| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0257/Э |
| Дугаар | 288 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 288
2019 3 07 288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Р.Энх-Оюун,
хохирогч Х.Б,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808056970034 дүгээр хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Батмөнхийн Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудаж, 0 тоотод иргэн Х.Быг зодож, онц харгис хэрцгийгээр зууханд биеийг нь түлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ухаарч байна. Хохирогчтой ноцолдож байгаад зуухан дээр унасан. Гараар 2-3 удаа цохисон. Хохирлыг төлнө” гэв.
Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 06-ны орой гэртээ байсан. Баяраагийнд орсон чинь Б, Баяраа 2 архи ууж байсан. Би уугаагүй гараад явсан. Тэгээд эхнэрийг тосоод пиво аваад гэртээ ууж байтал Баяраа, түүний эхнэр, Насаа нар ирсэн. Дахиад уусан. Баяраа тасраад унасан. Б бид 2 уугаад үлдсэн. Би найзыгаа “халтар Баяраа” гэсэн чинь Б маргалдаж, ноцолдсон. Ноцолдож байхад зуух унасан. Бямбаа намайг зуух руу түлхээд байсан. 1.700.000 төгрөг нэхэмжилж байна. Бие эдгэрсэн. Гэхдээ улаан цоохор болсон. Уг сорвийг арилгахад тос хэрэгтэй. Өнөөг хүртэл хохирол төлөөгүй байгаа” гэв.
Эрүүгийн 1808056970034 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Х.Бын: “2018 оны 12 дугаар сарын 06-ны 22 цагийн орчимд найз эмэгтэй Жигжидмаагийн хамт гэртээ байтал манай найз Баяраа эхнэр Нараа, нэг танихгүй залуутай ирсэн. Баяраагийн төрсөн өдөр гээд Жигжидмаа бид хоёр 2.5 литрийн хэмжээтэй пиво 2 ширхгийг уучихаад Баяраа дэлгүүр гарч дахиад хоёрыг авчраад ууцгаасан. Баяраа тасраад эхнэр Нараа нь хүргэж өгнө гээд аваад манайхаас гарсан. Бямбаа бид 2 юм яриад сууж байсан. Манай найз эмэгтэй амрах гээд ороо засаж байсан. Бид 2 чанга чанга юм яриад байсан чинь Жигжидмаа Баяраагийн эхнэр Нараа руу залгаад “чи ороод ир, энэ 2 зодолдох гээд байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 юм яриад сууж байгаад би Баярааг “халтар Баяраа” гээд хэлсэн чинь Бямбаа уурлаад гараараа зүүн нүд рүү хэд хэдэн удаа цохисон. Би газар унатал дээр гараад цохиод байсан. Баяраагийн эхнэр орж ирээд салгах гээд дийлээгүй. Намайг халуун зуух руу баруун далаар дарахаар нь би орилоод тийчилтэл дахиж дараад зүүн тал түлсэн. Тэгсэн Жигжидмаа Нараа 2 арай гэж салгаад Нараа Бямбааг дагуулаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-5-10/,
Гэрч Ч.Жигжидмаагийн: “2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ...бид хөзөр тоглоод 2.5 литрийн пиво 4-ийг ууцгаасан. Баяраа согтоод унтаад өгсөн. Эхнэр Нараа нь Баярааг дагуулаад гэр лүүгээ орцгоосон. Бямбаа Б 2 ширээний наана цаанаас юм яриад сууж байсан тэр хооронд би Нарааг дуудаад “энэ 2 маргалдаад байна” гэж хэлтэл удалгүй Нараа ороод ирсэн. Б “халтар Баяраа” гээд хэлсэн чинь л Бямбаа “чи муу миний ахыг юу гэнээ” гээд зодчихсон. Би салгах гээд дийлээгүй, тэр 2 газар унаад Бямбаа Бын дээр гараад зөндөө зодсон. Тэгснээ хэвтээ чигээрээ зуух руу ойртоод байсан. Бямбаа Быг зуухтай наагаад түлхсээр зуух унагаачихсан. Зуухны махир төмрөөр хоолойн дээр нь дараад байсан. Тэр төмрийг Нараа арай гэж салгаж авсан. Нараа бид хоёр арай гэж салгаад Нараа Бямбааг салгаад аваад гарсан. Б хаалгаа түгжтэл хаалга балбаад байсан. Тэгээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-13-14/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.12.10-ны өдрийн 104 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Х.Бын биед баруун дал, зүүн далнаас бугалганы араар тохой хүрсэн 2 дугаар зэргийн түлэгдэл, баруун чих, зүүн шууны 1 дүгээр зэргийн түлэгдэл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, баруун эгэм, цээжний дээд хэсэг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс түлэгдэлт нь өндөр хэмийн, цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүдээс түлэгдэлт болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт нь гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зулгаралтууд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-18/,
Шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 06-ны 17 цагийн орчим хуурай ах Баяраагийнд очсон. Баяраа ах бид хоёр 0.75 литрийн архи уугаад сууж байсан чинь Б орж ирсэн. Тэгээд бид хамт тэр архийг уусан. Ууж дуусчихаад би явах гэсэн чинь “Б дуудаж байна” гэж Баяраа ахын хүүхэд хэлсэн. Тэгээд Бынд орсон. Б, найз хүүхэнтэйгээ хамт 2 том пиво аваад ирсэн байсан. Тэгээд бид нар хамт хөзөр тоглосон. Баяраа ах бид хоёр дэлгүүр орж 2 том пиво аваад Бынд очсон. Тэгсэн Б авдраасаа 2 литрийн архи гаргаад ирсэн. Баяраа ах тасраад унасан. Архийг Б бид 2 хувааж уугаад сууж байсан чинь Б, Баяраа ахыг “халтар” гээд хэл амаар доромжлоод байсан. Би “Баяраа ахыг халтар гэлээ” гэж хэлсэн чинь Б намайг “чи өмөөрөөд байгаа юм уу” гээд бид 2 маргалдсан. Нэг мэдсэн чинь зуух нь газар унасан байсан. Б бид 2 ноцолдож байгаад би Быг зуухан дээр унагаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-27-30/,
хохирогчийн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-34/, “Синчи газ” ХХК-ийн тодорхойлолт /хх-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, хохирлын баримтууд /хх-45-47, 49/, иргэний нэхэмжлэл /хх-48/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудаж, 0 тоотод иргэн Х.Быг зодон зууханд биеийг нь түлж, биед нь баруун дал, зүүн далнаас бугалганы араар тохой хүрсэн 2 дугаар зэргийн түлэгдэл, баруун чих, зүүн шууны 1 дүгээр зэргийн түлэгдэл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, баруун эгэм, цээжний дээд хэсэг, нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х.Бын “...“халтар Баяраа” гээд хэлсэн чинь уурлаад гараараа зүүн нүд рүү хэд хэдэн удаа цохисон. Би газар унатал дээр гараад ...халуун зуух руу баруун далаар дарахаар нь би орилоод тийчилтэл дахиж дараад зүүн тал түлсэн...” гэх мэдүүлэг /хх-5-10/, гэрэл зураг /хх-34/, шүүх эмнэлгийн 104 дүгээр “1.Х.Бын биед баруун дал, зүүн далнаас бугалганы араар тохой хүрсэн 2 дугаар зэргийн түлэгдэл, баруун чих, зүүн шууны 1 дүгээр зэргийн түлэгдэл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, баруун эгэм, цээжний дээд хэсэг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүдээс түлэгдэлт нь өндөр хэмийн, цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтлүүдээс түлэгдэлт болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт нь гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-18/, гэрч Ч.Жигжидмаагийн “...Б “халтар Баяраа” гээд хэлсэн чинь л Бямбаа “чи муу миний ахыг юу гэнээ” гээд зодчихсон. ...тэр 2 газар унаад Бямбаа Бын дээр гараад зөндөө зодсон. Тэгснээ хэвтээ чигээрээ зуух руу ойртоод байсан. Тэгснээ Бямбаа Быг зуухтай наагаад түлхсээр зуух унагаачихсан. Тэгснээ зуухны махир төмрөөр хоолойн дээр нь дараад байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/, шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...Б бид 2 ноцолдож байгаад би Быг зуухан дээр унагаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-27-30/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бгийн хохирогч Х.Быг гараараа цохиж, зууханд баруун, зүүн далаар нь түлж, баруун дал, зүүн далнаас бугалганы араар тохой хүрсэн 2 дугаар зэргийн түлэгдэл, баруун чих, зүүн шууны 1 дүгээр зэргийн түлэгдэл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, баруун эгэм, цээжний дээд хэсэг, нуруунд зулгаралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байна гэж шүүх дүгнэн Б.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн гаргасан “Хохиролд нийт 1.703.570 төгрөг нэхэмжилнэ” гэх иргэний нэхэмжлэлээс хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эм тарианы төлбөр 112.050 төгрөг, цалин 461.520 төгрөг, түлэгдсэн дрожны төлбөр 80.000 төгрөг, зуухны таг 50.000 төгрөг /хх-45-46/, нийт 703.570 төгрөгийг шүүгдэгч Б.Бгээс гаргуулж, хохирогч Х.Б /Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 79 дүгээр гудамж, 26 тоотод оршин суух, РД-ПЖ76121719/-д олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч “Цаашид эмчилгээ хийлгэхэд болон сорви арилгах тос авахад шаардлагатай” гэх 1.000.000 төгрөгтэй холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь эрхэлсэн тодорхой ажилтай тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал ажилгүй болох, хохирол төлөх боломжгүй болох байх гэж дүгнэн торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Зөвшөөрч байна, торгох ялыг төлнө” гэж,
хохирогч “Ял шийтгэлийн талаар хэлэх зүйл байхгүй. Хэрэг гарснаас хойш 3 сарын хугацаанд хохирол төлөөгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч нар согтуурсан байсан, үл ялих зүйлээр шалтаглан хүний эрх, эрх чөлөөнд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй, халуун зуух руу түлхэн нааж түлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 3/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь тохирохгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Б.Б нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой нь тогтоогдсон ч гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хохирогчид учирсан эмчилгээний зардал болон бусад хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ аваагүй, төлөөгүйг, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулах боломжгүй байна гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Батмөнхийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгээс 703.570 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Б / /-д олгож, хохирогч “Цаашид хийлгэх эмчилгээ болон сорвины тос авахад шаардлагатай” гэх 1.000.000 төгрөгтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР