Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 256

 

Г.Ганболорт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Э.Одончимэг,

            хохирогч Б.Батжаргалын өмгөөлөгч Д.Тунгалаг,

            цагаатгагдсан этгээд Г.Ганболор, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ц.Батбэх,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Одончимэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ганболорт холбогдох 201526022099 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ганзоригийн Ганболор, 1986 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, “Мастертийм” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 634 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ТИ86112107/.

Г.Ганболор нь барилгын ажлын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй гэдгээ мэдсээр байж 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос Вансэмбэрүү” эмнэлгийн байранд “барилгын зураг төсөл боловсруулж өгнө” гэж Б.Батжаргалд хэлж итгүүлэн, “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ” байгуулан 12.600.000 төгрөгийг залилан мэхлэж аван, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Ганболорын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Ганболорт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Ганболорыг цагаатгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Ганболор цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 хуудас эскиз зургийг Г.Ганболорт буцаан олгож, хохирогч Б.Батжаргал нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Э.Одончимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 77 дугаар цагаатгах тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлаагүй, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, утга найруулгын хувьд ойлгомжгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт "шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ" гэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3-т "цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох ба шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй" гэж заасан. Гэтэл цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн байдал нь хуулийн шаардлагад  огт   нийцээгүй   буюу   прокурорын  яллах  дүгнэлтэд  бичигдсэн Г.Ганболорыг яллах үндэслэл болгосон нотлох баримтуудыг хуулбарлан бичсэн атлаа эдгээрийг хэрхэн, ямар баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлоогүйгээс шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна.

Мөн мөрдөн байцаалтын шатанд онцгой ач холбогдолтой гэрч Ө.Эрдэнэгэрэл нь “2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ганболор надтай уулзаад найзад нь цагдаагийн тодорхойлолт гаргаж өгөх хэрэгтэй байна, чи найздаа манай байгууллагын зурсан зургийг хянаж, гарын үсэг зурдаг нь үнэн болно гэсэн бичиг хийгээд өгөөч гэхээр нь би бичээд өгчихсөн. Түүнээс манай 2 байгууллагын хооронд хамтран ажиллах гэрээ байхгүй. Би “Мастертийм”-ийн зурсан зургийг хянах эрх байхгүй. Одоо надад үзүүлээд байгаа зургийг урьд өмнө нь харж байгаагүй, хуудасны буланд байгаа Эрдэнэгэрэл гэх гарын үсэг минийх биш байна. Ганболор өөрөө дур мэдээд л манай логог ашиглаж, миний гарын үсгийг дуурайлгаад зурсан байна. Ганболор 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр над дээр ирж уулзахдаа л анх манай тусгай зөвшөөрлийг хуулбарлаж авсан болохоос өмнө нь огт авч байгаагүй", "урьд өмнө би манай байгууллагын логог ашиглан зураг гаргаж болно... гэсэн. Ганболорын мөрдөн байцаагчид өгсөн гэх надад харуулж байгаа энэ зургийг ... бидэнд явцын дунд үзүүлж байсан гэхдээ манай байгууллагад ирж хянагдаж баталгаажаагүй зураг юм.", "2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Ганболорт гаргаж өгсөн албан бичгийг би хийж өгсөн. Дээрх байдлаар хамтарч ажилладаг гэсэн. 40 айлын амины орон сууцны эскиз зураг дээр зурагдсан гарын үсэг минийх биш бөгөөд би өөрөө Ганболорыг миний өмнөөс зурчих гэсэн юм." гэх зэргээр илт зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байхад шүүхээс Ө.Эрдэнэгэрэлийн "миний гарын үсгийг дуурайлгаад зурчих гэсэн юм." гэх мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд авсан боловч бусад зөрүүтэй мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлийг огт заалгүйгээр Т.Ганболор нь өөрийн зурсан барилгын ажлын эскиз зургаа “Уран үзэг” ХХК-иар баталгаажуулахдаа захирлын гарын үсгийг захирлын зөвшөөрлөөр зурсан байх тул" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, таамаглалд үндэслэсэн шинжтэй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан "Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй" гэх заалтыг зөрчсөн, мөн хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсэгт зааснаар "Тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй", Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн" байна.

Хэрэв мөрдөн байцаагч Н.Амарзаяа нь гэрчийг сүрдүүлэн худал мэдүүлэг өгүүлсэн эсэхийг тогтоох, гэрч Ө.Эрдэнэгэрэлийн чухам аль мэдүүлэг нь үнэн зөв эсэхийг нарийвчлан тогтоох, дээрх эрс зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг арилгах, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эрс зөрүүг арилгахаар нүүрэлдүүлэн байцаах зайлшгүй шаардлагатай гэж шүүхээс үзсэн тохиолдолд нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгуулах бүрэн боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн 77 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Б.Батжаргалын өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 77 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтуудад үнэлэлт өгөхдөө хэт нэг талыг барьсан байхаас гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчин хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож дүгнээгүй байна.

Цагаатгах тогтоолд "Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно" гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд “...гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасанчлан Г.Ганболорын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж үзэж байна.

"Цагаатгах тогтоол"-д бичигдсэн бичгийн баримтуудаар Г.Ганболор нь бусдыг "хуурч мэхлэх аргаар" буюу хохирогчоос мөнгө авахын тулд үгээр бодит байдлыг гуйвуулан нуун дарагдуулж, хохирогчийг төөрөгдөлд оруулан мөн "итгэл эвдэх аргаар" буюу "Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ"-гээр халхавчлан шунахайн сэдэлтээр дан ганцаар ашиг олох зорилгоор өөрөө санаачлан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Ганболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би архитектур мэргэжилтэй бөгөөд мэргэшсэн архитектур цол тэмдэгтэй. 2013 онд “Мастертийм” ХХК-ийг байгуулсан. Батжаргал нь “барилгын зураг төсөл яаралтай хийлгэх хэрэгтэй” гэсэн тул Батжаргалын хүсэлтээр уг газрыг очиж хэмжсэн. Газрын судалгааг хийж, зураг төслийн ажиллагааг эхлүүлж, гэрээ хийсэн. Гэрээ хийх үед манай компани тусгай зөвшөөрөлгүй байсан ба “Уран үзэг” ХХК-иар зургаа баталгаажуулна гэж анхнаасаа хэлж байсан. Тэгээд “Уран үзэг” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хуулбарлаж хавсаргасан. Гэтэл тэр хавсралтыг байхгүй байсан мэтээр ярьж, 2015 оноос эхлэн Батжаргал намайг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Тусгай зөвшөөрлийг мэргэшсэн архиктектур цолтой хүн Барилга хөгжлийн төвд материал бүрдүүлж, хүсэлт гаргаснаар олгодог. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Ганболорын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ганболор нь барилгын зураг төсөл боловсруулах эрхтэй ч тусгай зөвшөөрөлгүй байсан. Гэрч Даваажавын мэдүүлэгт Батжаргалтай уулзахдаа Г.Ганболор нь барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй, гэхдээ өөр компаниар тусгай зөвшөөрлөө баталгаажуулах боломжтой гэсэн байдаг. Г.Ганболор нь барилгын зураг төсөл боловсруулах газарт очиж үзэж, хэмжилт хийлгэсний дараа гэрээ байгуулсан. Хохирогч Батжаргалын “миний барилгын зураг төсөл боловсруулах газрын гэрчилгээ 2013 оны 6 дугаар сард гарах ёстой байсан боловч гараагүй. Энэ талаар Г.Ганболорт зураг зуруулах шаардлагагүй боллоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг байдаг. Газрын гэрчилгээ гараагүй учраас гэрээ бүтэлгүйтсэн гэж хохирогч хэлдэг. Газрын гэрчилгээ гаргаагүйн улмаас гэрээ бүтэлгүйтсэн байхад Г.Ганболорыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөрдөн байцаагч нь Ө.Эрдэнэгэрэлийг тусгай зөвшөөрлийг чинь хүчингүй болгоно гэж айлган, сүрдүүлж мэдүүлэг авсан бөгөөд тэрээр дарамт шахалтад орж байцаалт өгсөн учир эхний мэдүүлэг үндэслэлгүй гэж хэлдэг. Прокурорын яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгч нь Батжаргалыг яаж залилсан, тухайлбал итгэл эвдсэн үү, хууран мэхэлсэн үү гэдэг нь тодорхойгүй байсан. Г.Ганболор нь газрын гэрчилгээг гарахгүй гэдгийг мэдээгүй, зөвхөн гэрээнд заасан ажлаа л хийсэн... Г.Ганболор нь мэргэшсэн архитектур учир барилгын зураг төсөл хийх эрхтэй бөгөөд үүнийг баталгаажуулах тусгай эрхтэй компанитай хамтран ажиллах боломжтой гэж барилгын зураг төслийн газраас хэлсэн. Миний үйлчлүүлэгчийн хийсэн ажил гэрээнд зааснаар 40.000.000 төгрөгөөр үнэлэгдэх ажил байхад 10.000.000 төгрөгөөр хийсэн. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг төлсөн. Батжаргалд уг ажлыг хямд хийх хүн хэрэгтэй байсан учир миний үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулсан. Уг ажлыг гүйцэтгэхийн тулд байр түрээслэж, ажилчид хөлслөн, бусад ажиллагааг хийсэн. Үүнд нийт 12.675.000 төгрөг зарцуулсан бөгөөд баримтаа хэрэгт хавсаргасан. Батжаргалаас авсан мөнгөө уг ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан. Иймд анхан шатны шүүх хууль ёсны шийдвэр гаргасан тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

Цагаатгагдсан этгээд Г.Ганболорын өмгөөлөгч Ц.Батбэх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 18-нд хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сард хэргийг сэргээсэн. Прокурор хэт нэг талыг барьж, хувийн сонирхлоор оролцсон. Г.Ганболор болон гэрчүүдийг дарамталдаг. Би сая анх удаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн прокурорын санал сонсож байна. Уг хэрэг нь иргэний хэрэг бөгөөд иргэний шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой. Миний үйлчлүүлэгч хүний мөнгийг зүгээр аваагүй. Батжаргал нь Даваажавт хямдхан барилгын зураг зурдаг хүн байна уу гэхээр нь Г.Ганболортой танилцуулсан. Мэргэшсэн архиктектур хүнд тусгай зөвшөөрөл олгохгүй, харин компанид олгодог. Тийм учраас Г.Ганболор нь “Мастертийм” ХХК байгуулаад тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсан. Тухайн үед “Уран үзэг” ХХК хяналт тавих боломжтой байсан. Хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаад 6 сар болоод 2017 оны 2 дугаарын сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар Г.Ганболорыг цагаатгасан. Энэ хэрэгт 2 мөрдөн байцаагч солигдсон. Иргэний хэргийг яагаад ингээд байгааг мөрдөн байцаагчаас асуухад прокуророос шалга гэсэн гэдэг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                   ХЯНАВАЛ:

Г.Ганболорт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Ганболорыг цагаатгаж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагад нийцжээ.

 

Прокуророос Г.Ганболорыг барилгын ажлын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй байж бусадтай гэрээ байгуулж, 12.600.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэж буруутгаж байгаа үндэслэл нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “хууран мэхлэх” буюу бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдал бий болгох, “итгэл эвдэх” буюу иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлан өөрт олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, хохирогчийг төөрөгдүүлсэн байх гэм буруугийн шууд санаатай үйлдлүүдтэй аль ч хэлбэрээрээ тохирохгүй байна.

Энэ хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийн талаар хангалттай тодруулсан ба болсон үйл баримт /факт/-ын талаар тодорхой бус, эргэлзээ бүхий зүйлгүй, яллах болон өмгөөлөх талууд болсон асуудлын талаар харилцан маргаагүй, өөрөөр хэлбэл, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байна.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Г.Ганболор, Б.Батжаргал нарын хооронд байгуулсан Барилгын ажлын зураг төслийн гэрээ нь сайн дурын үндсэн дээр хийгдсэн, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой гарсан маргаан нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Давж заалдах шатны шүүхэд прокурор “мөрдөн байцаагч Н.Амарзаяа нь гэрчийг сүрдүүлэн худал мэдүүлэг өгүүлсэн эсэхийг тогтоох, гэрч Ө.Эрдэнэгэрэлийн чухам аль мэдүүлэг нь үнэн зөв эсэхийг нарийвчлан тогтоох, хохирогч, гэрч нарын эрс зөрүүтэй мэдүүлгийг арилгахаар нүүрэлдүүлэн байцаах зайлшгүй шаардлагатай учраас шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгах”-аар эсэргүүцэл бичсэн, хохирогчийн өмгөөлөгч “Г.Ганболорыг үндэслэлгүйгээр цагаатгасан тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, гэм бурууг нь тогтоолгох”-оор гомдол гаргасныг тус тус хүлээн авах боломжгүй юм.      

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хохирогч Б.Батжаргал нь барилга барих газрынхаа албан ёсны зөвшөөрөл аваагүй /гэрчилгээ гаргаагүй/ байхад өөрийн “Хос вансэмбэрүү” ХХК-ийн нэрээр Г.Ганболорын “Мастертийм” ХХК-тай “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ” /хх 1-н 8-10/ байгуулж, төлбөрт 12.600.000 төгрөгийг Г.Ганболорт шилжүүлсэн, гэрээ хэрэгжих явцад газрын гэрчилгээ гараагүйн улмаас шилжүүлсэн төлбөрөө буцаан авах талаар маргаан үүссэн нөхцөл байдал тогтоогдож байхад Г.Ганболорыг зөвхөн Барилгын ажлын төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй атлаа зураг боловсруулж, 12.600.000 төгрөгийг авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Одончимэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.