Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1556

 

 

 

 

 

 

 

 

 

“Юнико” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00375 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Юнико” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монголын Энхтайван найрамдлын байгууллагад холбогдох

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, "Энхтайван найрамдлын ордон"-ны барилгаас хариуцагчийн хууль бусаар эзэмшиж буй 2 дугаар давхарт 201 тоот /З өрөө, дарга, уулзалтын өрөө, нарийн бичиг/, 227 тоот/15 м.кв/, 228 тоот /15 м.кв/, 229 тоот /210 м.кв- том заал/, 3 давхарт 305 тоот /25 м.кв/, 306 тоот /2 өрөө, 35 м.кв/, 307 тоот /48 м.кв/, 315 тоот /2 өрөө/, 322 тоот /58 м.кв/, 15 м.кв талбайтай 2 агуулахын зориулалттай өрөө, 6-н автомашины зогсоолуудыг чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Загджавын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баярмагнай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Энхтайван, найрамдлын төлөө Монголын холбоо”-той /хуучин нэрээр/ Оффис үйлчилгээний обьект худалдах, худалдан авах гэрээ байгуулж Чингэлтэй дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах 2202007487 улсын бүртгэлийн дугаартай 3054 м.2 талбай бүхий 3 давхар “Энхтайван найрамдлын ордон” гэх үл хөдлөх хөрөнгийг нэг тэрбум төгрөгөөр худалдан авсан юм. Хариуцагч тал Оффис үйлчилгээний объект худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу шинэ баригдаж буй барилга нь ашиглалтад орсон атал манай объектыг суллаж өгөхгүй хугацаа хожих зорилгоор иргэний болон захиргааны маргаан үүсгэж ердийн болон тусгай харъяаллын шүүхүүд хэргийн эцэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс гэрээний дагуу 850 сая төгрөгийг хариуцагчид төлсөн ба гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.4-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг хүлээлцэж, баримт бичигт гарын үсэг зурсаны дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх ёстой ч үлдэгдэл 150 000 000 төгрөгийг өгөхийг хүссэн ч хүлээж авахгүй байна. Хариуцагч шинэ ашиглалтад орсон байраа өнөөдрийг болтол бусдад түрээслүүлж байгаа бөгөөд худалдсан обьектоо нэхэмжлэгчийн эзэмшилд бүрэн шилжүүлж өгөхгүй байгаа, өмчлөгчийн эрхийг хөндөж байгаа тул “Энхтайван найрамдлын ордон”-ны барилгаас хариуцагч хууль бусаар эзэмшиж буй 2 дугаар давхар 201 тоот /3 өрөө, дарга, уулзалтын өрөө, нарийн бичиг/, 227 тоот /15 м2/, 228 тоот /15 м2/, 229 тоот /210 м2-том заал/, 3 давхарт 305 тоот /25 м2/, 306 тоот 12 өрөө, 35 м2/, 307 тоот /48 м2/, 315 тоот 12 өрөө/, 322 тоот /58м2/, 15 м2 талбайтай 2 агуулахын зориулалттай өрөө, 6-н автомашины зогсоолуудыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 6 автомашины зогсоолуудыг албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын энхтайван найрамдлын байгууллага нь Энхтайван Найрамдлын ордонг хувийн хэвшлийн хуулийн этгээдэд худалдсан өмнөх удирдлагуудын хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бид “бусдын эзэмшлийн бус өөрсдийн 40 гаруй жил байрлаж үйл ажиллагаа явуулж ирсэн өөрсдийн байрандаа байрлаж байна. Бид “Юнико” ХХК-д оффисын барилга худалдсан 2011 оны 6 дугаар сарын 28-ны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 2015 оны З дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10836 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой иргэний хэргийг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, "Энхтайван найрамдлын ордон"-ны барилгаас Монголын Энхтайван найрамдлын байгууллагын хууль бусаар эзэмшиж буй 2 дугаар давхарт 201 тоот /3 өрөө, дарга, уулзалтын өрөө, нарийн бичиг/, 227 тоот /15 м.кв/, 228 тоот /15 м.кв/, 229 тоот /210 м.кв том заал/, 3 давхарт 305 тоот /25 м.кв/, 306 оот /2 өрөө, 35 м.кв/, 307 тоот /48 м.кв/, 315 тоот /2 өрөө/, 322 тоот /58 м.кв/, 15 м.кв талбайтай 2 агуулахын зориулалттай өрөөнөөс Монголын Энхтайван найрамдлын байгууллагыг албадан нүүлгэж, өрөөнүүдийг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Монголын Энхтайван найрамдлын байгууллагаас 6-н автомашины зогсоолуудыг чөлөөлүүлж, албадан нүүлгэхыг хүссэн нэхэмжпэлийн шаардлагаасаа “Юнико” ХХК татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Юнико” ХХК-иас 500 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголын Энхтайван найрамдлын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Юнико” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Загджав давж заалдах гомдолдоо: “...Манай байгууллагыг төлөөлөн энэ хэрэгт Өмгөөллийн “Сүлд консалтинг” ХХН-ийн хуульч П.Баярмагнай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралтаа авч хөдөө орон нутаг явсан байсан. Шүүх 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг дээрх үндэсллээр хойшлуулсан атлаа шүүх хуралдааныг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр товлож ингэхдээ энэ шийдвэрээ 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр манайд мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд оролцох боломжит хугацааны өмнө шүүх хуралдааны товыг бидэнд мэдэгдээгүй. Манай байгууллагын зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөө орон нутгаас ирээгүй байгаа манай төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгөхийг хүсэж албан тоотоор хүсэлт гаргасан боловч шүүх түүнийг хүлээж авалгүйгээр шүүх хурлаа хийсэн. Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэж зохигчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг шүүх зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Юнико” ХХК нь хариуцагч Монголын Энхтайван найрамдлын байгууллагад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Энхтайван найрамдлын ордон”-ны барилгаас хариуцагчийн хууль бусаар эзэмшиж буй 2 дугаар давхарт 201 тоот /З өрөө, дарга, уулзалтын өрөө, нарийн бичиг/, 227 тоот /15 м.кв/, 228 тоот /15 м.кв/, 229 тоот /210 м.кв том заал/, 3 давхарт 305 тоот /25 м.кв/, 306 тоот /2 өрөө, 35 м.кв/, 307 тоот /48 м.кв/, 315 тоот /2 өрөө/, 322 тоот /58 м.кв/, 15 м.кв талбайтай 2 агуулахын зориулалттай өрөө, 6-н автомашины зогсоолуудыг чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 автомашины зогсоолыг чөлөөлүүлж, албадан нүүлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Нэхэмжлэгч “Юнико” ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 56 тоот 1 контор, үйлчилгээний зориулалттай 3054 м.кв талбай бүхий барилгын өмчлөгч болсон болох нь “Энхтайван, Найрамдлын төлөө” Монголын холбоо, “Юнико” ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байгуулагдсан “Оффис үйлчилгээний объект худалдах, худалдан авах” гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 9011272110 дугаар гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх 9-13/

 

Хариуцагч Монголын Энхтайван найрамдлын байгууллага нь нэхэмжлэгчийн нэр дээрх дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0381 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 411 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 300 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх 29-35, 36-41/

 

Мөн хариуцагч нь нь дээр дурдсан "Оффис үйлчилгээний объект худалдах, худалдан авах тухай" 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5615 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1577 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ206/00156 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн байна. /хх 91-96, 112-119/

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг эзэмших эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Юнико” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, 2016 оны 05 дугаар сарын 16, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ирээгүй гэх үндэслэлээр, 2016 оны 06 дугаар сарын 20, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын гаргасан хүсэлтээр тус тус хойшлуулж байжээ. /хх 122-128, 132-134, 148-151, 154-159/

 

Анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг хариуцагч талд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шуудангаар хүргүүлсэн болох нь “Монгол шуудан” ХХК-ийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн шүүх хуралдааны товыг боломжит хугацааны өмнө мэдэгдээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-161/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг.

 

Иймд хариуцагч Монголын Энхтайван найрамдлын байгууллага нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Монголын Энхтайван найрамдлын байгууллагын төлсөн 500 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

  

                                      ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

                      

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН