| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/00945/И |
| Дугаар | 210/МА2024/02007 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02007
2024 оны 11 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/02007
З ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/04283 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: З ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М ХХК-д холбогдох,
33,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Манай компани нь 2023 оны 08 сарын 15-ны өдөр 23/16 дугаар Худалдах, худалдан авах гэрээг М ХХК-тай байгуулж, уг гэгээгээр талууд DK-300 Бетон зуурмагийн нэмэлтийн 1 тонн тутмыг 2,800,000 төгрөгт тооцож нийт 10 тонн DK-300 Бетон зуурмагийн нэмэлтийг нийлүүлэхээр харилцан тохиролцсон.
1.2. Гэрээнд заасны дагуу манай компани 2023 оны 08 сарын 15-ны өдөр бетон зуурмагийн нэмэлт 2 тонн, 2023 оны 08 сарын 28-ны өдөр бетон зуурмагийн нэмэлт 2 тонн, 2023 оны 09 сарын 13-ны өдөр бетон зуурмагийн нэмэлт 2 тонн, 2023 оны 10 сарын 05-ны өдөр бетон зуурмагийн нэмэлт 2 тонн, 2023 оны 10 сарын 17-ны өдөр бетон зуурмагийн нэмэлт 2 тонн, нийт 10 тонн бетон зуурмагийн нэмэлтийг М ХХК-д нийлүүлсэн боловч хариуцагч М ХХК хүлээн авсан бетон зуурмагийн нэмэлтийн төлбөрт нийт 28,000,000 төгрөгийг төлөөгүй байна.
1.3. Түүнчлэн манай компани нь М300 маркийн нийт 250 м.куб бетон зуурмагийг нэгж үнэ нь 320,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар М ХХК-тай 2023 оны 08 сарын 21-ний өдрийн 23/01 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр талууд 80,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг захиалгын дагуу нийлүүлэх, гэрээний төлбөрт 2010 оны Wrangler маркийн JEEP загварын, ****** арлын дугаар, ХХХХХ УЗ улсын дугаар тээврийн хэрэгслийг 58,000,000 төгрөгөөр тооцож бартераар шилжүүлэх, 5,000,000 төгрөгийг 2023 оны 08 сарын 15-ны өдрийн 23/16 дугаар Худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 14,000,000 төгрөгийн бэлэн төлөлтөөс хасаж тооцох, үлдэх 17,000,000 төгрөгийг М ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дугаар дансанд тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
1.4 Дээрх гэрээнд заасны дагуу манай компани бетон зуурмагийн төлбөрт 2023 оны 08 сарын 21-ний өдөр дөрвөн удаагийн гүйлгээгээр нийт 17,000,000 төгрөгийг М ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд, 2023 оны 08 сарын 22-ны өдөр Wrangler маркийн JEEP загварын ХХХХХ УЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 58,000,000 төгрөгт тооцон М ХХК-ийн захирал О.Х ын нэр шилжүүлсэн.
1.5. М ХХК нь гэрээний дагуу 2023 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хоёр удаа буюу нийт 69,440,000 төгрөгийн үнэ бүхий 217 м3 бетон зуурмагийг захиалгын дагуу манай компанийн төслийн талбайд нийлүүлсэн.
1.6. Талууд ярилцан тохиролцож төслийн талбайд нийлүүлэх бетон зуурмагийн тээвэрлэлт хол гэх шалтгаанаар 2023 оны 08 сарын 27-ны өдөр гэрээг дуусгавар болгон цуцалж, 2023 оны 09 сарын 05-ны өдөр Бетон зуурмагийн тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Уг тооцоо нийлсэн актаар, талууд гэрээг дуусгавар болгож цуцалсантай холбогдуулан нийт 69,440,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн байдаг.
1.7. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр манай компани бетон зуурмагийн төлбөрт нийт 75,000,000 төгрөгийг М ХХК-д шилжүүлсэн, харин М ХХК нийт 69,440,000 төгрөгийн үнэ бүхий 217 м3 бетон зуурмагийн захиалгыг нийлүүлсэн бөгөөд талууд гэрээг дуусгавар болгож цуцалсантай холбогдуулан зөрүү 5,560,000 төгрөгийг гэрээний дагуу илүү төлсөн байна.
Иймд, 2023 оны 08 сарын 15-ны өдрийн 23/16 дугаар Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг, 2023 оны 08 сарын 21-ний өдрийн 23/01 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр илүү төлсөн 5,560,000 төгрөг нийт 33,560,000 төгрөгийг М ХХК-аас гаргуулж З ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. 2023 оны 08 сарын 15-ны өдрийн 23/16 тоот Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28,000,000 төгрөгөөс 22,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч зөрүү 5,600,000 төгрөгийг эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь тус гэрээгээр 10 тонн /1 тонн-2,800,000 төгрөг/ Бетон зуурмагийн нэмэлт нийлүүлэх байсан боловч З ХХК нь 8 тонн буюу 22,400,000 төгрөгийн нэмэлт нийлүүлсэн.
2.2. Уг гэрээгээр 300М маркийн 1 метр бүр нь 320,000 төгрөг, нийт 250 m3 нийт дүн 80,000,000 төгрөг, нийт үнийн дүнгийн 70 хувьд 2010 оны Wrangler jeep маркийн машиныг 58,000,000 төгрөгөөр бодож өгсөн боловч уг машин нь эвдрэл гэмтэлтэй байсан. Энэ тухай З ХХК-ийн захирал н.Ө тэй /***** дугаар утсаар/ уг гэмтлийн нийт зардал 3,474,000 төгрөг болсноос 50 хувь буюу 1,737,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2023 оны 08 сарын 21-ний өдрийн 23/01 тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр илүү төлсөн 5,560,000 төгрөгөөс 3,823,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд 2023 оны 08 сарын 15-ны өдрийн 23/16 тоот Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,400,000 төгрөг, 2023 оны 08 сарын 21-ний өдрийн 23/01 тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр илүү төлсөн 3,823,000 төгрөг, нийт 26,223,000 төгрөгийн хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч М ХХК-аас 27,960,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 297,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Манай компанийн зүгээс М ХХК-тай байгуулсан 2023 оны 08 сарын 15-ны өдөр 23/16 дугаар Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 2023 оны 08 сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэл нийт 10 тонн DK-300 бетон зуурмагийн нэмэлтийг М ХХК-ийн ажлын талбайд хүргэн үйлдвэрийн дарга М.Т д хүлээлгэн өгсөн ба талууд тухай бүр зарлагын баримтад гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг.
4.2. Гэтэл, анхан шатны шүүхээс гэрч Э.Э , О.Б нарын тухайд хариуцагч тал бетон зуурмагийн нэмэлтийг 2023 оны 09 сарын 13-ны өдөр 2 тонныг хүлээж аваагүй гэх мэдүүлэгтээ үйлдвэрийн бүрэн автомат удирдлагын компьютерт байгаа мэдээлэл, хариуцагч М ХХК-ийн үйлдвэрийн жижүүрийн рапортын дэвтэр зэргийг иш татаж, эх сурвалжаа нэрлэн зааж байгаа байдлыг харгалзан Э.Э , О.Б нарын мэдүүлгийг хариуцагчийн татгалзлыг нотлож байна гэж үзэж гэрээний дагуу 2023 оны 09 сарын 13-ны өдөр нийлүүлсэн 2 тонн бетон зуурмагийн нэмэлтийг хариуцагч хүлээн аваагүй гэж дүгнэн 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлд заасны дагуу гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд, гагцхүү гэрчийн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон байхыг шаарддаг. Хавтас хэрэгт авагдсан гэрч Э.Э , О.Б нарын мэдүүлэгт 2023 оны 09 сарын 13-ны өдөр нийлүүлсэн 2 тонн бетон зуурмагийн нэмэлтийг хүлээж аваагүй гэх үйл баримт үйлдвэрийн бүрэн автомат удирдлагын компьютерт байгаа мэдээлэл, жижүүрийн рапортын дэвтэр зэрэгт баримтаар нотолсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагч М ХХК нь 2023 оны 09 сарын 13-ны өдөр нийлүүлсэн 2 тонн бетон зуурмагийн нэмэлтийг хүлээж аваагүй талаарх үйл баримтыг шүүхэд хангалттай нотолж чадаагүй байдаг.
4.4. Түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн жижүүрийн рапортын дэвтэр нь тухайн үйлдвэрийн талбайд ашигладаг эсэх, тухайн дэвтэрт 2023.08.15, 2023.08.28, 2023.10.05, 2023.10.17-ны өдөр нийлүүлсэн бетон зуурмагийн нэмэлтийг хүлээж авсан талаарх үйл баримтыг нотолж чадаагүй, хавтас хэрэгт авагдаагүй үйлдвэрийн бүрэн автомат удирдлагын компьютерт байгаа мэдээлэл гэх зүйлийг анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.
Иймд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/04283 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 33,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нь 26,223,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 7,337,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2023 оны 08 сарын 15-ны өдөр 23/16 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр З ХХК нь худалдан авагчид 1 тонныг 2,800,000 төгрөгөөр тооцож 10 тонн DK-300 бетон зуурмагийн нэмэлтийг нийлүүлэх, М ХХК нь 14 хоног тутам худалдан авсан барааны төлбөрийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримтыг зөв тогтоожээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4. Анхан шатны шүүх гэрч Э.Э , О.Б нарын тухайд хариуцагч тал бетон зуурмагийн нэмэлтийг 2023 оны 09 сарын 13-ны өдөр 2 тонныг хүлээж аваагүй гэх мэдүүлэгтээ үйлдвэрийн бүрэн автомат удирдлагын компьютерт байгаа мэдээлэл, хариуцагч М ХХК-ийн үйлдвэрийн жижүүрийн рапортын дэвтэр зэргийг иш татаж, эх сурвалжаа нэрлэн зааж байгаа байдлыг харгалзан Э.Э , О.Б нарын мэдүүлгийг хариуцагчийн татгалзлыг нотолж байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Учир нь гэрч Э.Э , О.Б нарын мэдүүлэг хэргийн бусад баримтаар тогтоогдохгүй, мөн үйлдвэрийн бүрэн автомат удирдлагын компьютерт байгаа мэдээлэлд үзлэг хийгээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь буруу болжээ.
Хариуцагч М ХХК-ийн үйлдвэрийн жижүүрийн рапортын дэвтэр нь нэг талын баримт бөгөөд хариуцагч талын гэрч О.Б нь 2023 оны 09 сарын 13-ны өдрийн бетон зуурмагийг бүртгээгүй байх боломжтой тул хариуцагч талын шүүхэд гаргасан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч нь 2023 оны 09 сарын 13-ны өдрийн зарлагын баримтыг нотлох баримтаар гаргасныг хариуцагч тал хүлээн авагч гэсэн хэсэгт гарын үсэг зурж, хүлээн авсан, хариуцагчаас үгүйсгэсэн баримтыг хэрэгт гаргаагүй, мөн анхан шатны шүүх адил агуулгатай бусад зарлагын баримтыг нотлох баримтаар үнэлсэн атлаа 2023 оны 09 сарын 13-ны өдрийн зарлагын баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй байх тул 2 тонн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн гэж дүгнэв.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч М ХХК-аас 33,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/04283 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч М ХХК-аас 33,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 297,750 ... гэснийг ... 325,750 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР