| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/03205/И |
| Дугаар | 210/МА2024/02001 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02001
2024 оны 11 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/02001
Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/03593 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т ХХК-д холбогдох,
20,368,188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Равсал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Н ХХК болон Т ХХК нарын хооронд 2022 оны 03 сарын 03-ны өдөр TRD2204 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр худалдагч тал болох Н ХХК нь худалдан авагч талын захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч талд гэрээнд заасны дагуу нийлүүлэх, худалдан авагч нь хүлээн авсан бараа материалын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн.
1.2. Н ХХК нь 2022 оны 03 сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 71,763,871 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг хариуцагчид нийлүүлсэн боловч хариуцагч нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд төлөлт хийгээгүй, 2022 оны 03 сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл нийт 58,185,079 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөр болох 13,578,792 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
1.3. Түүнчлэн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т худалдан авагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээр 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар үнийн дүнгийн 50 хувь буюу 6,789,396 төгрөг болж байна. Иймд, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 20,368,188 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүн болон алдангитай санал нийлэхгүй байна. Бид дахин тооцоо нийлсэн акт үйлдэж үнийн дүн болон бодогдсон алдангитай холбоотой дахиад нягтлах шаардлагатай гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 16,430,338.32 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,937,849.68 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,791 төгрөгийг улсын срлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,102 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Тус иргэний хэрэгт бидний зүгээс тооцоо нийлсэн актыг албан ёсны манай байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээтэй хийгээгүй ба тооцоо нийлсэн акт дахиж хийлгүүлэх хүсэлтэй байсан боловч хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
4.2. Мөн нэхэмжлэгчийн зүгээс алданги нэхэмжлэхгүй эвлэрэх боломжтой байхад эвлэрүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн, түүнчлэн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчээс татгалзсан байхад шүүгч өөрөөс нь татгалзсан татгалзлыг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд, хариуцагчийн зүгээс 2,851,546.32 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/03593 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс алдангийн үнийн дүн дээр эвлэрэх санал гаргаж байгаагүй бөгөөд талууд эвлэрэх боломжтой байхад эвлэрэх хугацаа өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.
5.3. Анхан шатны шүүх хуралдааны татгалзлын шатанд хариуцагчийн төлөөлөгч шүүгчээс татгалзсан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр нь 2024 оны 07 сард тус шүүхэд шүүгчээр ажиллаж эхэлсэн ба хариуцагчийн төлөөлөгч шүүгчийг андуурсан гэж хүсэлтээсээ татгалзсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 20,368,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 13,578,792 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс алданги 6,789,396 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигч талуудын хооронд 2022 оны 03 сарын 03-ны өдөр №***** дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Н ХХК нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу нийлүүлэх, Т ХХК нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсоныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
4. Талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, уг баримтаар 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч байгууллага нь 13,578,792 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулжээ. /хх-9/
Зохигч талууд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 13,578,792 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т заасан алдангийн тохиролцоог үндэслэн хариуцагчаас алдангид 2,851,546 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж үзэв.
Учир нь талуудын байгуулсан гэрээнд заасан хугацаанд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул дээр дурдсан хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч нь тус хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн цагаас хойш хугацаанд нэхэмжлэгчтэй эвлэрэх, хоорондын өглөг-авлагын талаар тооцоо нийлэх, алдангийн талаар тохиролцох боломжит хугацаа байхад уг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5.1. Хариуцагчийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргах хүсэлтийг хуульд заасныг дагуу шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Учир нь, шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн төлөөлөгч нь ... андуурсан тул хүсэлтээсээ татгалзсан... гэж шүүгчээс татгалзах татгалзал байхгүй гэж хүсэлтээ дэмжээгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 06 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, улмаар хариуцагч талд 2023 оны 08 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан үйл баримтаас үзэхэд талууд эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан, мөн шүүх эвлэрэн хэлэлцэх боломжоор хангасан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүхэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/03593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР