Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/02002

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/02002

 

 

Л.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03587 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Ц ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00817 дугаар шийдвэрээр Б ХХК, Л.Ц нараас 82,775,310 төгрөг гаргуулж Хас банк ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Ц , Б.Х нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, ***** м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Н газраас дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээний БМ ХХК-аар үнэлгээ хийлгэхэд Л.Ц , Б.Х нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, ***** м.кв талбайтай, орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг үнэлгээний талаарх Н газрын 2022 оны 06 сарын 12-ны өдрийн 4159/11675 тоот мэдэгдлийг 2022 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авсан болно.

1.3. Тухайн үнэлгээний тайлантай танилцахад хотын төвд байршилтай, шинэ супер засвар хийлгэсэн манай орон сууцыг ашиглагдаад удсан, засвар хийгээгүй гэх мэтээр илт худал тайландаа тусгасан, мөн тухайн орон сууцнаас талбайн хэмжээ бага орон сууцнуудтай харьцуулан миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн байна.

Иймд Л.Ц , Б.Х нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, ***** м.кв талбайтай орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 817 дугаар шийдвэрээр Л.Ц , Б ХХК-аас 82,136,478 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй ***** м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Төлбөр төлөгч Б ХХК, Л.Ц нар тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 22381374/1 тоот тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 22381374/2 дугаар тогтоолоор хураан авсан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 287,636,000 төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн. Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 4-159/12608, 4-159/12611, 1-159/12612 тоот албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хариу тайлбар, бие даасан шаардлагын агуулга:

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00817 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг ажиллагааны хүрээнд Н газраас Б.Х гийн хамтран өмчилдөг эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, ***** м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 287,636,000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байсныг олж мэдсэн.

3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилж, хурааснаас хойш 1 сарын дотор төлбөр төлөгчийн саналыг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын үнийн саналыг авч хооронд нь тохиролцуулах ажиллагааг хийж гүйцэтгэх ёстой.

3.3. Гэтэл Н газраас тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох Б.Х д үнийн санал авах талаар мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, үнийн санал авч төлбөр төлөгч талтай тохиролцуулах ажиллагааг хийгээгүй, мөн шинжээчээр тогтоолгосон үнийн саналыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй зэрэг хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

3.4. Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Х нь гуравдагч этгээдээр оролцож байгаа тул өөрийн хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалахаар бие даасан шаардлагыг гаргаж байна.

Иймд Н газраас Б.Х гийн эрхийг зөрчин хийлгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай *****м.кв талбайтай орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д зааснаар хариуцагч Н газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Y-***** дугаарт бүртгэлтэй, ***** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Ц ын нэхэмжлэлийг, Б.Х гийн эрхийг зөрчин хийлгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ***** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээд Б.Х гийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Л.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Х гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03587 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, ***** м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтооход өмчлөгч болох Б.Х гээс үнийн санал авах тухай мэдэгдлийг Н газраас Л.Ц , Ш.Б нарт өгсөн бөгөөд энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр батлагдаж байх тул Б.Х д үнийн санал авах мэдэгдэл хүргүүлээгүй, үнийн санал аваагүй гэх үндэслэлгүй гэжээ.

5.2. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Б.Х нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох боломжтой, мөн хэн нэгнээр өөрийгөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлүүлэхээр итгэмжлэл олгоогүй юм.

5.3. Л.Ц , Ш.Б нар нь Б.Х тэй хамт амьдардаггүй бөгөөд үнийн санал өгөх тухай мэдэгдлийг Л.Ц , Ш.Б нараар дамжуулан хүргүүлэх эсэх талаар шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс түүнд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, мөн Б.Х нь өөрийг нь төлөөлөн Л.Ц , Ш.Б нар мэдэгдлийг гардан авах зөвшөөрөл өгөөгүй билээ.

5.4. Иймд Н газраас эрх олгогдоогүй этгээдүүдэд үнийн санал өгөх мэдэгдлийг гардуулсанаар Б.Х д үнийн санал өгөх Үалаар урьдчилан мэдэгдэх, үнийн санал авах, талуудыг харилцан тохиролцуулах ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлгүй юм.

5.5. Н газраас түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Б.Х гээс үнийн санал авах, тухайн үнийн саналыг төлбөр авагч талд танилцуулан тохиролцуулах ажиллагааг заавал хийж гүйцэтгэх ёстой.

5.6. Б.Х д үнийн санал авах талаар огт мэдэгдээгүй, түүнээс үнийн санал авч талуудыг тохиролцуулах ажиллагааг хийж гүйцэтгэхгүйгээр шууд шинжээч томилж хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг илтэд зөрчсөн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болсон.

5.7. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Н газраас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр С.Ц гэх хувь иргэнийг томилсон нь, мөн шинжээчээр томилогдоогүй этгээд болох БМ ХХК-ийн нэрээр С.Ц үнэлгээний тайлан гаргасан нь хуульд нийцсэн гэж дүгнэжээ.

5.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн А/45 тоот тушаалаар баталсан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаруулах түр журамд нийт 13 хуулийн этгээдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчээр оролцуулахаар заасан бөгөөд С.Ц нь шинжээчээр оролцох хуулийн этгээдийн жагсаалтад багтаагүй этгээд юм. Тиймээс Н газраас шинжээчээр томилогдох эрхгүй этгээд буюу хувь хүнийг шинжээчээр томилсон нь хууль бус үйлдэл болно.

5.9. Мөн уг шинжээчээр томилогдоогүй этгээд болох БМ ХХК-ийн нэрээр гаргасан үнэлгээний тайланд шинжээч С.Ц гэх гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагдсан байх боловч С.Ц д Иргэний хуулийн 26, 62 дугаар зүйлд заасны дагуу БМ ХХК-аас тухайн компанийг төлөөлөн үнэлгээний тайлан гаргах итгэмжлэл олгогдсон эсэх, эсхүл тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байхад шүүхийн зүгээс С.Ц нь БМ ХХК-ийн гүйцэтгэх захирал гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт гэж хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн, шүүхээс нэг талд давуу байдлыг үүсгэсэн хууль бус үйлдэл болсон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03587 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

Гуравдагч этгээд Б.Х д өмчлөлийн эд хөрөнгө битүүмжлэгдэж, хураагдсан талаар мэдэгдэж, эд хөрөнгийн үнэлгээний өгөх тухай мэдэгдлийг Б.Х д гэр бүлийн гишүүн буюу аав, ээж хоёроор нь дамжуулан өгсөн ба мэдэгдэлийг хэрэгт баримтаар хавсаргасан.

Мөн С.Ц ыг шинжээчийг мэргэжлийн үнэлгээчнээр оруулаагүй гэж байна. БМ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд С.Ц бөгөөд энэ хүн мэргэжлийн үнэлгээчин болохыг нотолсон баримт хэрэгт авагдсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Ц , Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Х нар нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00817 дугаар шийдвэрээр хариуцагч Б ХХК, Л.Ц нараас 82,136,478.16 төгрөг гаргуулан Хас банк ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ***** м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх-4-12/

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Б ХХК, Л.Ц нар сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч Хас банк ХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 181/ГХ2022/01011 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Н газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад Б.Х , Л.Ц нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ***** м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 02 сарын 07-ны өдөр битүүмжилж, 2023 оны 05 сарын 12-ны өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 06 сарын 02-ны өдөр шинжээчээр С.Ц ыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /1хх-51-53, 73-74, 98/

 

3.1. БМ ХХК-ийн үнэлгээчин С.Ц нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2023 оны 06 сарын 02-ны өдөр эрх үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарласан байна. /хх-99/

 

3.2. Шинжээч БМ ХХК нь 2023 оны 06 сарын 09-ний өдөр Б.Х , Л.Ц нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ***** м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн байдал, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг үндэслэн зах зээлийн үнийг 287,636,000 төгрөг гэж үнэлгээ тогтоожээ. /1хх-101-121/

 

3.3. Хариуцагч байгууллагаас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Х д 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 4-159/9109 тоот үнийн санал ирүүлэх талаарх мэдэгдлийг хүргүүлэн нэхэмжлэгч Л.Ц д хувийг гардуулж, гарын үсэг зуруулан мэдэгдсэн, мөн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 4-159/10540 тоот үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг түүний аав Ш.Бт гарын үсэг зуруулан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэл үйлдсэн байна. Энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /1хх-82, 93/

 

3.4. Түүнчлэн хариуцагч байгууллагаас Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч Л.Ц д 2023 оны 06 сарын 12-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэл үйлдэгдсэн байна. /1хх-123-125/

 

3.5. Б.Х нь бие даасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болон эрх зүйн бүрэн чадамжтай этгээд гэж зааж байгаа боловч ***** тоот хаягт нэхэмжлэгч Л.Ц болон өөрийн эцэг Ш.Бийн хамт амьдардаг бөгөөд уг хаягаа өөрчилсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Х д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзнэ.

 

4. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв. Энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн атлаа хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэсэн зохицуулалт юм. Уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд үнэлгээг дахин тогтоохтой холбоотой шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй.

 

5.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардах эрхийн зохицуулалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдох тул уг хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан өөрчлөлт оруулна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03587 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Y-***** дугаарт бүртгэлтэй, ***** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Ц ын нэхэмжлэл болон Б.Х гийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР