| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 184/2022/05383/И |
| Дугаар | 210/МА2024/01938 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2024/01938
| 2024 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2024/01938 |
С ХХК, М ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 30-ны өдрийн 184/ШШ2024/04264 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С ХХК, М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т.У , Т.Т, П.У нарт холбогдох,
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт хариуцагч Т.Т, Т.У нараас 16,731,967 төгрөг гаргуулж, С ХХК-д олгуулах, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт хариуцагч Т.У , П.У нараас 69,962,093 төгрөг гаргуулж М ХХК-д олгуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хариуцагч Т.У нь 2003 оноос хойш С ХХК-д ажилд орж, салбаруудад нягтлан бодогчоор ажиллаж эхлэн үүнээс хойш албан тушаал дэвшсээр 2016 оны 04 сарын 18-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М дэлгүүрийн 121 дүгээр салбарын даргаар, 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс С ХХК-ийн охин компани М ХХК-ийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М -120 дугаар салбарын дарга буюу менежерийн албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байсан.
1.2. Хариуцагч Т.У нь ажиллаж байх хугацаандаа 2017 оны 01 сараас 2018 оны 01 сарыг хүртэлх хугацаанд С ХХК-ийн 121 дүгээр салбар дэлгүүрт 16,731,967 төгрөгийн, 2018 оны 01 сараас 10 сарыг хүртэлх хугацаанд М ХХК-ийн 120 дугаар салбар дэлгүүрт 69,962,093 төгрөгийн бодит дутагдал гаргасан.
1.3. Хариуцагч Т.Т, П.У нар нь дээрх дутагдлыг гарахаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хувьд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтнууд атал Т.У тэй хамтран компанийн санхүүгийн бүртгэл буюу бараа бүтээгдэхүүний орлого, зарлагыг бүртгэдэг infinity ERP гэх программд өөрчлөлт оруулан засварлуулж, программд шивүүлж, бараа материалын дутагдал хааж байсан.
1.4. Иймд Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар С ХХК-д учирсан хохирол 16,731,967 төгрөгийг хариуцагч Т.У , Т.Т нараас гаргуулж С ХХК-д олгож, М ХХК-д учирсан хохирол 69,962,093 төгрөгийг хариуцагч Т.У , П.У нараас гаргуулж М ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлд хариуцагч Т.У бусадтай нийлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан бараа материалын дансны болон борлуулах үнийн дүнг өөрчилсөн, Т.Т, П.У нар дээрх дутагдлыг гарахаас урьдчилан сэргийлж, хяналт тавиагүй бараа материалын дутагдал хаасан гэж дурьдсан зэрэг нөхцөл байдлыг дүгнэвэл хариуцагч нар хамтран нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн дутагдал, хохирол учруулсан гэж хохирлын мөнгө гаргуулна гэх боловч 16,731,967 төгрөгийг Т.У , Т.Т нараас, 69,962,093 төгрөгийг Т.У , П.Уаас нараас гаргуулах болсон үндэслэлээ нотлоогүй, хамтран хариуцуулах болсон хууль зүйн үндэслэлийн талаар огт дурдаагүй учраас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна.
2.2. Түүнчлэн нэхэмжлэгч тал хариуцагч Т.У т итгэмжлэн хариуцуулсан бараа материал гэж дурдсан боловч хэдий хэмжээний бараа материалыг ямар байдлаар итгэмжлэн хариуцуулсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд энэ талаар хэрхэн тусгасан талаарх үйл баримтыг шүүхэд нотлоогүй.
2.3. Хамтран хариуцагч Т.Т, П.У нар орлого, зарлагын программд ямар байдлаар засвар өөрчлөлт оруулан хэдэн төгрөгний бараа материалыг хэрхэн дутаасан талаарх нөхцөл байдлыг нотлоогүй.
2.4. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд Иргэний хуульд заасан эд хөрөнгөнд учруулсан гэм хор гэж үзэх үндэслэлгүй, байгууллагын өөрийн хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдаж, эд хөрөнгийн хариуцлага тооцуулах асуудал гэж үзэх үндэслэлтэй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай/1999 оны/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3, 132 дугаар зүйлийн 132.4, 136 дугаар зүйлийн 136.3-т заасныг тус тус баримтлан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт хариуцагч Т.У ээс 9,060,553 төгрөгийг, хариуцагч П.Уаас 3,883,094 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 57,018,445 төгрөгийг, хариуцагч Т.У , Т.Т нарт холбогдох эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 16,731,967 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэл улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 749,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.У ээс 159,918 төгрөг, хариуцагч П.Уаас 77,079 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ажил олгогч иь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй тухай заасан зэрэг байдлыг харгалзан Минии дэлгүүр ХХК-ийн нэхэмжлэлээс эрсдэлийг хариуцагч нарт 30 хувиар хариуцан үүрүүлэх, байгууллагын өөрсдийн дотоод хяналт, шалгалт, менежер, нягтлан бодогчийг хянадаг хяналтын систем муу, гар тооллого үр дүн муутайгаас 2016 оны 01 сараас үүссэн зөрчлийг илрүүлэн таслан зогсоож чадаагүйгээс болсон гэж үзэн үлдэх 70 хувийн эрсдлийг нэхэмжлэгч нарт хариуцуулах нь зүйтэй гэж үзэв гэжээ.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэг Ажил олгогч ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлэхийг хориглоно. гэх заалт нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хариуцлагыг үгүйсгэх үндэслэл болох бөгөөд 1. ажил олгогч эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах нөхцөл бүрдүүлээгүй байх, 2. үүний улмаас хохирол учирсан байх, 3. ажил олгогчийн үйлдэл болон үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг нэгэн зэрэг биелсэн байхыг шаарддаг.
4.3. Гэтэл нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т.У , П.У нарын хариуцан ажиллаж байсан МД120 дугаар салбар дэлгүүр, түүний доторх бараа бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн хадгалахад шаардлагатай, орчин нөхцөлийг тал бүрээр бүрдүүлсэн буюу Монгол улсад мөрдөгдөж буй Жижиглэн худалдааны газар түүний үйлчилгээний MNS 5021-1:2019 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлж, санхүүгийн тайлан, тооцоо, тооллогыг тогтмол хийдэг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог нотлогддог.
4.4. Үйл ажиллагааны хяналтын хувьд хяналт удирдлагын Infinity ERP программ хангамжийг М ХХК нь өөрийн салбар дэлгүүрүүдэд зориулж шинээр гүйцэтгүүлж, ашиглаж байсан, ашиглаж байгаа.
4.5. Түүнчлэн, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл, маргааны үйл баримттай тохирч буй эсэхийг алдаатай дүгнэж, мөн М ХХК-ийн хариуцах ёстой гэх гэм буруу, хариуцлагын хэмжээг хэрхэн тодорхойлж 70 хувь гэж томьёолсон нь ойлгомжгүй.
Иймд 2024 оны 08 сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/04264 дугаартай шийдвэрт М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. М ХХК болон С ХХК нар нь сүүлд хамтран нэхэмжлэгчээр шүүх хуралдаанд орсон ба орлого зарлагын программд өөрчлөлт оруулж, хуурамчаар тохируулга хийсэн, бараа материалыг дутаасан гэх асуудлуудыг нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний тухай асуудал ярьдаг.
5.2. Гэвч бодит байдал дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг яаж алдсан талаар нэхэмжлэгч талаас тодруулахад нотолдоггүй, зөвхөн программд өөрчлөлт оруулсан гэх зүйлийг тайлбарладаг боловч тухайн программыг хэрхэн яаж ажилладаг талаарх журмыг гаргаж өгөөгүй.
5.3. Хариуцагч нарын зүгээс өр төлбөрөө өөрийн цалингаасаа төлдөг байсан гэж тайлбарладаг боловч тухайн баримтыг болон санхүүгийн баримтуудаа нэхэмжлэгч тал мөн гаргаж өгдөггүй, манайд байгаа санхүүгийн баримт устсан, алга болсон гэж тайлбарлаж зөвхөн Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт, хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлт хоёроор ажилчдаа буруутгадаг.
5.4. Нэхэмжлэгч тал нь өөрсдөө программыг зохиосон ба хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулаагүй, тухайн программын хэвийн аюулгүй ажиллах горим, стандартыг мөрдүүлээгүй атлаа уг программыг өөрчилж тохируулга хийж, бараа бүтээгдэхүүнийг дутаасан байна гэх үндэслэлээр ажилчдаа буруутгаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.
5.5. Түүнчлэн нэхэмжлэгч талын ярьж буй программд ажилтан болгонд код өгдөг гэж хариуцагч нар тайлбарладаг ба тухайн кодыг хүн болгон мэдэж, өөрчлөх боломжтой. Тиймээс программд яаж өөрчлөлт оруулж, тохируулга хийсэн зэрэг нь тодорхойгүй байхад ямар нэгэн байдлаар хариуцагч нарыг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.
5.6. Хариуцагч П.Уын хувьд цалингаасаа удаа дараа суутгал хийлгэсэн гэж хэлсэн тул хэдий хэмжээний цалин авч хэдэн төгрөгийн суутгал хийсэн гэх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөч гэж нэхэмжлэгч талаас шаардахад энэ талаарх баримт байхгүй, суутгал огт хийж байгаагүй гэх тайлбарыг өгсөн тул энэ агуулгаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шийдвэрийн 14 дэх талд ... нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т.У т салбар 120 дэлгүүрийн менежерийн ажлыг хүлээцүүлэхэд тодорхой нэр төрлийн бараа материал эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн боловч эргүүлж төлөөгүй, эрхэлсэн ажилтай нь холбогдуулан нягтлан бодогч П.У нараас удирдлагын түвшинд хөтлөгддөг Infinity ERP гэх компьютераар хөтлөх санхүүгийн программд өөрчлөлт оруулсны үндсэн дээр үрэгдүүлсэн, дараа тайлан гарган эргүүлэн төлөх үүргээ биелүүлэлгүй байгууллагад хохирол учруулсан гэх байдал хэргийн ямар үйл баримтаар тогтоогдсон... талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т нийцүүлэхийн тулд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
6.2. Хариуцагч нар программд өөрчлөлт оруулах боломжгүй, данс тооцоог төвийн нягтлангууд хөтөлдөг, гэрчийн мэдүүлгээр Infinity ERP программыг нэхэмжлэгч байгууллага өөрсдөө зохиосон, хөндлөнгийн ямар нэгэн байгууллагаар баталгаажуулаагүй программ дээр ажилчдаа ажиллуулж эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагыг бүрдүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй мөртлөө уг программдаа тохируулга/өөрчлөлт/ хийсэн гэх үндэслэлээр уг программаас үүдэлтэй эд хөрөнгийн гэх хохирлоо ажилтнаараа төлүүлж байгаа нь үндэслэлгүй ба шударга ёсны зарчимд нийцээгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх заалтыг зөрчсөн.
6.3. Нэхэмжлэгч тал 380,089,601 төгрөгийн үнэ бүхий бараа материалаас 43,145,494 төгрөгийн бараа материалын дутагдлыг хэрхэн тооцсон нь үндэслэл муутай байх ба 2019 оны 04 сарын 23-ны өдрийн шинжээч Ж.Жанилгааны дүгнэлтэд дурдагдаж байгаа 51,105,403.75 төгрөгийн дутагдлыг барааны материалын үнийг зориудаар өөрчлөн үлдэгдлийг нь хуурамчаар тохируулга хийж, уг бараа материалын дутагдлыг үнийн дүнгээр хааж бичсэн дутагдал болгон зориудаар программд өөрчлөлт оруулсан гэж үзэн нэхэмжлэгчид ашигтай байдлаар шинжээчийн дүгнэлтийг тайлбарлан хууль зүйн дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцээгүй.
6.4. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурьдагдсан нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эд хөрөнгийн хариуцлага хүлээх үндэслэлийн алинд хамаарч байгаа нь тодорхой бус байх тул дээрх нөхцөл байдлыг үндэслэн Т.У эзс гаргуулах 9,060,553 төгрөг, П.Уаас гаргуулах 3,883,094 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
7. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч тал нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ёсгүй байсан, анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл программд өөрчлөлт оруулсан гэдэг нь юугаар нотлогдож, яагаад программд өөрчлөлт оруулсан гэж үзэж байна гэх агуулгаар гомдлоо гаргаж байна.
7.2. Нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр буюу гэм хортой холбоогүйгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
7.3. Түүнчлэн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээсэн ажилтан нь хугацааны эхэнд бараа хүлээж аваад хугацааны эцэст тухайн бараагаа мөнгөөр эсхүл эд хөрөнгөөр хүлээлгэж өгөх ёстой байдаг. Гэтэл хариуцагч нар нь үүнийг хэрэгжүүлээгүй буюу хариуцагч нарт хугацааны эхэнд 380,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгсөн бөгөөд 10 сард тооллого хийхэд дутагдал гарсан тул аудитын байгууллагаар баталгаажуулж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тайлан гарсан.
7.4. Ингэхдээ зарим бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан тул энэ нь дутагдал биш, зарим бараа эргэлзээтэй байгаа учир 40,000,000 орчим гэж гаргалаа гэх шинжээчийн дүгнэлтээр тодорхойлуулсан. Тухайн үед Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу 6 хайрцаг санхүүгийн анхан шатны баримтуудыг өгсний үндсэн дээр дээрх дүгнэлтүүд гарсан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Т.У , Т.Т нараас холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 16,731,967 төгрөг, нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т.У , П.У нарт холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 69,962,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 4586 дугаар тушаалаар МД121 салбарын менежерийн албан тушаалд, М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 92 дугаар тушаалаар Т.У ийг МД120 салбарын менежерийн албан тушаалд томилж, Т.У тэй 2018 оны 01 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ, Барьцааны гэрээ, 2018 оны 02 сарын 01-ний өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Байгууллагын нууц хадгалах гэрээг тус тус байгуулсан; /1хх-7-12, 85-86, 106,107/
3.2. С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 5235 дугаар тушаалаар П.Уыг МД120 салбарын нягтлан бодогчоор томилж, М ХХК нь П.Утай 2018 оны 01 сарын 02-ны өдөр 443 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 01 сарын 01-ний өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан; /1хх-110-111, 1хх-135-140/
3.3. Нэхэмжлэгч М ХХК нь МД121 салбарын нягтлан бодогч Т.Ттэй 2018 оны 01 сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 01 сарын 08-ны өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2018 оны 01 сарын 02-ны өдөр Барьцааны гэрээг тус тус байгуулсан; /3хх-31-38/
3.4. М ХХК нь МД120 салбарын менежер Т.У т 2018 оны 01 сарын 31-ний өдөр 6732 нэр төрлийн 380,089,601 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хүлээлгэн өгсөн; /2хх-29-35/
3.5. Нэхэмжлэгч М ХХК-аас МД110, МД120, МД121 дүгээр салбаруудад Релаэнс секьюритиз аудит ХХК-аар аудитын дүгнэлт гаргуулж, салбарын менежер Т.У ийг ажиллаж байх хугацаанд МД120 дугаар салбарт 69,962,093 төгрөгийн, МД121 дүгээр салбарт 16,731,679 төгрөгийн бараа материалын дутагдал гаргасан гэж тогтоосон; /1хх-13-34/,
3.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 66 дугаар Шинжээчийн дүгнэлтээр Релаэнс секьюритиз аудит ХХК-ийн аудитын дүгнэлтээр гарсан 69,962,093 төгрөгийн бараа материалаар дутагдлаас 18,856,689 төгрөг нь баримтаас хасагдаж, 51,105,403 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан гэж дүгнэлт гаргасан; /2хх-223-227/
3.7. М ХХК-аас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдолд үндэслэн Хэрэг бүртгэлтийн 190011003 дугаар хэргийг 2020 оны 02 сарын 04-ний өдөр үүсгэж, 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 771 дугаар Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /1хх-203-205/
4. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлийг ... гэм хорын хохирол ... гэж тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлийг ... эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасан хохирол гэж өөрчилсөн.
Анхан шатны шүүх зохичг талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, мөн ажил үүргийн онцлогтой уялдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин Т талаар зөв дүгнэжээ.
Түүнчлэн, хэргийн үйл баримт 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул анхан шатны шүүх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний нийтлэг зарчимд нийцсэн байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Т.У , Т.Т нарт 121 дүгээр салбар дэлгүүрийн хэдэн нэр төрлийн, ямар үнэ өртөг бүхий эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн талаар үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 16,731,967 төгрөгийн хохирол учирсан нь тогтоосон боловч анх хүлээлцсэн бараа, бүтээгдэхүүн тодорхойгүй байхад эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хохирлыг тодорхойлох боломжгүй.
6. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т зааснаар тохиолдол үүссэн гэж үзэж нэхэмжлэгч нар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
6.1. М -120 салбарын менежер Т.У т 6,732 нэр төрлийн 380,089,601 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг хүлээлгэн өгснөөс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хариуцагч Т.У , П.У нар 2018 оны 01 сараас 2018 оны 10 сарыг хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан бараа материалыг дансны болон борлуулах үнийг зориудаар өөрчлөн үлдэгдлийг нь хуурамчаар тохируулга хийж, уг бараа материалын дутагдлыг үнийн дүнгээр хааж бичсэн нь илэрсэн 51,105,403.75 төгрөгийн дутагдлаас 7,959,909 төгрөгийн бараа материалын дутагдлыг санхүүгийн баримтаар тогтоох боломжгүй тухай дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзсэн тул хасаж тооцон 43,145,494 төгрөгийн хэмжээгээр хохирлын хэмжээг тооцсон нь зөв болжээ.
6.2. Хариуцагч М ХХК-ийн Хяналтын болон хуваарьт тооллого явуулах журам-д зааснаар хуваарьт тооллогыг сар бүр явуулдаг атлаа барааны дутагдлыг илрүүлсэн бол Алдагдал нөхөн барагдуулах журам-д зааснаар алдагдлыг хуваарилах, мөн хохирлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр таслан зогсоох боломжтой байсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
6.3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3, 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаар М ХХК-ийн нэхэмжлэлээс эрсдэлийг хариуцагч нарт 30 хувиар, нэхэмжлэгчид 70 хувийн эрсдэлийг нэхэмжлэгч нарт хариуцуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.
Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Т.У нь хоёр салбар дэлгүүрийн менежерээс ажилласан хугацаанд адил аргаар үйлдэгдсэн барааны дутагдал гарсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу хариуцагч Т.У , П.У нар нь бараа, бүтээгдэхүүний дутагдлыг хариуцан төлөх үүрэгтэй байхаас гадна барааны дутагдлыг илрүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүй байх тул нийт хохирол 43,145,494 төгрөгөөс 50 хувь буюу 21,572,747 төгрөгийн эсрдэлийг хариуцах үүрэгтэй гэж үзэв.
Хариуцагч Т.У т 70 хувь буюу 9,060,553 төгрөг, П.Уд 30 хувь буюу 3,883,094 төгрөгийн хариуцлагыг хуваарилсан анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулна.
Хариуцагч Т.У , П.У нар нь нэхэмжлэгч байгууллагатай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан, хариуцагч нарын гэм бурууг хэргийн баримтаар хуваарилах боломжгүй байх тул хариуцагч Т.У , П.У нараас 21,572,747 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосон өөрчлөлт оруулна.
7. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай/1999 оны/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3, 132 дугаар зүйлийн 132.4, 136 дугаар зүйлийн 136.3-т заасныг баримталсан хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулна.
Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүхэд харьяалуулан шийдвэрлүүлэхээр зохицуулсан тул уг зохицуулалтыг баримтласан өөрчлөлт оруулна.
8. Зохигч талуудын гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
8.1. Нэхэмжлэгч С ХХК нь аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 121 дүгээр салбарт хариуцагч нарыг ажиллах хугацаанд 16,731,967 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон гэсэн агуулгатай гомдлыг хангахгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар хохирлын хэмжээг шууд хохирлоор тодорхойлох ба нэхэмжлэгч нь ямар үнийн дүнтэй, хэдэн төгрөгийн бараа, бүтээгдэхүүн өгснөө нотлоогүй тохиолдолд хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлгүй.
8.2. Нэхэмжлэгч нь М ХХК нь бараа, бүтээгдэхүүнийг хяналтын тооллогыг сар бүр хийдэг атлаа нийт хүлээлцсэн бараа, бүтээглэхүүний 20 орчим хувьд ногдох үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн дутсан байхыг илрүүлээгүй, мөн эрсдэл хариуцах журмаар дээрх хохирол нь зөвхөн хариуцагч нарын буруутай үйлдлээс шалтгаалсан эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагчийн буруутай үйл ажиллагаа хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Иймд, нэхэмжлэгч М ХХК нь нийт учирсан хохирлын тал хувийг хариуцах нь шударга ёсонд нийцнэ. Энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
8.3. Хариуцагч Т.У , П.У нар нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр үүрэг хүлээсэн, мөн М ХХК-аас хүлээлгэн өгсөн бараа, бүтээгдэхүүнийг харуицагч нарыг ажиллаж байх хугацаанд дутсан болохыг мэргэжлийн байгууллага тусгай мэдлэгт тулгуурлан тогтоосон тул эд хөрөнгийг бүрэн хариуцлагын гэрээний дагуу хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай/1999 оны/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3, 132 дугаар зүйлийн 132.4, 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хууль хэрэглээний талаар гомдлыг хангахгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 30-ны өдрийн 184/ШШ2024/04264 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч Т.У , П.У нараас 21,572,747 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 48,389,346 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Т.У , Т.Т нараас 16,731,967 төгрөг гаргуулах тухай С ХХК-дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 749,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.У , П.У нараас 265,814 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,700 төгрөг, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР