Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

   2019           3           05                                             278         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Даваалхагвыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808044550241 дүгээр хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй, ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баянхошууд овогт Ганбаатарын Д /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Г.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 112-н автобусны буудлын орчим иргэн Н.Бтай “илүү мөнгө авах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний хоолой, толгойн тус газруудад цохиж, зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа мэдэж байгаа, маргаагүй. Хохирол төлсөн зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 1808044550241 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Бын: “2018 оны 9 дүгээр сарын 22-ны 20 цагийн орчим Модны хоёр орчимд таксинд явж байтал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөхөөр нь авсан чинь “Баянхошуу орно” гэж хэлсэн. 112-ын автобусны буудал орчим ирээд “зогс” гэж хэлсэн. Зогсоод “хэдэн төгрөг болсон” гэхээр нь би “нэг километрийг 1000 төгрөгөөр явж байгаа” гэж хэлээд “6.000 төгрөг болсон” гэж хэлсэн чинь эрэгтэй нь эмэгтэйгээ “машинаас бууж бай” гэхэд эмэгтэй нь буусан. Тэгтэл эрэгтэй нь намайг “чи шаагаад байгаарай пизда минь, яахаараа ингэж гардаг юм бэ” гэхээр нь би эргээд харсан чинь над руу салаавч гаргасан. Машинаас буухаар нь би бас буусан чинь нөгөө залуу гараараа баруун хацар луу нэг удаа цохисон. Намайг боогоод “чи эндээс зүгээр зайл луйварчин минь, чамд 5.000 төгрөг өгөхөд болно” гээд миний толгойгоор хаалганы дээд талыг мөргүүлсэн. Намайг машин руу оруулаад суудал дээр дараад “чи зүгээр зайл” гээд байсан. Нөгөө залуу намайг тавихаар нь би цагдаад дуудлага өгсөн. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. ...Надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-11-13/,

Гэрч Д.Энхтуяагийн: “2019 оны 9 дүгээр сарын 22-ны орой манай нөхөр Д бид хоёр такси барьж хадам аавын гэр лүү явсан. Бид хоёр 112-н автобусны буудал дээр ирээд “хэдэн төгрөг болсон бэ” гэж асуусан чинь “6.000 төгрөг гарсан” гэж хэлсэн чинь манай нөхөр “юу яриад байгаа юм бэ, 5.000 төгрөг л гардаг” гэж хэлсэн. Би мөнгө задлуулахаар эмийн сан руу явсан. Д машинд суугаад үлдсэн. Тэгээд би гараад ирсэн чинь манай нөхөр жолооч хоёр машинаасаа буугаад ирчихсэн маргалдаад байсан. Жолооч залуу цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч Б.Цогтбаярын: “Би 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байх үед орой “таксины мөнгө төлөхгүй байна гэж маргалдаж, таксины жолоочийг зодчихлоо” гэсэн гомдол ирсний дагуу материалжуулан холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч, шинжээч эмчид үзүүлэх тогтоолыг таксины жолоочид болон зодсон хүнд өгч явуулсан” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.09.22-ны өдрийн 11550 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Н.Бын биед тархины доргилт, хуйх, хоолойн зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн нь тогтоогдов. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-34/,

Шинжээч М.Энхбаярын: “...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. Уг гэмтэл хавдаж овойсон нь шинэ гэмтлүүдийн шинж байгаа юм. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-35-37/,  

 Шүүгдэгч Г.Даваалхагвын яллагдагчаар өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 22-ны орой 20-21 цагийн хооронд Модны хоёроос эхнэр Энхтуяагийн хамт такси барьж Баянхошууны 112-н автобусны буудал орчим байрлах аавынхаа гэрт очихоор явсан. Би таксинд суугаад утсаар ярьж байсан учраас километрийн заалтаа тэгэлсэн эсэхийг мэдээгүй. 112-н автобусны буудал орчим ирээд “хэд гарсан” гэж асуусан чинь жолооч залуу нь “6.000 төгрөг” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм, 5.000 төгрөг гардаг” гэтэл тэр залуу “бензиний үнэ нэмэгдсэн, нэг километрийг 1000 төгрөгөөр явж байгаа” гээд хэгжүүрхээд байхаар нь би эхнэрийг “чи мөнгө задлуулаад ир” гэж хэлээд машинаас буулгасан. Эхнэрийг буусан хойно “чи битгий хүн луйвардаж бай” гэж хэлээд тэр залуутай маргалдсан. Би тэр залууд салаавч гаргасан чинь тэр жолооч залуу надад бас салаавч өгсөн. Би машинаас буусан чинь тэр залуу дагаад буугаад ирсэн. Дахиад маргалдсан. Би Н.Б буюу жолооч залуугийн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд над руу дайрахаар нь би заамдаж аваад хувцасны захаар нь хоолойг боогоод, цаашаа түлхээд, машин руу нь оруулсан. Тэр үед толгой нь машины хаалганы дээд рааманд цохигдсон...” гэх мэдүүлэг /хх-62-66/,

Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-45/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлаагаа /хх-46/, “Хос хас” ХХК-ийн тодорхойлолт /хх-49/, эвлэрлийн гэрээ /хх-67/, эвлэрсэн тухай хохирогчийн гаргасан баталгаа /хх-71/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Баянхошууны 112-н автобусны буудлын орчим иргэн Н.Быг зодож, биед нь тархины доргилт, хуйх, хоолойн зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Бын “2018 оны 9 дүгээр сарын 22-ны 20 цагийн орчим ...112-ын автобусны буудал орчим ирээд “зогс” гэж хэлсэн. ...Над руу салаавч гаргасан. Нөгөө залуу гараараа баруун хацар луу нэг удаа цохисон. Намайг боогоод “чи эндээс зүгээр зайл луйварчин минь, чамд 5.000 төгрөг өгөхөд болно” гээд миний толгойгоор хаалганы дээд талыг мөргүүлсэн. Намайг машин руу оруулаад суудал дээр дараад “чи зүгээр зайл” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-11-13/, гэрч Д.Энхтуяагийн “...Манай нөхөр жолооч хоёр машинаасаа буугаад ирчихсэн маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч Б.Цогтбаярын “... “таксины мөнгө төлөхгүй байна гэж маргалдаж, таксины жолоочийг зодчихлоо” гэсэн гомдол ирсний дагуу материалжуулан мэдүүлэг авч, шинжээч эмчид үзүүлэх тогтоолыг таксины жолоочид болон зодсон хүнд өгч явуулсан” гэх мэдүүлэг /хх-22-23/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11550 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Н.Бын биед тархины доргилт, хуйх, хоолойн зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн нь тогтоогдов. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-34/, шүүгдэгч Г.Даваалхагвын яллагдагчаар өгсөн “...Эхнэрийг буусан хойно “чи битгий хүн луйвардаж бай” гэж хэлээд тэр залуутай маргалдсан. Би жолооч залуугийн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Над руу дайрахаар нь заамдаж аваад хувцасны захаар нь хоолойг боогоод, цаашаа түлхээд, машин руу оруулсан. Тэр үед толгой нь машины хаалганы дээд рааманд цохигдсон...” гэх мэдүүлэг /хх-62-66/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Даваалхагвын хохирогч Н.Бын нүүр лүү гараараа цохиж, хоолойг боож, толгойг мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-11-13/, мөн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар гаргасан эвлэрлийн гэрээ /хх-67/-г тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Даваалхагвыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч үл ялих зүйлээр шалтаглан зүй бус авирлан, хохирогчийн эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Даваалхагвыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлсийг үндэслэн шүүгдэгч Г.Дд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баянхошууд овогт Ганбаатарын Даваалхагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Даваалхагвыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Даваалхагвыг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР