Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

   2019           3           07                                             287         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,  

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт М.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708023051446 дугаар хэргийг 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 692 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, ял эдэлж байгаа, Боржигон овогт Мөнхжаргалын Х /РД:/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч М.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 16-102 тоотод оршин суух иргэн М.Лийн байнга хүн амьдрах өвлийн орон сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн Шарф маркийн зурагт хулгайлан 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Энэ хэргийн талаар маргах зүйлгүй. Энэ үйлдлийг байцаагчид хэлж байсан, өмгөөлөгч, прокурорт хэлээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1708023051446 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Лийн: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ... 12 цагийн үед эгч Энхбат залгаад “танай гэрийг эргэж ирсэн чинь байшингийн вакум цонх онгорхой, хулгайч орсон юм шиг байна, та нараас нэг нь ирж гэрээ онгойлгох хэрэгтэй, цагдаа ирж үзлэг хийнэ гэж байна” гэсэн. Би ...шөнө 23 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Намайг ирэхэд манай байшингийн урд талын вакум цонхны салхивч нээгдсэн байхаар нь цагдаагийн хүмүүстэй хамт орсон. Гэрийн эд зүйлс эмх цэгцтэй байсан, том өрөөний хойд талын тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн Шарф маркийн зурагт хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-43-46/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018.03.14-ний өдрийн 02/42 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Sharp брэндийн 32 инчийн LCD хэрэглэж байсан зурагтын зах зээлийн дундаж ханш 330.000 төгрөг болохыг тодорхойлж байна” гэжээ /хх-62/,

Гэрч Б.Лхагвадоржийн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...13 цагийн үед гудамжнаас сэжиг бүхий машин явахаар нь зогсоож шалгахад хойд суудал дээр LCD зурагт тавьсан байсан. Шалгахад ногоон Аванти маркийн 86-15 УБЛ улсын дугаартай суудлын автомашинтай жолооч болон хажууд нь бас нэг 25-30 орчим насны залуу явсан. Жолоочийн бичиг баримтыг шалгахад Цэрэнхүү гэсэн байсан. Уг машины багажийг шалгах үед хажууд нь сууж явсан залуу утсаар ярьж байгаад зугтаасан байсан. Багажинд нь өөр эд зүйл байгаагүй. Уг зурагтыг болон жолооч Цэрэнхүүг автомашинтай нь жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-49/,

Гэрч Ц.Алтанцацралын: “М.Х нь миний төрсөн дүүгийн хүүхэд. Харин Цэрэнпунцагийн Цэрэнхүү гэх нэртэй хүнийг танихгүй. 2017 оны 11 дүгээр сард манай дүү Х “цагдаа дээр ирээд байна та хүрээд ирээч” гэснээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирэхэд Х нь зурагт хулгайлсан хэрэгт холбогдоод цагдаа дээр ирээд нэрээ Цэрэнпунцагийн Цэрэнхүү гэж худал хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-56/,

Гэрч Л.Тэмүүжингийн: “2017 оны 11 дүгээр сарын эхээр намайг гэртээ байхад өмнө танилцаж байсан Х залгаад “Депо дээр явж байна, уулзъя” гэхээр нь очиход тэрээр Аванте машинтай байсан. Машинд нь суугаад “аль орж яваа юм” гэхэд “таксинд явж байна, хамт жоохон явъя” гэхээр нь зөвшөөрөөд таксинд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын зүг нэг хүн буулгаж өгөөд буцах замд Х “эгчийнхээрээ ороод юм аваадахъя” гэж хэлээд нэг айлын гадаа зогсоод намайг “машиндаа хүлээж бай” гэж хэлчихээд буугаад явсан. Сууж байтал удалгүй нэг зурагт барьж гарч ирээд арын суудал дээр тавьж машиндаа суугаад гудамж уруудаж явсаар засмал зам орохын өмнө 2 цагдаа зогсооход Х “өө пизда баригдлаа” гэхээр нь би эхлээд жолооны үнэмлэхгүй юм байх гэж бодсноо дараа нь зурагт авч явааг санаад хулгай хийсэн юм байна гэж бодсон. Цагдаа Хыг машинаас буулгаад бичиг баримтыг нь шалгаж байх хооронд би яваад өгсөн. Түүнээс хойш би дахин Хтай уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-178-179/,

Шүүгдэгч М.Хын: “...Тэмүүжин гэх залуутай 2015 онд таксинд явж танилцсан. 2017 оны 9 дүгээр сарын орчимд Сонгинохайрхан дүүргийн авто сургуулийн орчим таарч салахдаа гар утасны дугаарыг нь авч байсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын эхээр нэг өдөр “танил Батсайхан гэх хүний Аванте маркийн 86-15 УБЛ улсын дугаартай авто машиныг халтууранд явъя” гэж гуйж аваад явж байхдаа Тэмүүжингийн утас руу залгаад “уулзъя” гэж хэлээд ...уулзаад машиндаа суулгаад хамт таксинд явж байгаад Тахилт руу хүн буулгаад буцах замдаа “би эгчийнх рүүгээ ороод юм аваадахъя” гэж хэлээд Тахилтын гудамжаар явж байгаад гадна талаараа хашаагүй цагаан өнгийн байшинтай айлын хойд талд зогсоод Тэмүүжинг “машиндаа хүлээж бай” гэж хэлээд суулгаж үлдээгээд би өөрөө буугаад уг байшинтай айл руу явж очоод цонхоор нь харахад хүнгүй байхаар нь урд талын 2 цонхны зүүн талын цонхны салхивчийг нь цааш түлхэж ороод зүүн талын хананд байрлах тавиур дээрх зурагтыг авч гарсан. Гудамж уруудаж явсаар Тахилтын төв зам руу орохын өмнө хоёр цагдаа зогсоож шалгаад авч явсан зурагтыг хаанаас авсныг асууж шалгаагаад байж байтал Тэмүүжин буугаад явчихсан байсан. Би тэр цагдаад хаанаас авсан талаараа хэлээд зурагт авсан айлаа зааж өгөөд хамт цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн... ” гэх мэдүүлэг /хх-171-174/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн М.Лийн өргөдөл /хх-19/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-24/, хохирогчид “32 инчийн хар өнгийн Шарф маркийн ЛСД зурагт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-118, 119/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-121-130/, ялын тооцооны тодорхойлолт /хх-168/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-175-177/, хохирогчийн “Зурагтаа буцаан авсан, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-180/ зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 16 дугаар гудамж, 102 тоотод байрлах иргэн М.Лийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж, 32 инчийн “Шарф” маркийн зурагт хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Лийн “...байшингийн урд талын вакум цонхны салхивч нээгдсэн байдалтай, ...том өрөөний хойд талын тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн Шарф маркийн зурагт хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-43-46/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 02/42 дугаар “Sharp брэндийн 32 инчийн LCD хэрэглэж байсан зурагтын зах зээлийн дундаж ханш нь 330.000 төгрөг болохыг тодорхойлж байна” гэх тайлан /хх-62/, гэрч Б.Лхагвадоржийн “...сэжиг бүхий машин явахаар нь зогсоож шалгахад хойд суудал дээр LCD зурагт тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-49/, гэрч Ц.Алтанцацралын “...М.Х нь зурагт хулгайлсан хэрэгт холбогдоод цагдаа дээр ирээд нэрээ Цэрэнпунцагийн Цэрэнхүү гэж худал хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-56/, гэрч Л.Тэмүүжингийн “...Х ...айлын гадаа зогсоод ...зурагт барьж гарч ирээд арын суудал дээр тавьж...” гэх мэдүүлэг /хх-178-179/, шүүгдэгч М.Хын “...байшинтай айл руу явж очоод ...цонхны салхивчийг цааш түлхэж ороод зүүн талын хананд байрлах тавиур дээрх зурагтыг авч гараад машиндаа аваачиж тавьсан... ” гэх мэдүүлэг /хх-171-174/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн М.Лийн өргөдөл /хх-19/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-24/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-41/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-175-177/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Хын хохирогч М.Лийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул М.Хыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Лт 330.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Алдсан зурагтаа буцааж авч хохиролгүй болсон тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-180/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-41/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.      

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын үлдэгдэл болох 4 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялын хэмжээг 2 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Хохирлыг биет байдлаар төлсөн. Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу М.Хад ашигтайгаар шийдэж өгнө үү. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна. Тухайлбал хянан магадланд орох боломжгүй болох ба төрийн байгууллагын алдаа зөрчлөөс болж хохирохоор болж байгааг анхаарна уу” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шууд санаатай, шунахайн сэдэлттэй/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эд хөрөнгөд 330.000 төгрөгийн хохирол учирч, биет байдлаар буцаан төлөгдсөн, хохирогч “Зурагтаа авсан, гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эхийн хамт амьдардаг, эх нь хорт хавдартай гэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө Цэрэнхүү гэж худал хэлэн саад учруулж байсан/ болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч М.Хад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч М.Х нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 692 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 417 дугаар нээлттэй хорих ангиас М.Хын эдэлсэн хорих ялыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон бүгд эдэлсэн хорих ялыг 1 жил 7 сар 24 хоног, үлдэгдэл хорих ялыг 4 сар 6 хоног гэж  /хх-168/ тооцоолсон байна.

Шүүгдэгч М.Хын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Т.Лийн гэрээс зурагт хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч энэ гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэргүүдтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд М.Хад энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 692 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч М.Хын биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 1 сар 6 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч М.Хыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дүгээр захирамж /хх-165-166/-аар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 417 дугаар нээлттэй хорих ангиас Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги руу шилжүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 417 дугаар нээлттэй хорих ангиас М.Хын эдэлсэн хорих ялыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон байх тул М.Хын урьдчилсан хоригдсон хоногийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Х хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхжаргалын Хыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Хыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хад энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 7 сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 692 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч М.Хын биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 1 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Хын урьдчилан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Х бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Хын эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Хад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР