөнгөө төлсөн гэж бодож, маргаан үүсгэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ мөнгийг авах нь авсан. Буцаагаад төлсөн гэж үзэж байгаа. Тийм учраас төлөх шаардлагагүй. Ээжийг өвчтэй байхад ойр ойрхон мөнгө зээлж аваагүй. Хоёр хүүхдийн мөнгө тавьж 1,000,000 төгрөг авч ээжийгээ эмчлүүлсэн. Түүнийг бол хүлээн зөвшөөрч байна” гэв.
5. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч *******гаас 5,320,286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,494,714 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,990 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100,074 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна гэж давж заалдах гомдлыг гаргаж байна.
Учир нь анхан шатны шүүх зээлийн үлдэгдэл 2,186,100 төгрөг, тооцогдсон хүү 2,041,136 төгрөг, алданги 1,093,050 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хариуцагчийн нотлох баримтаар огт нотлоогүй үндэслэлгүй тайлбарт үндэслэн энэхүү төлбөрийн тооцоог гаргаж шийдвэрлэж байна.
Нэхэмжлэгчийн талаас шүүхэд хариуцагч *******гийн өрх, толгойлсон эхийн халамж, хүүхдүүдийнх нь тэжээгчээ алдсаны тэтгэмж, 3 хүүхдийн мөнгөн тэтгэмжийн орлогыг хариуцагч ******* өөр бусад зээлийн гэрээний барьцаанд тавьсан байсан талаарх зээлийн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар эх хувиар нь өгсөөр байхад хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж тайлбарлан үндэслэлгүйгээр үнэлэлгүйгээр шийдвэрлэж байгаа нь хууль ёсны биш бөгөөд үндэслэлгүй байна.
Мөн дээрх нотлох баримтуудыг ******* энэхүү зээлийн гэрээг байгуулахаас өмнө болон хойно нь авч барьцаалсан гэдгийг нотолж буй хамааралтай баримтууд байхад шүүх үнэлэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...анхан шатны шүүх хариуцагч *******гаас 5,320,287 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гаргасан. Хариуцагч ******* тухайн компанитай 2021 онд зээл авсан талаар хэрэгт баримт авагдсан байгаа. 3 хүүхдийн сар бүр авдаг 100,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтэр зэргийг тавиад зээл авсан талаараа маргах зүйлгүй. Тодорхой хэмжээний төлөлт хийгдсэн юм байна гэдгийг анхан шатны шүүх тогтоогоод 5,320,287 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,950,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,390,000 төгрөг, алданги 3,475,000 төгрөг нийт 11,815,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 0005431 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч “*******” ХХК нь 6,950,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэгч *******д зээлүүлэх, зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам нийт тушаах мөнгөн дүнгийн өдрийн 0,5%-тай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх -3/
4.1 Зээлийн мөнгөн хөрөнгө болох 6,950,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд буюу 2021 оны 05 дугаар сарын 28-наас 2022 оны 05 дугаар сарын 28-ныг дуустал хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалт болох Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримталж, энэ зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэв.
4.2. Хариуцагч нь өөрийн эзэмшлийн 3 ширхэг виза картыг “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал т өгч, уг картанд орсон бүх орлогыг авдаг, Хаан болон Төрийн банкны дансанд нийт 23,128,097 төгрөгийн орлого орсон энэ мөнгөнөөс би аваагүй гэж тайлбарласан байна.
4.3 Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-аас 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр авсан 6,950,000 төгрөгийн зээлээс 4,763,900 төгрөгийг төлсөн гэж үзсэн. Ингэж үзэхдээ хариуцагчийн Хаан банкны ... дугаар бүхий 4 дансны 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “*******” ХХК-ны гүйцэтгэх захирал ийн дансанд орсон мөнгийг нэг бүрчлэн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын зарчмаар тооцож шийдвэрлэсэн байна.
Энэ талаар нэхэмжлэгч тал хариуцагчийн нотолгоогүй үндэслэлгүй тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талаас шүүхэд хариуцагч *******гийн өрх, толгойлсон эхийн халамж, хүүхдүүдийнх нь тэжээгчээ алдсаны тэтгэмж, 3 хүүхдийн мөнгөн тэтгэмжийн орлогыг хариуцагч ******* өөр бусад зээлийн гэрээний барьцаанд тавьсан байсан талаарх зээлийн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар эх хувиар нь өгсөөр байхад хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж тайлбарлан үндэслэлгүй шийдвэрлэсэн, мөн дээрх нотлох баримтуудыг ******* энэхүү зээлийн гэрээг байгуулахаас өмнө болон хойно нь авч барьцаалсан гэдгийг нотолж буй хамааралтай баримтууд байхад шүүх үнэлээгүй гэх гомдол гаргасан байна.
Зохигчийн тайлбарт хэд хэдэн зээлийн гэрээний асуудал яригдаж байх боловч тухайн зээлүүдийн чухам алинд нь хэдэн төгрөг төлөгдсөн болох, маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн гэх зээлийг нэхэмжлэгч өөрөө ялгаж, салгах байдлаар нарийвчилсан тооцоог гаргаж өгөөгүй нөхцөлд шүүх дээрх байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл болохгүй.
Тухайлбал: өмнө нь хэрэг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцсан, хэрэг хянан шийдвэрлэх тодорхой боломжид хугацаанд нэхэмжлэгч шаардлага, түүний үндэслэлээ нотлох талаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн гомдолд дурдсанчлан шүүхийн ажиллагаанаас түүний эрх зөрчигдсөн, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохигч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, татгалзлаа нотлох, үүнтэй холбоотой нотлох баримтыг өөрсдөө бүрдүүлэх үүрэгтэй болно.
4.4 Шүүх Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн “141.1. Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заасны дагуу тооцсон нь буруу биш.
Хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн үндсэн зээл 6,950,000 төгрөгөөс хариуцагч 4,763,900 төгрөгийг төлснийг дурдаж, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 2,186,100 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар хүүг сарын 3%-аар тооцож 2,041,136 төгрөг, алдангийг 2022 оны 5 сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд хоног тутам 0,2 хувиас хэтрүүлэхгүй, 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хоног тутамд 0,5%-иар алданги тооцон 1,093,050 төгрөг, нийт 5,320,286 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн нь талуудын гэрээгээр тохирсон хүсэл зоригийн илэрхийлэлд тулгуурласан үндэслэл бүхий дүгнэлт шийдэл гэж үзсэн, үүнд хариуцагч тал гомдол гаргаагүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрх зүйн боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2024/00367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,865 /нэг зуун арван найман мянга найман зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Б.НАРАНЧИМЭГ