Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

   2019           3           01                                             266         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч С.Мөнхтулга,

шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808052940067 дугаар хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Цэрэндоржийн Н /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ц.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 28 дугаар гудамжны 40 тоот хашаанд өөрийн аав Г.Цэрэндоржийн хамтран амьдрагч Т.Этай маргалдан, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна. Цагийг нь багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1808052940067 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.Эгийн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нн бэр Алтанчимэг манай гэрт орж ирэхээр нь “хүүхдийн гар утас өг, чамайг авчихсан гэж байна” гэж хэлтэл Алтанчимэг “би юу гэж авдаг юм, балай авгай чинь дандаа балайрч байх юм” гэж үг хэлээр доромжилж байгаад гараад явчихсан. Би ардаас нь гарч Алтанчимэгийн гэр лүү орох гэсэн чинь Н урдаас гарч ирээд “чи манай аавыг зодох гэлээ” гэж уурлаж, миний нүүр, дух руу цохиж, газар байсан банзаар миний баруун мөр лүү хэд хэдэн удаа цохисон. Мөр хорсож өвдөөд “чи яаж байгаа юм” гэсэн чинь Н “яадаг юм, чамайг алсан ч яадаг юм” гээд зодсон. Алтанчимэг гэрээс гарч ирээд бид хоёрыг салгах гээд зууралдсан. Зууралдаж байгаад дийлэхгүй болохоороо гэр лүүгээ орчихсон. Н бид хоёр хэсэг бие биенийхээ хувцаснаас зууралдаж байгаад салсан. Н миний баруун мөр, дух нүүр орчим цохиж гэмтэл учруулсан. Би 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Замын-Үүд рүү явж байгаад автомашины осолд орж зүүн, баруун гараа хугалж, эмчилгээ хийлгэж, зүүн гарын бугалганы яс үйрч, хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсан. Намайг биеэ хамгаалах чадваргүй, зүүн гар үйлдэл хийж чадахгүй, авто осолд ороод гэмтчихсэнг Н мэдэж байсан. ...Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

Гэрч Н.Алтанчимэгийн: “...Э “чи муу хулгайч хүүхдийн утас аваад ир” гэхээр нь “Та юу яриад байгаа юм” гэхэд хэл амаар доромжлоод байсан. Гэрээс гараад хадам аав Цэрэндоржийн гэрт орж Э эгч намайг доромжлоод “янхан, гичий, хулгайч” гээд байна, би цагдаад дуудлаа гэж хэлээд гэртээ орсон. Тэгэж байтал Э эгч хашаанд гарчихсан “намайг зайлуул” гээд хашгираад байхаар нь хартал Цэрэндорж Э хоёр маргалдаад зууралдаж байсан. Тэрнээс хойш юу болсныг хараагүй. Хадам аав Цэрэндорж гэрт орж ирээд Э намайг цохиод байхаар нь Н Эг хэд алгадчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/,  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.11.12-ны өдрийн 13385 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Т.Эгийн биед баруун мөр, баруун бугалга, духанд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-34/,

Шүүгдэгч Ц.Нн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э архи уучихсан согтуу бэр Алтанчимэгтэй маргалдсан. Хүүхдийн гар утас авсан, өгсөн гэх шалтгаанаар маргалдсан. Аав Цэрэндорж дундуур орж “боль” гэж шаардлага тавьсан чинь аав Цэрэндоржийн хувцаснаас Э татаж зодох гээд байхаар нь би өмөөрч Эгийн баруун гарнаас татаж дух руу нь гараараа нэг удаа цохиж, баруун гараас нь барьж аваад түлхэж нүүр лүү нь 2-3 удаа алгадсан. Би Эг жижиг хашааны хугарсан банзаар нуруу руу нь 1 удаа цохисон. Би Эгийн биед гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-44-45/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-15/, хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-17/, хохирогчийг торгосон шийтгэлийн хуудас /хх-18/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-48-49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 28 дугаар гудамж, 40 тоот хашаанд хохирогч Т.Эг зодож, биед нь баруун мөр, баруун бугалга, духанд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан  нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Эгийн “...Н миний нүүр, дух руу цохиж, газар байсан банзаар миний баруун мөр лүү хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-25-26/, шүүх эмнэлгийн 13385 дугаар “1.Т.Эгийн биед баруун мөр, баруун бугалга, духанд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжилгээ /хх-34/, шүүгдэгч Ц.Нн яллагдагчаар өгсөн “...би ...Эгийн баруун гарнаас татаж дух руу нь гараараа нэг удаа цохиж баруун гараас барьж аваад түлхэж, нүүр лүү нь 2-3 удаа алгадсан. Би Эг жижиг хашааны хугарсан банзаар нуруу руу нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-44-45/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Т.Э нь ахуйн ослын улмаас S42.3 бугалгын гандан хугарах оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, 6 сарын хугацаанд тогтоолгосон болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-17/-аар тогтоогдож байх тул хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хөнгөн гэмтэл учруулсан гэж шүүх дүгнэсэн болно. Өөрөөр хэлбэл хохирогч Т.Эгийн “...Намайг бие хамгаалах чадваргүй, зүүн гар үйлдэл хийж чадахгүй, авто осолд ороод гэмтчихсэн байсныг Н мэдсээр байж надтай ингэж харьцаж биед эмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-26/, шүүгдэгч Ц.Нн яллагдагчаар өгсөн “...Эгийн гар гэмтчихсэн гэдгийг би мэдэж байсан. Үйлдэл нь хязгаарлагдаад хүн зодож цохиж чадахгүй гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-45/, шинжээчийн шинжилгээ /хх-34/ зэргээс шүүгдэгч Ц.Н нь хохирогч бие махбодийн өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон төдийгүй хохирогчийн энэ байдлыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байна гэж үзлээ.       

Иймд шүүгдэгч Ц.Нн хохирогч Т.Эгийн өвчтэй байдлыг ашиглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байна гэж шүүх дүгнэж түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25-26/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь хохирогч гараа хугалж, хөдөлмөрийн чадвар алдалттай болж биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, гэмтэл учруулсан. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй. Өндөр настай буюу 72 настай аавыгаа асарч хамгаалдаг. Ажилгүй, орлогогүйг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй. Хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн. Мөн шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Нд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна. Цагийг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн, шүүгдэгч нь эцгийгээ өмөөрч хохирогчийн эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, 50 настай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Цэрэндоржийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР