Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 519

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч С.Мөнхтулга,

Шүүгдэгч Г.Б  

Шүүгдэгч Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,  3.7 дугаар зүйл 1 дэх  хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б  овогт Б  Б, Б  овогт Г Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808058400121 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогтой Г Б, Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг Мөнгөнморьт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Төв аймаг Мөнгөнморьт сумын 3 дугаар баг,  Мөнхжаргалантын 11 дүгээр гудамж 3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,

Б овогт Б Б, Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймаг Мөнгөнморьт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Төв аймаг Мөнгөнморьт сумын 3 дугаар баг, Булагийн 4 дүгээр гудамж 3 тоотод оршин суух хаягтай, 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар:,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Г.Болдбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууц 3-86 тоотод оршин суух иргэн Т.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Арина маркийн 40 инчийн зурагтыг хулгайлан авч, 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1-1в тоотод иргэн Б.Ганбаярын халаасанд байсан хэтэвчнээс бэлэн 400.000 төгрөг, амбаар дотор байсан иргэн Ц.Ганхуягийн 725.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5.5 килловатын цахилгаан мотор, 50 метрийн урттай зэс голтой кабелийн цахипгаан утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б Бат-Эрдэнэ нь 2019 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16 тоотод байрлах Нийтийн байрны 2 давхрын 15 тоотын оршин суугч иргэн Э Баярболдын гэрт нэвтэрч бугуйн цаг 1 ширхэг, плаш 1 ширхэг, түлхүүрийн оосор 1 ширхэг, эрэгтэй хүний гутал 1 хос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 73.970 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Болдбаатартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороон, Малчны 1-1в тоотод иргэн Б.Ганбаярын халаасанд байсан хэтэвчнээс бэлэн 400.000 төгрөг, амбаар дотор байсан иргэн Ц.Ганхуягийн 725.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5,5 килловатын цахилгаан мотор, 50 метрийн урттай зэс голтой кабелийн цахилгаан утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

Хулгай хийсэн нь үнэн, гэхдээ цахилгаан мотор, кабелийн утас зэргийг аваагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Болдбаатар мэдүүлэхдээ:

Хулгай хийсэн нь үнэн, гэхдээ цахилгаан мотор, кабелийн утас зэргийг аваагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Т.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би Г.Болдбаатартай нээх харьцаад байдаггүй юм. 2018 оны 11 дүгээр сарын эхээр манай гэрт ирж намайг ажилд оруулаад өгөөч гэж ирэхээр нь би өөрийн ажиллаж байгаа Юнимат нэртэй компанид туслах ажилтнаар оруулсан чинь нэг cap хүрэхгүй ажиллаад ажлаа таслаад ирэхгүй, хаагуур явж байгаа нь мэдэгдэхгүй, алга болчихсон байж байгаад манай гэрт өдрийн цагаар хүн байхгүйг мэддэг болохоор гэр эзэнгүй байхад очиж хулгай хийсэн байна лээ...Г.Болдбаатар хөдөөнөөс ажилд орохоор 2018 оны 11 дүгээр сарын эхээр ирээд 20 хоног орчим л амьдарч байгаад ажлаа хаяад алга болсон...Би Г.Болбаатараас юугаа авахав дээ, хоосон хүнээс хоёр чихийг нь авалтай биш, угаасаа миний хохирлыг барагдуулж чадахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би шүүх хуралдаанд оролцохгүй...гэжээ. /1хх-12-15/,

Гэрч Ц.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаан 8-444 тоотод байрлах...Саран капитал нэртэй ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газартаа үйл ажиллагаа явуулаад байж байтал гаднаас 20-25 орчим насны эрэгтэй хүн хар өнгийн “Арина” гэсэн нэртэй 40 инчийн ЛД маркийн шинэвтэр зурагтыг хайрцаг савгүй, удирдлагатай нь хамт ил барьчихсан орж ирээд “зурагт барьцаалах гэсэн юм, зурагт авах уу” гэж...Ганзоригийн Болдбаатар гэх залуу надад бичиг баримтаа өгч барьцаалахаар болсон юм...Г.Болдбаатар ганцаараа орж ирсэн...Би тухайн Арина маркийн 40 инчийн зурагтыг хулгайн зурагт байсан талаар нь мэдээгүй...гэжээ. /1хх-22-23/,

Хохирогч Ц.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 1-1в тоотод би өөрийн өмчлөлийн хашаандаа төмөр хийцийн жижиг цех ажиллуулдаг байсан...манай хашааг шөнөдөө Ганбаяр гээд манай залуу манаж хардаг юм. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай өөрийн найзууд гэх Болдбаатар, Бат-Эрдэнэ гэдэг хоёр залууг дагуулж ирээд ажилд оруулах гэсэн юмаа гээд надаас гуйгаад байсан...Болдбаатар, Бат-Эрдэнэ гэдэг хоёр залууг ажилд аваад Ривер гарден хотхонд Номин ХХК-ны ажил дээр тэр хоёрыг ажиллуулаад дээрх хашаандаа Ганбаяртай нөгөө хоёрыг байрлуулсан юмаа. 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой... Ганбаярын цалинг бүтнээр 530.000 орчим төгрөг өгсөн. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө над руу Ганбаяр “Бат-Эрдэнэ, Болдбаатар хоёр согтуу унтаж байхад миний цалин болох 400.000 төгрөгийг  хулгайлаад аваад явсан байна” гэхээр нь би шууд яваад очсон...Тэгээд би байшингын зүүн хойд буланд байдаг цоожгүй новшны амбаарт байсан 5.5 килловатын цахилгаан мотор, 50 метрийн урттай зэс голтой кабель /цахилгааны/ зэрэг алга болсон байсан...Би мотор, цахилгааны утас хоёроо нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй, өөр гомдол санал байхгүй...гэжээ. /хх-96-99/,

Хохирогч Б.Ганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчины 1-1в тоотод үйл ажиллагаа явуулдаг төмрийн цехед гагнуурчнаар ажилладаг ба би тэндээ сүүлийн 5 жил байрлаж ажиллаж байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай дунд сургуулийн ангийн хүүхэд Г.Болдбаатар миний утсыг ангийн хүүхдээс авсан гээд холбогдсон. Тэгээд ярьж байгаад ажилд оруулаад өгөөч гэж гуйсан. Надаас 7 хоногийн турш шалгааж гуйсан. Тэгээд би түүнийг хүрч ирээд даргатай уулз гэхэд Г.Болдбаатар өөрийнхөө найз Бат-Эрдэнийг дагуулж ирсэн. Тэгээд манай дарга Ц.Ганхуяг тэднийг надаас хулгай зэлгий хийдэг хүүхдүүд биш биз дээ гэж асуусан. Г.Болдбаатар надад тийм асуудал байхгүй, ажил хийж мөнгөтэй болмоор байна, найдвартай тууштай ажиллана гэж хэлснийг нь даргадаа хэлсэн юм. Тэгээд манай дарга тэднийг ажилд авсан. Тэр хоёр надтай цуг нэг өрөөнд байрлаад 3 хоног ажил хийсэн ба 2018 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө хамт хоночихоод намайг унтаж байхад миний нууж тавьсан түрүүвчнээс цалин болох 400.000 төгрөгийг хулгайлаад хамаг юм аа аваад явчихсан байсан. Өглөө нь сэрээд би мэдсэн ба даргадаа залгаж хэлсэн. Манай дарга Ц.Ганхуяг хашаанд ирээд юм хумаа шалгаад мотор, цахилгааны утас алдагдсаныг мэдсэн юм...гэжээ. /хх-90-94/,

 Хохирогч Э.Баярболд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа Далайхүү төвийн нийтийн байрны 2-15 тоотод ах Баярсайханы хамт байдаг юм. 2019 оны 03 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө гэрт хүн байхгүй ба 2019 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 09:00 цагийн үед гэртээ ирэхэд цоожтой байсан ба онгойлгоод ороход миний үүргэвчтэй цүнхэн дотор хар өнгийн Casio маркийн бугуйн цаг, цагаан өнгийн флаш, түлхүүрийн оосор, гэр дотор байсан бор өнгийн 38 размерийн гутал байхгүй байсан...гэжээ. /хх-236-237/,

 Гэрч Э.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 Би 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим өөрийн амьдардаг нийтийн байрнаасаа гарч яваад гадуур хоноод өглөө 09 цагийн орчим гэртээ ирсэн юм. Гэртээ ирэх үед хаалга үүд цоожтой, ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдахгүй байсан. Намайг гэртээ орж ирээд удаагүй байтал араас дүү Баярболд гаднаас орж ирээд хичээлдээ явах гээд цүнхэн дотор байсан флаштай холбоотой ангийнхаа түлхүүрийг авах гэтэл флаш нь байхгүй, түлхүүр нь дангаараа байсан болохоор нь надаас флаш авсан уу гээд асуугаад байхаар нь би түүнд уг флашыг аваагүй талаар хэлчихээд байж байтал дүү хичээлдээ явахаар болоод урд орой гэрт үлдээсэн ботинки гутлаа өмсөх гээд хайсан чинь олдохгүй болохоор нь гайхаад гэрт хулгай орсон байж магадгүй гэж бодоод нийтийн байрныхаа жижүүртэй уулзаж хяналтын камерыг нь шүүж үзтэл нэг танихгүй эрэгтэй хүн хяналтын дүрс бичлэгт манай өрөө рүү ордог хэсэг рүү орж байгаа бичлэг байсан бөгөөд уг хүн манай өрөөний орчмоос гарч ирээд хажуу талын эзэнгүй өрөө рүү орж байсан...гэжээ. /хх-240-241/,

Шүүгдэгч Г.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр...19 цагийн үед хамаатны залуу болох Мөнх-Эрдэнийн гэрт очиж хонох гээд очтол гэрт нь хүн байхгүй болохоор нь гадаа хүн ирэхийг хэсэг хүлээж байгаад хүн ирэхгүй байхаар нь хашааных нь хаалгыг онгойлгож ороод байшингийнх нь үүдний амбаарын хажуу талын жижиг цонхыг өмсөж явсан савхин бээлийтэй гараараа цохиж хагалаад...гэрт нь орж том өрөөнд нь байсан “Арина” гэсэн бичигтэй хар өнгийн хавтгай дэлгэцтэй шинэвтэр том зурагтыг нь удирдлагатай нь авч гараад...ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар Мөнх-Эрдэнийн гэрээс авсан зурагтаа 250.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай өгчихөөд багшийн дээд орж биеэ үнэлдэг эмэгтэй авч буудалд хоносон юм...Ганбаяртай уулзахдаа өөрийн найз Бат-Эрдэнэтэй хамт очсон...Ганбаяр өөрийн захирал Ганхуяг гэдэг хүнтэй уулзуулаад Бат-Эрдэнэ бид хоёр хамт тав хоног барилгын ажил хийгээд цалингаа авах гэтэл “цаашид ажиллах барьцааны мөнгө авна, та хоёрын 5 хоногийг барьцаална” гээд өгөөгүй, уг нь Бат-Эрдэнэ бид хоёр өдрийн 25.000 төгрөгөөр ажиллана гэж тохирсон. Ганбаярын цалин 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буугаад Ганбаяр 380.000 төгрөгийн цалин авсан гэж байсан...бид гурав Зүүн салаанд байдаг караокед орж зөндөө пиво уусан, бид нар нилээн согтсон...бид гурав Ганбаярын ажлын байранд орж амарцгаасан...2019 оны 10 дугаар сарын 21-ний үүрээр 6 цагийн орчим би түрүүлж сэрээд Ганбаярын орны толгой дээр байсан хүрэн өнгийн хэтэвчнээс нь 320.000 төгрөг хулгайлж аваад, Бат-Эрдэнийг сэрээгээд “энэ ажил бүтэхгүй  юм байна, хоёулаа явъя” гээд гарсан...замдаа Бат-Эрдэнэд Ганбаярын хэтэвчнээс 320.000 төгрөг хулгайлсанаа хэлтэл Бат-Эрдэнэ “одоо хоёулаа Ганбаяр дээр буцаж очиж болохгүй баригдана” гээд бид хоёр нөгөө мөнгөөрөө архи дарс уугаад зочид буудалд хоёр хоног байгаад Бат-Эрдэнээс салаад гэртээ харьсан. Би Ганбаяраас мөнгө л авсан өөр зүйл аваагүй...гэжээ. /1хх-32-34, 177-179, 192-194/,  

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 03 дугаар сарын 17-ны орой би гэртээ байж байгаад...гадагш гараад байрныхаа 2 давхарт гарч тэр хавиар явж байсан чинь 15 тоот өрөөний хаалга нь гаднаасаа цүүнд зүүдэг хятад төмөр цоожоор цоожилсон хүнгүй байхаар нь...буланд байсан төмрийг аваад цоожны голоор нь оруулж хөшиж татаад цоожийг онгойлгож дотогш орсон...Өрөөнд ороод өрөөний хаалганд нь өлгөөтэй байсан эрэгтэй хүний хар өнгийн хажуудаа үүрдэг үүргэвч бүхий цүнхнээс эрэгтэй хүний бугуйн цагаан өнгийн нүүртэй цаг 1 ширхэг, цагаан өнгийн флаш 1 ширхэг, түлхүүрийн оосор 1 ширхэг, хүрэн өнгийн эрэгтэй хүний ботинк 1 хос зэргийг аваад өрөөнөөс нь гарсан...Тэр үедээ явж байгаад гэнэт ормоор санагдаад л тэр айлын хаалганы цоожийг нь эвдээд орчихсон юм...гэжээ. /1хх-247-249/, 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-7/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-2, 230, 88 /, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-231-233/, “Мастер үнэлгээ” ХХКомпанийн №18/148, №18/127 дугаар үнэлгээний тодорхойлолт /1хх-27-28, 108-109/ , эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-127,128/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-118,121/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч  Г.Б, Б.Бнарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нь

Шүүгдэгч Г.Б  2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууц 3-86 тоотод оршин суух иргэн Т.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 490.000 төгрөгийн үнэ бүхий Арина маркийн 40 инчийн зурагтыг хулгайлан авсан, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 1-1в тоотод иргэн Б.Ганбаярын халаасанд байсан хэтэвчнээс бэлэн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, амбаар дотор байсан иргэн Ц.Ганхуягийн 725.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5.5 килловатын цахилгаан мотор, 50 метрийн урттай зэс голтой кабелийн цахилгаан утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Шүүгдэгч Б Бат-Эрдэнэ нь 2019 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16 тоотод байрлах Нийтийн байрны 2 давхрын 15 тоотын оршин суугч иргэн Э Баярболдын гэрт нэвтэрч 73.970 төгрөгийн үнэ бүхий бугуйн цаг 1 ширхэг, плаш 1 ширхэг, түлхүүрийн оосор 1 ширхэг, эрэгтэй хүний гутал 1 хос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, шүүгдэгч Г.Болдбаатартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 1-1в тоотод иргэн Б.Ганбаярын халаасанд байсан хэтэвчнээс бэлэн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, амбаар дотор байсан иргэн Ц.Ганхуягийн 725.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5,5 килловатын цахилгаан мотор, 50 метрийн урттай зэс голтой кабелийн цахилгаан утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан  болох нь

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Г.Болдбаатар...2018 оны 11 дүгээр сарын эхээр манай гэрт ирж намайг ажилд оруулаад өгөөч гэж ирэхээр нь би өөрийн ажиллаж байгаа Юнимат нэртэй компанид туслах ажилтнаар оруулсан чинь нэг cap хүрэхгүй ажиллаад ажлаа таслаад ирэхгүй, хаагуур явж байгаа нь мэдэгдэхгүй, алга болчихсон байж байгаад манай гэрт өдрийн цагаар хүн байхгүйг мэддэг болохоор гэр эзэнгүй байхад очиж хулгай хийсэн байна лээ...” гэх мэдүүлэг /1хх-12-15/,

Гэрч Ц.Шинэбаярын өгсөн “...20-25 орчим насны эрэгтэй хүн хар өнгийн “Арина” гэсэн нэртэй 40 инчийн ЛД маркийн шинэвтэр зурагтыг хайрцаг савгүй, удирдлагатай нь хамт ил барьчихсан орж ирээд “зурагт барьцаалах гэсэн юм, зурагт авах уу” гэж...Ганзоригийн Болдбаатар гэх залуу надад бичиг баримтаа өгч барьцаалахаар болсон юм...” гэх мэдүүлэг /1хх-22-23/.

Хохирогч Ц.Ганхуягийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө над руу Ганбаяр Бат-Эрдэнэ, Болдбаатар хоёр согтуу унтаж байхад миний цалин болох 400.000 төгрөгийг  хулгайлаад аваад явсан байна гэхээр нь би шууд яваад очсон...байшингын зүүн хойд буланд байдаг цоожгүй новшны амбаарт байсан 5.5 килловатын цахилгаан мотор, 50 метрийн урттай зэс голтой кабель /цахилгааны/ зэрэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-96-99/,

Хохирогч Б.Ганбаярын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө хамт хоночихоод намайг унтаж байхад миний нууж тавьсан түрүүвчнээс цалин болох 400.000 төгрөгийг хулгайлаад хамаг юм аа аваад явчихсан байсан...Манай дарга Ц.Ганхуяг хашаанд ирээд юм хумаа шалгаад мотор, цахилгааны утас алдагдсаныг мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-90-94/,

Хохирогч Э.Баярболдын өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө гэрт хүн байхгүй байсан...өглөө 09:00 цагийн үед гэртээ ирэхэд цоожтой байсан ба онгойлгоод ороход миний үүргэвчтэй цүнхэн дотор хар өнгийн Casio маркийн бугуйн цаг, цагаан өнгийн флаш, түлхүүрийн оосор, гэр дотор байсан бор өнгийн 38 размерийн гутал байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-236-237/,

Гэрч Э.Баярсайханы өгсөн “...нийтийн байрныхаа жижүүртэй уулзаж хяналтын камерыг нь шүүж үзтэл нэг танихгүй эрэгтэй хүн хяналтын дүрс бичлэгт манай өрөө рүү ордог хэсэг рүү орж байгаа бичлэг байсан бөгөөд уг хүн манай өрөөний орчмоос гарч ирээд хажуу талын эзэнгүй өрөө рүү орж байсан...” гэх мэдүүлэг /1хх-240-241/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Т.Мөнх-Эрдэнийн буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Э.Баярболдын буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Г.Б, Б.Бнар бүлэглэн Б.Ганбаярын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, мөн хохирогч Ц.Ганхуягийн эд хөрөнгийг агуулах зориулалттай байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тэдний үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байх тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, Г.Болдбаатар нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, Г.Болдбаатар нарын үйлдлийн хувьд маргахгүй, харин зарим хохирлын хувьд хүлээхгүй байгаа юм. Тухайлбал мотор, зэс утас авсан гэж хэлдэггүй, яаж авсан, яаж зөөвөрлөсөн нь тодорхойгүй, шүүгдэгч нар их согтуу байсан тул аваагүй гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байдал байна гэж үзээд шүүгдэгч нарт ашигтайгаар шийдэх боломжтой талаар дүгнэлт гаргалаа.

Гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Г.Б, Б.Бнар согтуу байсан, болсон үйл явдлын талаар сайн мэддэггүй, санадаггүй бөгөөд хохирогч Ц.Ганхуяг “...байшингын зүүн хойд буланд байдаг цоожгүй новшны амбаарт байсан 5.5 килловатын цахилгаан мотор, 50 метрийн урттай зэс голтой кабель /цахилгааны/ зэрэг алга болсон байсан...” гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн, хохирогч Б.Ганбаяр “...мотор, кабелийн утас алга болсон байна...” гэж хохирогч Ц.Ганхуягийн мэдүүлсэнийг нотолдог тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Мөнх-Эрдэнэд учирсан 490.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг, хохирогч Э.Баярболд өөрт учирсан хохирол 73.970 төгрөг төлөгдсөн, өөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хохирогч Б.Ганбаяр, Ц.Ганхуяг нарт учирсан 1.125.000 төгрөгийг хувь тэнцүү шүүгдэгч нараас гаргуулан хохирогч Б.Ганбаярт 400.000 төгрөгийг, хохирогч Ц.Ганхуягт 725.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бат-эрдэнэ, Г.Болдбаатар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, Г.Болдбаатар нарт дээрхи зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ цагдан хоригдсон хоногггүй, шүүгдэгч Г.Болдбаатар 2019 оны 1  дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 107 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.